Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00011

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03854 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******ад холбогдох

 

Нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барьцаалагч талаас ******* ХК, барьцаалуулагч талаас *******  нар оролцож, нэгж талбарын ******* дугаар бүхий 250 м.кв газар эзэмших эрхийг барьцаалах БГ-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг гэрчлэхдээ 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн огноотой хэлцлийг 2017 онд гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн нотариатын үйлдэл, нотариатын бүртгэл, хугацааг зохицуулсан 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийг зөрчсөн.

1.2. Гэрээний 1.1-д энэхүү гэрээний зорилго нь ...зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангахтай холбогдуулан барьцаалах үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг тогтоох, тэдгээрийн үнэлгээ, чанарыг тодорхойлох, барьцааны зүйлийг хадгалж, хамгаалах, ашиглах болон барьцааны эрхээ хэрэгжих үндэслэл бүрдсэн нөхцөлд талуудын эдлэх эрх. хүлээх үүргийг тодорхойлоход оршино гэж заасан байхад барьцааны гэрээний 3.1-д барьцааны зүйлийн үнэ (төгрөг): 0.00, барьцаагаар хангагдах үүргийн дүн: 0.00, нийт дүн: 0.00 төгрөг гэж бичсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн, агуулгын хувьд бодит байдалтай нийцэхгүй, бүрэн бус нөхцлөөр гэрээг гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, 31.1.1, 31.1.6, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.1, 46.2.2, 46.2.3, 46.2.4, 46.3, Нотариатын үйлдэл хийх зааврын тавдугаар зүйлийн 5.1 дэх заалтыг зөрчсөн.

Гэрээний 3 дугаар зүйлд барьцааны зүйлийг барьцаалуулагч нь гуравдагч этгээдэд давхар барьцаалах, түрээслүүлэх, хөлслүүлэх зэргээр аливаа үүрэг ногдуулах тохиолдолд банкнаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүй хийсэн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан нь Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт ипотекийн үйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтад Барьцаалуулагч нь барьцааны зүйлийг үндсэн үүргийг гүйцэтгэх хугацааны дотор гуравдагч этгээдэд түрээслэх, хөлслөх, үнэ төлбөргүйгээр түр ашиглуулахаар бусдын эзэмшилд шилжүүлэх эрхтэй. /Энэ хэсгийн ...барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр..." гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./ тус тус заасныг зөрчсөн.

1.3. ******* ХК-ийн хуулийн этгээдийн хувийн байдлыг тогтоох, төлөөлөх бүрэн эрхийг шалгах, бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зуруулах тухай Нотариатын хууль болон Нотариатын үйлдэл хийх зааварт тусгайлан заасан шаардлагуудыг зөрчсөн.

1.4. Нотариатын тухай хуульд зааснаар, хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, тэгш эрхийг хангах, шударга ёсыг сахих, үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, ёс зүйн дүрмийг чанд баримтлан ажиллах зарчмын дагуу нотариатын мэргэжлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж буй тус нотариатч нь БГ-******* дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ"-г гэрчлэхдээ төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх ёстой байтал барьцаалагч тал болох "Худалдаа, хөгжлийн банк" ХХК-д илт давуу байдлыг олгож, 2015 оны огноотой гэрээг 2017 онд гэрчилж, барьцааны зүйлийн үнийг 0 /тэг/ төгрөгөөр үнэгүйдүүлж тогтоосон, Иргэний хуулийн 156.2 дахь хэсгийг зөрчсөний хувьд мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус болох үр дагавартай болохыг тайлбарлаж өгөлгүй, бусдад ашиглуулах эрхийг барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр хэрэгжүүлэх эрхийг үгүйсгэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийг хүртэл зөрчсөн заалтыг агуулсан, талуудын тэгш байдлыг бүхэлд нь алдагдуулсан хэлцлийг гэрчилсэн.

1.5. Гэрээний үнэн зөвийг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг хүчингүйд тооцуулснаар нэхэмжлэгч ******* миний хуульд заасан журмын дагуу олж авсан газар эзэмших эрхийг үнэгүйдүүлж, гэрээний оролцогч талуудын тэгш байдлыг алдагдуулсан, хуульд харшилсан байдлаар барьцаалах хэлцлийг гэрчлэн баталгаажуулсан нотариатчийн үйлдлийн мэргэжлийн алдааны улмаас бий болж буй эрх зүйн сөрөг үр дагаврыг арилгуулах, нотариатын тухай хуульд зааснаар үйлчлүүлэгчийн эдэлбэл зохих эрх анхны байдалдаа сэргэх, улмаар цаашид энэхүү хэргийг зохих журмаар шийдвэрлүүлсний дараагаар тухайн хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцлийн шинжтэй эсэх асуудлыг дэвшүүлэн тавих зэрэг ач холбогдолтой.

Иймд нотариатчийн тухайн үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******гийн хүсэлтээр ******* ХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүртгэж гэрчилсэн. ******* нь барьцааны зүйл болох өөрийн хөрөнгийн гэрчилгээ, ******* ХК-тай байгуулсан барьцааны гэрээг 4 хувь үйлдсэн гарын үсэг зурсан орж ирсэн. Тус бичиг баримтуудыг үзэж, Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоож, өөрийн тайлбарыг сонсож, яагаад 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн огноотой байгаа талаар лавлаж асуусан. ******* үндсэн гэрээг ******* ХК-тай 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүдийн эх хувийг авч ирсэн бөгөөд хувийн байдлыг нь тогтоож, үндсэн гэрээг шалгасан.

******* нь би банкнаас 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх хөрөнгөө барьцаалж орон сууцны зээлийн гэрээг авсан. Газар эзэмших эрхээ миний нэр дээр шилжсэний дараа барьцаалуулахаар тохирсон, газрын гэрчилгээг авч, барьцааг бүртгүүлэхээр явсаар байгаад ирсэн гэсэн. гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан Орон сууцны зээлийн гэрээний 4.1-д Газрын гэрчилгээ гарсны дараа барьцаалуулна гэж тохиролцсон байсан учраас барьцааны гэрээг гэрчилсэн. Үүнийг гэрчлэхэд ямар нэгэн хууль зүйн хувьд зөрчил байгаагүй. Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний үүрэг биелүүлэх хугацаа дуусаагүй байсан бөгөөд Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар хойшлуулах, 30, 31 дүгээр зүйлд зааснаар үйлдэл хийхээс татгалзах нөхцөл байдал тухайн үед тогтоогдоогүй. Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ гэж заасан ба 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрээг гэрчлүүлмээр байна, газрын албанд бүртгүүлнэ гэж ирсэн.

Талууд гэрээг банкан дээр хийж, хүсэл зоригоо илэрхийлж, нотариатаар орж гэрчлүүлж, газрын албанд бүртгүүлэх зорилготой байсан. Барьцааны зүйлийг хэдэн төгрөгөөр үнэлэх асуудалд нотариат оролцох боломжгүй.

Гэрчлүүлсэн гэрээний 3.1-д барьцааны зүйлийг өөр этгээдэд барьцаалуулаагүй тухай лавлагаа гэдэгт зураас татсан байгаа. Энэ зураас нь аваагүй гэсэн утгатай. Мөн Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу газрын өмчлөгч нь төр, *******гийн хувьд тодорхой хугацаанд газрыг эзэмшиж байгаа хүн. Тухайн үед 3 жилийн хугацаатай эзэмшиж байсан.

2.2. Давхар барьцаалж болохгүй гэх хуулийн заалт нь 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээний хугацаанд хамаарахгүй байсан учраас гэрчилсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар банкны үйл ажиллагааг зохицуулдаг. Эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл гардаг учраас тухайн банкны хувийн байдлыг тогтоох шаардлагагүй. Нийтээрээ банк бол зээлийн үйл ажиллагаа явуулдаг гэдгийг мэднэ. Банкны эрх бүхий этгээдийг байлцуулах шаардлагагүй гэдэг нь ажил үүргийн хүрээнд тогтсон заншил юм. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй нотариатч банкны хувийн байдлыг тогтоохгүйгээр зээлдэгчийн хувийн байдлыг тогтоож гэрээг гэрчилдэг, тогтсон заншил байдаг.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлд үйлдэл хийхээс татгалзах эсвэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэнээс бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийхээр заасныг нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрээ байгуулагдсан тухай бүрт нотариатаар гэрчлэх агуулгагүй. Уг зохицуулалт нь нотариатын үйлдэл хийхээр хандсан үйлчлүүлэгч хуульд заасан нотариатын үйлдлийг хойшлуулах, түдгэлзүүлэх эс үйлдэл хийхээс татгалзах нөхцөл бүрдээгүй тохиолдолд нотариатын үйлдэл хийх агуулгатай бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн гэрээг 2017 онд гэрчилсэн.

2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, *******гийн нэр дээр газрыг шилжүүлсэн. Нотариат нь үүнийг үндэслэж нотариатын үйлдлийг хийсэн. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан. Энэ хуулийн 56.3 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1.2-56.1.4, 56.1.8-д заасан хэлцлийг хийсэн этгээд уг хэлцлээр илэрхийлсэн хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн бол шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ гэж заасан.

Нэхэмжлэгч талаас газрыг 0 төгрөгөөр үнэлсэн, гэрээг сүүлд 2017 онд гэрчилсэн гэж тайлбарлаж байгаа үндэслэлгүй. Учир нь гэрээ аль хэдийн хүчин төгөлдөр болсон. Мөн Нотариатын тухай хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээг Хууль зүйн дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дугаар зааварлах тухай тушаалын хавсралтаар баталсан Нотариатын үйлдлийн 5.2-т заасны дагуу заавал гэрчилнэ гэж заасан.

Үл хөдлөх эд хөрөнгийг өөр этгээдэд барьцаалуулаагүй тухай лавлагааны номер нь 2011 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******д шилжүүлсэн иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээгээр баталгаажиж, гэрчилгээний ард эрхийн гэрчилгээг барьцаалсан тухай тэмдэглэгээ байгаа гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д зааснаар Б.Ундрахад холбогдох нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай ******* гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх Нотариатын тухай хуулийг хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн. Гэрээний үнэн зөвийг гэрчлүүлэхэд талууд зайлшгүй байх шаардлагатай гэтэл захиалагч талын төлөөлөгч биеэр хүрэлцэн ирээгүй. Төлөөлөгч биечлэн ирсэн ч итгэмжлэлийг нотариатч шалгаснаар үйлдэл хийх хуулиар тогтоосон хэм хэмжээг зөрчсөн байтал шүүх холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг зөрчсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн нотариатч нотариатын үйлдлийг тухайн цаг хугацаанд хийх үүрэгтэй.

Гэтэл 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн огноотой хэлцлийг 2017 онд буюу 2 жилийн дараа нөхөн гэрчилсэн нь Нотариатын тухай хуулийн 29, 30, 31 дүгээр зүйлүүдэд заасантай нийцэхгүй.

Талуудын байгуулсан гэрээний 1.2-т энэхүү гэрээний зорилго нь барьцааны зүйлийн үнэлгээг тодорхойлоход оршино. гэж заасан. Гэтэл үнэлгээг 0 төгрөг гэж бичсэн байхад нотариатч нягтлах ажиллагаа хийх болон үр дагаврыг тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй.

Гэрээний 3.1-д барьцааны зүйлийг барьцаалуулагч нь гуравдагч этгээдэд давхар барьцаалах зэргээр аливаа үүрэг ногдуулах тохиолдолд банкнаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд давхар барьцаалуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан.

Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр гэснийг хүчингүй болгосон бөгөөд зөвхөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн эрхээс гадна газар эзэмших эрхийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлд хамааруулахаар зохицуулсан. Мөн нотариатч Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар барьцааны зүйлийг бусад этгээдэд барьцаалуулсан эсэх лавлагааг авах шаардлагыг зөрчсөн. 2017 оны байдлаар ******* ХК-ийн стандарт гэрээнүүд бүгд давхар барьцаалах эрхийг нээсэн хэлбэрээр барьцааны гэрээ хийгддэг байсан ба ******* ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээг өөр нотариатч гэрчилсэн талаарх баримтыг нотлох баримтаар өгсөн.

Нотариатч нь нотариатын үйлдэл хийхдээ Нотариатын тухай хуульд заасан шаардлагуудыг илтэд зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан хуулийн зохицуулалт нь нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах болон татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд тухай бүрт хийхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл 2015 онд хийсэн хэлцлийг 2017 онд нотариатаар батлуулахаар ирж байгаа тохиолдолд татгалзах болон хойшлуулах үндэслэл байхгүй нөхцөлд хэлцлийг гэрчлэнэ.

Орон сууцны зээлийн гэрээний 4.1-д газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа Улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсны дараа буюу 2017 онд барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр ирсэн үйл баримт байдаг. Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэж хувийн байдлыг тодруулахаар заасан.

Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://opendata.burtgel.gov.mn/les сайтаас ******* ХК-ийн хуулийн этгээдийн мэдээлэл тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл нийтэд илэрхий баримт буюу ******* ХК нь холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зээлийн үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой учраас хувийн байдлыг дахин тодруулах шаардлагагүй.

Хэрэгт авагдсан баримтаар ******* тухайн газар эзэмших эрхийн хугацааг хэд хэдэн удаа сунгасан нь харагддаг. ******* ХК-ийн нэхэмжлэлтэй *******д холбогдох иргэний хэргийг уг хэргийг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлсэн. Нэхэмжлэгчээс ******* ХК-тай байгуулсан үндсэн гэрээний холбогдох заалтаас үзэхэд ******* 360,000,000 төгрөгийн зээлж, барьцаа хөрөнгийг 452,150,000 төгрөгөөр үнэлэхээр тохиролцсон. Уг гэрээнд газар эзэмших эрхийг зээлдэгчийн нэр дээр гэрчилгээ гарсны дараа барьцаалахаар тохиролцсоны дагуу 2 дахь гэрээ батлагдсан.

Газар эзэмших эрхийн барьцаа хөрөнгийн үнэлгээг хэдэн төгрөгөөр тооцох нь талуудын чөлөөт байдлын зарчим учраас нотариатч хөндлөнгөөс оролцох боломжгүй. Банкнаас орон сууцны зээл олгох зориулалт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах, эргэн тойрны газар эзэмших эрхийг барьцаалахад талуудын гэрээний зорилго оршсон бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нэхэмжлэгчийн нэр дээр гарсан учир банкнаас лавлагаа авах шаардлагагүйг хэн аль ойлгож байсан. Гэтэл гомдлын үндэслэлээ болгож байгаа нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээгээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ад холбогдуулан 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр барьцааны гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй. Үүнд:

3.1. 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* ХК, ******* нар ЗГ-******* дугаартай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* нь 360,000,000 төгрөгийг жилийн 19,20 хувь, сарын 1,60 хувийн хүү төлөх, 15 жилийн хугацаагаар зээлсэн.

3.2. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХК, ******* нар 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр БГ-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* эзэмшлийн, нэгж талбарын *******  дугаар бүхий, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 250 м.кв газар эзэмших эрхийг барьцаалжээ.

 

4. ******* ХК, ******* нарын хооронд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан БГ-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг нотариатч ******* 2017 оны 4 сарын 27-ны өдөр гэрээний үнэн зөв-ийг гэрчилж нотариатын үйлдэл хийснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

5. Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт Энэ хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийнэ гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлд нотариатын үйлдэл хийхийг хойшлуулах, түдгэлзүүлэх, мөн хуулийн 31 дүгээр зүйлд нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлийг тус тус заажээ.

Нотариатын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Үйлчлүүлэгч согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдэлд хяналт тавих чадваргүй байгаа бол энэ нөхцөл байдлыг арилах хүртэл нотариатын үйлдэл хийхийг хойшлуулна, 30.2 дахь хэсэгт заасан Иргэн, хуулийн этгээдээс баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг нэмж гаргуулах буюу тэдгээрийг шинжлүүлэх шаардлага гарсан тохиолдолд нотариатын үйлдэл хийхийг тодорхой хугацаагаар хойшлуулж болно., 30.3 дахь хэсэгт заасан Нотариатаар гэрчлүүлж байгаа баримт бичиг буюу эрхийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өөр этгээдээс өргөдөл ирүүлсэн тохиолдолд уг асуудлаар нотариатын үйлдэл хийхийг 3-7 хүртэл хоногийн хугацаагаар хойшлуулах бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэл гаргасан нь тогтоогдвол шүүхийн шийдвэр гартал нотариатын үйлдэл хийхийг түдгэлзүүлнэ гэх үндэслэл тогтоогдоогүй.

Түүнчлэн мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт нэрлэн заасан нотариатын үйлдэл хийхээс татгалзах үндэслэлд нотариатчаар гэрчлүүлж буй гэрээний огноо, нотариатын үйлдэл хийсэн огноо зөрүүтэй тохиолдол хамаарахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн. Учир нь:

******* ХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээний 4.1-д газрын гэрчилгээ гаргаж барьцаалуулах гэсэн тохиролцоог Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Грийн хаус хороолол Зайсан гудамж ******* тоот 254.52 м.кв талбай бүхий хувийн сууц, 59 м.кв гараашийг газар эзэмших эрхийн хамтаар барьцаалах, газар эзэмших эрхийг *******д эрх бүхий этгээд шилжүүлсний дараа барьцааны гэрээ байгуулах талаар урьдчилж тохиролцсон байна. Иймд анхан шатны шүүх энэ гэрээний талуудын хүсэл зориг илэрхийлэгдэж, нэгдсэн гэх агуулгаар дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Улмаар талууд 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан БГ-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан бөгөөд харин уг гэрээг барьцаалуулагч ******* 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр гэрчлүүлэхээр нотариатч ******* ад хандсан.

Харин нотариатч ******* нь гэрээ байгуулагдсан огноо болон гэрээг гэрчлүүлэх хүсэлт гаргаж буй хугацаа илт зөрүүтэй байгаа талаар барьцаалуулагч ******* гаас лавласан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

Гэхдээ *******  ХК болон ******* нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээг 2014 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 15 жилийн хугацаатай байгуулагдсан гэрээний хугацааны дотор барьцааны гэрээ хамаарч байгаа бөгөөд барьцаалуулагч өөрөө гэрээг гэрчлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд тухайн үед нь гэрээг гэрчлэх үйлдэл хийсэн нотариатчийн үйлдэл Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан нотариатын үйлдлийг тухай бүрт хийнэ гэж заасантай нийцсэн гэж дүгнэнэ.

 

6. Мөн 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн барьцааны гэрээний 3.1.-д барьцааны зүйл болох газар эзэмших эрхийн үнийг 0.00 гэж бичсэн боловч гэрээний 3.2-т барьцаагаар хангагдах үүргийн үнийн дүнгээс гадна барьцаагаар хангагдах шаардлагад зээлийн гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээний дагуу олгогдсон үндсэн зээл, үндсэн болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүсэн хүү, барьцааны хөрөнгийг худалдан борлуулахад гарсан зардал, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал, барьцааны зүйлийг арчлан хамгаалах, засан сайжруулахад гарсан зардал, уг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотойгоор төлсөн татвар, хураамж, төлбөр, шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлсөн урамшуулал, зардал болон банкинд учирсан хохирлын нийлбэрээр тодорхойлогдоно гэж тохиролцсонтой харьцуулан дүгнэвэл барьцааны зүйлийн үнийг тодорхойлоогүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Хууль зүйн, дотоод хэргийн сайдын 2011 оны 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдэл хийх заавар-ын 2.1-д Нотариатч нь үйлчлүүлэгчийн хийлгэх гэж байгаа үйлдэл, үйлчилгээний хөлс, зардлыг түүнд тайлбарлаж өгнө гэж заасан бөгөөд энэ заалтыг 2021 онд мөн сайдын А/210 дугаар тушаалаар Нотариатч нотариатын үйлдэл хийхдээ уг үйлдлийн утга агуулга, хууль зүйн ач холбогдол, үр дагавар, хариуцлага, бүрдүүлэх баримт бичиг, үйлчилгээний хөлс, тээврийн зардал зэргийг үйлчлүүлэгчид тайлбарлаж өгнө гэж өөрчлөн найруулсан байна. Иймд 2021 онд өөрчлөн найруулсан зохицуулалт 2017 онд хийсэн нотариатын үйлдэлд хамаарахгүй.

Иймд үйлчлүүлэгчийн хийлгэх гэж байгаа үйлдэл үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах гэж тодорхойлох бөгөөд энэ талаар тайлбарлаж өгөөгүй гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд заасан нотариатчийн нягтлах үүргийн хүрээнд гэрээ хэлцлийг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд алдаа гарсан гэх байдал тогтоогдоогүй гэж үзэж мөн хуулийн 46.2 дахь хэсэгт зааснаар гэрээг гэрчлэхээс 2017 онд татгалзаагүй байдлыг буруутгах боломжгүй юм.

 

7. Түүнээс гадна барьцаалагч тал нь ******* ХК байх бөгөөд барьцааны гэрээнд банкны эрх бүхий этгээд гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан байдлаар барьцаалуулагч гэрээг нотариатчид авчирч өгсөн байна. Банкны тамга, эрх бүхий этгээдийн гарын үсэг эргэлзээтэй тохиолдолд нотариатч Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хурууны хээ, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, цахим мэдээллийн сангийн мэдээлэл, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно гэж зааснаар үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох юм. Өөрөөр хэлбэл, энэ зохицуулалтыг хууль тогтоогч диспозитив хэм хэмжээгээр тогтоосон тул үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоох эсэх асуудлыг нотариатч өөрөө шийдвэрлэх боломжтой гэж дүгнэнэ.

 

8. Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт Хүчинтэй байгаа өмнөх гэрээгээр хориглоогүй бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхтэй гэж заасан зохицуулалтыг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.

Үнсэн хуулийн цэцийн тогтоол гарахаас 6 сарын өмнө байгуулагдсан 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн гэрээний 3.1-д барьцааны зүйлийг барьцаалуулагч нь гуравдагч этгээдэд давхар барьцаалах зэргээр аливаа үүрэг ногдуулах тохиолдолд банкнаас зөвшөөрөл авна. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд давхар барьцаалуулах хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасныг нотариатч буруу гэж дүгнэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн цэцийн тогтоол гарахаас өмнө талууд гэрээгээр хориглосон бол барьцаалуулагч нь барьцааны зүйлийг бусад этгээдэд давхар барьцаалах эрхгүй байжээ.

Иймд Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар нотариатын үйдлийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Нотариатын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан нотариатын үйлдлийг тухай бүрт нь хийх зохицуулалтыг дангаар баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсныг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/03854 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 29 дүгээр зүйлийн 29.1 гэсний дараа 31 дүгээр зүйлийн 31.3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА