Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Х.Ганзориг,                                                                              

улсын яллагч Э.Нямбилэгт,

хохирогч А.Ч,

шүүгдэгч Э.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

                                                                                                       

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Э-н А-т холбогдох эрүүгийн 1917000550039 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 31-нд Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи-Монгол хэлний багш мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар сургуульд .................ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг, Төмөр замын  тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н А /РД:НЮ/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.А нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Ус-Ду Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын зүүн урд талд А.Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж дугтрах, унагах, хөл цээж рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Э.А нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3-р баг, Ус-Ду Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын зүүн урд талд хохирогч А.Ч-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэж дугтрах, унагах, хөл цээж рүү нь өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Э.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2.Хохирогч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчим над руу танихгүй дугаараас дуудлага ирсэн. Манай ангийн хүүхдийн ээж нь надтай ирж уулзана гэж ярьсан болохоор би тэр хүнийг ирж байна гэж бодоод утсаа аваад та ороод ир гэж хэлсэн. Тэгээд утсаар ярьсан чинь А над руу залгасан. Тэгээд гараад ир гэсэн, би гарч очоогүй. Тухайн үед ангидаа юм хийгээд сууж байсан учраас уулзах юм байвал ороод ир гэж хэлсэн. Тэгтэл А 2 найзтайгаа ороод ирсэн. Түүний өмнө хамт ажилладаг С орж ирээд А тантай уулзъя гэж байна гэхээр нь уулзах юм байвал орж ирээд уулз гэж хэлсэн.Тэгтэл гурвуулаа ороод ирсэн. А энэ мессеж чиний мессеж мөн үү, чи манай нөхөр рүү мессеж бичсэн юм уу, энэ чиний утасны дугаар юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би миний утасны дугаар мөн, танай нөхөр чинь над руу мессеж бичээд байдаг юм. Танай нөхөр над руу жил гаран мессеж бичсэн гэж үнэнийг нь хэлсэн. Тэгсэн чинь А манай ангид байсан суурин компьютер, нөүтбүүк, гар утас,үзэг балны сав зэрэг зүйлийг авч чулуудаад, тэнд байсан хүүхдүүдийн хэрэглэдэг байсан сургалтын самбарыг авч газар дэвссэн. Би мэдүүлэг дээрээ зарим зүйлийг хэлээгүй байна лээ. Төмөр том нуруулдагч байдаг. Тэрийг хүртэл над руу авч чулуудсан. 150 см урттай төмөр шугам хүртэл авч шидсэн. Би өөрөө бултаад гарсан. Тэрнээс болж би шоконд орсон. Гадаа оюутан хүүхдүүд, хамт ажилладаг багш нар маань байсан. Ангид хашгирч, орилоод бөөн юм авч чулуудаад  байсан. Тэгээд за ер нь эндээс гаръя гэж бодсон. Ангид 20 компьютер байдаг. Тэрийг хүртэл авч чулуудахад бэлэн байсан. Би улсын хөрөнгө хариуцаж байгаа учраас эд хөрөнгө, өөрийн нэр төрөө бодоод эндээс гаръя гэж хэлсэн. Гарахдаа миний үүдэнд байсан танилцуулга самбарыг маань оюутнуудын дэргэд хуу татаж аваад гарсан. Гараад ойрхон очоод ярина гэсэн чинь Ус-Ду Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлчилгээний газрын  хойшоо хээр газар луу аваад явсан. Тэгээд танай нөхөр чинь над руу мессеж бичсэн. Надад хайртай дуртай гэж мессеж бичээд байдаг гэж хэлсэн чинь нөгөө самбарыг маань авч чулуудаад, хөлөөрөө дэвслээд, тойрсон хүрээ, жаазыг нь авч чулуудаад байсан. Би өнөөдөр ингээд зогсож байх байсан ч юм уу, хүний гарт алуулчихсан ч байх байсан юм уу, би тэр өдрийг бодохоор надад эвгүй байдаг. Тэр үед үсийг маань туг тугаар нь зулгаасан. Нүүрийг маань маажсан. Өмд маань чирэгдсэнээс болоод өмдний өвдөг урагдсан. Гутлын хамар халцарсан. Би ямар ч эсэргүүцэл үзүүлэхгүйгээр 2-3 удаа үснээсээ зулгаалгаж, үснээсээ дугтруулж, зодуулсан. Намайг нөхөртэй нь уулзсан гэж байна. Тийм зүйл би огт яриагүй, хэлээгүй. Нөхөр чинь над руу мессеж бичээд байдаг юм. Жил тойрон бичиж байгаа юм гэдгийг нь хэлсэн. Яагаад одоо болтол Ш.О гэдэг хүн өөрийгөө ийм, тийм гэж хэлэхгүй байгаад гайхаж байна. Миний ёс зүйд хэзээ ч хүний нөхөр рүү түрүүлээд мессеж бичихгүй. Би хүүхэдтэйгээ 6-7 жил ганц биеэрээ амьдарч байгаа хүн. Хүн рүү мессеж бичээд янз бүр болоод байсан зүйл байхгүй. Тэр хүний хувьд манай захирал, над руу жил гаран мессеж бичсэн. Тэгээд намайг түрүүлж хариу бичсэн юм шигээр харуулаад байгаа юм. Нэг хэлэх зүйл бол тухайн өдөр би найз нөхдөө дуудах, ар гэрээ дуудах зүйл ерөөсөө санаанд ороогүй. Тэгээд одоо хэргийн материалтай танилцаад гэрчийн мэдүүлгийг үзэхээр ялт ч үгүй хоёр найз нь цохиж, зодсоныг нь хараагүй. Би бие засах гээд явсан гэх мэтээр бичсэн байсан. Тухайн үйл явдал 30-40 минут болсон. Тэр хугацаанд бие засаад явсан юм уу, яг л хажууд хараад зогсож байсан. Бүх болсон үйл явдалд байж байсан мөртлөө гэрчийн мэдүүлэгт би мэдэхгүй, би хараагүй, адилхан зулгаалцсан гэж байгаад би гомдолтой байгаа. Энэ хэрэг 3 сар гаран явж байгаа. Би энэ хүний нөхөр рүү мессеж бичээд өдөөд байсан бол өөр хэрэг, гэтэл тэр утсыг нь шалгаа байлгүй дээ. Ямрыг нь өөрөө мэдэж байгаа байлгүй дээ. Тэгэхэд намайг дээрэлхсэн өнгө аясаар дээрэнгүй байдлаар харьцаж байгаа юм. Ийм зүйл дээр маш их гомдолтой байгаа. Хохирол барагдуулсан тал дээр би томографикын зураг болоод рентгений зураг авахуулсан дээр 153 000 төгрөг болсон. 153 000 төгрөгийг надад өгсөн. Яг анги танхимд эвдэж хэмхэлсэн зүйл дээр надад хохирол барагдуулаагүй байгаа. Нөүтбүүк асаж байна гээд цагдаагаас тодорхойлсон учраас хэвийн гэж байгаа. Харин цэнэглэгч нь эвдэрчихсэн. 2 сургалтын самбар эвдэрсэн. Утасны дэлгэц эвдэрсэн. Дэлгэцийн гадна талын наалт нь битүү хагарсан. Дэлгэц нь ан цав гарсан байсан. Дараа нь хүүхэд барьж явж байгаад унагаад хагарсан. Тэрэнд тухайн үеийн доргилт нөлөөлж байгаа гэж бодож байна. Ер нь маш их гомдолтой байгаа. Эв зүйгээр шийдэлгүй шууд л хээр газар аваачиж цохиж зодсон. Адилхан сурган хүмүүжүүлэгч хүн яагаад тийм ёс суртахуунгүй байгаа юм бэ. Хээр гадаа очиж намайг доромжилсон үг хэллэг гаргаж, юм чулуудаж байгаа нь үнэхээр харгис байсан. Миний зулгаалгасан үс маань энд байж л байна гэв.

 

1.3. Шүүгдэгч Э.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би урд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүгдийг ярьсан. Политехникийн коллежийн компьютерт учруулсан хохирлоо барагдуулсан. Ч-т учруулсан эмчилгээний зардал 153 000 төгрөгийг өгнө. Ч-н гар утас нь хэвийн ажиллагаатай өөрөө бариад явж байна гэж С надад хэлсэн.

Шинжээч эмчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Би өөрийнхөө бүх гэмтэл алга болсны дараа үзүүлсэн. 10 хоногийн дараа шинжээч эмчид үзүүлсэн. Тухайн үед би эмчид үзүүлсэн зүйл байхгүй. Ч-г цагдаад өгнө гэж мэдээгүй.  Ч бид хоёроо учраа олсон байсан. Хэрвээ цагдаад өгөхийг мэдсэн бол эмчид үзүүлээд тухайн үед бичиг хийлгэж авах байсан. Ч миний гэмтлүүд эдгэсний дараа хандсан байна. Өөрөө тухайн үед нь эмнэлгээр үзүүлсэн байна. Намайг цагдаад өгнө гэж бодож байсан байна. Тэгээд гэмтлийг эдгэрсний дараа цагдаад өгсөн байна. Шинжээч эмчид үзүүлэх үед миний биед учирсан шарх гэмтлүүд эдгэсэн байсан. Харин далны орчимд маажуулсан гэмтэл арай эдгээгүй байсан.

Би энэ гэмтлийг мэдэхгүй байна. Тухайн үед би эхлээд үсэдсэн. Тэгээд салсан. Дараа нь Ч намайг маажих гээд нүүр лүү дайрахаар нь тонгойсон чинь миний үснээс барьж аваад нуруу орчимд маажсан. Тэгээд миний хөл рүү өшиглөсөн. Би зөрүүлээд өшиглөсөн. Хаашаа өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Ч бид хоёрыг С, О нар хурдан салгаад байсан. Удаан бол зууралдсан зүйл байхгүй. 2 удаа зууралдсан. Өөрөөр биедээ хүрсэн зүйл байхгүй. Эхний удаа Чулуунчимэгийг үсдэхэд өвдөглөөд газар унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 дүгээр хуудас/

 

1.4. Хохирогч А.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би А эмэгтэйд зодуулсан асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Би Политехникийн коллежид багшаар ажилладаг юм. 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр сургууль дээрээ өөрийнхөө хариуцдаг 208 тоот хичээлийн байрандаа байж байтал манай захирал О-н эхнэр А над руу утсаар яриад гараад ир гэсэн. А-н ярианы өнгө аяс нь ууртай байсан. Би А-с яах гэж байгаа юм бэ, чи өөрөө орж ирээд уулз гэж хэлсэн. А-г урд намайг нөхөртэйгээ хардаад байдаг гэдгийг сонсож байсан. Тэгтэл 11 цагийн үед А манай хичээлийн 208 тоотод С, Б гэх 2 хүнтэй орж ирсэн. А орж ирээд энэ мессеж чинийх мөн үү гэж надаас асуугаад гар утсаа үзүүлсэн. Би мөн байна гэж хэлсэн. О дарга урд өдөр нь юу хийж байна хайраа гээд над руу мессеж бичсэн байсан. Би хариуд нь ажил дээрээ байна гэсэн утгатай мессеж бичсэн байсан юм. А чи миний ар гэрийн амьдрал үймүүлдэг хэн бэ балиар завхай хүүхэн чи ингээд сурцан юм байна л даа гээд багш ажилчид, оюутнуудын хажууд орилоод ангид байсан төмөр шугам, нуруулдагч машин, жижиг самбар, ширээн дээр байсан суурин компьютер, дэлгэц, нөүтбүүк, миний гар утас зэрэг зүйлсийг над руу авч шидээд байсан. Тэр зүйлүүд нь намайг нилээн хэдэн удаа оносон. Жижиг самбаруудын нэгийг шидэхэд миний баруун талын гуяны дээд дотор хэсэгт оносон. Тэр хэсэгт хөхөрсөн байсан. Бусад оносон газарт гайгүй байсан. Тэгээд намайг элдэв бусаар хэлээд байсан. А нар болон хамт явсан С Б нар гарцгаая гэсэн. Би олон хүний дунд байсан болохоор тэгье гээд гарахын түүс болоод тэр хэдийг дагаж гараад С-н Приус-20 маркийн машинд үг дуугуй суусан. Тэгээд тэр коллежийн гаднаас хөдлөөд Ус-Ду-с баруун урагшаа явж байгаад нэг далан шорооны хажууд очиж зогсоод намайг машинаас буулгасан. Машинд суугаад явж байхад А чи ийм заваан завхай балиар хүүхэн байсан байна гээд байхаар нь би танай нөхөр чинь өөрөө мессеж бичсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд А нөхөр О-г дуудсан. А ангиас гарахдаа миний танилцуулга жаазыг хуу татаж аваад гарсан. Тэр жаазыг хээр аваачаад газар дэвсээд байсан. Над руу шороо чулуу шидээд орилоод байсан. Би сүүлдээ айгаад намайг алах нь уу гэж бодсон. Тэгж байтал О захирал ирсэн. О-г ирсний дараа А-г энэ муу хүүхнийг нь өөрөөсөө дор болгоод нүүр амыг нь хүн харахын эцэсгүй болгоод өгье гээд намайг үсдэж аваад толгой доош дараад газар өвдөглүүлээд чирсэн. Мөн миний үснээс зулгаагаад дугтараад байсан. Намайг үсдээд доош дарж байхдаа А миний зүүн талын цээжний дээд хэсэгт нэг удаа өшиглөсөн. Энд тэндгүй цохиод байсан. Би тухайн үед шоконд орсон болохоор зарим зүйлийг санахгүй байна. Намайг хаана хаана дахиж цохисон талаар мэдэхгүй байна. Тэгтэл хажуунаас А-г салгаад цааш нь аваад явсан. А нөхөр О-даа хандаад чи хүний гологдол руу мессеж бичдэг юм уу гэж байсан. Би тухайн үед халаасандаа гараа хийгээд зогсож байсан чинь А над руу хандаад миний амьдрал чамд тийм инээдтэй байна уу, гологдсон хүүхэн хүний амьдралд орлоо гэх зэргээр орилоод янз бүрээр намайг доромжилж байгаад дахиад миний үснээс зулгаагаад бариад авсан. Би өөрийгөө хамгаалах гээд цааш түлхэх гэж мөн үсээ салгах гэж оролдсон. А-г нөхөр нь салгаад машиндаа суулгаад аваад явсан. С, Б хоёр хүртэл энэ мууг энд нь орхи гээд хөдөө намайг хөдөө хаячихаад явсан. Би 2 километр орчим газраас явган алхаж ирсэн. Би Ус-Ду-н хажууд ирээд найз С руу утсаар яриад найзыгаа ирээд аваач гэж хэлсэн. Миний хувцас нил шороо болсон байсан. Тэгээд гэртээ харьсан. Би хаана хандахаа мэдэхгүй нэг хэсэг шоконд орсон. Би өөрийнхөө амийг хорлоод үхчихье гэж хүртэл бодсон. Тэгээд эгч Н-т болсон асуудлын талаар хэлсэн чинь цагдаад хандахыг зөвлөсөн. Би уг нь бол О-тай ямар нэгэн дотно харилцаа байхгүй. 2019 он гараад хаяа нэг мессежээр харьцдаг байсан. О дарга бид хоёр уулзаж учирсан зүйл байхгүй. Намайг хий хоосон хардаад А зодсон. Би сэтгэл санаагаар маш их хохирч байна. Одоо ч ажлаа хийж чадахгүй, шөнө унтаж чадахгүй байна. Сэтгэл санааны дарамт ихтэй байна. Миний толгой байнга өвдөөд байгаа.

Миний толгойноос үс нилээн зулгаагдсан байсан. Тухайн үед мөн толгой өвдөөд байсан. Зүүн талын цээжний хөхний орчимд хөхөрсөн байсан. Баруун талын гуя цавь орчимд хөхөрсөн. Баруун өвдөг шалбараад хөхөрсөн байсан. 2 шилбэ хөхөрсөн байна лээ. Надад урд ямар нэгэн гэмтэл байгаагүй. Энэ гэмтлүүдийг бүгдийг нь А учруулсан.

Байгалцэцэг чи ямар ичдэггүй хүүхэн бэ гэх зэргээр хажуунаас үг хэлээр доромжлоод байсан. С хараад зогсоод байсан. А намайг зодож байхад С, Б нар хараад зогсоод байсан.

Суурин компьютер албаных би үнэлж мэдэхгүй байна. Байгууллага үнэлэх байх. Нөүтбүүк АСЕР маркийнх байсан. Би 2015 онд 750 000 төгрөгөөр авч байсан. Нөүтбүкээ асахгүй байна гэж бодоод байсан чинь цэнэглэгч эвдэрсэн байна. Тухайн үед цагдаад өгсөн байсан. Сая ирээд цэнэглэгч эвдэрсэн байна гэдгийг мэдлээ. Нөүтбүүк ажиллаж байна. Гар утасны дэлгэц хөндийрч салсан байна. Одоо гэхдээ ажиллаж байгаа. 2017 онд 691 000 төгрөгөөр худалдаж авч байсан. LG X CAM маркын утас байгаа. Дэлгэцийг нь засуулахад 200 000 төгрөг гэдэг. Жижиг самбар нь 6000 төгрөгийн үнэтэй. Би өөрөө мөнгөөрөө авсан. Нийт 12000 төгрөг. Танилцуулгын жааз нь 4000 төгрөгөөр хийлгэж байсан. Маш их гомдолтой байна. Миний нэр хүндийн асуудал зэргээс болоод сэтгэл санаагаар маш их унаж байна. Нөүтбүүкний цэнэглэгч, гар утасны дэлгэцийг засуулах, 2 ширхэг жижиг сургалтын самбар, жижиг танилцуулгын жааз зэргийг хувийн зүгээсээ нэхэмжилнэ. Суурин компьютерийг янзалж албыг хохиролгүй болгуулах хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ч багшийн ашиглаж байсан албаны DELL маркын суурин компьютерийг А эвдэлсэн асуудал гаргасан байсан. Тухайн үед би өөрөө хажууд нь байгаагүй болохоор яаж байгаад эвдэлсэн талаар мэдэхгүй байна. Энэ компьютерийн ашиглалтын хугацаа 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байгаа. Энэ сургуулийн өмч хадгалах комисс хуралдаад нийт 20 000 төгрөгөөр үнэлсэн. Энэ компьютерийн процессорын урд хуванцар хэсэг нь хагарсан байна. Мөн дэлгэцний нүүрний хүрээ нь сууриараа салсан байна. Сая асааж үзэхэд хэвийн ажиллаж байна. А компьютерийн үнэлгээ болох 20 000 төгрөгийг төлсөн байгаа. Одоо байгууллагын зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. А хохирлыг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/

 

1.6. Гэрч З.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би өдрийг нь санахгүй байна. Ямар ч байсан 3 дахь өдөр байсан. Манай найз болох А, С нар С-н Приус маркын цагаан өнгийн машинтай ирсэн. А завтай байна уу хамт нэг тийшээ яваад ирье гэж хэлсэн. Би тухайн үед хичээлгүй байсан болохоор машинд суугаад хамт явсан. Тухайн үед цаг 10 цаг нилээн өнгөрсөн байсан. Тэндээс хөдлөөд Политехникийн коллежийн гадаа очсон. А нэг хүн рүү залгаад гараад ирээч гэсэн. Нөгөө хүнтэйгээ нилээн ярьсан. Тухайн үед утсаар ярьж байхад хажуунаас нь сонсож байхад А-н нөхөр О-тай холбоотой зүйл яриад байсан. Тэр яриад байсан эмэгтэй нь О руу мессеж бичсэн гэх утгатай юм яриад байсан. Нөгөө эмэгтэй нь гарч ирэхгүй гэж байна гээд орж уулзахаар болсон. С тэр хүүхэнтэй нь хамт ажилладаг юм байна лээ. С тэр хүүхнийг дуудахаар дотогшоо орсон. Тэр хооронд А-с юу болоод байгаа талаар асуухад нөхөр нь гэртээ утсаа орхиод гарсан байхаар нь утсыг нь харахад энэ Ч гэх хүүхнээс хэзээ тарах юм бэ хайрт минь гэсэн утгатай мессеж ирсэн байсан гэж хэлсэн. С гарч ирээд гарч ирэхгүй гэж байна, орж ирж уулз гэж байна гэсэн. Тэгээд бид гурав хамтдаа Политехникийн коллежийн 2 давхарт шатаар гараад баруун гар тийшээ эргээд нэг анги руу орсон. Тухайн ангид ороход Ч ганцаараа сууж байсан. А ороод энэ чиний мессеж мөн үү, чи яагаад хүний нөхөр лүү мессеж бичээд байгаа юм бэ гэсэн дуугарахгүй суугаад байсан. Энэ чиний дугаар мөн биз дээ гэсэн чинь Ч тийм мөн гэж хэлсэн. А Ч-т хандаад би 2 хүүхэдтэй, чи хүний амьдралыг яагаад үймүүлээд байгаа юм бэ гэсэн чинь чи наад үгээ нөхөртөө хэл, танай нөхөр чинь 1 жил гаран над руу мессеж бичдэг байсан би хариу бичдэггүй байсан. Саяхнаас мессеж бичдэг болсон гэж хэлсэн. А уйлаад ширээн дээр байсан суурин компьютер, процессор зэргийг нь түлхээд унагаасан. Мөн жижиг самбар, үзэг, харандаа, штринк зэрэг зүйлүүдийг аваад шидээд байсан. Өөр юу, юу шидсэн талаар мэдэхгүй байна. С А-г хориод жоохон тайвшруулсан. Тэгээд тэнд байсан хүмүүсээс санаа зовоод гарч уулзахаар Ч-г дагуулаад гарсан. Ус-Ду-н уурын зуухнаас урагшаа нэг замаар явж байгаад хөдөө гараад хүнээс жоохон холдоод зогссон. Далан шороотой газар байсан. Тэгээд бид нар машинаас буугаад би цаашаа бие засахаар яваад ирсэн чинь А-н нөхөр О араас машинтайгаа ирсэн байсан. О, А, Ч нар машинаас холдоод зогссон юм яриад байсан. Нэг харсан А Ч-н үснээс бариад авсан байсан. Нөхөр нь голоор нь орсон байсан. Мөн Ч зөрүүлээд А-н үснээс үсдээд бариад авсан байсан. Тэр хоёр бие биенийхээ үсийг тавихгүй нилээн зууралдсан. О А-г салгаж аваад машиндаа ороод нилээн юм ярьж байгаад машинаасаа гарч ирээд дахиад машинаасаа холдож зогсож байгаад Ч тэр 3 юм яриад зогсоод байсан. А тэр хүүхэнтэй хэрэлдээд байх шиг байхаар нь С бид хоёр А-г аваад явъя гэсэн чинь А нөхөртэйгээ машиндаа суугаад яваад өгсөн. Ч тэр газартаа үлдсэн байсан. С бид хоёр А, О нарын араас явж байгаад Ч-г яаж орхиод явах юм гэж гээд буцаж очоод машинд Ч-г суучих гэсэн чинь яахав зүгээр, би юм бодонгоо  алхаад явчихъя гээд байхаар нь орхиод явсан. Тэгээд би ажил дээрээ буугаад үлдсэн. Өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүүхдээ эмнэлэгт үзүүлээд явж байтал 10 цагийн орчимд санагдаж байна. Манай найз А утсаар над руу залгаад найзынх нь бие өвдөөд байна, чи хүрээд ирээ гэсэн. А гэртээ байна, би гэрээсээ гараад зам дагаад явж байя гэсэн. А-г Өгөөжийн хажууд явж байхад нь очиж уулзсан. Тухайн үед би өөрийнхөө Приус-20 маркийн машинтайгаа явж байсан. А миний машинд ороод суусан. А танай ажлын Ч-тэй уулзах хэрэг байна. О-тай холбоотой асуудал байна гэж хэлсэн. Надад учрыг нь бол хэлээгүй. Тэгээд 2 дугаар сургуулийн уулзвараар эргэх гэтэл манай найз Б таарсан. Б-г хичээлтэй юм уу, хичээлгүй юм уу гэсэн. Тэгээд Б машинд суусан. Тэгээд манай ажил руу явсан. А Ч руу утсаар яриад ярилцах зүйл байна гараад ир гээд байсан. А утсаар ярьж дуусаад Ч гарч ирж чадахгүй, орж ирж уулз гэж байна чи ороод дуудаад өгөөч гэсэн. Би угаасаа ажил руугаа орох гэж байсан юм. Тэгээд Ч-н анги руу нь орсон. Ч эгч ганцаараа сууж байсан. Би Ч хандаад Ч эгчээ гадаа А ирсэн байна, таньтай ярих зүйл байна гэж хэлсэн. Ч би гарч чадахгүй А-г орж ирж уулз гэж хэл гэж надад хэлсэн. Тэгээд би ажлаас гараад Ч гарч ирж чадахгүй гэж байна, орж ирж уулз гэж байна, ороод уулзчих гэж А хэлсэн. Тэгээд А уулзахаар түрүүлээд машинаас буусан. Б бид хоёр араас Ч-тэй муудалцчихвий гээд орсон. Урд Ч, А-н нөхөр О нарыг холбоод яриад байдаг байсан. А Политехникийн коллежийн 2 давхарт Ч-н ангид ороод А Ч-т хандаад О та хоёр ямар холбоотой хүмүүс вэ гэж асуусан. Ч ямар ч холбоо байхгүй, чи өмнө нь мөн яриа гаргаж миний нэр хүндийг энэ байгууллагад унагасан гэж хэлсэн. Тэгэхэд А гар утсаа гаргаж ирээд “чи энийг юу гэх гээд байгаа юм бэ энэ ямар ч асуудалгүй юу тэ” гэсэн. Ч наадах чинь нотолгоо биш гэж хэлсэн. А уйлаад чи миний 2 хүүхдийн амьдрал, миний 10 жилийн амьдралыг юу ч биш болголоо гээд Ч-н ширээн дээр байсан зүйлсүүдийг гараараа түлхээд газар унагаасан. Тухайн үед ширээн дээр ямар зүйлс байсныг анзаарч хараагүй. А-г сургууль дээр чимээ тарихгүй аваад гаръя гэж бодоод сургууль дээр ингэж болохгүй шүү, гараад ярилц гэж хэлсэн. Ариунтунгалаг, Байгалцэцэг хоёр түрүүлээд гарсан. Ч эгч хувцсаа өмсөөд бид 2 араас нь гарсан. Тэгээд 4-лээ хамт машинд суусан. Ч эгчийг хүчээр суулгасан зүйл байхгүй. Өөрөө машинд суусан. Аг нөхөр О руу хаана байна уулзъя гээд утсаар ярьсан. А намайг машинтайгаа хөдөл гэсэн. Би нөхөртэйгээ уулзаад ярилцах гэж байна гэж бодсон. Намайг хаашаа яв гэдгээ хэлээгүй. Би хөдлөөд Ус-Ду-н уурын зуухны чиглэлд явсан. А нөхрийгөө хойшоо хэний байшин гэлээ нэг нэр хэлээд тэнд хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд Ус-Ду-г уурын зуухнаас зүүн урагш явсан шороон замаар яваад 1 км орчим газар яваад зогссон. Б машинаас буугаад бие засах гээд явсан. Би машин дотроо сууж байсан. А Ч нар машинаас буугаад маргалдаад зогсож байсан. Нэг харахад захирал О ирж яваа харагдсан. Захирал удаагүй араас хүрээд ирсэн. Тэгээд О захирал машинаас бууж ирсэн. А нөхөр О-д хандаад чи энэ хүүхэнд хайртай юм уу гэж асуусан. О захирал хайртай гэж хэлсэн. Тэгээд нөхөр лүүгээ хашхираад байсан. Тэгээд нэг хартал Ч эгч газар унасан байсан. Ч эгч босч ирээд хувцсаа гөвж байсан. А чи миний амьдралыг үрлээ гээд Ч-тэй маргалдаж байсан. Тухайн үед би машинаасаа буусан байсан. А Ч эгчид нэг үг хэлсэн. Ч эгч дуугүй байгаад байхад давраад байгаарай гээд бие биенийхээ өөдөөс дайраад бие биенийгээ үсдээд бариад авахаар нь Отгонжаргал захирал бид хоёр голоор нь орсон. А, Ч эгч хоёр бие биенийгээ өшиглөөд байсан. Хэдэн удаа бие биенийгээ хаана, хаана нь өшиглөсөн талаар мэдэхгүй байна. Б жирэмсэн болохоор ойртоогүй. А, О захирал нар машиндаа суугаад юм яриад байсан. Тэгээд Б бид хоёр түрүүлээд машинтайгаа яваад өгсөн. Захирал машинтайгаа тэр газар зогсоод байсан. Тэгээд О захирал машинтайгаа хөдлөөд явсан. Ч эгчийг үлдээчихээр нь Б бид хоёр очоод авах гэсэн Ч эгч би юм бодонгоо алхаад явчихъя гэхээр нь орхиод явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/

 

 1.8. Гэрч С.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 12 цаг 30 минутын үед манай найз Ч утсаар яриад Ус-Ду-н уурын зуухны хажуунаас ирээд найзыгаа аваач гэсэн. Тэгээд би өөрийнхөө машинтайгаа яваад очсон чинь Ч уйлчихсан, үс нь сэгсийсэн, гадуур хувцас нь нил тоос шороо болсон, мөн өмднийх нь өвдөг нь урагдсан байж байсан. Би яасан юу болсон юм бэ гэсэн чинь үг дуугарч чадахгүй шоконд орсон байсан. Ч нэг хэсэг уйлж байгаад тайвширсан. Тэгээд надад ярихдаа захирал О-н эхнэр А Б, С нар анги дотор орж ирээд ангийн хамаг юм эвдэж сүйтгэсэн. Би хүүхдүүдээс санаа зовоод гарч уулзъя гэсэн. С-н машинд суулгаад Ус-Ду-н уурын зуухнаас зүүн урагш хөдөө авч гараад элдэв бусаар хэлээд намайг зодсон гэж хэлсэн. Тэгээд намайг зодсон газраа орхичихоод ирсэн гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/

 

1.9. Гэрч Л.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ч-н ашиглаж байгаа компьютерийн эдэлгээний хугацаа нь дууссан. Компьютерийн эдэлгээний хугацаа дууссан учраас хэдэн төгрөгөөр үнэлж мэдэхгүй байна. Үлдэх өртөг гэж байхгүй учраас үнэлж чадахгүй байна. Ажиллаад байгаа болохоор байлгаад байсан. Энэ онд актлах саналаа Төрийн өмчид өгөх гэж байгаа. Одоо байгууллагын данснаас хасагдаагүй байгаа. Ер нь акталсан 20-25 төгрөгөөр зарчихдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

1.10. Гэрч А.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай төрсөн дүү Ч 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр манай ажил дээр өглөө 8 цаг өнгөрч байхад ирсэн. Ч надад ярихдаа өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А, С, Б гэх 3 хүүхэнд зодуулсан. Энэ 3 хүүхэн манай дүүг ажлынхаа байран дээр байхад нь ирээд А нөхөртэйгээ хардаад 3-лаа нийлж зодоод суурин компьютер, нөүтбүүк, гар утас, ангийн эд хогшил зэргийг сүйтгэсэн гэсэн. Тэгээд үсийг нь туг тугаар зулгаасан гэсэн. Мөн нуруулдагч төмөр машин авч шидсэн гэсэн. Тухайн үед ажлынх нь байран дээр мөн хамт олных нь дунд оюутан хүүхдүүд байсан болохоор гаръя гэхээр нь хамт гарсан гэсэн. Тэгээд С-н машинд суулгаад хонхроос зүүн урагш хөдөө аваачиж үс гэзгийг нь зулгааж том том чулуугаар шидэж хэл амаар доромжилж зодсон гэсэн. Тэгээд Ч-г зодсон газраа орхичихоод ирсэн гэсэн. Ч наашаагаа явган алхаж байгаад Ус-Ду-н цаад талд ирээд найзыгаа дуудсан гэсэн. Найз С нь тосож авсан гэсэн. Тэгээд ажил дээрээ ирээд үзэхэд үсийг нь зулгаагаад хуйханд нь том том толбо үүссэн байсан. Гуян дээр нь том чулуугаар цохисон гээд хөх алаг болсон байсан. Тухайн үед над дээр ирэхдээ зодуулсан шокноосоо гараагүй салгалсан чичирсэн байдалтай ирсэн. Миний хувьд адилхан багш гэдэг үүднээсээ А-тай ярилцъя гээд утсыг олоод залгаад ярьсан. А та нар явдаг замаараа яв, бид нар явдаг замаараа явна гэсэн. Тэгээд цагдаагийн хэлтэсд өргөдөл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/

 

 1.11. Гэрч А.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Дэлгэц нь хэвийн ажиллагаатай бол цэвэрлүүлээд наалгаж болно. Дэлгэц нь ажиллахгүй, мэдрэхгүй тохиолдолд заавал солино. Дэлгэцийг 150 000 төгрөг орчимд солино. Энэ утсыг зургаас харахад цэвэрлүүлээд наалгаж болно. Цэвэрлүүлээд наалгахад 5000-15000 төгрөг хооронд болно... гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/

 

1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай дүгнэлтэд:

- А.Ч-н биед тархи доргилт, цээжинд, баруун гуянд, баруун өвдөгт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 49 дүгээр хуудас/

 

1.13. Шинжээч Л.Ж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

А.Ч-н биед учирсан тархи доргилт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүд юм. Эдгээр нь нийлж байж эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар хуудас/

 

1.14. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэд:

- Э.А-н биед нуруунд зулгаралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/

 

1.15. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 29 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

1.16. 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 29 дугаартай эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 63 дугаар хуудас/

 

1.17. 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 02 дугаартай Өмч хамгаалах комиссын хурлын тэмдэглэл /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

1.18. Хохирогч А.Ч-н гаргасан хохирлын тооцоо, /хх-ийн 112 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Э.А-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэдийгээр шүүгдэгч Э.А нь хохирогч А.Ч-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа боловч уг гэмт хэрэг гарах болсон шалгаан нь хохирогч А.Ч нь Э.А-н нөхөр болох Ш.О руу “Хэзээ тарахым бээ хайр минь” гэх зэргээр мессеж бичиж бусдын гэр бүлийн хэвийн харилцааг алдагдуулснаас уг гэмт хэрэг гарсан байна гэж шүүхээс дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Э.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Э.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 85 дугаар хуудас/

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар хуудас/

 

2.3. Шүүгдэгч Э.А-н хувийн байдлын тодорхойлсон баримт /хх-ийн 107-108 дугаар хуудас/

 

2.4. Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 109-110 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

           

            Иймд шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ч хохирол төлбөр 153 000 /нэг зуун тавин гурван мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

 

            Хохирогч А.Ч нь шүүгдэгч Э.А-с 2 ширхэг самбарны үнэ 12 000 төгрөг, нөүтбүүкний цэнэглэгчний үнэ 25 000 төгрөг, танилцуулгын жаазны үнэ 4000 төгрөг, гар утасны дэлгэцний үнэ 200 000 төгрөг нийт 241 000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.А-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овогт Э-н А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Э.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ч-т хохирол болох 153 000 /нэг зуун тавин гурван мянга/ төгрөг төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.Ч нь шүүгдэгч Э.А-с хохирол болох 241 000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж, уг хохирлоо баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Э.А-с нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ