Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/01631

 

Ц.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

           2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэр,

           Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

           2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1874 дүгээр магадлалтай,

           Нэхэмжлэгч: Ц.Б 

           Хариуцагч: “Т” ХХК-д холбогдох

           Нийт 21.207.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Ө,  нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Ц.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэр бүл буюу нөхөр  Ж.Батжаргал  “Т” ХХК-тай 2012-01-09-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан Төв аймгийн нутаг "Наран толгой" алтны уурхайд баяжуулагчаар ажиллаж байсан. Тэрээр 20 хоног ажиллаад 10 хоног амардаг байсан. 2012-07-09-нna өдөр ээлжинд гараад  10-ны өглөө ажлаасаа бууж, уурхайгаас Улаанбаатар хот руу автобусаар ирсэн.  Улаанбаатар хотоос гэртээ харихаар өөрийнхөө автомашинаар Эрдэнэт хот руу явсан. Гэр рүүгээ харих замдаа авто осолд орж, амь насаа алдсан. Энэ ослын дараа "Т" ХХК-д үйлдвэрлэлийн ослыг тогтоолгох хүсэлтийг удаа дараа тавьж байсан. 2014 онд зам тээврийн осол гаргасан Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурал болж 12 тоот шийтгэх тогтоол гарсан.Зам тээврийн осолд Ж.Батжаргал буруу гэх  үйлдэл тогтоогдоогүй. Дээрх тогтоолоор үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт даалгасан бөгөөд улсын байцаагчийн 2015-07-29-ний өдрийн дүгнэлт гарч, Ж.Батжаргалыг үйлдвэрлэлийн ослоор нас барсан болохыг тогтоосон. Талийгаачийн үндсэн цалин 396 000 төгрөг, хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг, нийт 484 000 төгрөгийн цалинтай байсан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлд зааснаар 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр 17 424 000 төгрөг, мөн ээлжийн амралт, гэнэт халагдсаны олговорт 3 786 600 төгрөг, нийт 21 207 600 төгрөгийг "Т" ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Батжаргал нь нас барснаар хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Уурхайгаас Улаанбаатар хотод ирээд, гэр рүүгээ харих замдаа осолд орж, нас барсан учраас үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй. Мөн нэхэмжлэл болсон үнийн дүнг ямар тооцооллоор тооцож хариуцагчаас шаардаж байгаа нь тодорхойгүй, ээлжийн амралт болон гэнэт халагдсаны мөнгийг нэхэмжлэх үндэслэлгүй бөгөөд 36 сараар олговор тооцохдоо хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалингаас тооцох нь зөв учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т заасныг баримтлан “Т” ХХК-иас 17 424 000 төгрөг гаргуулан Ц.Бд олгож, нэхэмжлэлээс 3 786 600 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5., 56 дугаар зүйлийн 56.2 -д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 245 070 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар  сарын 18-ны өдрийн 1874 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч хяналтын гомдолдоо: Ж.Батжаргал нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үндсэн цалин 396.000 төгрөг, хээрийн нэмэгдэл 88.000 төгрөг, нийт 484.000 төгрөгийн цалинтай байсан учраас хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т заасан үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг 1 удаа шаардах эрхтэй гэсэн нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36 сар ба түүнээс дээш сарын нөхөн төлбөр тооцохдоо сарын цалинг нь сарын үндсэн цалингаар, эсхүл үндсэн цалин ба нэмэгдлийн нийлбэрээр тооцох эсэх нь тодорхойгүй байхад шүүх энэ заалтыг хэрэглэхдээ ямар нэгэн тайлбар хийгээгүй атлаа нөхөн төлбөр олгох цалинг үндсэн цалин ба хээрийн нэмэгдлийн нийлбэрээр тогтоосон нь хээрийн нэмэгдэл /88.000х36=3 168 000/-ийг тооцон шийдвэрлэж хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Б 2017 оны 03  дугаар сарын 23-ны өдөр “Т” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, гэр бүл буюу нөхөр Ж.Батжаргал 2012 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үйлдвэрлэлийн ослоор нас барсан гэсэн үндэслэлээр 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр 17 424 000 төгрөг, ээлжийн амралт, гэнэт халагдсаны мөнгө 3 786 600 төгрөг нийт 21 207 600 төгрөг шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 17 424 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “... Ж.Батжаргал Т ХХК-д шаазан фильтерийн цехийн ажилчнаар ажиллаж байгаад үйлдвэрлэлийн ослын улмаас /зам тээврийн осол/ нас барсан... нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй...ажилтан үндсэн цалин 396 000 төгрөг, хээрийн нэмэгдэл 88 000 төгрөг нийт 484 000 төгрөгийн  цалинтай байсан нь тогтоогдсон... Хөдөлмөрийн тухай хуулийн 97.1.2-р 36 сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг удаа олгох үндэслэлтэй... ажилтан нас барснаар хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тул үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлт хийсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагч “...  нөхөн төлбөрийг сарын үндсэн цалингаар эсхүл үндсэн цалин болон  нэмэгдлийн нийлбэрээр тооцох эсэх нь тодорхойгүй байхад шүүх ямар нэгэн тайлбаргүйгээр цалинг үндсэн цалин нэмэгдлийн нийлбэрээр тооцож мөнгө гаргуулсан нь буруу...” гэсэн үндэслэлээр  хяналтын гомдол гаргажээ.  

       Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т “үйлдвэрлэлийн осол...-н улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгоно” гэж заасан, Ж.Батжаргал үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан нь тогтоогдсон байх тул “зам тээврийн осол болж нас барсан нь үйлдвэрлэлийн осолд хамаарахгүй” гэсэн агуулга бүхий хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.  

      Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2.-т заасан “...цалинтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөр”-ийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.-д заасан цалин хөлснөөс тооцно. Иймд энэ тухай хариуцагчийн гомдлоор шийдвэр болон магадлалыг хүчингүй болгох боломжгүй.  

      Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :  

      1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2017/01461 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1874 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 65.640 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн 198.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ