Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00006

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04148 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******нд холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь 2005 оноос эхлэн Иргэний нисэхийн үндэсний төвд харуул, харуул шалгагч, үзлэгийн шалгагчийн ажлыг хийж байсан. Гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр *******т хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

Үзлэгийн ******* цэг дээр тэрээр ганцаараа ажил үүргээ гүйцэтгэж байсан бөгөөд зорчигчид гарч дууссаны дараа гэнэт түүний гэдэс эвгүйрхэж ариун цэврийн өрөө орох шаардлага гарсан. Онгоцны ВИП өрөөний ариун цэврийн өрөөнд үзлэгийн шалгагч нарыг оруулдаггүй тул өөрсдийн ордог ариун цэврийн өрөө орохоос өөр аргагүй байдалд орсон. Ингээд 10 минут орчмын дараа ажлын байран дээрээ ирэхэд нэг зорчигч үзлэг шалгалтгүйгээр нэвтэрсэн байсан.

Аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар /НАБХА-УЗ-01:2021/-ын 12.1.1-д зааснаар олон улсын нисэх буудлын үзлэгийн ******* цэг дээр, рентген төхөөрөмж-1, чиглүүлэгч-1, металл илрүүлэгч-1 буюу нийт 3 ажилтан байх ёстой боловч, тухайн үед байгууллагын удирдлага ганцхан түүнийг үүрэг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, ганцаараа ажиллаж байсан бөгөөд ямар нэгэн дүрэм журам зөрчөөгүй, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаагүй.

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. *******ын 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр үүрэг гүйцэтгэсэн ******* цэг нь хүндэт зочид агаарын хөлөгт орохоос өмнө аюулгүй байдлын үзлэг хийх зориулалт бүхий цэг бөгөөд бусад цэгээс ачаалал бага тул 1 ажилтан үүрэг гүйцэтгэхээр хуваарилдаг. Нэхэмжлэлд дурдсан 3 ажилтныг байнга тухайн цэг дээр ажиллуулах бус ажлын ачааллаас хамааруулан ахлах ажилтан зохицуулалт хийх боломжтой байдлаар аюулгүй байдлын баримт бичгүүдэд тусгагдсан.

Гэтэл ******* нь гэдэс өвдсөн гэх шалтгаанаар агаарын хөлөгт нэвтрэх зорчигчид дуусаагүй байхад үзлэгийн цэгийг орхин явснаар үзлэгт хамрагдаагүй 1 зорчигч олон улсын нислэг үйлдэж буй агаарын хөлөгт орсон бол 3 иргэн хориотой бүс рүү нэвтэрсэн. Аюулгүй байдлын үзлэгийн цэгт үүрэг гүйцэтгэж буй ажилтан нь эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар гэнэтийн яаралтай тохиолдол үүссэн үед хариуцаж буй ээлжийн ахлах ажилтан, хамтран ажиллаж буй хүнд гар утас, дотоод холбоогоор мэдэгдэн дараагийн арга хэмжээг авсны дараа цэгийг орхин явдаг боловч ******* нь энэ тухай хэнд ч мэдэгдээгүй, ариун цэврийн өрөө явах замдаа утсаар мэдэгдэх бүрэн боломжтой байсан.

Аюулгүй байдлын үзлэгийн цэгийг эзэнгүй орхиж болохгүй, тэр дундаа хориотой бүс болон олон улсын нислэгт аюулгүй байдлын үзлэггүй зорчигч нэвтрүүлэх нь агаарын хөлгийн зорчигч, улс орны аюулгүй байдалд шууд эрсдэл учрах нөхцөлийг бий болгосон, Иргэний нисэхийн тухай хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолт, аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн үйл ажиллагаанд заавал мөрдөх Аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврыг зөрчсөн үйлдэл юм.

Мөн нэхэмжлэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Саудын Арабын ханхүү Мухаммад Бин Фахд-Саудын албан ёсны айлчлалаас буцах үед Чингис хаан Олон улсын нисэх буудлын А31 нэвтрэх цэгээр 15 цаг 40 минутын үед хүндэт зочныг дагалдан явсан төлөөлөгчдийн цувааны 2 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлын үзлэг шалгалтаас чөлөөлөн нэвтрүүлсэн сахилгын зөрчил гаргаж байсан бөгөөд ижил төрлийн сахилгын зөрчлийг давтан гаргасан.

******* нь аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар 8 жил ажилласан, энэ чиглэлийн туршлагатай, аюулгүй байдлын үзлэгийн цэгийг эзэнгүй орхиж болохгүй гэдгийг сайн мэддэг хэр нь ажил үүрэгтээ хариуцлагагүй удаа дараа, хайнга хандсан, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, Аюулгүйн хамгаалалтын ерөнхий зааврыг зөрчсөн үйлдэл нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон. Нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлүүд нь ахлах ажилтны тодорхойлолт, үүрэг гүйцэтгэж буй байршлын камерын бичлэг, өөрийнх нь гаргасан тайлбаруудаар тогтоогдсон тул тушаал үндэслэлтэй гарсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төвийн *******нд холбогдуулан нэхэмжлэгч *******ын Хөдөлмөрийн харилцааг цуцалсан ажил олгогчийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ***** дугаар тушаалыг хүчингүй болгуулж, аюулгүй байдлын үзлэгийн шалгагчийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...7. Хариуцагч байгууллага Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар /НАБХА-УЗ-01:2021/- ын 12.1.1-д зааснаар Олон улсын нисэх буудлын үзлэгийн *** цэг дээр рентген төхөөрөмж-1, чиглүүлэгч-1, металл илрүүлэгч-1 буюу нийт 3 ажилтан гэж заасан хэдий ч ******* буюу ВИП цэг нь хүндэт зочид агаарын хөлөгт орохоос өмнө аюулгүй байдлын үзлэг хийх зориулалт бүхий цэг бөгөөд бусад цэгээс ачаалал бага тул 1 ажилтан үүрэг гүйцэтгэхээр тус албаны удирдах албан тушаалтнууд ээлжийн хуваарийг сар бүр гаргаж, баталгаажуулдаг бөгөөд энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 39-41/..." гэжээ.

Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар буюу /НАБХА-УЗ-01:2021/-г үйл ажиллагаандаа дагаж мөрдөх ёстой гэдэг дээр талуудын хэн аль нь маргадаггүй. Энэхүү зааврын 12.1.1. Чингис хаан ОУНБ-ын аюулгүйн үзлэгийн цэгийн байршил, хүн хүч, тоног төхөөрөмжийн мэдээлэл гэсэн хэсэгт: Явагчдын зааланд рентген төхөөрөмж-4, чиглүүлэгч-4, гар тээш-4, металл илрүүлэгч-1, үзлэгийн ээлжийн ахлагч-1 буюу нийт-17 хүн, Хүндэт зочны танхим /гадаад ВИП/-д рентген төхөөрөмж-1, чиглүүлэгч-1, металл илрүүлэгч-1 буюу нийт 3 хүн, Бизнес танхимд рентген төхөөрөмж-1, металл илрүүлэгч-1 буюу нийт 2 хүн, Дамжин өнгөрөх танхимд рентген төхөөрөмж-1, металл илрүүлэгч-1 буюу нийт 2 хүн тус тус ажиллахаар зохицуулсан.

Эдгээрээс харахад ажлын ачаалал хамгийн бага тохиолдолд ч рентген төхөөрөмж, металл илрүүлэгчийн ажил үүргийг 1 хүн давхар гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл гүйцэтгэх үүрэг, хийх ажил, байршил зэрэг нь тусдаа байхад анхан шатны шүүх бодитой үнэлэлт дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

Анхан шатны шүүх хуралдаан дээр камерын бичлэгт үзлэг хийсэн бөгөөд рентген төхөөрөмж дээр ажиллаж буй хүн дэлгэцээ хараад сууна, металл илрүүлэгч нь зорчигчдын бие болон гар тээшинд үзлэг хийдэг болох нь тодорхой харагдаж байсан.

Нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19484 дугаартай захирамжаар ******* цэг буюу хүндэт зочдод зориулсан үзлэг хийх цэгт 1 ажилтан үүрэг гүйцэтгүүлэхээр хуваарилсантай холбоотой эрх бүхий этгээдийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсэн.

2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр хойшилсон. Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан болоход захирамжийн биелэлт хангагдаагүй байсан, энэ талаар хүсэлт гаргахад хэрэгсэхгүй болгон шүүх хуралдааныг үргэлжлүүлсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэргийн 39-41 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримт нь тухайн сард ажиллах үзлэг шалгалтын хэсгийн ээлжийн хуваарь байдаг. Энэ нь хэн гэдэг ажилчин хаана, хэзээ үүрэг гүйцэтгэх талаар зохицуулсан хуваарь, харин Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар буюу /НАБХА-УЗ-01:2021/-г өөрчилсөн эрх бүхий этгээдийн шийдвэр биш болно. 39-41-р хуудсанд авагдсан нотлох баримт нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19484 дугаартай захирамж гаргах үед хавтаст хэрэгт авагдсан байсан, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлэлгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг биелүүлээгүй маргаж буй иргэний хэргийн хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... 8. Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагийн орчим Чингис хаан олон улсын нисэх буудлын үзлэгийн ******* цэгт ээлжийн томилгоот ажил гүйцэтгэх үедээ удирдлага, ээлжийн ахлах шалгагч, ахлах шалгагчид мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхисон, хариуцсан үзлэгийн цэгээр үзлэг шалгалтгүйгээр зорчигч, ажилтнуудыг нэвтрүүлсэн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон байна. гэжээ. Анхан шатны шүүх хуралдаан дээр камерын бичлэгт үзлэг хийсэн, үзлэгээр нэхэмжлэгч ******* нь ажлын байран дээрээ сууж байгаад гэнэт босч яваад 3 минут 20 секунд орчмын дараа эргэн ирж байгаа нь харагддаг. *******  үүнийхээ нь шалтгааны гэнэт гэдэс нь эвгүйрхээд, зайлшгүй шалтгаанаар ариун цэврийн өрөө орох хэрэгтэй болсон, надад өөр арга байгаагүй, хэнд ч мэдэгдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, би өөр хаашаа ч яваагүй харин ариун цэврийн өрөөнөөс шууд ажлын байран дээрээ ирсэн гэж тайлбарласан. Хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ариун цэврийн өрөө ороод буцаж ирэхэд 3-4 минут болно гэж хариулсан.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.4 дэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19., 6 дугаар зүйлийн 6.1, 18 дугаар зүйлийн 18.1.1-д заасныг тус тус зөрчсөний улмаас ******* ажлын байран дээрээ ганцаараа ажил үүрэг гүйцэтгэж байхдаа биологийн зайлшгүй шаардлагаар ажлын байраа орхисон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх үүнийг үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

Нэхэмжлэгч ******* нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажлын байраа 3 минут 20 секунд орхиж явсан, хариуцагч тал Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар буюу /НАБХА-УЗ-01:2021/-г хууль бусаар зөрчсөн зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* нь Монгол Улсын иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Тухайн байгууллагад ******* нь аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажилладаг. Мөн онгоцоор зорчигчдын ачаа тээш, биед аюулгүй байдлын үзлэг, шалгалт хийж, агаарын хөлөг рүү нэвтрүүлэх ажил үүргийг гүйцэтгэдэг. Нэхэмжлэгч нь тухайн албан тушаалд ажиллаж байх хугацаанд буюу сүүлийн 1 жилд 2 удаа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан.

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* нь ******* дугаар цэг буюу хүндэт зорчигчдын явах танхимд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ тухайн цэгийг ахлах ажилтан, өдрийн жижүүрт мэдэгдэлгүйгээр орхиж явсан. Уг нөхцөл байдлаас болж агаарын хөлөг рүү зорчигч ямар нэгэн шалгалтгүйгээр нэвтэрч орсон. Тухайн асуудал нь *******ны болон агаарын хөлөг, түүгээр зорчиж буй зорчигчдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл болж байна. Учир нь тухайн цэгээр аюулгүй байдал, үзлэгийн шалгалтаар ороогүй учраас хориотой бараа, зэвсэг, тэсрэх бодис, мансууруулах бодис зэргийг агаарын хөлөгт нэвтрүүлэх бүрэн боломжтой. Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах гомдол гаргахдаа тухайн цэг дээр 1 хүн үүрэг гүйцэтгэх ёсгүй, 3 ажилтан үүрэг гүйцэтгэх ёстой гэж тайлбарладаг.

Рентген төхөөрөмж, чиглүүлэгч, металл илрүүлэгч хаалга тус бүр дээр 1, 1 ажилтан ажиллах ёстой гэх тайлбарыг гаргадаг. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад камерын бичлэг, албан тушаалын тодорхойлолтыг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн. *******ны дарга нь тухайн сард ажиллах хүн хүчний тоо, байрлал зэргийг баталсан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг баримтаас харахад ******* нь тухайн сард ******* цэг дээр ганцаараа ажиллах томилгоотой байсан. Мөн тухайн цэг дээр заавал 3 ажилтныг ажиллуулах шаардлага байхгүй. Учир нь тухайн өдөр цөөхөн зорчигч уг үзлэгийн шалгалтаар нэвтрэх байсан. Тухайн цэг дээр тусгай үүргийн нислэгтэй үед ажилтныг нэмж ажиллуулдаг.

******* нь тухайн цэг дээр ажиллаж байх хугацаандаа үзлэгийн цэгийг гэдэс өвдсөн гэх шалтгаанаар орхиж явсан. Мөн үзлэгийг орхиж явахдаа ээлжийн ахлагч болон тухайн өдөр томилогдсон жижүүрт утсаар эсхүл дотоод станцаар мэдэгдэх ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч нь өөрөө дур мэдэн тухайн цэгийг орхиж явснаас болж, зорчигч шалгалтгүй агаарын хөлөг рүү нэвтэрсэн. 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэгчийн зүгээс хэрэг гарсан үеийн бичлэг, байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, ажлын байрны тодорхойлолт зэргийг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргасан. Хариуцагчийн зүгээс тухайн нотлох баримтыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн. Тухайн нотлох баримтуудыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж, камерын бичлэг сиди биш флаш дээр бичигдсэн байна гэх үндэслэлээр шинжлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж, шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хойшлуулсан. 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад нэхэмжлэгчийг ажлын байраа орхиж явсан үйл баримт нь камерын бичлэгээр тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь 2005 оноос хойш *******нд үзлэг, шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагчаар ажиллаж байсан, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. Тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4. Иргэний нисэхийн үндэсний төвийн *******ны даргын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн ******* дугаар тушаалаар үзлэг, шалгалтын хэсгийн аюулгүй байдлын үзлэгийн шалгагч ******* нь 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагийн орчим Чингис хаан Олон Улсын нисэх буудлын үзлэгийн ******* цэгт ээлжийн томилгоот ажил гүйцэтгэх үедээ удирдлага, ээлжийн ахлах шалгагч, ахлах шалгагчид мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхисон, хариуцсан үзлэгийн цэгээр үзлэг шалгалтгүйгээр зорчигч, ажилтнуудыг нэвтрүүлсэн нь ноцтой зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ.

Ажил олгогч тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.5, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн дотоод журмын 3.29.1, 4.1.5, 4.5, 4.9.1, 4.10, 7.12.1, Нисэхийн аюулгүй байдал хамгаалалтын албаны журмын 6.1.10, 6.1.12 тус тус баримталсан нь хуульд нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ******* цэгт бичигдсэн камерын бичлэгт хийсэн үзлэгээр ******* ажлын байранд сууж байх ба бичлэгийн 07 секундэд босоод явав, бичлэгийн 58 дахь секундэд гаалийн байцаагч 1 эмэгтэй нэвтэрч оров, бичлэгийн 1 минут 17 секундэд 1 иргэн орохоор 2 хүний хамт хүлээж байгаад 2 минут 17 секундэд дүрэмт хувцас өмссөн хүний хамт нэвтэрч орсон ба ******* нь бичлэгийн 3 минут 20 секундэд ирж байгаа нь бичигдсэн гэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

6. Ажил олгогчоос 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Чингис хаан Олон Улсын нисэх буудлын үзлэгийн ******* цэгт ******* ажиллаж байх үедээ гаргасан дээрх зөрчлийг шалгаж, түүнээс тайлбар авч, 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сонсгох ажиллагаа явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах, ...-аар зохицуулсантай нийцжээ.

 

7. Ажилтан *******т мөн ******* төвийн *******ны даргын 2023 оны 10 сарын 25-ны өдрийн Б/419 дугаар тушаалаар 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа Саудын Арабын ханхүү Мухаммад Бин Фахд-Саудын албан ёсны айлчлалаас буцах үед Чингис хаан Олон улсын нисэх буудлын А31 нэвтрэх цэгээр 15 цаг 40 минутын үед хүндэт зочныг дагалдан явсан төлөөлөгчдийн цувааны 2 тээврийн хэрэгслийг аюулгүй байдлын үзлэг шалгалтаас чөлөөлөн нэвтрүүлсэн сахилгын зөрчил гаргасанд нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулж байсан, тушаал хүчинтэй байна.

 

8. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно. гэж заасан ба нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцох нэг жилийн хугацаа дуусаагүй байхад 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр дахин зөрчил гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

8.1. Учир нь талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д заасан хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж 2 буюу түүнээс дээш удаа сахилгын зөрчил гаргасныг ноцтой зөрчил-д тооцохоор тохиролцжээ.

8.2. Ажилтан ******* нь ажлын байрны тодорхойлолтын 3.4-т Аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар, холбогдох дүрэм журмуудыг чанд мөрдөж ажиллах, 5.1-д Нисэх буудлын хамгаалагдсан болон хориотой бүсэд нэвтрэх эрх бүхий байнгын болон түр үнэмлэхтэй хүн ба тээврийн хэрэгсэлд технологийн дагуу аюулгүй байдлын үзлэг хийж нэвтрүүлэх, 5.4-т томилогдсон объект дээр хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд байнгын хяналт тавих, заагдсан маршрутаар явж байгаа эсэхэд хяналт тавих, ... чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 10:00 цагийн орчим Чингис хаан Олон Улсын нисэх буудлын үзлэгийн *** цэгт ээлжийн томилгоот ажил гүйцэтгэх үедээ удирдлага, ээлжийн ахлах шалгагч, ахлах шалгагчид мэдэгдэлгүй ажлын байрыг дур мэдэн орхисон, хариуцсан үзлэгийн цэгээр үзлэг шалгалтгүйгээр зорчигч, ажилтнуудыг нэвтрүүлсэн нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй зөрчил гаргажээ.

8.3. *******ны үзлэг шалгалтын хэсгийн 3 дугаар ээлжийн 2024 оны 4 дүгээр сард ажиллах хуваарийн дагуу ******* цэг дээр 1 ажилтан ажиллуулахаар хуваарилсан байна. Энэ хуваарь мөн 2024 оны 3 дугаар сард мөрдөгдөж байжээ. Иймд ажилтан, албан хаагчийн ажиллах хуваарийг баталсан эрх бүхий этгээдийн шийдвэрийг нотлох баримтаар гаргуулаагүй гэх давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.

Харин Аюулгүй байдал хамгаалалтын албаны аюулгүй хамгаалалтын ерөнхий заавар АБХА-УЗ-01:2021/-ын 12.1.1-д зааснаар олон улсын нисэх буудлын үзлэгийн *** цэг дээр, рентген төхөөрөмж-1, чиглүүлэгч-1, металл илрүүлэгч-1 буюу нийт гурван ажилтан байхаар хуваарилж батлагдсан боловч ажлын ачаалалтай уялдуулж тухайн сар бүр ажиллах ажилтны хуваарийг баталж хэрэгжүүлэх байдлыг үгүйсгэхгүй юм.

 

Иймд уг цэг дээр ажлын ачаалал хамгийн бага тохиолдолд ч рентген төхөөрөмж, металл илрүүлэгчийн ажил үүргийг 1 хүн давхар гүйцэтгэх боломжгүй 3 ажилтан ажиллах байсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/04148 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА