Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00079

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04764 дүгээр шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******ХХК,******* ХХК, ******* ХХК-д тус тус холбогдох

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2017 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ******* ХХК-тай орон сууц захиалгаар гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, ******* хотхоны Б блокын 13 дугаар давхрын ******* метр квадрат талбайтай орон сууцыг 115,200,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийг 100 хувь төлж, өнөөдрийг хүртэл тус байранд амьдарч байна.

1.2.******* ХХК нь ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, тодорхой хэдэн байрыг бартерт авч байгаа гэж тайлбарласан бөгөөд худалдан борлуулах эрхтэй гэх албан бичиг үзүүлсний үндсэн дээр тус гэрээг байгуулсан.

1.3.  ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт шилжүүлсэн байсан бөгөөд ******* ХХК нь ******* ХХК-д шилжүүлсэнийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийг өмчлөх эрхтэйг зөвшөөрсөн тайлбарыг ******* ХХК, ******* ХХК нараас ирүүлсэн.

Иймд орон сууцны төлбөр тооцоог ******* ХХК-д бүрэн төлсөн төлбөрийн үлдэгдэлгүй гэх баримт хэрэгт авагдсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч ******* орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тул манай талаас ямар нэгэн татгалзал байхгүй гэжээ.

 

3. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. *******  ХХК, ******* ХХК-ийн хооронд байгуулсан 059/2018 дугаартай Орон сууц захиалгын гэрээний дагуу ажлын гүйцэтгэлд тооцож авсан Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороонд баригдаж байсан ******* хотхоны Б блокын 13 дугаар давхрын ******* метр квадрат талбайтай, 3 өрөө байрыг ******* ХХК-д шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг олгосон нь үнэн болно. Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Байрыг *******ыг өмчлөд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******ХХК-уудад холбогдох нэхэмжлэгч ******* ын Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо /хуучнаар 4 дүгээр хороо/ Энхтайваны өргөн чөлөө гудамжны ******* дугаар байр, ******* метр квадрат талбайтай, 3 өрөө, ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Маргаан бүхий ******* тоот орон сууцны буюу 8Б барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн комиссын акт хэрэгт нотлох баримтын шаардлага хангагдсан хэлбэрээр авагдсан бөгөөд уг нийтийн зориулалттай орон сууцны барилгын захиалагч, өмчлөгч нь барилгыг бүхэлд нь улсын бүртгэлд анх бүртгүүлэхэд улсын бүртгэлийн хэлтсээс барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авсан улсын комиссын актыг шаарддаг, харин гэрчилгээг салгаж буюу орон сууц тус бүрээр салган гэрчилгээ гаргуулахад дээрх баримт нь шаардагдахгүй.

5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-тай гэрээний эрх зүйн харилцаанд ороогүй, маргаан бүхий ******* тоот орон сууцны өмчлөгч нь ******* ХХК биш гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* ХХК-д хэрхэн яаж хамаатуулаад байгаад нь ойлгомжгүй болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэснээр ******* ХХК нь энэ хэрэгт жинхэнэ хариуцагч болж чадахгүй гэж шууд ойлгогдохоор байгаа хэрнээ шүүх энэхүү дүгнэлтээ үгүйсгэж ******* ХХК-д холбогдуулан хэргийг шийдвэрлэсэн.

5.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг нэг этгээдээс нөгөө этгээдэд гэрээ, хэлцлийн үндсэн дээр эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэрийн үндсэн дээр шилжүүлэхээр заасан.

Анхан шатны шүүхээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэгчийн шаардлагын хууль зүйн үндэслэлийг ******* ХХК-тай байгуулсан хүчин төгөлдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн. Гэтэл хариуцагч ******* ХХК нь маргаан бүхий ** тоот орон сууцны өмчлөгч биш, тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхгүй бөгөөд энэ нь хэргийн 117-120 дугаар хуудсанд авагдсан 8Б барилгыг ашиглалтын оруулах комиссын 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2017/252 дугаартай дүгнэлтээр тогтоогддог. Тухайн дүгнэлтэд барилгын захиалагч нь ******* ХХК, барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч нь ******* ХХК гэж бичигдсэн бөгөөд харин барилгын ажлын туслан гүйцэтгэгч компаниар ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нар бүртгэгдсэн.

Гэтэл шүүх барилгын туслан гүйцэтгэгч ******* ХХК-ийг тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй эсэх өөрөөр хэлбэл туслан гүйцэтгэгч компанийн барилгын захиалагч өмчлөгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, тухайн ажил гүйцэтгэх гэрээний дагуу талууд үүргээ биелүүлсэн эсэх, ажлын хөлсөнд тухайн орон сууцыг шилжүүлэхээр тохиролцсон эсэх, туслан гүйцэтгэгч компанийн хүсэлтээр барилгын захиалагч буюу өмчлөгчтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан эсэх зэрэг нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй, тухайн үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөлгүй зөвхөн хэргийн 7 дугаар хуудаст нотлох баримтын шаардлага хангаагүй хэлбэрээр авагдсан, компанийн тамга тэмдэг дарагдаагүй албан бичгийг болон ******* ХХК, ******* ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэх тайлбарын хүрээнд нэхэмжлэгч ******* болон ******* ХХК-иудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь илтэд хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллага нь барилгын туслан гүйцэтгэгч компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр бүртгэл хийх боломжгүй бөгөөд зүй нь барилгын захиалагч, өмчлөгчтэй байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, тухайн гэрээнд төлбөр тооцоо хэрхэн хийгдэхээр тусгагдсаны дагуу ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр тооцоо дууссан тухай өмчлөгчийн албан бичиг, мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийдэг болно.

5.4. Хариуцагч ******* ХХК нь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлгүйгээр хүлээж аваагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

6.1. Хариуцагч компанийн гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй. Хэрэгт цугларсан нотлох баримт, хариуцагч нарын хариу тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

*******ын шударга эзэмшилд байгаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлийнх гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагч компаниудаас улсын бүртгэлд анх бүртгүүлж байсантай холбоотой баримт бичгийг гаргуулахыг даалгасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК, ******* ХХК, *******ХХК-д тус тус холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг ******* ХХК, ******* ХХК тус тус хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* ХХК эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь ******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж, гэрээний төлбөрт авсан орон сууцыг худалдан борлуулах эрхийн хүрээнд нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, ******* ХХК нь маргаан бүхий орон сууцыг ******* ХХК-д ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт, ******* ХХК нь ******* ХХК-д тус тус шилжүүлсэн гэх агуулгаар тайлбарласан байх бөгөөд тэрээр хариуцагч нараас тус бүрт нь холбогдуулж ямар шаардлага гаргаж байгааг шүүх тодруулах байжээ.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууцны барилгыг хүлээн авсан 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017/252 дугаартай дүгнэлтэд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төвөгшилтэй ангиллын 15 давхар, 45 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 80 айлын хүчин чадал бүхий орон сууц, үйлчилгээ, автомашины дулаан зогсоолын зориулалттай барилга, байгууламж-ын захиалагчаар ******* ХХК, барилгын ажлын гүйцэтгэгчээр ******* ХХК, туслан гүйцэтгэгчээр ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК тус тус ажилласан талаар тэмдэглэжээ. Өөрөөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчийг тодорхойлсон баримт авагдаагүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно. гэж зааснаар барилгын захиалагч болох ******* ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх асуудлыг тодруулах байжээ.

Нөгөө талаар барилгын ажлын гүйцэтгэгчээр оролцсон ******* ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх эрхтэй гэх баримт байхгүй тохиолдолд талуудын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт өгөх байдлаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүхийн гаргасан алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/04764 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч ******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА