| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/05560/И |
| Дугаар | 210/МА2025/00005 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00005
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04997 дугаар шийдвэртэй,
*******ын нэхэмжлэлтэй,
*******д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 47,550,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн өмгөөлөгч ******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд хариуцагчид 47,550,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хариуцагч 71,380,000 төгрөгийг зээлийн хүүд шилжүүлсэн тул үндсэн зээл 47,550,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нэхэмжлэгчээс 47,550,000 төгрөг дансаар авсан талаар маргахгүй. Гэвч нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн авах ёстой байсан авлагаа хасаад 37,500,000 төгрөгийг зээлж, буцааж төлж дуусгасан. Надад тусалсан сэтгэлийг бодоод 71,380,000 төгрөг төлж, илүү төлөлт хийсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох, 47,550,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 395,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь садан төрлийн харилцаатай бөгөөд хэд хэд удаагийн зээл авч, тухай бүртээ харилцан адилгүй хүүгийн хэмжээг тогтоосон байсныг, мөн хариуцагч өөрөө хүүгээ хүлээн зөвшөөрч төлсөн байдлыг нотлох зорилгоор нэхэмжлэгч, хариуцагч нарын харилцсан мэссэнжерт үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан.
Энэхүү хүсэлтээр талуудын дунд ямар харилцаа явагдсан болохыг мөн зээлийн хүүг тогтоосон баримт /хүүг хүлээн зөвшөөрсөн тухай хариуцагчийн тэмдэглэл бүхий зураг/ үйлдсэнийг, зээлийн хүүг хүлээн зөвшөөрч шилжүүлснийг нотлох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангахаас татгалзсан нь хэргийг тал бүрээс бодитой дүгнэх боломжгүй болгосон.
4.2. Хариуцагч талын хүлээн зөвшөөрч төлсөн хүү гэх утгатайгаар шилжүүлсэн мөнгө, зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн мөнгийг ялгаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээс зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн 19,930,000 төгрөгийг үндсэн зээлээс хасч үлдэгдэл 27,620,000 төгрөгийн зээлийн үлдэгдлийг шаардаж буйг хуралдааны явцад илэрхийлсэн боловч энэ талаар шийдвэрт дүгнэлт хийгээгүй, шийдвэрлээгүй.
4.3. Хэргийн 23-65 дугаар хуудаст хариуцагчаас нэхэмжлэгчийн дансанд мөнгө шилжүүлсэн баримтыг хавсаргасан бөгөөд хэргийн 23-41 хуудас хүртэл гүйлгээний утга: Хүү гэсэн утга бүхий нийт 36,030,000 төгрөг, 49-65 хуудас хүртэл гүйлгээний утга: Зээл гэсэн утга 19,930,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд хүү гэж мөнгө төлж байсныг нотлох баримтад буюу дансны гүйлгээний баримтад бичигдсэн байсныг үнэлээгүй, дүгнэлт хийгээгүй.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй зэрэг алдаа гаргасан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, ******* нь *******аас 35,700,000 төгрөгийг зээлсэн бөгөөд өмнө нь мөнгө зээлж авч байсан. Мөн ах дүү, хамаатан садангийн харилцаатай байсан учраас урамшуулал маягаар мөнгө шилжүүлж байсан нь үнэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс худал тайлбар гаргасан тул давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс 47,550,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн зүгээс 35,700,000 төгрөгийг, урамшууллын төлбөрийн хамт нийт 72,280,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлсөн.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 3-4 сарын турш үргэлжлэх явцад ямар нэгэн хүсэлт гаргаагүй атлаа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хэний хаягаас, хэнтэй, ямар агуулгаар бичилцсэн чат байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй ямар нэгэн байдлаар мессенжерээр харилцан зүйл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргасан боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд нийт 47,550,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлснийг нэхэмжлэгч, хариуцагчийн Хаан банк ХК дахь дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас дүгнэж үйл баримтыг зөв тогтоожээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.
4. Хариуцагч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд нийт 72,280,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь өөрийнх нь эзэмшлийн Хаан банк ХК дахь ******* тоот дансны хуулга, *******ын эзэмшлийн, Хаан банк ХК дахь дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогджээ.
5. Иймд зээлдэгч ******* нь зээлийг төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул зээлийн гэрээ дуусгавар болжээ.
6. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдах талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хуулийн шаардлагыг хангаагүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй.
7. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүү тохирсон гэх, хариуцагч нь зээлийн гэрээний үүрэгт 900,000 төгрөг бэлнээр өгсөн болон урьд нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийн авлагатай байсан гэх тайлбараа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар хэргийн оролцогч нь өөрөө нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.
8.1.Нэхэмжлэгч тал 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаан дээр үзлэг хийлгүүлэх тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өмнө нь гаргах боломжгүй байсныг баримтаар нотлоогүй тул хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.
9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2024/04997 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА