| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0069/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/69 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/69
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч С.Цэрэндалай,
хохирогч О.Г,
шүүгдэгч Т.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Т.Ө холбогдох эрүүгийн 1907001650055 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамтаар Налайх дүүрэг 4 дүгээр хороо Нисэхийн 6 дугаар гудамж 14 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Боржгон овогт Т.Ө.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Т.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 6 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх гэртээ хамтран амьдрагч О.Гийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бид 2 манай аавынд очоод эгчтэйгээ бид 3 архи уусан. Тэгээд өглөө сэрээд гэртээ очтол эхнэр хувцас хунараа баглаад чи тэр эгчтэйгээ амьдрахгүй юу гэхээр нь би уурлаад 2 өшиглөөд цохисон юм. Тэгээд цагдаа ирээд барьж авсан” гэх мэдүүлэг,
Хохирогч О.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 3 дугаар сарын 17-нд бид хэд урагшаа хадам аавынхруу хөдөө очсон. Эндээс явахад Өлзийсайхан урьд шөнө уурхайгаас ирэхдээ уусан, 5 хоног ажилласан цалингаа авсан байсан. Тэнд очиж байж байгаад Т.Чагнаасүрэнгийн нөхрийг “хойшоо Зөрлөг ороод нэг пиво аваад ир” гээд 2 литрийн пиво авахуулаад бид 3 хойд гэрт нь орж уусан. Тэгсэн Өлзийнсайханы эгч Чагнаасүрэн нь архи оруулж ирсэн. Тэрнээс нь би нээх уугаагүй. Ганц 2 хундага уугаад байж байтал хадам аав орж ирээд “миний охин Багануураас эгч чинь ирж байна гэнэ. Хоол хийгээд байж бай” гэхээр нь хоол хийхээр гарсан. Хэсэг байж байгаад Чагнаасүрэнгийн охин Одончимэгийн хүүхдийг гүйлгээд “хараад ир” гэхэд “хаалга нь цоожтой” байна гэсэн. Тэгэхээр нь би очоод хаалгыг нь татсан чинь онгойсон. Дотроосоо мултардаг цоожтой байсан. Тэгсэн Өлзийсайхан унтаж байсан. Эгч нь нүцгэлсэн чармай нүцгэн Өлзийсайханы дээр өмднийх нь тэлээг хагас тайлчихсан сууж байсан. Дотуур өмд нь тайлагдаагүй байсан. Тэгээд би буцаж гэрлүү ороод хадам аавыг “2 хүүхдээ хардаа та юу болоод байгааг” гэж хэлчихээд “Налайхруу явлаа” гээд тэгсэн чинь “эгч чинь ирж байгаа болохоор явсан машинд нь дайгдаад явчих” гэсэн. Би 3-н хүүхдээ аваад явсан байсан. Тэгээд байж байтал цагийн дараа Өлзийсайхан эгчтэйгээ хамт орж ирээд надруу хоёулаа дайраад Өлзийсайхан намайг 2, 3 өшиглөөд эгч нь үснээс зулгааж унагаасан. Тухайн үед дөнгөж ирсэн байсан болохоор гал түлэх гэхэд шүдэнз байхгүй, 3-н хүүхдээ харах хүнгүй болохоор өөрөө дэлгүүр явж чадахгүй болохоор нь Мөрөгүль гээд найзруугаа залгаад “шүдэнзээ өгчих” гэхэд Мөрөгүл шүдэнз аваад Соёл-Эрдэнээр хүргүүлээд ирсэн. Тэгээд орж ирээд байж байсан чинь Өлзийсайхан эгчтэйгээ орж ирээд учир зүггүй надруу дайрсан. Би эгч нь нүцгэн шалдан байсныг нь хараад уур хүрээд хувцас хунараа баглаад байж байсан. Орж ирээд надруу үгийн зөрүүгүй дайрч намайг зодож, нүдсэн. Эхлээд Чагнаасүрэн хүүхдээ хөхүүлээд орон дээр сууж байсан чинь үснээс зулгаасан чинь Өлзийсайхан хажуунаас нь орж ирээд надруу өшиглөсөн. Тогооны таг эхлээд надруу шидсэн. Тэр нь намайг оноогүй. Би гэрийн хойд хаалгаар зугтааж гараад цагдаа дуудсан. Цагдаа ч удалгүй хүрч ирээд Өлзийсайханыг эгчтэй нь хамт аваад явсан. ” гэх мэдүүлэг,
Гэрч Т.Чагнаасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Дүү Өлзийсайхан гар, хөл рүү нь цохиж өшиглөсөн...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 16-17 дугаар тал/
Гэрч Б.Өмөргүлийн мөрдөн байцаалтад өгсөн “...гаднаас түүний нөхөр Өлзийсайхан, эгч Чагнаасүрэн нар орж ирээд хэрэлдээд Өлзийсайхан Ганчимэгийн хөл рүү нь 3-4 удаа өшиглөж...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 25-26 дугаар тал/
Гэрч С.Энхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Ганчимэг бага хүүхдээ хөхүүлээд сууж байхад Өлзийсайхан очиж 3 удаа хөл рүү нь өшиглөж...” гэх мэдүүлэг,
/хх-ийн 27-28 дугаар тал/
Шинжээч С.Төгсбуянгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр үзүүлэгч О.Гийн биед өөрийн биеэр үзлэг хийсэн. О.Гийн биед үүссэн 0,5х1см хэмжээтэй үс уналт нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин зүүн шууны цус хуралт , баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг,
/хх-ийн 38 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №08шэ/175 дугаар:
/хх-ийн 30 дугаар тал/
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/255 дугаар:
/хх-ийн 37 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн 63 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 76 дугаар тал/,
Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт,
/хх-ийн 81 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, нэр бүхий яллагдагч болон шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Т.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн 4 дүгээр хороо Нисэхийн 6 дугаар гудамжны 14 тоот хашаанд байх гэртээ хамтран амьдрагч О.Гийг зодож зүүн шуунд цус хуралт, баруун шилбэнд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан
гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Т.Өы өгсөн “...би уурлаад 2 өшиглөөд цохисон...” гэх,
хохирогч О.Гийн “...Өлзийсайхан хажуунаас нь орж ирээд надруу өшиглөсөн. Тогооны таг эхлээд надруу шидсэн...” гэх,
гэрч Т.Чагнаасүрэн, Б.Өмөргүль, С.Энхцэцэг нарын мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн №08шэ/175, 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №08шэ/255 дугаар дүгнэлтүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Т.Ө нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн зүйлгүй. Хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Т.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Т.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Т.Өыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржгон овогт Т.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Өд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Өд мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Т.Өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Т.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ