Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 2019/ШЦТ/65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март,

хохирогч Б.Ц,

гэрч Н.Д,

шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:  

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт Н.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807003040041 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж дүү нарын хамтаар Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 2-9 тоотод оршин суух,

урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сар баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил хорих ялаар шийтгэсэн, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт Н.Д.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 2-9 тоотод хойд эцэг талийгаач Ц.Быг амьд ахуйд нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Дгийн өгсөн: “Би 5 сарын 14-ний орой ажлаасаа буугаад ирэхэд ээж, аав хоёр хоёулаа согтуу байсан. Би ч гэсэн жаахан халамцуу орж ирсэн. Орж ирсэн чинь намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд зүүн шанаа руу нь 2, 3 цохиж аваад тэгээд гараад явсан. 2, 3-н цагийн дараа цагдаа ирээд намайг аваад явсан. Тэгээд би эрүүлжүүлэхэд хоносон” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Цгийн өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н.Дгийн өгсөн: “Ц.Б миний төрсөн эцэг. Доороо нэг дүүтэй. 1998 оных, манай дүү авгай хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Аавтай цуг амьдардаг байсан. Зодоон болоход хамт байгаагүй. Аав юунаас болж нас барсныг сайн мэдэхгүй. Урьд нь бие муутай байсан. Ц.Б, Д 2 хоорондоо эвтэй байдаг. Урьд өмнө нь зодоон цохион болж байгаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр манай ээжийг тогтооход миний зүгээс татгалзах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Цгийн өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 14-ний орой талийгаач Ц.Б бид хоёрыг гэртээ байж байхад миний хүү Д гаднаас орж ирсэн. Тэр согтуу орж ирээд Ц.Б руу хэл амаар дайрч байгаад  толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэнгүүт Ц.Б гараад гүйнгүүт Д хойноос нь гарч гүйгээд хашаан дотор Ц.Быг унагааж байгаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 90-91 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ж.Оийн өгсөн “...Би 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр өөрийн таньдаг эгч Нийн гэрт цай уучихаад гарч байхад Ц.Б гэдэх ахыг том банди болох Д гэдэг хүүхэд нь хашаан дотроо аавыгаа зодож байсан. Газар унгачихсан толгой, нүүр рүү нь гараараа цохиод зодож байсан. Тухайн үед талийгаач Ц.Б гуай “миний хүү одоо аавыгаа болно шүү дээ” гээд хүүхдийнхээ хөлнөөс бариад уйлаад байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 22-23 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нийн өгсөн “...2018 оны 5 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед би гэртээ хоолоо хийж байтал манай хөрш Ц.Б ах “миний хүү чи аавыгаа аллаа шүү дээ” гээд газар уначихсан уйлаад сууж байхад Д гэдэг хүүхэд нь том хар өнгийн эсгий саарал өнгийн түрийтэй гутлаар биеийн бүх хэсгээр нь хамаг байдаг чангаараа өшиглөж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24-25 дугаар тал/

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №46 дугаар:

  1. “Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр тархины баруун тал бөмбөлөгийн духны аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дээд хана, доод ханын /шинэ/ хугарал, дух, зүүн хацар, хэвлийд зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи, доод уруул, баруун, зүүн сарвуу, зүүн шуу, цээж, зүүн гуя, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтлүүд талийгаачийг амьд байх үед үүссэн байна.
  4. Талийгаач нь баруун дунд чихний үрэвслийн улмаас тархины аалзан хальс тархины эдийн идээт үрэвсэлээр хүндэрч нас баржээ.
  5. Талийгаач нь зүрхний булчингийн голомтот сорвижил, нойр булчирхайн архаг үрэвсэл, уушигны голомтлог хатгалгаа өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна.
  6. 8. Талийгаачид яаралтай тусламж үзүүлсэн ч амь нас аврах боломж муутай байжээ.
  7. Талийгаачид оношлогоо, эмчилгээ стандартын дагуу хийгдсэн байна.
  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтний тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй асуудлыг шүүх эмнэлэг тогтоохгүй.
  2. ГССҮТ-н 05672 тоот өвчний түүхэнд талийгаач нь А/II/ бүлгийн цустай байна.
  3. Талийгаач эмнэлэгт эмчлэгдсэн тул цусанд спиртын зүйл үзэх боломжгүй.
  4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт,

/хх-ийн 32-34 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад шинжээч Б.Дгийн өгсөн “...Талийгаачийн аалзан хальсны идээт үрэвсэл өвчин нь баруун дунд чихний идээт үрэвслийн хүндрэлээс үүдэлтэй юм. Талийгаачийн биед учирсан гэмтлүүд нь талийгаачийн үхэлд нөлөөлөөгүй.

...талийгаачийн биед учирсан баруун тал бөмбөлөгийн духны хэсгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун нүдний ухархайн дээд хана, дотор ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 36-37 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Дгийн өгсөн “...Нэлээн олон жилийн өмнө Н.Д намайг байхгүй хойгуур гэртээ согтуу ирээд ээжид уурлаад нуруу руу нь халуун цай хийж биед нь гэмтэл учруулсан. Уг хэргийнхээ улмаас шүүхээр орж ял авч байсан. Түүнээс хойш хойд эцэг Ц.Б болон төрсөн эх Ц нарыг зодож цохиж байсныг би мэдээгүй. Ер нь гэр орондоо агсам согтуу тавиад гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байдаггүй юм. Гэрийнхэнтэйгээ ерөнхийдөө хэвийн л харьцаатай байдаг.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 92 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад А.Ныг өгсөн: “...Намайг Налайх дүүргийн 3 дугаар хорооны хэсгийн байцаагчаар ажиллаж байх хугацаанд Н.Д нь архи согтууруулах ундаа хэрэглээд л явж байдаг залуу байсан. Харин ар гэр болон хойд эцэг Ц.Бын эрх чөлөөнд халдаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаарх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаагүй” гэх мэдүүлэг,

/хх-ийн 93 дугаар тал/

 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай тогтооол,

/хх-ийн 46 дугаар тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 71 дүгээр тал/

 

Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоол,

/хх-ийн 74-76 дугаар тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 97 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчны 2 дугаар гудамж 9 тоотод хойд эцэг талийгаач Ц.Быг амьд ахуйд нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Дгийн өгсөн “...намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд зүүн шанаа руу нь 2, 3 цохиж аваад тэгээд гараад явсан...” гэх,

хохирогч Б.Цгийн “...Тэр согтуу орж ирээд Ц.Б руу хэл амаар дайрч байгаад  толгой руу нь гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэнгүүт Ц.Б гараад гүйнгүүт Д хойноос нь гарч гүйгээд хашаан дотор Ц.Быг унагааж байгаад хөлөөрөө хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх,

гэрч Ж.Оийн “...Д гэдэг хүүхэд нь хашаан дотроо аавыгаа зодож байсан. Газар унгачихсан толгой, нүүр рүү нь гараараа цохиод зодож байсан...” гэх,

гэрч Ц.Нийн “...Д гэдэг хүүхэд нь том хар өнгийн эсгий саарал өнгийн түрийтэй гутлаар биеийн бүх хэсгээр нь хамаг байдаг чангаараа өшиглөж байсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн №46 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Дг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулахаар санал болгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахад өмгөөлөгчийн зүгээс татгалзах зүйлгүй.” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Н.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Н.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

 

  1. Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд“...надад ямар нэгэн гомдол, санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Н.Дг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.Д нь шүүхийн зөвшөөрөлгүй хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаагаар баривчлагдсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Н.Дг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дгийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй хойшлуулшгүйгээр баривчлагдсан 48 цагийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож нийт эдлэх ялыг 484 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Дд мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Н.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ