| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2024/03982/И |
| Дугаар | 210/МА2024/02185 |
| Огноо | 2024-12-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 210/МА2024/02185
**********гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/04446 дугаар шийдвэртэй,
**********гийн нэхэмжлэлтэй,
**********т холбогдох
83,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Дамдин-Од, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Хариуцагч ***** нь зээлийн гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 20,000,000 төгрөгийг тус бүр 6 сарын хугацаатай, cap бүр 0,5 хувийн хүүтэй зээлсэн.
1.2. Өнгөрсөн хугацаанд эхний зээлийн хүү 6,000,000 төгрөгийг тухай бүр төлсөн. Сүүлийн зээлийн хүү 10,000,000 төгрөгийг төлсөн.
1.3. Харин 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 23,000,000 төгрөгийг *********ын өмнөөс төлсөн. Энэ талаар би *********т мессежээр тухай бүр мэдэгдэж байсан ба тэрээр үгүйсгээгүй.
1.4. 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр талууд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгахаар тохиролцож, хэлцлийг бичгээр байгуулсан.
1.5. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр зээлдэгч ********* 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
1.6. Иймд *********аас үндсэн зээл 40,000,000 төгрөг, хүү 13,000,000 төгрөг, алданги 20,000,000 төгрөг, нийт 73,000,000 төгрөг, миний эхнэр *****ээс 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүүгүйгээр зээлсэн 10,000,000 төгрөг, нийт 83,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. **********гээс 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг зээлж авсан. Талууд гэрээг сунгаагүй тул 6 сарын хүүгийн төлбөрт 6,000,000 төгрөг, үндсэн зээлийн хамт нийт 26,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй.
2.2. 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр дахин 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан ба уг гэрээг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 6 сараар сунгасан. Ингээд нийт 12 сарын 12,000,000 төгрөгийн хүү төлөх ба үндсэн зээлийн хамт 32,000,000 төгрөг болгон буцаан төлөх үүрэгтэй.
2.3 Дээрх 2 зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 18,000,000 төгрөгийг /6+12/, үндсэн зээлд 40,000,000 төгрөг буюу нийт 58,000,000 төгрөг болгон төлөх үүрэгтэй. Дансны хуулгаас үзэхэд **********д нийт 29,000,000 төгрөгийг төлсөн.
Зээлдэгчид 29,000,000 төгрөг төлсөн дүнгээс хоёр зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 18,000,000 төгрөг төлөх үүргийг хасч тооцвол илүү 11,000,000 төгрөг төлсөн. Уг 11,000,000 төгрөгийг үндсэн 40,000,000 төгрөгийг зээлээс хасвал зээлийн төлбөрийн үлдэгдэл нь 29,000,000 төгрөг байна.
2.4. ********** нь 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр дуудаж өмнөх хоёр зээлийн гэрээг дуусгавар болгож шинэ гэрээг хийнэ гэснийх нь дагуу гэрээнд гарын үсэг зурж 40,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээг байгуулсан.
********** нь 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдан 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 9.1 болон 11.1-т зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий этгээдэд бүртгүүлж гэрчилгээ аваагүй тул мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш байна.
********** нь нэгэнт Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тохиолдолд 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хүү болон алданги тооцсон хэсэг нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл болох юм. Уг гэрээг үндэслэн шаардсан хүү болон алдангийг хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 54,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон үлдэх 29,000,000 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *********аас 51,000,000 /тавин нэгэн сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 32,000,000 /гучин хоёр сая/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч **********гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 572,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *********аас 412,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт шүүх хуралдаанд биечлэн оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгч миний шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбарыг буруу, ташаа, бүрэн бус тусгасан нь шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримтад бодитой үнэлэлт дүгнэлт хийж чадаагүй бөгөөд нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбарлахдаа:
5.1. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан зээлийн гэрээг талууд сунгаагүй учраас хуульд заасны дагуу хүү тооцох ёсгүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан 2 дахь гэрээг 6 сарын хугацаагаар сунгасан боловч дахин хугацаа сунгаагүй учраас сунгасан хугацаанд хүү төлөх үүрэг хүлээхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс эхнэрийн зээлсэн 10,000,000 төгрөгийг шаардаж байгаа боловч ямар нэгэн байдлаар итгэмжлэл аваагүй учраас уг төлбөрийг шаардах эрхийг эдлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй гэжээ.
6. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
6.1. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр сарын 5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай 20,000,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд уг гэрээг талууд сунгаагүй тул 6 сарын хүүгийн төлбөрт 6,000,000 төгрөг буюу үндсэн зээлийн хамт нийт 26,000,000 төгрөг болгон буцаан төлөх үүрэгтэй. Мөн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дахин 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 1 сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан ба уг гэрээг 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр 6 сараар дахин сунгасан. Нийт 12 сарын 12,000,000 төгрөгийн хүү төлөх ба үндсэн зээлийн хамт 32,000,000 төгрөг болгон буцаан төлөх үүрэгтэй.
Дээрх 2 зээлийн гэрээний хүүгийн төлбөрт нийт 18,000,000 төгрөгийг /6+12/, үндсэн зээлд 40,000,000 төгрөг буюу нийт 58,000,000 төгрөг болгон төлөх үүрэгтэй. Дансны хуулгаар **********д нийт 29,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд хүүд төлсөн төлбөрөөс илүү гарсан тул үндсэн зээлийн үлдэгдлээс хасч тооцвол зээлийн төлбөрийн үлдэгдэл 29,000,000 төгрөг байх ёстой.
6.2. Гэтэл шүүхээс үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг гаргахдаа миний төлөлтөөс 5,000,000 төгрөгийг орхигдуулан бодсоноос болж үлдэгдэл төлбөр 34,000,000 төгрөг гэж тооцогдох үүнээс 50 хувийн алданги болох 17,000,000 төгрөг гэж үзэн нийт 51,000,000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн.
Төлбөр төлсөн жагсаалтуудаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн 5,000,000 төгрөгийг шүүх санаачилгаараа хасч тооцсон нь үндэслэлгүй, уг жагсаалтыг нэхэмжлэгч огт үгүйсгээгүй бүгдийг төлөгдсөн болохыг зөвшөөрч маргаагүй.
6.3. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 9.1 болон 11.1-д зааснаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэхээр эрх бүхий этгээдэд бүртгүүлж гэрчилгээ аваагүй үндэслэлээр эс зөвшөөрч маргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрч уг гэрээний дагуу үүрэг шаардахгүй, шаардлагатай бол бид нотлох баримтаас ч хасуулж болно гэх тайлбарыг гаргасан. Гэтэл шүүхээс уг гэрээний талаар дүгнэлт өгөөгүй.
6.4. Иймд анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн 51,000,000 төгрөгөөс хариуцагчийн хасч тооцохгүй гэж маргаагүй төлбөр болох 5,000,000 төгрөгийг алдангийн 2,500,000 төгрөгийн хамт нийт 7,500,000 төгрөгийг хасч, үлдэх 43,500,000 төгрөгийн хэмжээнд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгч тал тайлбарлахдаа:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 5,000,000 төгрөгийг хохиролд оролцуулан тооцох боломжгүй гэж дүгнэсэн. Хэргийн 44 дүгээр талд авагдсан дансны хуулгаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 15 цаг 46 минутад *********аас ********** 5,000,000 төгрөгийг зээлүүлж, 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг 45 минутад буцааж шилжүүлсэн. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулагдсан гэрээний хугацаа сунгагдаж, талууд өөрсдөө баталж, хүүгийн төлбөрийг төлж байсан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 83,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй байна. Үүнд:
3.1. ********** болон ********* нар 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр зээлдэгч ********* 20,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сарын хүүг сар бүрийн 20-ны өдөр төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,2 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
3.2. 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр зээлдэгч ********* 20,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй, сарын хүүг сар бүрийн 25-ны өдөр төлөх, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
3.3. 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр талууд 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хугацааг 6 сараар сунгахаар тохиролцож, хэлцлийг бичгээр байгуулсан.
3.4. 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, гэрээгээр зээлдэгч ********* 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.
3.5. ********** нь 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 20,000,000 төгрөгийг тус тус зээлдэгч *********т шилжүүлсэн.
4. Анхан шатны шүүх *******, ********* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан тул зээлдүүлэгч нь зээлийн хүү шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5. Анхан шатны шүүх зээлдэгч ********* 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 6,000,000 /20,000,000*0,5 хувь*6сар/, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 12,000,000 /20,000,000*5 хувь*12 сар/ нийт үндсэн зээл 40,000,000 төгрөг, зээлийн хүүд 18,000,000 төгрөг төлөх үүрэгтэй буюу нэгдсэн дүнгээр 58,000,000 төгрөг гэж зөв тооцжээ.
6. Хариуцагч ********* нэхэмжлэгч **********гийн дансанд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг буюу нийт 22,000,000 төгрөгийг,
түүний эхнэр *********ийн дансанд 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 2,400,000 төгрөгийг тус тус төлсөн буюу нийт 24,400,000 төгрөгийг төлсөн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх журамтай нийцжээ.
6.1. Хариуцагч ********* 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөгийг нэхэмжлэгч **********гийн дансанд шилжүүлсэн боловч мөн өдөртөө нэхэмжлэгч ********** нь хариуцагч *********т мөн дүнгээр буцаан шилжүүлсэн байдлыг харгалзан үзэж түүний зээлийн гэрээний үүргээс хасч тооцохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй болсон тул хангах боломжгүй болно.
7. Хариуцагч *********ын төлсөн төлбөр 24,400,000 төгрөг байхад анхан шатны шүүх 24,000,000 төгрөгөөр тооцож түүний зээлийн гэрээний үүрэг болох 58,000,000 төгрөгөөс буруу хасч үндсэн үүргийг 34,000,000 төгрөгөөр тооцсон алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж үндсэн үүрэг нь 33,600,000 төгрөг /58,000,000-24,400,000/ болохыг тогтоох нь зүйтэй.
8. Талууд 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 40,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ бичгээр байгуулсан боловч уг мөнгөн хөрөнгийг тухайн өдөр шилжүүлэн өгөөгүй, харин өмнөх зээл болох 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний төлөгдөөгүй үндсэн зээл дээр хүү болон алдангийн талаар тохиролцсон, зээлийн гэрээ Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэхээр байна.
Энэ зээлийн хүрээнд үндсэн зээл нь 40,000,000 төгрөгөөр биш өмнөх 2 зээлийн гэрээний үндсэн төлбөр 33,600,000 төгрөгийн хэмжээгээр тодорхойлогдоно.
Гэрээнд зээлийн хүүг талууд сарын 5 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.
8.1. Энэ зээлийн гэрээнд хугацааг талууд 6 сараар тодорхойлсон тул зээлдэгч ********* нь үндсэн зээл 33,600,000 төгрөг, зээлийн хүүд 10,080,000 /33,600,000*5 хувь*6 сар/ төгрөг нийт 43,680,000 төгрөг төлөх үүрэгтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
8.2. Талууд гэрээний 3.7-д алдангийн талаар тохиролцсон бөгөөд уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.
Алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ төлөгдөөгүй үндсэн зээлээс алданги тооцохоор нэхэмжилсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь заасан нэхэмжлэлийн хүрээгээр хязгаарлах тул 33,600,000 төгрөгийн 50 хувиар тооцож алдангийг 16,800,000 төгрөгийн хэмжээгээр гаргуулах нь зүйтэй. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт алдангитай холбоотой хуулийн зохицуулалтыг орхигдуулсныг залруулна.
9. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр батлагдаж, уг хуульд 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заажээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн болон 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээнүүдэд уг хууль үйлчлэхгүй юм. Харин тэдгээрийн хооронд байгуулагдсан 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн нэг удаагийн гэрээг Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд заасан мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэний зээлийн гэрээнд хамааруулан тооцох үндэслэлгүй болно. Иймд хариуцагч талаас гаргасан тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болсныг дурдах нь зүйтэй.
10. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч *********аас үндсэн зээл 33,600,000 төгрөг, зээлийн хүү 10,080,000 төгрөг, алдангид 16,800,000 төгрөг, нийт 60,480,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч **********д олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.
11. Нэхэмжлэгч ********** нь өөрийн эхнэр *********ийн өмнөөс хариуцагч *********аас шаардах эрхтэй талаарх тайлбараа нотлоогүй гэх үндэслэлээр анхан шатны шүүх 10,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болго ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 184/ШШ2024/04446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 282 дугаар зүйлийн 282.1 гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6, 51,000,000 /тавин нэг сая/ гэснийг 60,480,000 гэж, 32,000,000 /гучин хоёр сая/ гэснийг 22,520,000 гэж,
2 дахь заалтын 412,950 гэснийг 460,350 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 317,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА