Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Т.Төмөртулга

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-т холбогдох эрүүгийн 1922000980063 тоот  хэргийг 2019 оны 5 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

           

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 4 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг ‘’Баянбулаг’’ гэх газраас иргэн М.Я-ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Б.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар багт байсан хойд эцэг Б.Я-ийн 5 тооны адууг амьдаар нь ачиж ирээд буцааж хүлээлгэж өгсөн гэв.

2. Хохирогч М.Я-ийн: ‘’...Би 2019 оны 4 сарын 9-ний өглөө мотоциклтой адуун дээрээ очсон. Тэгтэл 5 даага дутуу байсан. Тэгээд нэг давхар дугуйтай автомашины мөр байхаар нь дагаад явтал айлын бууцан дээр очоод хашаанд адуу оруулсан мөр байхаар нь хулгайч авсан байна гэж бодоод сумын хэсгийн төлөөлөгчид утсаар мэдэгдсэн. Тэгээд тэр орой хэсгийн төлөөлөгч утсаар яриад адууг чинь Дундговь аймгийн төвөөс оллоо.  Б  гэдэг хүн хүнд зараад тэр хүнтэйгээ цуг байна гэж ярьсан. Манай хас тамгатай зээрд халзан даага, халиун даага, хул даага, улаан хээр даага, тамгагүй бор хээр даага нийт 5 тооны адуу байхгүй байсан. Би нэгийг нь 500000 төгрөгөөр үнэлнэ. Б  нь надтай жилийн өмнөөс хамт амьдарч эхэлсэн С  гэдэг хүний төрсөн хүү нь байгаа юм. Б  манай хөрөнгөнөөс захиран зарцуулах эрх байхгүй. Би даагануудаа хүлээж авсан. Гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 16-17/

3. Гэрч Ш.Н-ын: “...2019 оны 4 сарын 8-ны өдөр Өлзийт сумын Буянт багаас хадам аав С-ээс Өлзийт сумын төврүү орж ирсэн. Тэгээд Цант Өлзийт нэртэй дэлгүүрт Б гэдэг залуутай танилцсан. Тэр үед тэр залуу ‘’надад мөнгөний хэрэг гараад, би хүн зодоод шүдийг нь хугалчихаад цагдаад шалгагдаж байгаа, танд даага зарая’’ гэсэн. Тэгэхээр нь би Б-т ‘’наймаа хийж болно, адуугаа хаанаас зарах юм бэ’’ гэхэд Б  ‘’сумын төвөөс 25 км-т манайх байгаа тэндээс очоод авна, 4 даага өгье, нэгийг нь 300000 төгрөгөөр өгье’’ гэж тохирсон. Тэгээд би Өлзийт сумын ХААН банкнаас 1200000 төгрөг бэлнээр аваад тэр мөнгөнөөс Б 106000 төгрөгийг нь хэрэглээд сумын төвөөс зүүн урагш 25 км орчимд Б  гэдэг айлд очиж хоносон. Маргааш өглөө нь 8 цагийн үед Б  бид хоёр Б-ын мотоциклиор адууруу нь явсан. Б-ын гэрээс урагш холгүй эзэнгүй хороон дээр хар азаргатай 20 гаран тооны адуу оруулж хашсан. Тэгээд байж байтал Б  давхиад ирсэн. Тэгээд бид гурав хас тамгатай зээрд халзан даага, хул хээр даага, халиун даага, улаан хээр даага, тамгагүй хар хээр даагыг барьж миний .......... улсын дугаартай Портер маркийн автомашин дээр ачсан. Б  надад зээрд даагыг нь бэлгэнд өглөө гэж хэлж байсан. Тэгээд би 1100000 төгрөг бэлнээр  тоолоод Б-т өгсөн. Тэндээс Б  бид хоёр шууд сумын төвөөр дайраад Дундговь аймгийн төврүү орох гэж байтал эргүүлийн хоёр цагдаа ирээд бичиг баримт шалгаад Цагдаагийн газарт аваачсан. Цагдаагийн газрын үүднээс Б  бултаад алга болсон. Тэр үед би хулгайн адуу байна гэдгийг мэдсэн. Анх адуу худалдаж авахдаа хулгайн адуу гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-22-23/

4. Иргэний нэхэмжлэгч Ш.Н-ын ‘’...Би Б  гэх хүнээс 4 адууг 1200000 төгрөгөөр авна гэж тохиролцсон юм. Би ХААН банкнаас 2019 оны 4 сарын 8-ны өдөр 1200000 төгрөг бэлнээр аваад эхлээд Б-т 200000 төгрөгийг бэлнээр өгсөн. Адуу ачсаны дараа 1000000 төгрөг бэлнээр өгсөн. ...Б надад өөрийнхөө адууг зарах гэж байгаа гэж хэлсэн. Би хулгайн адуу гэж мэдээгүй. ...Надад гомдол санал алга. 1200000 төгрөгөө авмаар байна...’’ гэх мэдүүлэг /хх-37-38/

5. Гэрч Ц.О-ын ‘’Би 2019 оны 4 сард хэдний өдрийг санахгүй байна. Гэртээ байж байтал манай танил Б  гэх хүн нэг танихгүй залуутай хамт Портер машинтай ирсэн.  Тэр залуу өөрийгөө Н  гэж танилцуулж байсан. Тэр хоёр манайд ирсэн өдрөө хоноод маргааш нь  хоёулаа босоод явсан. Тэгээд удалгүй Б , Н  хоёр эргэн ирээд хороон дээр адуугаа хашчихлаа та  хамт очоод адуу ачилцаад өгөөч гэсэн. Тэгээд гэрийн баруун урд хороон дээр очиход 5 тооны сарвааг хороон дээрээс машиндаа ачаад явсан. Б уг адуунуудыг ‘’миний адуу байгаа юм. Би энэ хүнд 5 тооны адуу зарсан’’ гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй’’ гэх мэдүүлэг /хх-39-40/

6. Гэрч Р.С-ийн ‘’Манайхаас алдагдсан 5 тооны адуу бол манай нөхөр Я  гэж хүний адуу байгаа юм. Уг адуунуудыг малын тооллогоор миний нэр дээр тоолуулдаг юм. Би нөхөр Я-тай 2018 онд гэр бүл болж хамт амьдарч байгаа. Я-тай суухад уг адуунуудтай ирсэн. Тэгээд би өөрөө Өлзийт сумын харъяалалтай хүн болохоор адуу болон бусад малыг өөрийнхөө нэр дээр тоолуулж А дансандаа бүртгэдэг юм’’ гэх мэдүүлэг /хх-41-42/

7. 2019 оны 4 сарын 9-ний өдрийн 18 цаг 20 минутад Мал хураан авсан тэмдэглэлд: ‘’Зөв гуяндаа хас тамгатай халиун даага /сарваа/, зээрд халзан эр даага, хул хээр зүсмийн охин даага, охин улаан хээр даага, тамгагүй хээр даага нийт 5 даага’’ гэжээ. /хх-3/

8. Малд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: ‘’Зөв гуяндаа хас тамгатай эр зээрд халзан даага, эр халиун даага, охин хул хээр даага, охин улаан хээр даага, тамгагүй эрх хээр даага’’ хохирогчийн хүргэн Б.Э-т хүлээлгэн өгөв’’ гэжээ. /хх-4/

9. Гэрэл зургийг үзүүлэлт /хх-6-9/

10. Дундговь аймгийн Өлзийт сумын Үнэлгээний комиссын 2019 оны 4 сарын 10-ны өдрийн эд зүйлд үнэлгээ хийсэн акт, хавсралтад: ’’хоёр настай эр /сарваа/ 3 тооны 500000 төгрөг, хоёр настай охин /сарваа/ 2 тооны 500000 төгрөг’’ гэжээ. /хх-12-13/

11. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 4 сарын 9-ний өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын 5 дугаар баг ‘’Баянбулаг’’ гэх газраас иргэн М.Я-ийн эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б-ын бусдын малыг хулгайлах үйлдэл нь Эрүүгийн  хуулийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгчид холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын 5 тооны адууг хулгайлж 1000000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм  буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Б-ын хулгайлж бусдад зарсан 5 тооны адууг цагдаагийн байгууллага хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Г.Н-д 1.200.000 төгрөг төлөөгүй байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б нь Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005.10.31-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 150 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2006.09.14-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014.03.31-ний өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан нь шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож /хх-49-58/ байна.

 

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан хэргийн үйл явдлын талаархи баримтууд болон шүүгдэгчийн  хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон шүүгдэгч Б.Б-т оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч М.Я-д 5 тооны адууг биетээр хүлээлгэн өгсөн, болохыг тус тус дурдав.

         

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ‘’Бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй’’ гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 540.1-д ‘’Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө‘’ тус тус заасан байх тул шүүгдэгч Б.Б-аас 1.200.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ш.Н-д  олгохоор шийдвэрлэлээ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Цагаан овгийн Б.Б-ыг бусдын 5 тооны адууг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т 320 /гурван зуун хорин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн 5.4 дүгээр зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч М.Я-д хулгайлагдсан 5 тооны адууг биетээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг  гаргуулан иргэний нэхэмжлэгч Боржигон овгийн Ш.Н-д олгосугай.

         6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ