Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00007

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/05408 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******т холбогдох

 

86,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч ******* нь Солонгос улс руу эмнэлгийн журмаар болон 1 жилийн хугацаатай гэрээгээр Чежү арал руу явуулах боломжтой гэж хэлсэн учраас хүү *******, өөрийн төрсөн дүү *******, хүргэн *******, *******, *******, *******, *******, ******* нарын нийт 11 хүнийг Солонгос явуулахаар болж тэдний өмнөөс бүх мөнгийг ***************ийн данс руу шилжүүлж, зуучлалын гэрээ байгуулж, 90,055,000 төгрөгийг дансаар, 6,345,000 төгрөгийг бэлнээр, нийт 96,400,000 төгрөгийг өгсөн.

Миний бие 10 хүнийг аваад Бээжингээс цааш Чежү рүү 8 хүн ниссэн бөгөөд тосож авах батлан даах хүн байхгүй үндэслэлээр хил нэвтэрч чадахгүй буцаж ирсэн. *******т итгэж 96,400,000 төгрөгийг бэлнээр өгч хохирсон.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 8 хүний онгоцны зардал болох 10,400,000 төгрөгийг хасч, үлдэх 86,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорт хүргүүлсэн мөрдөгчийн саналд нийт 233,478,250 төгрөгийн хохирол туссан. Зуучлалын хөлс, явах зардал, хоол унааны мөнгө болох 181,500,000 төгрөгийг ******* зарцуулсан гэх тооцоо гарсан. *******, ******* нар 46,550,000 төгрөгийг төлж, ******* 41,439,000 төгрөгийг төлсөн бөгөөд 35,234,615 төгрөгийн хохиролын үлдэгдэлтэй талаар мөрдөгчийн саналаар прокурорт шилжсэн.

******* нь дансаар орсон мөнгөө *******, ******* нарт өгөөд тухайн зуучлалд орсон хүмүүсийг онгоцоор явуулах, буудлаар хонуулах зэрэг зардлуудыг оруулж тооцоогүй. Бодит байдалд эдгээр зардлууд гарсан эсэхийг мөрдөгч шалгасны үндсэн дээр 35,234,615 төгрөгийн үлдэгдэл гарсан бөгөөд хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.1.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******ээс 83,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож нэхэмжлэлээс 2,400,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 639,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 575,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт мөнгө шилжүүлсэн, хүмүүсийг Бүгд найрамдах солонгос улс руу гаргах ажлыг зохион байгуулсан этгээдүүдийг буруу тодорхойлсон, Солонгос явахад нь ******* гэж хүн оролцоогүйг дүгнээгүй, хохирол төлбөр 35,234,615 төгрөг үлдсэн гэх мөрдөгчийн тогтоолыг гуйвуулж, уг тогтоолоор тогтоогдсон үйл баримтыг дутуу дүгнэж, талуудын тайлбарт байхгүй үйл баримт тогтоосон, хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн. Иймд нэхэмжилж буй 48,365,385 төгрөгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талын гаргасан гомдлоор хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 86,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 35,234,615 төгрөгт холбогдох хэсгээс бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хариуцагч *******ээр дамжуулж нийт 11 хүнийг Солонгос улс руу явуулахаар зуучлалын гэрээ хийж, дансаар 90,055,000 төгрөгийг, бэлнээр 6,435,000 төгрөгийг, нийт 96,400,000 төгрөгийг ******* т өгсөн. ... гэж тайлбарласан байх бөгөөд тэрээр уг 11 иргэнийг төлөөлөх эсэхийг анхан шатны шүүх тодруулах байжээ.

 

Учир нь цагдаагийн байгууллагаас ********, *******, ******* нарт холбогдуулан нэр бүхий 33 иргэнээс Бүгд найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллахад болон тус улсын виз гаргаж өгөхөд зуучилна гэж залилсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг хаах мөрдөгчийн саналд ******* нийт 33 хүнээс 233,478,250 төгрөгийг авч, үүнээс 181,500,000 төгрөгийг *******, ******* нарт шилжүүлсэн, тэд энэ мөнгөнөөс 46,550,000 төгрөгийг төлж, 99,715,385 төгрөгийн зардал гаргаж, төлөгдөөгүй нь 35,234,615 төгрөг байгаа талаар дурдсанаас гадна нэхэмжлэлд заасан 11 хүний төлбөрийг нэхэмжлэгч өөрөө төлсөн эсэх, эсхүл тэдгээрийн мөнгөн хөрөнгийг дамжуулж төлсөн эсэхээс хамаарч түүний шаардах эрхийн хэмжээ тодорхойлогдох учиртай.

 

4. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг харьцуулан үнэлж талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2024/05408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 399,777 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА