| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 139/2019/00056/Э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Г.Алдармаа
Улсын яллагч Г.Хаш-Эрдэнэ
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч Ө.Н-нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н-т холбогдох эрүүгийн 1922001410074 тоот хэргийг 2019 оны 6 сарын 6-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 2 сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг Аривжихийн 15-02 тоотод оршин суух, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Саруул овгийн Ө.Н /РД:ЗВ/
Шүүгдэгч Ө.Н нь 2019 оны 5 сарын 09-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Аривжихийн гол гэх газар Н.Г маргалдаж хөлөн тус газар нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Шүүгдэгч Ө.Н-шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 5 сарын 9-ний өдөр гэртээ байж байтал өглөө Г, Н хоёр ирээд авч явсан. Арвижихын голд байх Пүрэвдоржийнд ‘’Улаанбаатар’’ нэртэй 0,5 литрийн нэг, Хар экс нэртэй нэг архи авч уусан. Г, Нармандах хоёр муудалцаад байхаар нь салгаад Н гэрт нь явуулаад Г буцаад орсон. Тэгээд байж байтал Гантулга намайг элдвээр хэлээд доромжилсон. Тэгээд тэвчиж байгаад тэвчээр алдаад иймэрхүү зүйл болсон. Намайг шааж чадахгүй шалдан банди гээд чамайг шааж чадахгүй бол би шаая гээд байсан. Буруу хараад сууж байтал цамцны араас татаад дахиад шааж чадахгүй шалдан банди гээд байсан. Тэгээд ширээн дээр байсан хутгыг өөрөө ч мэдэлгүй шүүрч аваад өвдгөн тус газар нь хатгасан. Айлын 2 хүн орж ирээд яв гээд хөөхөөр нь гараад явсан. Орой нь очиж боолт, эм тарианы мөнгө өгөөд явсан. Маргааш нь Цагдаагийн хэлтэс дээр очсон. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
2. Хохирогч Н.Гантулгын: 2019.05.08-ны өдөр би урд хашаанд байдаг айлдаа үдээс хойш нартай байхад орсон чинь тэр айлийн хүн энэ мотоциклийг Арвижихын гол гэдэг газар Пүрэвдорж гэдэг айлд хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэр мотоцикль Батжаргал гэдэг хүний мотоцикль байсан. Ингээд би тэр мотоциклийг унаад аймгийн төвийн хойд ард байдаг Пүрэвдорж гэдэг айлд орой болж байхад очсон. Намайг тэр айлд ирсэний Мандах гэдэг хүн машинтай ирсэн. Тэгээд байж байтал цаг орой болоход тэр айл нэг шил архи гаргаж өгсөн. Тэр архийг Пүрэвдорж, Мандах бид гурав хувааж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь босоод Мандах машинаа унаад намайг машиндаа суулгаад аймгийн төвд ирээд намайг гэрт хүргэж өгсөн. 11:00 цагийн үед манай гэрт Улаанбаатар, тэгээд хар шилтэй архитай ирсэн. Ингээд Мандах бид хоёр манай гэрт Улаанбаатар нэртэй архийг нь хувааж ууж байгаад барахгүй нь гээд ярилцахад Мандах намайг Н-ынд очъё гэж хэлсэн... Тэгсэн чинь Н-ынд Батжаргал, Н- хоёр байж байсан. Ингээд бөөнөөрөө ярилцаад аймгийн төвийн хойд ард Арвижихын гол гэдэг газарт оршин суудаг Пүрэвдоржийн гэрт очихоор тохиролцсон. Ингээд Пүрэвдоржийн гэрт очоод аймгийн төвөөс авчирсан байсан архиа ууж эхэлсэн. Пүрэвдорж эхнэртэйгээ малаа услах гээд яваад өгсөн. Хоёр хүүхэд нь алга байсан. Тэгээд архи ууж дуусахад Пүрэвдоржийн гэрт нь Мандах бид хоёр маргалдсан. Тэр үед би согтсон байсан болохоор юунаас болж маргаснаа санахгүй байна. Тэгээд тэр Мандах машинаа унаад яваад өгсөн. Тэрний дараа би гэрийн хойморт газар завилж сууж байхад Н-ыг миний зүүн талд газар суулаа гэж бодсон чинь Н- тэр айлийн зүүн талд байсан ширээн дээрээс хутга аваад миний зүүн хөлийн өвдөгний доод талд хутгаа зоосон. Тэр үед тэр айлийн 20 гаран насны хоёр хүүхэд ороод ирсэн байж байгаад намайг хутгалсан Н-ыг та хүн хутгалсан байна гэж хэлэхэд миний өвдөгнөөс хутгаа сугалж аваад тэр гэрийн зүүн талд байсан ширээн доогуур тэр хутгаа шидчихээд гэрээс гарсан. Миний зүүн хөлийн өвдөгний доод талаас цус гарсан. Намайг хутгалсан Н-ыг хамт архи уусан Батжаргал мотоцикль дээрээ сундлаад явсан. Намайг хутгалуулсан байхад тэр айлын хоёр хүүхдийн нэг нь Пүрэвдорж, түүний эхнэр Мөнгөнцэцэг нарт хэлсэн байсан. Тэгээд Пүрэвдорж гэртээ ирээд намайг мотоцикль дээрээ сундлаад аймгийн төвд байдаг гэрт минь хүргэж өгсөн. Тэгээд би унтаж байсан чинь манай гэрт намайг хутгалсан хүний хоёр эмэгтэй дүү нь нөхөртэйгөө ирээд надад бент марал авчирч миний шархыг боож өгсөн. Би тэд нараас Н- байна уу гэж сурсан. Тэгсэн чинь тэд нар надад Н- согтуу унтаж байна гэж хэлсэн. Би тэд нарт Н-ыг сэргэхээр нь дуудаарай гэж хэлсэн. Тэгээд тэд нар манай гэрээс явсан. Би тэр шөнөдөө шархнаасаа болоод халуурч хоносон. Маргааш нь буюу 2019.05.09-ний өглөө манай төрсөн дүү Оюунтуяа манай гэрт ирээд намайг зүгээр үү гэж асууж байгаад явсан. Би зүгээр гэж хэлээд явуулсан. Тэрний дараа Н- манай гэрт ирээд надад халуун намдаах, өвчин намдаах эм өгөөд эмчилгээ хийлгэх мөнгө гээд 20,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд Н- бид хоёр хэн хэнийгээ сайн таньдаг хоорондоо тийм ч муу харьцаатай биш болохоор гайгүй өнгөрөөе цагдаад мэдэгдээд хэрэггүй байх гэж ярилцсан байсан. Тэгсэн чинь надтай утсаар Оюунтуяагийн том хүү яриад болж өнгөрсөн үйл явдлыг мэдсэн. Тэгсэн чинь гэнэт манай гэрт эмнэлэг цагдаа хүрээд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/
3. Гэрч М.Мөнгөнцэцэгийн: “...2019.05.08-ны өдөр Норов овогтой Гантулга гэдэг хүн мотоцикльтой ирсэн, ирэхдээ нилээд халамцуу байдалтай байсан. Би орой малаа хотлуулчихаад байж байхад Мандах гэдэг хүн ирсэн. Тэгээд манай гэрт Гантулга, Мандах нар хонохоор болсон. Манайд задлаад дээрээс нь ууж байгаад орхисон архи байж байсан. Тэр архийг манай нөхөр Пүрэвдорж, Гантулга, Мандах нар хувааж уугаад унтацгаасан. Маргааш өглөө нь буюу 2019.05.09-ний өдөр 08:00 цагийн үед Гантулга, Мандах нар аймгийн төврүү явсан байсан. Түүний дараа би гэртээ нөхөр Пүрэвдоржийн хамт байж байхад аймаг явсан Гантулга, Мандах нар Н-, Батжаргал нарыг дагуулж 11:00 цагийн үед ирсэн. Тэд нар ирэхдээ 0,75 литрийн савалгаатай Хар экс, 0.5 литрийн савалгаатай дундуур Улаанбаатар нэртэй архитай ирж, манай гэрт ууцгаасан. Манай нөхөр уусан, архи ууж дуусахад Мандах машинаа унаад гэрлүүгээ явсан. Манайд Гантулга, Н-, Батжаргал гэдэг хүмүүс үлдсэн. Би нөхөртэйгөө малаа услах гээд худаг явсан байсан. Манай хоёр хүү Буддорж, Баянжаргал нар адуундаа явсан байсан. Нөхөр бид хоёр худаг дээр малаа услаад байж байхад манай хүү Баянжаргал худаг дээр ирээд нөгөө хүн чинь Гантулга ахыг хутгалчихлаа гэж ирсэн. Манай нөхөр Пүрэвдорж гэрлүү яваад Гантулгыг мотоцикль дээр сундлаад аймгийн төврүү хүргэж өгсөн. Би шархыг нь хараагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/
4.Гэрч П.Буддоржийн: “...2019.05.09-ний өдрийн 12:00 цагийн үед би дүү Баянжаргалын хамт адуунд явж байгаад гэртээ орж ирсэн чинь гэрийн хойморт Гантулга, зүүн талд Н-, тэр хоёрын баруун талд Батжаргал гэдэг хүмүүс сууж байсан. Гантулга зүүн талдаа сууж байсан Н- гэдэг хүнийг “чи чаддаг юм бол намайг хутгалчих, чи чадахгүй бол би чамайг хутгална” гээд хэрэлдээд байж байсан. Би тэд нарт хандаж та нар айлд хэрэлдээд, больцгоо гэж хэлсэн. Тэр үед Н- нэг гартаа цагаан өнгийн иштэй хутгыг барьчихсан байсан. Би гэрийн зүүн урд талд сууж байгаад эргээд сервантнаас аяга авсан чинь Н- гартаа барьсан байсан хутгаараа Гантулгын зүүн өвдгөнд нь зоосон байсан. Би Н-т хандаж хүн хутгалсан байна гэж хэлэхэд Н- Гантулгын зүүн өвгөнд зоолттой байсан хутгыг сугалж авсан. Би Н-ыг аваад гэрээс гаргасан. Н- эргэж ороод гүйцээчихье гэж хэлэхээр нь би Н-ыг яв гэж хэлсэн. Тэр үед гэрээс Батжаргал гарч ирээд мотоцикльтой явах нь яв гэж хэлсэн. Н- Батжаргалын араар сундлаад явсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
5. Гэрч Н.Оюунтуяагийн: “... 2019.05.10-ны өдөр би Зоог 11-2 тоотод байх төрсөн ах Гантулгын гэрээр 09:00 цагт ороход манай төрсөн ах Гантулга гэрийнхээ баруун орон дээр хөнжлөө толгой дээрээ тавьчихсан орныхоо наагуур аяга шанага хөглөрүүлсэн байсан. Би ахаасаа та яасан юм бэ бие чинь өвдсөн юм уу гэж асуусан. Тэгсэн чинь манай ах надад үгүй гэж хэлээд байсан. Би ахынхаа хөнжлийг татаад толгой хэсгийг нь харахад зүгээр байсан. Царай нь жаахан цонхигор харагдсан. Би ахиж бие нь өвдсөн юм уу гэж асуухад зүгээр гэж хэлсэн. Тэгэхээр нь би ахыг гэрт нь ганцааранг нь үлдээгээд аймгийн төвөөс хойд зүгт 10 км зайд Сэрвэн гэх газарт байдаг төрсөн ээж Цэвэлийн гэрт очоод хүү Ууганбаярд хандаж миний хүү Гантулга ахруугаа утсаар ярь, хүнд зодуулсан юм шиг байна лээ, нэг их эвгүй харагдсан гэж хэлсэн. Манай хүү манай төрсөн ах Гантулгатай утсаар ярьсан. Тэгсэн чинь Гантулга ах манай хүүд Н-, Мандах нар хоёр шил архи авчраад тэгээд Мандах, Намбаа хоёр муудалцахаар нь би голоор нь орсон чинь намайг Н- хутгалсан гэж хэлсэн. Манай хүү таныг яахлаараа хутгалдаг юм бэ гэж хэлсэн. Тэгээд манай хүү надад ах худлаа хэлээд байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс хутгалуулсан байна гэж эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би аймгийн төвд ирээд эмнэлэгт очиход Гантулга ах эмнэлэг дээр зүүн өвдгөндөө оёдол тавиулчихсан эмчилгээ хийлгээд байж байсан. Би ахыгаа аваад гэрт нь очоод юу болсон талаар асуухад намайг гэрт хутгалсан гэж хэлээд байсан. Гэрийн баруун орны араар хөнжил гудасны даавуу нь нилэнхүйдээ цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20/
6. Гэрч П.Баянжаргалын: “... 2019.05.09-ний өдөр ах Буддорж бид хоёр адуундаа явж байгаад гэртээ өдөр 13:00 цагийн үед ирэхэд манай гэрт танихгүй гурван хүн архи уусан байдалтай согтуу байсан. Гэрт архины хоёр шил байсан. Гэрт байсан хүмүүсээс гэрийн баруун талд нэг бүдүүн биетэй ах сууж байсан, түүний зүүн талд хутгалуулдаг хар царайтай настайвтар ах байсан. Түүний зүүн талд тэр хоёр хүнээс арай залуухан хүн сууж байсан. Тэгээд гэрийн голд хойморт урагшаа хараад сууж байсан хар царайтай настайвтар ах зүүн талдаа сууж байсан хүндээ чи намайг хутгаар шаа, чи намайг шааж чадахгүй бол би чамайг хутгална гээд агсраад байсан. Зүүн талд нь завилаад сууж байсан залуу дуугүй сууж байсан. Тэгж байснаа тэр залуу гэнэт гэрийн зүүн талын ширээн дээр байсан хар алаг иштэй хутгыг гартаа аваад тэр агсараад байсан хүний зүүн өвдөгөнд хутгаа зоогоод авсан. Манай ах Буддорж тэд нарт гарцгаа гэрт хэрэлдээд гэж хэлсэн. Би гэрээсээ гараад худаг дээр очоод аавд гэрт байсан хүмүүс нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Би хонин дээрээ үлдсэн. Манай аав гэрт хариад хутгалуулсан хүнийг аваад аймгийн төврүү явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
7. Гэрч Ц.Пүрэвдоржийн: “...2019.05.09-ний өдрийн үдээс өмнө би эхнэртэйгээ худаг дээр мал услаад худгийн ойролцоо мал эргүүлээд явж байсан чинь манай хүү Баянжаргал над дээр хүрч ирээд гэрт хоёр ах байсан чинь нэгнийгээ хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хүрээд очсон чинь манай гэрийн гадаа Гантулга гэдэг хүн хутгалуулчихлаа гээд сууж байсан. Би Гантулгыг мотоцикль дээрээ сундлаад аймгийн төвд байдаг гэрт нь хүргэж өгөөд ийм асуудал болсон байна гэж Гантулгын төрсөн эгч Оюунд хэлээд Гантулгыг хүлээлгэж өгсөн. Тэгээд би явсан. Үдээс хойш би эхнэр Мөнгөнцэцэгтэй ирж Гантулгыг эргэсэн. Тэгэхэд Гантулга бие гайгүй гээд гэрийнхээ баруун орон дээр хэвтэж байсан. Гантулгад эгч нь тариа тарьсан гээд байж байсан. Миний үзэж харсан зүйл энэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 24/
8. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.05.15-ны өдрийн №190200133 тоот дүгнэлтэд: Н.Гантулгын биед зүүн өвдгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн бусдад хутгалуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх дүгнэлт /хх-ийн 26/
9. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Дээрх баримтуудаар шүүгдэгч Ө.Н-нь 2019 оны 5 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 3-р баг Аривжихын гол гэх газар Н.Гантулгатай маргалдаж хөлөн тус газар нь хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон, Ө.Н-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ө.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээ хийлгэхтэй холбоотой гарсан зардал 70.000 төгрөг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Гантулгад 70.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 23,4 см урттай, цагаан өнгийн металл, хар өнгийн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Саруул овгийн Ө.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Саруул овгийн Өлзийжаргалын Н-т 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Н-нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ялыг ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ө.Н-нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 70.000 /далан мянган/ төгрөг төлсөн, хохирогч Н.Гантулга гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.МӨНХБАТ