Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/01891

 

 

 

 

 

 

2024 10 14 210/МА2024/01891

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/03610 дугаар шийдвэртэй, Д.Б-ын нэхэмжлэлтэй, Ж.Г, Ө.З, Г.Н, Г.Б нарт холбогдох, *********************** тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн ***************** дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч нарын өмгөөлөгч Г.Х, Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би 1973 оноос хойш Баянзүрх дүүрэг, ************** Жанжины 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 579 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлэн амьдарсан.

1.2. 2010 онд өргөмөл охин Ө.З, түүний нөхөр Ж.Г нар миний өмчлөлийн газар дээр түр хугацаанд гэр бариад амьдарч байсан бөгөөд надаас зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн зардлаар 2 давхар хувийн сууц барьсан. Улмаар хариуцагч нар 2022 оноос хойш миний өмчлөлийн газар дээр амьдрахаа больсон ч хувийн сууц нь уг газарт байсаар байна.

1.3. Хариуцагч нарт удаа дараа газрыг чөлөөлж өгөхийг амаар шаардахад чөлөөлж өгөөгүй тул бичгээр шаардлага хүргүүлсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлөөгүйгээс би гэр хорооллын дахин төлөвлөлтөд газраа хамруулж чадахгүй, мөн газраа бусдад шилжүүлэн өгөх эрх зүйн харилцаанд оролцоход хүндрэлтэй байдалд хүргэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан.

Иймд Баянзүрх дүүрэг, ************** Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн ***************** дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах хариуцагч нарын үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Ж.Гын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Маргаан бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг 2010-2020 оны хооронд Ж.Г миний болон эхнэр Ө.З, хадам ээж Д.Б нарын нэр дээр байсан. Тухайн үед хадам ээж Д.Б хувийн сууц барих уг зөвшөөрлийг өөрийн хүсэлтийн дагуу гараар бичиж нотариатаар баталгаажуулж өгсөн тул хувийн сууц барихыг зөвшөөрсөн гэж үзээд хувийн сууцны зориулалтай 135 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 12 сард барьж ашиглалтад оруулсан.

2.2. Хадам ээж Д.Б нь 2020 оноос хойш ухаан санаа орж, гардаг, мартаж, санадаг болж газар дахин төлөвлөлтөд орох сургаар байнга хэрүүл, тэмцэл хийгээд байсан тул санааг нь амраах зорилгоор газрын өмчлөх эрхийг буцаан шилжүүлсэн. Гэхдээ бид 2010-2020 он хүртэл тус газрыг хамтран өмчлөх эрхтэй байсан бөгөөд хамтран өмчилсөн газартаа өөрсдийн хувийн сууцыг барьсан учраас хуулиар тогтоосон хүрээнд өмчлөх эрх хууль ёсоор үүссэн. Мөн хэлцэл болон газар өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтаар түүний зөвшөөрөл болон хуулийн хүрээнд барьсан хувийн сууцыг хууль бус гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч нь хувийн сууц барихыг зөвшөөрсөн тул газар албадан чөлөөлөх нэхэмжлэл үндэслэлгүй. Уг газрыг нэхэмжлэгч нь дангаар өмчилж байгаагийн хувьд эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй хэдий ч хөрш залгаа өмчлөгчид болох Ж.Г, Ө.З бидний хууль ёсоор үүссэн хувийн сууцыг хуульд заасны дагуу эзэмших, ашиглах, эрхээ хэрэгжүүлэх эрхийг нэхэмжлэгч хүндэтгэх үүрэгтэй.

2.3. Нэхэмжлэгчийн зөвшөөрөлтэйгээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх бидэнд үүссэн тул хувийн сууцны суурийн газрыг чөлөөлүүлэхийг шаардсан нь үндэслэлгүй. Иймд хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн орон сууцыг эззмших, ашиглахтай холбоотой эрхийг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ө.Згийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Би 1986-1993 онуудад нөхрийн хамт хөдөө орон нутагт 7 жил амьдарч байгаад 1993 онд Баянзүрх дүүргийн ************** Жанжин 22 дугаар гудамж, 424 тоотод нүүж ирснээс хойш 30 жил амьдарсан. Аав минь нас барснаас хойш ээж Д.Б-ын зан ааш өөрчлөгдөж, сүүлдээ намайг заримдаа танихгүй, хэлсэн ярьснаа мартаж, санадаг, манай хүүхдүүдийн нэрийг хүртэл санахгүй болж, маш хурц ааш авиртай болсон. Улмаар 2020 оноос хойш газар дахин төлөвлөлтөд орох сургаар гэрт болон ажил дээр ирж хэрүүл маргаан үүсгэсэн.

3.2. Ээж Д.Б нь манай гэр бүлд холбогдуулан шүүхэд нэхэмжлэлийг өөрийн биеэр бичээгүй, харин түүний өмнөөс өөр хүн бичиж тэрээр гарын үсэг зурсан. Нэхэмжлэлд 1973 оноос хойш маргаан бүхий газарт ээж амьдарч байгаа талаар дурдсан боловч уг газарт ээж Д.Б амьдарч байгаагүй. Мөн биднийг зөвшөөрөл авахгүйгээр өөрсдийн зардлаар 2 давхар хувийн сууц барьсан гэж нэхэмжлэлд дурдсан. Манай гэр бүл 2010 онд өөрсдийн хөрөнгөөр 2 давхар хувийн сууцыг зээлээр барьсан. Харин ээж Д.Б нь 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бидэнд өөрийн биеэр нотариат дээр очиж хамтран өмчлөгч нэмж оруулах тухай хэлцлийг хийсэн. Хувийн сууцыг барьсны дараа миний бие, нөхөр Ж.Г, охин Г.Б, Г.Н нарын нийт 4 хүний нэр дээр Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 421 тоотод байрлах хувийн сууцны зориулалттай, 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч Г.Б, Г.Н нарын татгалзал, тайлбарын агуулга:

Дахин төлөвлөлтөд орох үеэс бид эмээг дагуулж Ж ХХК дээр очиж уулзахад газар болон манай хувийн сууц нийлээд нийт 4 өрөө байр болно гэсэн тул гэрээний дагуу эмээд 2 өрөө байр, бид 2 өрөө байр авахаар тохиролцсон. Гэтэл дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх Ж ХХК нь Бат хэрэйд ХХК болж өөрчлөгдсөн. Ингэж өөрчлөгдсөний дараа эмээд байр өгөхгүй гэж нэг удаа ярилцаагүй, энэ талаар гэрээ хийж байгаагүй.

Бид Б ХХК-тай тохироонд хүрвэл эмээгийн оногдох хэсэг дээр түүнд байр өгнө гэж олон удаа хэлж ярьж байсан ч үүнийг ойлгохгүй биднийг түүнд байр өгөхгүй гэж буруу ойлгож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид 1993 оноос хойш тус газар дээр амьдарч байгаад 2010 онд зээл авч барьж ашиглалтад оруулсан үеэс одоог хүртэл оршин суудаг, үүнээс өөр бидэнд орон гэр байхгүй.

Иймд газар албадан чөлөөлүүлэх нь бидний хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууцыг эзэмших, ашиглахтай холбоотой эрхийг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.З, Ж.Г, Б.Б, Б.Н нарт холбогдох Нийслэлийн Баянзүрх дүүрэг, **************, Жанжин 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн ***************** дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв, гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь маргаан бүхий цаг үед нэхэмжлэгч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт заасан өмчлөх эрхээ хариуцагч нарт шилжүүлсэн хэвээр байгаа нөхцөл байдал байхгүй. Тухайлбал, гэр бүлийн хэрэгцээний 579 м.кв газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Б, Ж.Г, Ө.З нар бүртгэгдсэн нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. Зохигч 2010 оны намар хувийн сууц барьж, 2010 оны 12 сараас ашиглаж байгаа гэх үйл баримт дээр маргаагүй. Гэвч шүүх дээрх үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтыг бүхэлд нь үнэлэхгүй орхигдуулж бодит хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй.

Хэргийн нотлох баримтаар хариуцагч нараас нэхэмжлэгчийн өмчлөлийн газраас өөрсдийн нэрийг хасуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан хүсэлтийг үндэслэн хариуцагч нарын нэрийг хасалт хийж газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Быг бүртгэж олгосон. Шүүх эсрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байхад энэ талаар харьцуулан дүгнэлт хийгээгүй, эдгээр бодит бөгөөд хууль ёсны хүчин төгөлдөр нотлох баримтуудыг үнэлээгүй. Дээрх нотлох баримтаар газрын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.Б дангаар тодорхойлогдож байгаа нь хангалттай тогтоогдож байгаа бөгөөд хариуцагч нар хүлээн зөвшөөрч маргадаггүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч нартай гэр бүлийн хамаарал бүхий харилцаа байсан учраас тэдэнд итгэж өөрийн өмчлөлийн газар дээр түр хугацаанд амьдрахыг зөвшөөрсөн болохоос уг газарт насан туршдаа амьдрах ямар нэгэн амлалт өгч хэлцэл хийгээгүй. Хэрэв уг газарт насан туршдаа амьдрах талаар амлалт өгч, хэлцэл хийсэн гэж хариуцагч нар үзэж байгаа бол баримтаар нотлох ёстой боловч энэ талаар ямар ч баримт гаргаагүй.

Нэхэмжлэгч нь хариуцагч нартай гэр бүлийн хамаарал бүхий харилцаагүй бол анхнаасаа түр амьдрах боломж ч олгохгүй байсан. Энэ байдлыг хариуцагч нар нь буруугаар ашиглаж бүх насаараа амьдрах амлалт өгч, гэрээ хэлцэл байгуулсан мэтээр авирлаж нэхэмжлэгчиин өмчлөх эрхиин хэрэгжилтэд үндэслэлгүйгээр саад болсон. Хариуцагч нар тухайн газар нэхэмжлэгчийн өмч гэдэгтэй ямар нэгэн маргаан байхгүй атлаа тухайн газар дахин төлөвлөлтөд хамрагдаж байгаа шалтгааныг сөргөөр ашиглаж дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж буй компани зөвшөөрөхгүй байгааг мэдсээр байж зориудаар нэхэмжлэгчийн газар дахин төлөвлөлтөд хамрагдах боломжийг 2 жилийн хугацаанд хязгаарлаж хохироох нөхцөл байдалд хүргэсэн. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэр бүлийн харилцаатай атлаа нэхэмжлэгчийн сайхан сэтгэлийг ашиглаж газрыг чөлөөлж өгөхгүй дээрх байдлаар өмчлөгчийн эрхийг хохироож ирсэн төдийгүй энэ байдлын үр дагаварт нэхэмжлэгчийн газар ганцаараа дахин төлөвлөлтөд хамрагдаж чадахгүй хохирох нөхцөл байдалд хүрсэн. Анхан шатны шүүх энэ шийдвэрээрээ өмчлөгч өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө хэзээ ч чөлөөтэй захиран зарцуулж чадахгүй хууль бус боомилсон байдалд хүргэсэн байгаад гомдолтой байна.

6.2. Иргэний хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэж заасан байхад шүүх өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж хохирооход хүргэсэн. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.3-т газар өмчлөгч өмчлөлийн газраа бусдад ашиглуулахдаа түүний зориулалтыг заана. Ийнхүү тодорхой зориулалтаар олгосон газрыг өөр зориулалтаар ашиглахыг хориглоно. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг газрын өмчлөгчөөр хамтран бүртгүүлэх хүсэлтэд ямар нэг зориулалтаар ашиглуулах нөхцөлийг тодорхойлоогүй байна гэсэн тайлбар, дүгнэлтийг хийсэн. Гэтэл хуулийн зүйл заалтыг ямар агуулгаар тухайн маргааныг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хэм хэмжээ гэж үзэж үндэслэл болгоод байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээр үндэслэл болгосон Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгтэй нийцэхгүй буюу зөрчилдсөн агуулагатай хэм хэмжээг учир шалтгаангүйгээр хамт хэрэглсэн. Дээрх хэргийн бодит үйл баримтыг тайлбарласанчлан талуудын хооронд гэр бүлийн харилцаа байсан тул түр хугацаанд өөрийн өмчлөлийн газар дээр амьдрах боломжийг олгож тус болсон болохоос тусгайлсан зорилго бүхий эрх, үүрэг хүлээсэн эрх зүйн харилцааг үүсгэж гэрээ хэлцэл байгуулсан зүйл байхгүй. Энэхүү бодит байдал талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад хэргийн тогтоогдож байгаа бодит байдлын эсрэг дүгнэлт хийсэн.

Хариуцагч нар тухайн үед банкнаас зээл авах шаардлагатай байна гээд зээл авахад нэхэмжлэгчийн газрыг барьцаанд тавиад түр газрын хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Энэ талаар Говь-Алтай аймгийн ХААН банкнаас хариуцагч нар зээл авсан, барьцаанд тавьсан баримтыг гаргуулж хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хариуцагч нар энэ талаар маргаагүй бөгөөд талуудын хооронд газрын хамтран өмчлөгч болоход болон хамтран өмчлөгчөөс хасагдахад худалдсан, худалдан авсан аливаа төлбөр төлсөн зүйл байхгүй. Нэхэмжлэгч дээр тайлбарласан үйл баримтын хүрээнд хариуцагч нарт тус болох үүднээс түр өөрийн газар дээр амьдрах боломжийг олгосон ч цаашид өөрийн хууль ёсны өмч хөрөнгийн өмчлөх эрхээ эдлэх, хэрэгжүүлэхийн тулд шаардах эрхээ хэдийд ч хэрэгжүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа хариуцагч нарын үйлдэл, үйл ажиллагааг арилгуулах, шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн эрхтэй. Энэ тохиолдолд хариуцагч нар ч өмчлөгчөөс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэл үйл ажиллагаагаа зогсоож, арилгах үүрэггэй. Өмчлөгчөөс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр саад болох ёсгүй, өмчлөгчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлаж хохироох ёсгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай өмчлөх эрхээ хязгаарлуулах ямар ч тохиролцоо хийгээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан 3 удаагийн хэлцлийг үндэслэж хариуцагч нарыг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд өмчлөх эрх дуусгавар болоогүй. Хариуцагч нар банкнаас зээл авах зорилгоор дээрх хэлцлүүдийг хийлгэсэн гэж тайлбарладаг боловч хэрэгт авагдсан баримтаар 2010 оны 12 дугаар сард байшин ашиглалтад орсон нь тогтоогддог. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд хариуцагч нар маргаан бүхий газарт хууль ёсны дугаа байгаа эсэхийг шалгахын тулд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг анхаарах ёстой. Хариуцагч нар Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөө шударгаар олж авсан.

7.2. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тогтоолоор гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааны журмаар нөхөн олговортойгоор өмчлөгчийн өмчлөх эрхэд халдах зохицуулалтыг зохицуулсан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь газрын өмчлөгч, эд хөрөнгийн өмчлөгчтэй тус бүр гурвалсан гэрээ байгуулахаар тусгасан. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулахтай холбоотой Б ХХК-аас газрын эзэнтэй гэрээ байгуулна гэснээс талуудын хооронд үл ойлголцол үүссэн. Тус компаниас газрын эзэнтэй гэрээ байгуулна гэсэн тул 2 жил төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцох боломжгүй гацсан гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй. Тиймээс өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нар саад учруулаагүй, маргаан бүхий газарт амьдран суух зориулалттай байшин барих зөвшөөрөл авсан тул түр оршин суух гэсэн ойлголт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийн буруу тайлбарлан хэрэглэснийг зөвтгөн дүгнэж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Г, Ө.З, Г.Н, Г.Б нарт холбогдуулан *********************** тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн ***************** дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг буулгаж, хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Хэргийн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Нийслэлийн Засаг даргын 2005 оны 20 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 579 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Д.Бад өмчлүүлэхээр шийдвэрлэсэн. /1-р хх30/

 

3.2. Дээрх шийдвэрийг үндэслэн Д.Б нь газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт гаргаснаар Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 424 тоот хаягт байрлах, **************** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 579 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Б бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр олгосноор тэрээр маргаж буй газрын өмчлөгч болсон байна. /1-р хх 29, 40/

 

3.3. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Ж.Г, Ө.З нартай 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Газар өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах хэлцэл байгуулж, Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 424 тоот хаягт байрлах, **************** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 579 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Ж.Г, Ө.З нарыг нэмж бүртгэн, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 05 дугаар сарын 28-ны өдөр олгосноор Ж.Г, Ө.З нар хэлцлийн үндсэн дээр маргааны зүйл болох газрын хамтран өмчлөгч болсон.

 

3.4. Дээрх газарт Ж.Г, Ө.З нар 2010 онд 135 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг барьж улсын бүртгэлд бүртгүүлэхэд Д.Б нь тухайн хувийн сууцыг хамтран өмчлөхөөс татгалзах хүсэлтийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргаснаар Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 424 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 135 м.кв талбайтай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Ж.Г, Ө.З, Г.Б, Г.Н нар бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр олгосон. /1-р хх45-51/

 

3.5. Тухайн газар дахин төлөвлөлтөд орох болсонтой холбоотойгоор талуудын хооронд үл ойлголцол үүсч хариуцагч Ж.Г, Ө.З нар 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хамтран өмчлөгчөөс өөрсдийн хүсэлтээр хасуулах хэлцэл байгуулж, дээрх газрын өмчлөх эрхээс нэрээ хасуулснаар Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 424 тоот хаягт байрлах, **************** нэгж талбарын дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 579 м.кв талбай бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр Д.Быг бүртгэгдэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр олгосон. /1-р хх88/

 

4. Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, хариуцагч Ж.Г, Ө.З нар нь маргаж буй газрын өмчлөгч байх үедээ хувийн сууц барьсан байна. Түүнчлэн хариуцагч нар тухайн газар дээр хувийн сууц барьж байхад нэхэмжлэгч маргаагүйгээс гадна уг хувийн сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээс татгалзаж байжээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь одоогийн байдлаар тус газрын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хэдий ч уг газар дээр нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр 2010 онд хариуцагч нар хувийн сууц барьсан, уг хувийн сууц нь газраас салгаж үл болох газрын бүрдэл хэсэг болсон байх тул уг хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, түүний дор байгаа газрыг хариуцагч нар хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй.

 

5. Анхан шатны шүүх хариуцагч Ж.Г, Ө.З нар маргаан бүхий газрын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн тухайн цаг хугацаанд хувийн орон сууцыг барьсан, нэхэмжлэгч Д.Б 2010 онд өөрийн өмчлөлийн газар дээр байшин барихыг зөвшөөрч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.6, 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэнэ.

 

5.1. Хариуцагч нар нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т зааснаар хэлцлийн үндсэн дээр газрыг эзэмших эрх олж авсан тул шууд эзэмшигч байхаас гадна мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн үндсэн дээр газар ээзэмших эрхийг олж авсан байх тул шударга эзэмшигч гэж үзнэ.

 

5.2. Түүнчлэн, Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн ************** Жанжины 22 дугаар гудамж, 424 тоот хаягт байршилтай, хувийн сууцны зориулалттай 135 м.кв талбайтай, мансардтай үл хөдлөх эд хөрөнгө нь маргаж буй газрын үндсэн бүрдэл хэсэг болсон байна.

 

6. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл хариуцагч нар нэхэмжлэгчийн маргааны зүйл болох газрыг хууль бусаар эзэмшсэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, анхан шатны шүүх хэргийн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасантай нийцүүлэн үнэлж хариуцагч Ө.З, Ж.Г, Б.Б, Б.Н нарт холбогдох Баянзүрх дүүрэг, **************, Жанжины 22 гудамж, 424 тоот хаягт байршилтай, газар өмчлөх эрхийн бүртгэлийн ***************** дугаар бүхий гэрчилгээтэй, 579 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгийг буулгаж, газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Иймд нэхэмжлэгч талын ...маргаан бүхий газрын өмчлөгчөөр нэхэмжлэгч дангаар бүртгэгдсэн, харин хариуцагч нарт түр хугацаанд уг газарт амьдрах зөвшөөрөл олгосон болохоос насан туршдаа амьдрах хэлцэл хийгээгүй, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг дутуу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/03610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ