| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 182/2024/01718/И |
| Дугаар | 210/МА2024/01920 |
| Огноо | 2024-10-23 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2024/01920
2024 10 23 210/МА2024/01920
Г.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Г.Н-гийн нэхэмжлэлтэй, П ХХК-д холбогдох,
Даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний аав Н.Г нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төрийн банк ХХК-аас тэтгэврийн зээл авахдаа иргэдийн гэнэтийн ослын даатгалд нэг жилийн хугацаатай даатгуулан гэрээ байгуулж, даатгалын хураамж төлсөн.
1.2. Н.Г нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бусдын гарт амь насаа алдсан тул П ХХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хандахад гэрээний 5.1.8-д заасныг үндэслэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзсэн. Мөн даатгуулагч гадны нөлөөтэй буюу бусдад цохиулсны улмаас амь насаа алдсан болохыг шүүхээс эцэслэн тогтоосон.
1.3. П ХХК-тай байгуулсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1.4-т даатгуулагч нь гадны халдлагад өртөх эрсдэлийн улмаас амь насаа алдсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан.
Иймд гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөгийг хариуцагч П ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Төрийн банк ХХК-ийн харилцагч Н.Г нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11,401,577 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай зээл авч, мөн өдөр гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч нь 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр амь насаа алдсан гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр авах хүсэлт ирүүлсэн. Нөхөн төлбөрийн материалд хавсаргасан шүүхийн шийдвэрээр Н.Г нь архи согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ бусдын гарт амь алдсан болох нь тогтоогдсон.
2.2. Гэнэтийн ослын даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-т Согтууруулах ундаа мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэсэн заалтад хамаарч байсан тул нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний зорилго нь гэнэтийн ослын гэмтэлд хамаарах бөгөөд амь нас алдсантай холбоотой нөхөн төлбөрт хамаарахгүй.
2.3.Талийгаачийн амь насаа алдсантай холбоотой хохирол буюу оршуулгын зардлыг гэм буруутай этгээд төлсөн талаар шийтгэх тогтоолд дурдсан байх ба нөхөн төлбөрийг ямар зориулалтаар шаардаж байгаа нь тодорхойгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар хариуцагч П ХХК-аас даатгалын нөхөн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Н-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч П ХХК-аас 62,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1. П ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээг даатгуулагч Н.Гтай байгуулсан бөгөөд даатгалын үнэлгээг 3,000,000 төгрөгөөр тохиролцон 21,000 төгрөгийн хураамж авсан. Тус даатгал нь гэрээний нэршил болон даатгалын үнэлгээний хэмжээ зэргээс амь насны болон зээлийн эрсдэлийн даатгал биш юм. Тодруулбал, даатгуулагч гэнэтийн ослын улмаас гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардал, гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрээс гарсан шууд зардлыг тус тус нөхөн төлөх зорилготой. Харин зээлийн эрсдэлийн даатгал байсан бол даатгуулагчийн тэтгэврийн зээлийн гэрээний дүн буюу 11,401,577 төгрөгөөр даатгалын үнэлгээг тогтоож, тус үнэлгээнээс хураамжийг тооцон төлөх байсан. Мөн амь насны даатгал байсан бол даатгалын үнэлгээ хамгийн багадаа даатгуулагчийн авсан тэтгэврийн зээл 11,401,577 төгрөг, бизнесийн зээл 40,000,000 төгрөгөөс дээш үнэлгээтэй байх байсан бөгөөд 3,000,000 төгрөгийн үнэтэй амь нас гэж байх боломжгүй.
4.2. Нэхэмжлэгч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээдээс талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал гэж нийт 14,122,830 төгрөг, бизнесийн зээл 40,865,384 төгрөг, тэтгэврийн зээл 9,614,318 төгрөгийг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгдэгч нь талийгаачийн оршуулгын зардал болон буяны ажилд гарсан зардал болох 14,122,830 төгрөгийг төлсөн. Харин бизнесийн зээл болон тэтгэврийн зээл нь дээр дурдсан үндэслэл тайлбараар бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээнд хамааралгүй.
Шүүгдэгчээр оршуулгын болон буяны зардлыг төлүүлсэн нь бидний хооронд байгуулсан гэнэтийн осол, эмчилгээний даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу гэрээний 5 зүйлийн 5.1.17-д буруутай этгээдээр учирсан хохирлоо бүрэн төлүүлсэн, 5.1.18-д өөр даатгалаар хамгаалагдах тохиолдол гэх заалтуудад хамаарч байна. Гэтэл шүүх ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буруутай этгээд оршуулгын зардал нөхөн төлсөн нь даатгуулагчийн амь насны нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэлгүй гэх дүгнэлтийг хийсэн бөгөөд даатгалын нөхөн төлбөр нь оршуулгын болон буяны ажлын зардалд хамаарахгүй бол өөр ямар зардалд хамаарна гэж үзээд хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй болсон.
4.3. Даатгуулагч нь амь насаа алдах үедээ согтолтын хүнд зэрэгт хамаарах хэдий ч хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн хугарал гэх гэмтлийн улмаас нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт болон шийтгэх тогтоолоор тогтоогдсон. Дээрх үйл баримтыг дүгнэж үзвэл даатгуулагч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас бусадтай маргалдаж, улмаар цохиулсны улмаас биедээ гэмтэл авч нас барсан бөгөөд тухайн үйл явдал болох үед өөрийн үг, үйлдлийг бүрэн хянах чадваргүй байсан.
Даатгуулагч согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглээгүй байсан бол бусадтай маргалдаж цохиулахгүй байх, биеэ хянах бүрэн боломжтой бөгөөд согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн нь энэ тохиолдол бий болох анхдагч шалтгаан болсон гэдгийг шүүх анхаараагүй. Бидний зүгээс дээрх үндэслэл, тайлбараар даатгуулагчийн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөл байдал нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөл буюу 5 дугаар зүйлийн 5.1.8-т Согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн гэмтэж бэртсэн гэх заалтад хамаарч байна.
Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:
5.1. Н.Г нь Төрийн банк ХК-аас тэтгэврийн зээл авахдаа иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж хураамж төлсөн бөгөөд өөр ямар нэг зээлийн эрсдэлийн даатгал, амь насны даатгалын гэрээ байгуулаагүй. Эдгээр даатгалууд хоорондоо ямар ялгаатай, хураамж хэд болох нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Даатгуулагч Н.Г нь иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээ байгуулж хураамж төлсний дараа гэмт хэргийн улмаас амь хохирч оршуулгын зардалд 14,122,830 төгрөг шүүгдэгчээс гаргуулсан. Оршуулгын зардлыг төлсөн нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр төлсөн гэж тооцох үндэслэл болохгүй. Учир нь даатгалын нөхөн төлбөр нь даатгалын гэрээний дагуу үүсэх үүрэг, оршуулгын зардал төлсөн нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд барагдуулсан.
5.2. Шинжээчийн дүгнэлтэд үхэлд хүргэсэн шалтгааныг хүзүүний 6 дугаар нугаламын их биеийн хугарал гэмтлийн улмаас нас барсан гэж тогтоосон бөгөөд амь хохирогч согтуу байсан нь үхэлд хүргэх шууд шалтгаан болоогүй. Талуудын хооронд байгуулсан иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний 3.1-т дараах төрлийн эрсдэлийн улмаас даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдах, амь насаа, алдах, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгоход нөхөн төлбөр олгоно, 3.1.4-т гадны халдлагад өртөх эрсдэл гэж заасан. Энэ заалтын дагуу даатгуулагч гадны халдлагад өртөж амь насаа алдах үед нөхөн төлбөр олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээнд гадны халдлагад өртөх эрсдэлээс болж амь насаа алдсан бол нөхөн төлбөр олгоно гэж заасан. Иргэд банкнаас зээл авах үед даатгалын компанийн зүгээс гэрээг давуу байдал тогтоон, байгуулж даатгалын сан бүрдүүлсний дараа гэрээний заалтыг компанийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж гэрээг хянаж баталдаг эрх бүхий байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзнэ.
5.3. Даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсэн нь амь насаа алдах анхдагч шалтгаан болсон гэж хариуцагч дүгнэжээ. Гэвч талуудын хооронд байгуулсан гэрээнд энэ талаар заалт, үг, утга байхгүй. Гэрээний 5.1.8-д согтууруулах ундаа, мансууруулах, сэргээх үйлчилгээтэй бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглэснээс үүдэн бэртэж гэмтсэн гэж заасан бөгөөд даатгуулагч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэмтэж бэртээгүй, харин хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан тул гэрээнд заасан нөхөн төлбөр олгох үндэслэлтэй.
Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч П ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага түүнийг нотлох баримт нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаарахаар заасан бөгөөд мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийх ёстой.
3.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...гадны халдлагад өртөж амь насаа алдсан учир иргэдийн гэнэтийн ослын даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөр гаргуулна... гэж хариуцагч нь татгалзлаа ...амь насны болон зээлийн эрсдэлийн даатгал биш, харин гэмтэж бэртсэн тохиолдолд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой зардал, мөн гэнэтийн ослын улмаас нас барсан тохиолдолд даатгуулагчийн ар гэрээс гарсан шууд зардлыг нөхөн төлөх зорилготой болохоос амь нас алдсантай холбоотой нөхөн төлбөрт хамаарахгүй... гэж маргажээ.
3.2. Энэ тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах ажиллагааг хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Тодруулбал, осолтой холбоотой үр дагавар шаардсан эсхүл амь нас хохирсон гэж тохирсон үнийн дүн шаардсан эсэхийг тодруулах чиг үүргээ шүүх зохих хэмжээнд хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, амь насны эсхүл гэнэтийн ослын даатгалын аль төрөлд хамаарах эсэх нь тодорхой бус байна.
3.3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулах чиг үүргээ хэрэгжүүлснээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлиийг зөв тодорхойлж, үүнтэй холбоотой холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх ач холбогдолтой байхаас гадна энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.
4. Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Н нь нас барагчийн хууль ёсны өвлөгч гэх бусад өвлөгч нараас өвлөх эрхийг хэрхэн хүлээн авсан эсэх, даатгалын гэрээний нөхөн төлбөрийг тэрээр шаардах эрх бүхий этгээд мөн эсэхийг тодруулах байжээ.
5. Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/03588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ