Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/04556

 

2016 оны 07 сарын 04 өдөр

 

Дугаар 102/ШШ2016/04556

Улаанбаатар хот

 

 

 

 

                 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 11 дүгээр гудамж, 96а тоотод оршин суух, Ням овогт Нэргүйгийн Алтансувд /РД-ДЮ78102269/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн наран 11 дүгээр гудамж, 105 тоотод оршин суух, Нэрэн овогт Гүрсэдийн Чулуунбаатар /РД-НЮ58050775/-т холбогдох

Газар чөлөөлүүлж, орц, гарцыг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, мөн сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Алтансувд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Алтансувд миний бие 2003 оноос эхлэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 11 дүгээр гудамж, 96а тоот газарт амьдарч байгаа бөгөөд уг газрыг хууль ёсоор өмчилдөг.

Г.Чулуунбаатар нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж, манай хашааны доод гарц, гарам хааж хашаа барьж эхлэх үед нь шаардлага тавьж болиулахыг хүссэн боловч дийлээгүй, холбогдох төрийн захиргааны байгууллагад энэ талаар гомдол гаргасан. Гэвч манай орц гарцыг хааж барьсан хашааг буулгуулах нь бүү хэл Г.Чулуунбаатарт 2012 оны А/367 тоот захирамжаар уг газрыг эзэмшүүлсэн байсан.

Энэ талаар төрийн захиргааны байгууллагад олон удаа өргөдөл гомдол гаргасан бөгөөд Баянгол дүүргийн Засаг даргын 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/384 тоот захирамжаар Г.Чулуунбаатарын зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан хашааг албадан буулгаж газар чөлөөлсүгэй гэсэн шийдвэр гарч, тус дүүргийн газрын албанаас албадан буулгасан боловч дахин барьсан.

Газрын албанаас шаардлага хүргүүлсэн боловч шаардлагыг үл биелүүлсэн тул Г.Чулуунбаатарын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Баянгол дүүргийн газрын албанаас нүүх шаардлага хүргүүлэхэд 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор газрыг бүрэн чөлөөлж өгнө гэсэн боловч газрыг чөлөөлж өгөхгүй, төрийн захиргааны байгууллагад удаа дараа худал тайлбар өгч хугацаа авч байна.

Иргэн би төрийн захиргааны байгууллагад хандан 4 жил гаран явж байна.

Иймд иргэн Г.Чулуунбаатарын хашаа байшин, автобус гэр зэрэг эд хөрөнгийг албадан нүүлгэж, Н.Алтансувд миний Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж, 96а тоот газрын орц гарцыг чөлөөлүүлж, санаатайгаар эрэглэн ухсан газрыг шороогоор тэгшлүүлж нөхөн сэргээлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Г.Алтансувд шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Чулуунбаатар нь миний нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн биелүүлсэн болно гэжээ.

Хариуцагч Г.Чулуунбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие иргэн Н.Алтансувдын нэхэмжлэлийн дагуу газрыг чөлөөлж, орц, гарц гаргаж, газрыг тэгшилсэн болно гэжээ.

 

Шүүх зохигчийн нэхэмжлэл, тайлбарыг хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Алтансувд нь хариуцагч Г.Чулуунбаатарт холбогдуулан газар чөлөөлүүлж, орц, гарц гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Чулуунбаатар нь Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж, 96а тоот газрын орц, гарцыг чөлөөлж, газрыг тэгшилсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан Н.Алтансувдад буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н.Алтансувдын нэхэмжлэлтэй, Г.Чулуунбаатарт холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,100 төгрөгийг гаргуулан Н.Алтансувдад буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД