| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0068/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/68 |
| Огноо | 2019-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2019/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч У.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Боржигон овогт У.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807004790039 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 167а тоотод оршин суух,
Урьд Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт У.Б.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч 2018 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос хад” амралтын газарт А.Дийг хажуугаар нь унтсангүй хэмээн модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Бийн өгсөн: “8 сард найзуудтайгаа “Хос хад” гэдэг амралтын газар очсон. Тэгээд ууж идэцгээсэн. Санамсаргүй байдлаар А.Дийг сандлаар цохисон байна лээ. Би өөрөө цохъё гэж бодоогүй. Тэгээд цагдаа ирсэн” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад хохирогч А.Дий өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр миний үеэл эгч А найз нартайгаа Тэрэлж яваад шорлог хийж идээд орой буцаад ирнэ гэхээр нь би хамт машинд нь суугаад явсан юм. Ингээд Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос хад” нэртэй амралтын газар гэр аваад А түүний найз залуу Ө, түүнээс гадна нэрийг нь мэдэхгүй 3 залуу мөн манай найз хүүхэн Б бид хоол хийж идээд архи, пиво зэрэг зүйлийг ууж байгаад А, Ө 2 гарч яваад өөр гэр авч унтсан байсан юм. Тэгээд шөнийн 3 цагийн орчимд хүмүүс унтах болоод би найз хүүхэн Бтай унтах гэхэд Б гэх залуу нь миний хажуугаар ороод хамт унтах талаар хэлсэн. Тэгэхээр нь “чамтай унтахгүй цаашаа яв” гэж хэлсэн чинь Б гэх залуу сууж байгаад босож ирээд гэрийн зүүн талд орны хажууд байсан модон сандал аваад миний толгой руу, баруун гарын шуунд хэд хэдэн удаа цохиж зодсон юм. Энэ үед Б хажууд байсан учир бид 2 гэрээс гараад зугтааж урд талын гэрт байсан эмэгтэй хүний утсаар цагдаад дуудлага өгөөд төв зам руу явж байх үед урдаас цагдаагийн машинтай хүмүүс ирээд Быг авч яваад эрүүлжүүлэх байранд хийсэн болно.
...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-14 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Э.Агийн өгсөн “...Налайх дүүргийн 6 дугаар хороо Тэрэлжийн “Хос хад” нэртэй амралтын газар 18 цагийн үед очоод авч очсон архи, пиво ууцгаагаад би Өгийн хамт 23 цагийн үед болов уу амрахаар өөр гэрт ороод Б, Д, Э, У, Н нар үлдсэн.
...Дийг хэн хэрхэн зодсоныг хараагүй болохоор мэдэхгүй байна. Б хэлэхдээ сандалаар нүүр рүү нь цохисон гэсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 18-19 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч И.Бгийн өгсөн “...Тэгээд 04 цагийн орчимд Б, Д хоёртой уухад хажууд хамт суусангүй, хамт унтсангүй гээд хэрүүл маргаан хийгээд намайг Б 3 удаа алгадсан. Тэгээд би доошоо нүүрээ дараад уйлаад сууж байсан чинь Б Д рүү сандал шидээд 2 удаа онохыг би харсан.
...Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 20 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Р.Өы өгсөн “...Хэрүүл, маргаан, зодоон болсныг мэдээгүй. Өглөө сэрсэн. Сэрээд гэрээс гарч ирээд шөнө хэрүүл маргаан болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 21 дүгээр тал/
Мөрдөн байцаалтад гэрч Д.Нгийн өгсөн “...Хэрүүл, маргаан, зодоон болсныг мэдээгүй. Унтаад 21-ний өглөө сэрсэн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 22 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №08шэ/416 дугаар:
/хх-ийн 31 дүгээр тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 48 дугаар тал/
Эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах сангийн бүртгэл,
/хх-ийн 50-54 дүгээр тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 57 дугаар тал/
Шүүгдэгчийн хувийн байдал тодорхойлсон баримтууд,
/хх-ийн 58-62 дугаар тал/,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар,
/хх-ийн 74-77 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний шөнө Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хос хад” амралтын газарт А.Дийг хажуугаар нь унтсангүй хэмээн модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд зовхи, баруун шуу, баруун бугуйн үенд цус хуралт, нүүр, хүзүү, зүүн өвдгөнд зулгаралт, дух, баруун шуу, баруун үенд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч У.Бийн өгсөн “...Санамсаргүй байдлаар А.Дийг сандлаар цохисон байна лээ...” гэх,
хохирогч А.Дий “...Б гэх залуу сууж байгаад босож ирээд гэрийн зүүн талд орны хажууд байсан модон сандал аваад миний толгой руу, баруун гарын шуунд хэд хэдэн удаа цохиж зодсон юм...” гэх,
гэрч И.Бгийн “...Тэгээд би доошоо нүүрээ дараад уйлаад сууж байсан чинь Б Д рүү сандал шидээд 2 удаа онохыг би харсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн №08шэ/416 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Улсын яллагчаас “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. У.Бод ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, У.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч А.Дд шүүгдэгч У.Б нь хохирлын төлбөр болох 700,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол зэргийг харгалзан 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгийн мөнгөн торгууль оногдуулах саналтай байна” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба У.Б нь хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн нотлох баримтуудад У.Бын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийн талаар баримт судлаагүй учир түүнийг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тавьсныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд У.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цагийн хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч мөрдөн байцаалтын шатанд“...надад одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч У.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт У.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг У.Бод мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт У.Бод оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, У.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол У.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ