Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 1242

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 27                   Дугаар 1242                                   Улаанбаатар хот

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03030 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

ХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай гурван давхар үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулах иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

            Нэхэмжлэгч “ХХ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн ХХХХ миний бие 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “ХХ” ХХК-ийг үүсгэн байгуулсан. Улмаар 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр “ХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ХХХХХХ “ХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон компанийн бүхий л эрх, эд хөрөнгө, эзэмшил бүхий газрыг эрх шилжүүлэх болон бэлэглэлийн гэрээний дагуу авч “ХХХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болсон. Ингээд “ХХХ” ХХК-ийн өмчлөлд байсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай

гурван давхар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар “ХХ” ХХК-ийн 100 хувийн өмч болсон. Гэтэл ХХХ нь 2592 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад түрээслэн ашиг олж байгаа бөгөөд ХХХыг уг үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл чөлөөлөхгүй өмчлөх эрхийг зөрчөөд байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж буй нөхцөл байдлыг арилгаж, ХХХыг ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай гурван давхар үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХ нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХХ нь тус шүүхэд “ХХ” ХХК-ийн гаргасан нэхэжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ өмчлөлийн зөвшөөрөлгүйгээр өөрийн өмчийн байрыг бусдад түрээслүүлэн ашиг олж өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд саад болж байна гэжээ. Би 2011 оны 12 сарын 01-ний өдрөөс тус компанийг улсын бүртгэлийн албанд ХХХХХХ регистрийн дугаартай “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХХХХ 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай байр ашиглах гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ хугацаанд гэрээний үүргээ байнга биелүүлж, уг байрны ашиглалт, хамгаалалт зардлыг бүрэн хариуцаж ирсэн.

“ХХХ” ХХК-ийн өмчлөлд байсан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, подвольтой 3 давхар үл хөдлөх, эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн “ХХ” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар “ХХ” ХХК 100 хувийн өмч болоод байна гэжээ. “ХХХХХ” ХХК үйл ажиллагаа явуулж байхдаа болон удаа Монгол улсын татвар болон иргэд аж ахуй нэгжүүдэд онц их хэмжээний хохирол учруулсан эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэн, удирдах албан тушаалтнууд нь Монгол улсаас оргон зайлсан үед Монгол улсын иргэний хуулийн 6 дугаар бүлэг, 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 56.1.9 дэх хэсгийг зөрчиж хийсэн тул уг хуулийн 57 дугаар зүйлийн дагуу “ХХХ” ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн “ХХ” ХХК-д шилжүүлсэн хэлцэл нь хүчингүй гэж үзэж байна. Иймд би уг эд хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч ХХХыг нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн өмчлөлийн ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай гурван давхар үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 157 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 5 157 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХ Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “ХХХХХ” ХХК-тай байгуулсан байр орон сууцны зориулалтаар 2011 оны 12 дугаар сард “түрээсийн гэрээ", 2013 оны 01 дүгээр сараас "Эд хөрөнгө хөлслөх гэрээ"-г тус тус байгуулан түрээслэгч болон түүний төлөөлөгчдийн хүсэлтээр буюу зөвшөөрлөөр тодорхой хөрөнгө оруулалт хийж, гэрээний хугацаанд ашиглаж байтал хөрөнгө оруулагч ХХХХ уг объектийг "ХХХХХ" ХХК-ийн өмчлөлөөс "ХХХХХ" ХХК-ийн өмчлөл рүү улсын бүртгэлийг шилжүүлэн шинээр гэрчилгээ авч, байрыг хууль бусаар биднийг эзэмшиж, ашиглаж байгаа мэтээр хэрэг, маргаан үүсгэн гэрээний хугацаанаас өмнө биднийг шүүхийн журмаар албадан гаргасан явдалд бид гомдолтой байна. Шүүхэд бид холбогдох баримтууд болон гэрээг гаргаж өгсөн боловч шүүх бидний гэрээний эрх болон эд хөрөнгийн эрх, хөрөнгө оруулалтыг хохироож, хууль ёс, шудрага байдлыг зөрчин, хэт нэг талыг баримтлан үйлчилсэн шийдвэр гаргасан явдалд гомдолтой байна. Намайг өмчлөлийн маргаантай байгаа гэж үзэн нэхэмжлэгчээс тушаасан тэмдэгтийн хураамжийг бүхэлд нь хариуцуулах шийдвэр гаргасныг хариуцагч би ойлгохгүй байгаа билээ.

Иймд нэхэмжлэгчийн үндэслэлгүй шаардлага болон бидний эд хөрөнгө хөлслөх гэрээ, болон орон сууцны түрээсийн гэрээг Иргэний хуулийн 289, 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэн өгөх, өмчлөх эрхийн маргаан хийгээгүй байхад нэхэмжлэгчийн улсын орлогод өгсөн мөнгийг надаар эгүүлэн төлүүлэх гэсэн заалтыг өөрчлөх зэргээр миний эрх, ашиг хохирлыг хуулийн дагуу хамгаалан өгөхийг хүсэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХХ-д холбогдуулан ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХХХХХХХХХХХХХ тоот хаягт байрлах 2592 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, подвальтай гурван давхар үл хөдлөх эд хөрөнгөөс албадан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгө нь “ХХХ” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр авсан манай компанийн өмч, хариуцагч нь энэ хөрөнгийг чөлөөлж өгөхгүй өмчлөх эрхийг зөрчиж байна...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...“ХХХ” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээгээр эд хөрөнгийг эзэмшиж байгаа, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргасан.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй, уг маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэх эсэхийг дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Тухайлбал “ХХХ” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр “ХХ” ХХК-ийн өмчлөлд шилжин, 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч нь 2011 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түрээслэх гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эд хөрөнгө хөлслөх гэрээгээр эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон, эдгээр гэрээ хүчин төгөлдөр бус гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Нэхэмжлэгч нь “ХХХ” ХХК болон ХХХ нарын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй, гэрээг тус компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан тул хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь түрээсийн гэрээг “ХХХ” ХХК-ийн захирал ХХХХХ, ХХХ нар, 2013 онд байгуулагдсан эд хөрөнгө хөлслөх гэрээ мөн талуудын хооронд байгуулагдсан, н.Улаантуяа нь компанийг төлөөлөх эрхгүй этгээд гэх баримт хэрэгт авагдаагүй, түрээсийн зүйл нь улсын бүртгэлд бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 16 өрөө байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлага энэ гэрээнд хамаарахгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд шаардлага гаргаагүй.

Иймд Иргэний хуулийн /318 дугаар зүйлийн 318.5/ 297 дугаар зүйлийн 297.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшилд байгаа эд хөрөнгөө гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлсэн бол хөлслүүлэгчийн бүх эрх, үүрэг нь гуравдагч этгээд буюу шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасан тул нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу өмчлөлийн зүйлээ өөрийн эзэмшилд авахаар шаардах боломжтой юм.

Өөрөөр хэлбэл түрээсийн болон эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуульд заасан холбогдох зохицуулалтад заасан нөхцөл үүссэн байх учиртай.

Нэхэмжлэлийн шаардлага нь өмчлөлийн зүйлээ өөрийн эзэмшилд буцаан авах агуулгатай байх тул энэ маргаанд Иргэний хуулийн 320 дугаар зүйл, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсгийн зохицуулалт хэрэглэгдэх эсэхийг шүүх дүгнэх шаардлагатай.

Түүнчлэн хариуцагч нь эд хөрөнгийг гэрээний дагуу эзэмшиж байгаа тохиолдолд түүний эзэмшлийг хууль бус гэж үзэхгүйгээс гадна хариуцагч нь 2592 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 өрөөг эзэмшиж, үлдэх хэсгийг бусдад түрээсэлдэг гэснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байхад шүүх нэхэмжлэлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг       бүхэлд нь хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад зөв дүгнэлт хийгээгүйгээс улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг хуульд нийцүүлээгүй буруу тогтоосныг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03030 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

 

                       ШҮҮГЧИД                                   А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                           М.НАРАНЦЭЦЭГ