Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0653

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“М С Э к” ХХК-ийн гомдолтой

зөрчлийн хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч улсын байцаагч Т.Б, Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч улсын байцаагч Т.Б давж заалдах гомдлоор, “М С Э к” ХХК-ийн гомдолтой, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч С.Л, Д.Д, Т.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “М С Э к” ХХК-ийн захирал М.М 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч С.Л, Т.Б, Д.Д нарын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.  

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэрээр:

“Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1, 1.3-т тус тус заасныг баримтлан “М С Э к” ХХК-ийн гаргасан гомдлыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч нарын 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч улсын байцаагч Т.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Моннидер” ХХК-аас ирүүлсэн гомдлын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ........ дугаартай “М С Э к” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-иудад холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд заасныг удирдлага болгон зөрчлийн хэрэг нээсэн. “М С Э к” ХХК нь “Н” ХХК, “С” ХХК, “М” ХХК-иудтай тус тусад нь гэрээ байгуулж, эцсийн хэрэглэгчдэд борлуулах бараа, бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоосон нь нотлогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг үндэслэн эдгээр 4 компанид торгууль ногдуулсан.

1.Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“М С Э к” ХХК “М” ХХК-д бараа нийлүүлэлтийг хязгаарлаагүйг улсын байцаагчид үгүйсгээгүй, хязгаарлалт хийсэн” гэж улсын байцаагчид үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэжээ.

Монгол Улсад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн зах зээлд ........ орчим хувийг, импортын зах зээлийн ..... гаруй хувийг “М С Э к” ХХК эзэлж байгаа бөгөөд тус компани жижиглэнгийн нэг үнэ буюу эцсийн хэрэглэгчид борлуулах үнийг дэлгүүр, супермаркедуудтай тус тусад нь гэрээ хийж, жижиглэнгийн үнийг харилцан тогтоосон үйлдэлд нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг үндэслэн торгууль ногдуулсан.

Гэтэл шүүх үйлдвэрлэгч компани болох “М С Э к” ХХК-ийн үнэ тогтоосон зөрчлийг бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хязгаарласан зөрчилд оногдуулсан торгууль мэтээр буруу тайлбарлаж, үндэслэл хэсэгтээ оруулсан нь хариуцагчаас гаргасан тайлбар, зөрчлийн хэрэгт байгаа нотлох баримтуудыг үнэлээгүй, зөрчил нь бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хязгаарлалт бус жижиглэнгийн үнэ харилцан тохиролцсон үйлдэл гэдгийг шүүгч ойлгоогүй, буруу дүгнэж шийдвэрлэсэн.

2. Мөн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...“М С Э к” ХХК “М” ХХК-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд худалдагч тал нь нөгөө талдаа хямд үнийн баталгаа гаргасан тохиролцоог хариуцагчаас Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зохицуулалтад хамаарах нөхцөл байдлыг тогтоолгүйгээр өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн, үнэ хэлэлцэн тогтоох үйлдэл гэж үзэж шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй. “М С Э к” ХХК нь “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-тай байгуулсан гэрээгээр бүтээгдэхүүнийг борлуулах, худалдан авагч тал нь борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хувийг авах нөхцөлийг урьдчилан тохиролцож, үнийг тодорхойлсон, хямд үнээр бараа нийлүүлэх баталгаа гаргасан нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1.1-т заасан зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна” гэжээ.

Гэтэл “М С Э к” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарт “...манай компани нь “М” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 2-ны ..........дугаар бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байна. “М” ХХК-ийн “О” сүлжээ дэлгүүрүүдэд өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулах үнийн саналыг худалдагч талын хувьд гаргаж нэг бүтээгдэхүүнд ..... хувийн нэмэгдэлтэй борлуулах, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэхэд борлуулалтын ... хувийг нэмж төлөх, нийт борлуулалтын .... хувийг тус компани авах нөхцөлтэй гэрээ байгуулсан” гэж хэлснийг шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “..... хувийн нэмэгдэл авахаар урьдчилан тохиролцсон” гэдгийг оруулалгүй хассан байна.

Мөн “М С Э к” ХХК “М” ХХК-иудын 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ....... дугаартай “Нийлүүлэлтийн гэрээ”-ний 2.7-д “Худалдагч тал” /М С Э к” ХХК/ нь зах зээлийн эрэлт хэрэгцээ, валютын ханш, барааны үнийн өсөлт зэргээс хамааран гэрээний үнийн дүн болон борлуулалтын үнэд өөрчлөлт оруулах эрхтэй”, 3.14-т “Худалдан авагч /“М” ХХК/ нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан, “Н” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ....... (...............) дугаартай “Худалдааны хамтран ажиллах гэрээ” байгуулж, гэрээний 6.2-т “Борлуулагчийн дэлгүүрт борлогдох барааны жижиглэнгийн үнийг нийлүүлэгч тал гаргаж өгөх ба энэ тогтоож өгсөн үнээс борлуулагч нь гэрээний 7.1-д заасны дагуу борлуулсны шимтгэл авна”, 6.3-т “Нийлүүлэгчийн /“М С Э к” ХХК/ тогтоож өгсөн жижиглэнгийн үнэ нь ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна. Хямд үнийн баталгааг хангасан байна”, 6.4-т “Хэрэв гэрээний 6.3-т заасан хямд үнийн баталгаа хангагдаагүй тохиолдолд борлуулагч /“Н” ХХК-ийн борлуулалт үйлчилгээний салбар/ нь жижиглэнгийн үнийг илүү хямд үнэтэй зах зээл дээрх бусад өрсөлдөгчидтэй адил хэмжээнд шинэчлэн тогтоож, тухайн үеийн өөрийн нөөцөнд байгаа үлдэгдэл тоо эсвэл сүүлийн 10 хоногийн бараа татан авалтын тоо хоёрын аль өндрийг тооцооны хуучин, шинэ үнийн зөрүүгээр үржүүлсэн дүнг 2 дахин өсгөн нийлүүлэгчээр /“М С Э к” ХХК/ төлүүлэх эсвэл борлуулалтын орлогоос суутган авна”, 7.1-т “Борлуулагч нь нийлүүлэгчтэй харилцан тохиролцсон барааны жижиглэнгийн үнийн дүнгийн ...%-ийг бараа борлуулсны шимтгэл болгон авна”, .... (........) дугаартай гэрээний хавсралт 1.5-д “Дэлхийн хэмжээний сүлжээ дэлгүүрүүд Монгол Улсын зах зээлд үйл ажиллагаа явуулж эхлэх үед тухайн дэлгүүр нь хямд үнийн, бодлого баримталсан тохиолдолд нийлүүлэгч тал тус дэлгүүрт шаардлага хүргүүлэх ба тохиролцоонд хүрээгүй байх хугацаанд борлуулагч тал үндсэн гэрээний 6.4-т баримтлан торгууль ногдуулсан тохиолдолд нийлүүлэгч тал бараа нийлүүлэхгүй байх хүртэл арга хэмжээг авах эрхтэй” гэж,

“С” ХХК-тай байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн .......дугаартай “Худалдан, худалдан авах гэрээ”-ний 4.1.1-т “...Барааны үнэ ижил төрлийн үйл ажиллагаа явуулж буй гуравдагч этгээдэд нийлүүлж буй үнэтэй ижил буюу хямд байна”, 4.1.2-т “Худалдагч тал нь гэрээний 4.1.1-д заасанчлан гуравдагч этгээдэд илүү хямд үнээр бараагаа нийлүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд татан авсан барааны нийт үнийн зөрүүг 2 нугалан худалдан авагч талд үл маргах журмаар төлнө”, мөн тус гэрээний 2017 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн .......... дугаартай “Тусгай нөхцөл”-ийн 4-т “Худалдан авагч тал нь худалдан авагч талын саналын үнийг барих...” гэж тус тус гэрээ хийсэн байна.

Тухайн зах зээл дээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, супермаркетуудын эцсийн хэрэглэгчдэд борлуулах үнийг тохиролцож, бараа борлуулсан дэлгүүрүүд .....-.... хувийг борлуулалтын орлогоос авахаар гэрээ байгуулсан нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлогдох баримтуудаар нотлогдож байгааг шүүгч судалж, шинжлээгүй, нотлох баримтуудыг үнэлээгүй шийдвэрлэсэн.

Эдгээр гэрээнд “жижиглэнгийн үнийг дагана, саналыг үнийг барина” гэж заасныг шүүгч “үнийг хэлцэн тогтоосон зөрчил” гэж үзээгүй.

Өөрөөр хэлбэл Монгол Улсад хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн зах зээлд ...... орчим хувийг, импортын зах зээлийн .....гаруй хувийг эзэлдэг “М С Э к” ХХК өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор Монгол Улсад оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоож, жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа супермаркетуудтай дээрх гэрээг харилцан тохиролцож хийж, жижиглэнгийн үнийг тогтоож өгдөг, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид өөрийн өртөг зардал, ашиг алдагдлаа тооцоолон эцсийн хэрэглэгчид борлуулах үнийг бие даан тогтоохгүйгээр зөвхөн “М С Э к” ХХК-ийн захирлын тушаалаар тогтоосон жижиглэнгийн үнээр борлуулж, тус борлуулалтын нийт үнийн дүнгээс ....-аас ........ хувийг л авдаг.

Энэ нь жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа дэлгүүр, супермаркетууд өөр хоорондоо борлуулах бараа бүтээгдэхүүний үнээр өрсөлдөх, үнийн хямдрал, урамшуулалт худалдаа явуулах замаар хэрэглэгчийг татах, өрсөлдөх боломжийг хязгаарласан гэрээг хийсэн. Энэ үйлдлийг өрсөлдөөний олон улсын зохицуулалтаар “өрсөлдөөний босоо хэлцэл” гэж үздэг.

“М” ХХК нь “М С Э к” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн ........ дугаартай “Нийлүүлэлтийн гэрээ”-ний 3.14-т “Худалдан авагч /“М” ХХК/ нь Худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэж заасныг зөрчсөн “М С Э к” ХХК-ийн үнийн саналаас доогуур үнээр тус компаний бараа, бүтээгдэхүүнийг борлуулахад “М С Э к” ХХК нь жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажилладаг тул “М” ХХК-ийг ......... дугаартай гэрээнд заасан саналын үнэ дагаж мөрдөх талаар 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 463 дугаартай албан бичгээр шаардлага хүргүүлсэн, 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 493 дугаартай албан бичгээр “саналыг үнийг мөрдөхгүй байгаа тул бараа бүтээгдэхүүний хязгаарлалт хийж байгаа талаар” тус тус шаардлага хүргүүлсэн нь нотлогдож байна.

“М С Э к” ХХК нь жижиглэнгийн худалдаа эрхэлдэггүй, зөвхөн шингэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхэлдэг аж ахуй эрхлэгч юм. Гэтэл өөрийн үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирдэг бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоож, жижиглэнгийн нэг үнийн бодлого барихын тулд жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулдаг супермаркет, дэлгүүрүүдтэй тус тусад нь гэрээ байгуулж, ус, ундааны жижиглэнгийн үнийг тогтоож байгаа нь жижиглэнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа супермаркет, дэлгүүрүүдийн тухайн зах зээлд үнээрээ өрсөлдөх, өөрсдийн үйл ажиллагааны зардалд тулгуурлан жижиглэнгийн үнийг тогтоохыг хязгаарласан гэрээ юм.

Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно”, 11.1.1-т “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ/2019/0629 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох /картель/-ыг хориглоно” гэсэн нь “Аж ахуйн нэгж өөрийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний хэрэглэгчдэд худалдах борлуулалтын үнийг өөрөө тодорхойлдог” гэх ойлголтоос хууль зүйн үр дагаврын хувьд өөр агуулгатай болно.

Өрсөлдөөний эрх зүйд үйлдвэрлэгч борлуулагчдын хооронд байгуулсан картелийг босоо хэлбэрийн картель гэх бөгөөд үүний түгээмэл хэлбэр нь үнэ тогтоох гэрээ байдаг. Тухайлбал үүнд үйлдвэрлэгчээс өөрийн бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг тогтоох буюу үнийн дээд доод хэмжээг тогтоохыг борлуулагчаас шаардах харилцаа хамаарна.

“М С Э к” ХХК нь “М” ХХК-ийн “О” сүлжээ дэлгүүр, “Н” ХХК “Н” сүлжээ дэлгүүр, “С” ХХК-ийн “.......” сүлжээ дэлгүүрүүдээр өөрийн үйлдвэрлэсэн шингэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах нийлүүлэлтийн гэрээг эдгээр компаниудтай байгуулахдаа жижиглэнгийн үнийг тогтоосноор Өрсөлдөөний тухай хуульд заасан босоо картель үүсгэсэн байх тул хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д зааснаар “…аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын ....... хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний дагуу “М С Э к” ХХК-ийн өмнөх жилийн борлуулалтын орлогын ..... хувьтай тэнцэх хэмжээний буюу .......... төгрөгөөр торгосон нь хуульд нийцжээ.

Дээрх сүлжээ дэлгүүрүүдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах, дэлгүүрүүд борлуулалтын үнийн дүнгийн тодорхой хувийг авах нөхцөлийг талууд урьдчилан тохиролцох зорилгоор гэрээнд жижиглэнгийн үнийг тодорхойлсноос бус өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн санаа зорилго, аливаа үйлдэл байхгүй гэх боловч хэрэгт авагдсан гэрээнүүдэд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоосон байгаа нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн, энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй.  

Учир нь үйлдвэрлэгчийн хувьд дээрх дэлгүүрүүдэд нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний бөөний үнийг тогтоох эрхтэй, гагцхүү тэдгээрийг худалдах буюу борлуулах жижиглэнгийн үнийг гэрээгээр тогтоосон нь борлуулалтын өрсөлдөөнийг хязгаарлах үр дагаврыг бий болгожээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газарт “М” ХХК-иас гомдол гарснаар анх хяналт шалгалт хийгдсэн, шалтгаан нь тус компанийн “О” худалдааны төвүүдээр гэрээгээр тохирсон үнийг ..... хувиар бууруулан борлуулалт хийж, гэхдээ борлуулалтын орлогын ..... хувийг суутган авч байсан учраас “М С Э к” ХХК-иас бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлах, гэрээний үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагыг удаа дараа хүргүүлсэнтэй холбоотой байдаг.

“М С Э к” ХХК-ийн тухайд бөөний үнийг тогтоон, жижиглэнгийн үнийг гэрээгээр тохиролцоогүй байсан тохиолдолд дээрх байдлаар хязгаарлалт хийх шаардлагагүй, харин борлуулалтын орлогын хувийг хэрхэн тохиролцох нь гэрээний талуудад хамааралтай буюу Өрсөлдөөний тухай хуулиар зохицуулагдахгүй.

Жижиглэнгийн үнийг гэрээгээр тогтоосон нь борлуулагч нарт ижил боломж, ижил нөхцөл мэт харагдавч хууль зүйн агуулгаараа тэдгээрийн зах зээлд өрсөлдөх боломжийг үйлдвэрлэгчийн зүгээс хязгаарласан шинжийг өөртөө агуулдаг.

Түүнчлэн “М С Э к” ХХК-ийн “С” ХХК-тай байгуулсан гэрээг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 527 дугаар шийдвэрээр, “М” ХХК-тай байгуулсан гэрээг мөн шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 633 дугаар шийдвэрээр тус тус өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэгдсэн картель гэж дүгнэж, тэдгээрт ногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээсэн тул эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хариуцлагын тухайд ....... хүртэл хувийн мөнгөн торгуулийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын орлогоос тооцохоор хуульд зааснаас бус картельд оролцогч аж ахуйн нэгжид нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос тооцохоор зохицуулаагүй.

Түүнчлэн Өрсөлдөөний эрх зүйд хариуцлагын тухай авч үзэхдээ картелийн улмаас заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй. Иймд тухайн картелийн зүйл болсон бараа, бүтээгдэхүүний борлуулалтын орлого гэдгийг “М С Э к” ХХК-ийн тайлбарласанчилан “…жилийн борлуулалтын ..... хүрэхгүй хувийг эзэлж буй дээрх 3 сүлжээ дэлгүүрт нийлүүлсэн бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогоос тооцох…” боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2019/0629 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан “М С Э к” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын улсын байцаагч С.Л, Т.Б, Д.Д нарт холбогдуулан гаргасан “2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005531 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч улсын байцаагч Т.Б давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН