| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/04097/И |
| Дугаар | 210/МА2025/00012 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00012
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04509 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
******* ,******* нарт холбогдох
Гэм хорын хохиролд 425,211,842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номуундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний аав ******* нь ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, тус компанийн бүхий л үйл ажиллагааг хариуцаж ажилладаг байсан. Солонгос улсад олон жил ажиллаж, хөдөлмөрлөж ирээд бизнесээ өргөжүүлэх зорилгоор 2021, 2022 онд зээл аваад бизнесийн бүх төлөвлөгөөг боловсруулаад ажиллаж байтал ******* -ийн жолооч *******гийн буруутай үйлдлийн улмаас 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр зам тээврийн осол гарч, аав минь нас барсан. Тэр явдлаас хойш миний бие компанийг нь өвлөн авсан.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 612 дугаартай шийтгэх тогтоолоор *******г гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 979 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.2. Миний аав нас барахаасаа өмнө компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дараах зээлүүдийг авсан байсан. Үүнд:
1. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-ийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ******* ХК-иас 3 жилийн хугацаатай 170,000,000 төгрөгийг,
2. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ******* ХХК-ийн эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор ******* ХК-иас 3 жилийн хугацаатай 600,000,000 төгрөгийг,
3. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр иргэн *******гөөс 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан.
Аавыг нас барснаас хойш ******* ХК-д 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн хүүд нийт 43,818,928 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн хүүд 151,433,592 төгрөгийг, иргэн ******* өөс авсан зээлийн хүүд 45,000,000 төгрөгийг тус тус төлсөн.
1.3. Мөн зам тээврийн осол болох үед аавын минь унаж явсан Хьюндай Старекс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэдэг байсан бөгөөд уг автомашин нь ослын улмаас дахин ашиглах боломжгүй болсон тул компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглахаар тээврийн хэрэгсэл худалдан авах хэрэгцээ бий болсон. Иймд Форд ренжер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХК-ийн санхүүгийн түрээсийн гэрээгээр 126,475,050 төгрөгөөр худалдан авсан. Энэхүү гэрээний хүүд нийт 58,484,272 төгрөгийг төлсөн.
Уг зам тээврийн ослын улмаас тус компанийн үйл ажиллагааг авч явж байсан аав минь нас барснаас болж компанийн үйл ажиллагаа доголдож, эргэлтийн хөрөнгө, материалын татан авалт багасч, орлогын хэмжээ буурч, санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орж манай компани одоо дампуурлын ирмэгт ирчихээд байгаа тул компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор бусдаас авсан зээлийн хүүнд төлсөн төлбөр болон авто ослын улмаас ашиглах боломжгүй болсон машины оронд авч ашиглаж байгаа тээврийн хэрэгслийн үнийг гэм хорын хохиролд тооцон хариуцагч нараас гаргуулах шаардлагатай гэж үзэж байна.
Шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа бид зээлийн гэрээнүүдийн хүүний төлбөрт 298,736,792 төгрөгийг, тээврийн хэрэгсэл худалдан авсан үнэ болох 126,475,050 төгрөг, нийт 425,211,842 төгрөгийг нэхэмжилж байсан бол зээлийн хүүгийн төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлээ 50,965,016 төгрөгөөр багасгаж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг дагуу хариуцагч нараас дээрх зээлийн гэрээнүүдийг хүүнд төлсөн төлбөр болох 247,771,776 төгрөгийг, Форд ренжер маркийн автомашины үнэд 126,475,050 төгрөг, нийт 374,246,826 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* -ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Тус компанид жолоочоор ажиллаж байсан ******* нь 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Хьюндай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн ноцтой осол гаргаж, шүүхээс зохих ял шийтгэл хүлээсэн.
2.2. Нэхэмжлэгч нь ******* компанийн бизнесийн зээлийн хүү, тухайн аж ахуйн нэгжийн шинээр худалдан авсан эд хөрөнгийн үнийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зам тээврийн осол болох үед хохирогч *******гийн унаж явж байсан Хьюндай Старекс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан. Гэтэл ******* ХХК-ийн бусдаас аваад үйл ажиллагаандаа зарцуулчихсан зээлийн хүүг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний хүү гэж нэхэмжилж байгаа боловч хэнд, хэзээ, хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй. Энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт өгөөгүй, ганц аудитын дүгнэлт гэх баримт өгсөн. Нэхэмжлэгчийн өгсөн гэх аудитын дүгнэлт нь тус компанийн удирдлагад зориулагдан гарсан, гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэсэн байгаа бөгөөд уг дүгнэлтийг үндэслэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Эрүүгийн хэрэгтэй холбоотойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******д оршуулгын зардалд 43,585,520 төгрөгийг, зан үйлтэй холбоотой зардалд 12,566,500 төгрөг, Хьюндай Старекс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 27,510,000 төгрөг нийт 83,059,020 төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл нэхэмжлэгч нь ******* ХХК гэх компанийн үйл ажиллагаанд зориулан авсан зээлийн хүүгийн төлөлтийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.2, 508.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* нь хариуцагч нараас гэм хорын хохирол шаардах эрхгүй этгээд гэж үзэж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ:
4.1. Нэхэмжлэгч ******* ыг хариуцагч нараас хохирол нэхэмжлэх нь зөв гэж бодож байна. Гэхдээ нотлох баримт дутуу гэж санагдлаа. Тээврийн хэрэгслийн үнэ нэхэмжилж байгаа нь буруу гэж үзэж байна гэжээ.
5. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ын хариуцагч ******* , ******* нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 374,246,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн нэхэмжлэгч ******* намайг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон боловч гэм хорын хохирол шаардах эрхтэй гэж үзэх үндэслэл биш, мөн талийгаач аав ******* гийн өвийг залгамжлах эрхтэй хэдэн хүн байгаа болох, тэдгээр нь өвлөх эрхээсээ татгалзсан эсэх, ******* ХХК нь нэхэмжлэгчид гэм хорын хохирол шаардах эрхийг шилжүүлсэн эсэх талаар ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй гэж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Миний хувьд аавыг талийгаач болсноос хойш түүний ******* ХХК-ийг өв залгамжлалын журмаар шилжүүлэн авч, албан ёсоор үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэн, өнөөдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Тэр ч утгаараа тус компанийн гүйцэтгэх захирлын хувьд өөрт учирсан болон компанид учирсан хохирлоо нэхэмжилж байгааг шүүх буруу ойлгон дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн би талийгаач аав ******* гийн бусад өв залгамжлагч нарын өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд аавыг талийгаач болсноос үүдэн өөрт учирсан хохирлоо шаардаж байгааг хүлээн авч үзэлгүйгээр шийдвэрлэсэн байгаад гомдолтой байна.
Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
7. Хариуцагч ******* гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.
Иргэний хуулийн 497-514 дүгээр зүйлүүдэд гэм хорын хохиролтой холбоотой шаардах эрхүүдийг тодорхой тохиолдолд сонгож хэрэглэхээр хуульчилсан. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй, 508.2 дахь хэсэгт тухайн төлбөрийг хэн авах эрхтэй талаар, 508.3 дахь хэсэгт төлбөр гаргуулах хэмжээг, 508.4 дэх хэсэгт хугацааг тус тус нарийвчлан зохицуулсан. Гэтэл нэхэмжлэгчээс ******* ХХК-ийн үйл ажиллагаанд зориулж авсан зээлийн хүүг гэм хорын хохиролд шаардаж байгаа нь хууль нийцэхгүй. Мөн нэхэмжлэгч *********** нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш бөгөөд ******* ХХК-иас *******ыг төлөөлүүлэх нотлох баримт байхгүй, бусад өв залгамжлагч нараас итгэмжлэл аваагүй. ******* ХХК-ийн авсан зээлийн гэрээний үүргийн биелэлт нь тухайн зам тээврийн осолтой шууд шалтгаант холбоо үүсгэхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Тухайн зээлж авсан мөнгөөр бараа материал худалдаж авч эргэлтэд оруулж, ашиг олсон эсэхийг мэдэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд хянаад нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг залруулж, шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* болон ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 425,211,842 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ******* -ийн өмчлөлийн Хьюндай маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон Хьюндай Старекс маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас тус тээврийн хэрэгслийн жолооч *******гийн амь нас хохирсон.
3.2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЦТ/612 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ДШМ/979 дүгээр магадлалаар жолооч ******* замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан, түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутай болохыг тус тус тогтоож, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан, уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна.
3.3 Энэхүү эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч ******* нь иргэний нэхэмжлэгч болон иргэний хариуцагчаар, нэхэмжлэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тус тус оролцсон.
3.4. ******* нь гэм хорын хохиролд 54,000,000 төгрөгийг, иргэний хариуцагч ******* нь 29,659,020 төгрөгийг тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********д төлсөн.
4. Нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан гэм хорын хохирлыг гэм хор учруулсан этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан болохыг нотлох үүрэгтэй.
4.1. Анхан шатны шүүх *******г ******* ХХК-ийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ажиллаж байсан гэсэн гэх үйл баримтыг нотлох баримтгүйгээр тогтоосон алдаа гаргасныг дурдах нь зүйтэй. Энэ нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд үндэслэгдэж тогтоогдох бөгөөд зохигчдын тайлбараар тогтоогдох үйл баримтад хамаарахгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр томилогдсон нь уг компанийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэн байдлаар тогтоогджээ. Уг компанийн 100 хувийн хувьцааг ******* эзэмшиж байсан эсэх, түүний өв залгамжлагч нар тодорхойгүй, *********** хувьцааны хэдэн хувийг өв залгамжлалын журмар авсан болох талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаж өгөөгүй.
4.2. ******* ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ******** ХК-иас 3 жилийн хугацаатай 170,000,000 төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр *********** ХК-иас 3 жилийн хугацаатай 600,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан. Энэ гэрээнүүдэд ******* ХХК-ийг төлөөлж захирал ******* гарын үсэг зуржээ.
4.3. ******* ХХК 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээг ******* ХХК-тай байгуулсан, уг гэрээний хавсралт 4-т заасан түрээсийн зүйлийг түрээслэхээр тохиролцсон боловч уг хавсралтыг шүүхэд баримтаар гаргаж өгөөгүй, анхан шатны шүүх уг гэрээний зүйлийг тодруулаагүй байна.
Нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон тайлбар, анхан шатны шүүхийн дүгнэлтээс үзвэл уг санхүүгийн түрээсийн зүйл нь Форд ренжер маркийн автомашин гэж тодорхойлов. Иймд уг гэрээний зүйлийг тодруулаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Санхүүгийн түрээсийн гэрээний 1.5-д зааснаар түрээсийн төлбөр болон түүний хүүг багтаасан 174,926,467 төгрөгийг ******* ХХК нь ******* ХХК-д төлөх үүрэгтэй байна.
4.4. ******* нас барснаар ******* ХХК-ийн үйл ажиллагаа зогсоогүй, уг компанийн хувьцаа эзэмшигч нарын талаар баримтгүй, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч *******ыг уг компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч гэж дүгнэхгүй юм.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд иргэний хувиар нэхэмжлэл гаргасан байх тул ******* ХХК-д учирсан гэм хохирлыг тэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* гаас, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар ******* -иас тус тус шаардах эрхгүй юм.
Түүнээс гадна дээрх 2 зээлийн гэрээний хүү болон автомашины түрээсийн хүүг иргэний хувиар ********** ХХК-ийн өмнөөс төлсөн гэх байдал баримтаар нотлогдоогүй.
4.5. ******* 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр иргэн *******гөөс 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай 200,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан гэх зээлийн гэрээг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргаж өгчээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр ******* оролцсон нь өвлүүлэгч нарыг төлөөлөх үндэслэл болохгүй, Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.7 дэх хэсэгт зааснаар тэрээр үүргийн гүйцэтгэлийг өөрт ногдох хэсгээр нэхэмжлэл гаргах эрхтэй. Тэрээр өөрт ногдох хэсгийг тодорхойлоогүй тул түүний гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4.6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ын тодорхойлсон нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч нарын үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдоогүй болно.
5. ******* ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А-12/23 тоот дүгнэлтэд ******* ХХК-ийн үйл ажиллагааны талаарх санхүүгийн дүгнэлт нь иргэний нэхэмжлэлд хамааралгүй болно.
6. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан нас барагчийн оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөр шаардах эрхэд хамаарахгүй тул үг үндэслэлийг анхан шатны шүүх шалгах шаардлагагүй байсныг дурдах нь зүйтэй.
7. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ******* ХХК-ийг төлөөлж байгаа талаар дурдаагүй, анхан шатны шүүх хуралдаан дээр энэ талаар тайлбар гаргаагүй, нэхэмжлэгчийн солих талаар хүсэлт гаргаагүй. Иймд ...компанийн гүйцэтгэх захирлын хувьд өөрт учирсан болон компанид учирсан хохирлоо нэхэмжилж байгааг шүүх буруу ойлгосон гэх агуулгатай нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдан шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2024/04509 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА