| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 101/2016/4319/и |
| Дугаар | 0277 |
| Огноо | 2016-07-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 0277
| 2016 оны 07 сарын 18 өдөр | Дугаар 182/ШШ2016/00277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30-407 тоотод оршин суух, 37 настай, эмэгтэй, Харчин овгийн Шийтэрдуламын Сувд-Эрдэнэ /РД:ЙЮ79120663/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 30-407 тоотод оршин суух, 41 настай, эрэгтэй, Дархан овгийн Гүржавын Буянбаатар /РД:ЙУ75102813/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Сувд-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, гэрч Ч.Энхтайван, П.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Сувд-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.Сувд-Эрдэнэ миний бие Г.Буянбаатартай 2006 оны 06 дугаар сарын 14-ны өдөр гэр бүл болж, улмаар 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Анхбаяр төрсөн.
Бид Өвөрхангай аймагт гэр бүл болон амьдарч байгаад, 2008 онд Улаанбаатар хотод шилжин ирсэн ба Чингэлтэй дүүрэгт айлын хашаа, байранд амьдарч байна. Бид өөрийн гэх орон байргүй. Нөхөр маань эрхэлсэн тодорхой ажилгүй, хааяа /халтуурын/ барилгын ажил хийдэг боловч олсон мөнгөөрөө архи уудаг. Гэр бүлийнхээ амьдрал ахуйд ямар ч нэмэргүй. Байнга архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэж, эрх чөлөөнд халдаг. Миний бие нь Нарантуул худалдааны төвд савхин бээлий зарж, амьдрал ахуйгаа залгуулдаг.
... Бид зан харьцааны таарамжгүй байдал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас цаашид гэр бүлээ хадгалан хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болоод байна. Нөхөр Г.Буянбаатартай гэр бүл болж, хамтран амьдарсан хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж, согтуудаа эрх чөлөөнд халдаж, намайг болон хүүгээ айлган сүрдүүлж, сэтгэл зүйн болон бие махбодын дарамт байнга үзүүлдэг.Би хүүгээ бодоод их тэвчдэг байсан ба сүүлдээ тэвчихийн аргагүйд хүрч байна.
Нөхөр Г.Буянбаатарыг архи уух нь багасах байх, ажил төрөл эрхэлж хүн шиг амьдрах байх гэж найдлага тавин хүлээсээр 10 гаруй жилийн хугацаа өнгөрлөө. хүрсэн. Гэвч нөхөр Г.Буянбаатар нь улам л дордож, байнга архи ууж, агсам согтуу тавьдаг, амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө огтхон ч хичээж, зүтгэхгүй байна. Цаашид энэ хүнтэй гэр бүлийн амьдралаа хэвийн хадгалан үргэлжлүүлэхийг хүсэхгүй байна. Хүү Б.Анхбаярынхаа ирээдүйд маш их санаа зовж байна. Г.Буянбаатарын энэ байдал нь миний хүүгийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, эрүүл аюулгүй орчинд амьдрахаас эхлээд наад захын эрхийг нь хөндөж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Анхбаярыг өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно. Эд хөрөнгийн маргаангүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Сувд-Эрдэнэ нь хариуцагч Г.Буянбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Ш.Сувд-Эрдэнэ, Г.Буянбаатар нар 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэр бүл болсноо 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрлэгчдийн эрх, үүрэг үүсгэж, хамтран амьдрах хугацаанд 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Анхбаярыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, гэрлэсний гэрчилгээний хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 4-5 тал/
Хариуцагч Г.Буянбаатар нь согтууруулах ундаа хэрэглэж, гэр бүлийн гишүүдэд байнгын хүчирхийлэл, дарамт учруулдаг болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчийн тодорхойлолт, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, гэрч Ч.Энхтайван, П.Цэвэлмаа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 3, 41 тал/
Нөхөр болох Г.Буянбаатарын хүчирхийлэлийн улмаас эхнэр Ш.Сувд-Эрдэнэ, бага насны хүүхэд болох Б.Анхбаяр нарын амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд хохирол учирч болзошгүй тул эвлэрэн хэлэлцэх хугацаа өгөхгүйгээр гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална“ гэж заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүрээнд нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон.
Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болох ба бие махбодын хэлбэр гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн нөгөө этгээдээ өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халдсаныг,
Сэтгэл санааны хэлбэр гэдэг нь гэр бүлийн нэг гишүүн дээрх зорилгоор нөгөө этгээдээ айлган сүрдүүлэх, заналхийлэх, мөрдөн мөшгөх, доромжлох, нэр төр алдар хүндийг нь гутаах, ах, дүү, хамт олноос нь тусгаарлах, хүсэл зоригийнх нь эсрэг үйлдэл хийлгэхийг албадах, тулган шаардах зэргээр үг яриа, үйл хөдлөлөөрөө сэтгэл санааны дарамтанд оруулсныг ойлгодог болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 14.7-д “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар хүүхдийн насны онцлог, санал, хүүхдийн хувьд хэнд илүү ээнэгшин дассан байдлыг түүнчлэн ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан үзэж,
2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Анхбаярыг эх Ш.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзсэн болно.
Бага насны хүүхэд болох 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаярыг эх Ш.Сувд-Эрдэнийн асрамжид үлдээж, эцэг Г.Буянбаатараар хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах нь үндэстэй.
Хэдийгээр бага насны хүүхдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа нь Г.Буянбаатарын хувьд эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг, эх хэн алин нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Хариуцагч Г.Буянбаатарт нэхэмжлэлийн хувийг 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гардаж авсан боловч, 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дотор хариу тайлбар нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй болно. /х.х-ийн 13 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5-д заасан журмын дагуу 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хариуцагч Г.Буянбаатарт хүргүүлж, гарын үсэг зуруулсан боловч, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 131дүгээр зүйлийн 131.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /х.х-ийн 37 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг баримтлан Г.Буянбаатар, Ш.Сувд-Эрдэнэ нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаярыг эх Ш.Сувд-Эрдэнийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2004 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Анхбаярыг 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Буянбаатарт тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг Г.Буянбаатарт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг Ш.Сувд-Эрдэнэ нарт тус тус даалгасугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан Г.Буянбаатараас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн нийлбэр дүнгээс тэмдэгтийн хураамжинд 50 374 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 /гурван/ өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Лхагвадуламд хариуцуулсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.ЦЭНГЭЛ