Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 63

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Г.Алдармаа

Улсын  яллагч Г.Хаш-Эрдэнэ

Шүүгдэгч И.А  нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн байцаалт явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И.А-д холбогдох эрүүгийн 1922001460079 тоот  хэргийг 2019 оны 6 сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

           

Шүүгдэгч И.А  нь 2019 оны 5 сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Луус сумын төвд иргэн И.Б-той маргалдаж нүүрэн тус газар нь төмрөөр цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч И.А  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

2. Шүүгдэгч И.А  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ‘’...Манайх Дундговь аймгийн Луус сумаас баруун хойд зүгт 25 км-ийн зайд ‘’Бударгана ус’’ гэх газар нутагладаг. 2019 оны 5 сарын 22-ны өглөө гэрээс 8 цагийн үед хонио эргэх гээд өөрийн эзэмшлийн саарал өнгийн COLD маркийн 7293 ДУА  улсын дугаартай суудлын автомашинаа жолоодоод хонин дээр очоод байж байтал саахалт айлын И.Б  мотоцикльтой  хүрч ирээд Луус сумын төв орж ‘’бензин авах уу’’ гэхээр нь ‘’би ч бензин авах санаатай байсан юм’’ гээд бид хоёр хамт Б-д очиж мотоциклио үлдээгээд  миний машинтай Луус сумын төвд 11 цагийн үед ирсэн. Дэлгүүрээс архи авах санаатай хоёулаа мөнгөө нийлүүлээд Б орж 0.75, 0.5 граммын ‘’Хараа’’ нэртэй архи, мөн том савтай 2.5 лиртын пиво аваад Луус сумын баруун хойд гэр хороололд Н  гэх айлын хашааны гадаа  машиндаа бид хоёр архи, пиво уусан. Тэгээд бид хоёр согтоод машин дотроо унтчихсан байсан. Унтаж байгаад сэрэхэд 16 цаг болж байсан байх. Б-ийг сэрээгээд үлдсэн 0.5 граммын ‘’Хараа’’ нэртэй архийг задлаад дээрээс нь нэг нэг хундага ууж эхлээд бид хоёр малын бэлчээрээс болж муудалцаж байгаад би бие засах гээд машинаас буугаад зогсож байтал Б  араас бууж ирээд’’ чаддаг юм бол чи намайг зод’’ гээд гараараа намайг түлхээд газарт унагачихаар нь би босч ирээд зөрүүлээд гараараа түлхээд унагаачихсан чинь Б уурлаад ална хядна гээд өөдөөс дайраад байсан. Би машинруугаа очоод жолоочийн талын хаалгыг нээгээд суудал дээр суугаагүй зогсож байтал Б  араас мөн агсараад байхаар нь Б-ийг гараараа түлхээд жолоочийн хаалганы суудал доогуур ил харагдаж байсан хар өнгийн 40 см шахуу урттай дугуй задлагч лапаткан төмрийг баруун гараараа барьж аваад Б-ийн өөдөөс нь толгой хэсэгрүү нэг удаа шударсан чинь нүүрэн хэсгээс нь цус гараад эхэлсэн. Би тэр үед айж сандарсан, Б-ийг яг далайж байгаад хүчтэй цохиогүй, төмөр болохоор хүний арьс махыг амархан гэмтээсэн байх. Б  нүүрээ бариад доошоо суучихсан, нүүрнээс нь цус гараад байсан, би машинаа үлдээгээд явган алхаад эмч дуудах гээд эмнэлэгрүү явж байтал миний хажуугаар эмнэлэгийн Пургон эмч нар суулгачихсан Б-руу очиж байгаа харагдсан. Тухайн үед бид хоёрын байсан газар өөр хүн харагдаагүй. Эмч нар Б  дээр очлоо гэж бодоод эргэж Б  дээр очоогүй, сумын төвийн Төрийн банкны хажууд сууж байтал сумын цагдаа ирээд  хэсэгрүү аваачиж, удалгүй аймгийн Цагдаагийн газар ирж согтуурал шалгахад 2.25 хувийн согтолттой гарсан. Бид хоёрын хооронд өс хонзонгийн асуудал байхгүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж ийм асуудал боллоо. Би өөрийн бурууг ойлгож байна’’ гэх мэдүүлэг /хх-45-48/

3. Хохирогч И.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ‘’2019 оны 5 сарын 22-ны өдөр өглөө эрт 7 цагийн үед хөдөө гэрээсээ гараад малаа бэлчээгээд явж байгаад саахалт айлын А-той малын бэлчээр дээр таараад ойр зуурын юм ярьж суусан. А  бид хоёр Луус сумын төвөөс баруун хойд зүгт 11 км зайд байдаг юм. Бид хоёр юм ярьж сууж байгаад хамт Луус сумын төв орж бензин авах гээд А-ын эзэмшлийн саарал өнгийн жижиг машинтай 13 цаг өнгөрч байхад орсон. А  надад архи пиво авах мөнгө өгөхөөр нь би Г  гэх иргэний дэлгүүр орж 0.75 граммын Хараа нэртэй архи 1 ширхэг, 0.5 граммын Хараа нэртэй архи 1 ширхэг, мөн 2.5 лиртын савтай Сэрүүн нэртэй пиво худалдаж аваад бид хоёр сумын төвийн баруун гэр хороололд очоод Н  гэх айлын хашааны гадаа А-ын машин дотор авсан архи, пиво хувааж ууж эхэлсэн. Бид хоёр нэлээн согтоод машиндаа унтаад өгсөн байсан. Эргээд бид хоёр цуг шахуу сэргэтэл 16 цаг өнгөрч байсан байх. Тэгээд сэргээд үлдсэн 0.5 граммын Хараа нэртэй архийг ууж эхлээд дуусах үед А  бид хоёр малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Бид хоёр нэг нэгнийгээ барьж аваад түлхэлцэж эхэлсэн. Нэг нэгийгээ цохиогүй, өшиглөөгүй. Тэгэж байгаад муудалцахаа больтол А  эргээд машинруу сууж байгаа харагдсан. Би араас нь очоод А-ыг машины жолоочийн суудал дээр сууж байхад ‘’чаддаг юм бол чи намайг цохьчих, зодчих’’ гэж үгээр өдсөнөө санаж байна. Гэнэт миний хамрын дээд хэсэг, баруун нүдний ухархай хэсгээс цус гарч эхэлсэн юм. Тэгээд цус алдаад ухаан балартсан юм байна лээ. А  яг өөдөөс төмрөөр цохисон үгүйг санахгүй байна. Бид хоёртой өөр хүн байгаагүй. Уг хашааны эзэн Н  гэх хүн байгаагүй, гэр нь эзэнгүй байсан. Тэгсэн манай сумын Ү  гэх залуу ирчихсэн, зүгээр үү гэж сэрээгээд намайг хашааны үүдэнд суулгаж үлдээгээд Ү  эмнэлэг дуудахаар явсан юм шиг байна лээ. Тухайн үед миний ухаан орж гараад балартаад байсан. Тухайн үед А  харагдахгүй байсан. Нэг мэдсэн Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр сумын түргэний машинаар ирж байгаагаа санаж байна. Эмнэлэгт ирээд баруун нүдний ухархай хэсгийн арьсанд нэлээн хэдэн оёдол тавиулаад маргааш нь Улаанбаатар хотруу явж Гэмтэл согог судлалын үндэсний төв орж үзүүлээд 2019 оны 5 сарын 24-ний өдөр Гавал тархины тасагт хэвтээд 29-ний өдөр нүдний ухархайн яс цааш цөмөрсөн байсныг хагалгаагаар янзалсан юм. А  миний баруун нүдний ухархай хэсэгрүү дугуйны лапатак төмрөөр нэг удаа цохьсон байна лээ, би эхлээд үгээр өдөж хүний шар малтаж дургуйг нь хүргэж байгаад цохиулсан гэдгээ мэдэж байгаа. Бид хоёр өмнө нь муудалцаж байгаагүй, А  ч даруухан залуу. Одоо миний бие зүгээр хэвийн болсон. Хараа сонсгол үнэрлэх мэдрэмж гээд бүхий л эрхтэн бүрэн хэвийн ажиллагаатай байна. А  нь миний гомдлыг бүрэн барагдуулж, эмчилгээний зардал бүрэн төлсөн. Миний зүгээс гомдол санал огт байхгүй, энэ асуудлыг А-д гайгүй шийдэж өгнө үү гэж хүсч байна. Мөн А-оос нэхэмжлэх зүйлгүй, бид хоёр хэвийн харьцаатай байгаа ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 10-12/

 

4. Гэрч Э.А-гийн: “...Ү гэдэг хүн эмнэлэг дээр ирээд Б-ийг хүнд зодуулсан байна гэсэн. Тэгээд түргэний машинтай Н  гэх айлын хашааны гадаа очтол Б-ийн нүүрнээс нь цус гарсан байдалтай амнаас нь архи үнэртэж байсан. Мөн хамарнаас нь цус гарч байхаар нь бид нар нийлж анхан шатны тусламж үзүүлээд эмнэлэг дээр хүргэж ирээд эмчилгээ хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 5. Гэрч Г.Ү-ын: “...Хашааны гадаа иртэл Б  хашааны урд хэсэгт нүүр, ам нь цус болчихсон, архи уусан бололтой сууж байсан. А  хашаанаас 400 метр зүйд урд зүгрүү алхаж байгаа харагдсан. Ойр орчимд өөр хүн байгаагүй... ” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19/

 6. Гэрч Ш.У-ын ‘’2019 оны 5 сарын 22-ны өдөр Луус сумын төвд гадуур эргүүлийн үүрэг гүйцэтгээд 16 цаг өнгөрч байхад урд хороололд явж байтал миний гар утасруу эмнэлэгээс А  эмч залгаад И.Б-ийг хүнд зодуулсан байдалтай байна, бид сумын эмнэлэг дээр авчирж байна гэхээр нь шууд эмнэлэг дээр хүрээд очтол И.Б-ийн нүүр нь нэлээн цус болж, нүдний ухархай хэсгээс нь цус гараад тогтохгүй байсан. Тухайн үед И.Б  нь архи уусан байдалтай согтуу байх шиг байсан, сумын эмнэлэгт байх үедээ А  намайг төмрөөр цохьсон гэж ярьж байсан. ...А-ыг хайгаад явж байтал сумын Төрийн банкны хажуу талд сууж байгаа харагдахаар нь А-ыг цагдаагийн хэсэг дээр авчиран удаагүй аймгийн цагдаагийн газрын жижүүр дээр ирж А-ын согтуурлыг шалгахад 2.25 хувийн согтолттой гарч ирсэн. А , Б хоёр хамт архи уугаад хоорондоо муудалцаад зодолдсон юм шиг байна лээ, А  тухайн үед ‘’Б-ийг лапатак төмрөөр цохисон, би хүлээн зөвшөөрч байна, миний буруу’’ гэж надад хэлж байсан’’ гэх мэдүүлэг /хх-20-21/

 7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 6 сарын 3-ны өдрийн 6613 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ‘’1.И.Б-ийн биед баруун нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хоёр хажуу хананы бяцарсан зөрүү ихтэй ил хугарал, хамар, баруун хөмсөгт няцарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ‘’ гэжээ /хх-37/

8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтууд болон эд мөрийн баримтыг  шинжлэн судлав.

 

          Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч И.А  нь хохирогч И.Б-той хувийн таарамжгүй харилцааны улмаас архидан согтуурсан үедээ маргалдаж төмрөөр нүүрэн тус газар нь цохьсон үйл явдал болсон, үүний улмаас хохирогч И.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч И.А-ын хохирогч И.Б-ийн нүүрэн тус газар нь төмрөөр цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч И.А-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэлээ.

 

 Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

           

            Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1970000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хэргийн 65, 66, 67, 70-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дугуй задлагч лапаткан хар өнгийн төмөрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлж шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овгийн И-ын А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харчин овгийн И.А-д 600 /зургаан зуун/ нэгж буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн  хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.А  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч И.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид 1970000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-ийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг  дугуй задлагч төмрийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулснаас хойш 14 хоногийн  дотор давж заалдах гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                        Г.МӨНХБАТ