| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 182/2023/04118/И |
| Дугаар | 210/МА2024/02147 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/02147
**************гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04112 дугаар шийдвэртэй,
**************гийн нэхэмжлэлтэй,
******************-т холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Хүслэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ************** 2018 оноос ******************-т тооцооны нягтлан бодогч, 2020 оноос ********************* хариуцсан ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ***** дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.
Хяналт шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авч их хэмжээний алдаа, зөрчил гарган, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан тул гэж үндэслэсэн. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн *********************т хяналт шалгалт хийсэн тухай илтгэх хуудсанд нэхэмжлэгчийг тухайн илтгэх хуудсанд заасан 9 зөрчилд шууд хамааралтай гэж дүгнэсэн. Гэтэл 1-5 дугаар зөрчлүүд нэхэмжлэгчид шууд хамааралгүй, 7, 9 дүгээр зөрчилд ажлын хэсгээс хамаарах, 6, 8 дугаар зөрчил нь шууд нэхэмжлэгчид хамаарах зөрчил байсан хэдий ч 2020 оноос өмнөх эзэн холбогдогчгүй, хуучин хөрөнгө барьцаа дансны үлдэгдэл байсныг нэхэмжлэгчийн зөрчилд тооцсон, гэхдээ энэ талаар эрх бүхий албан тушаалтнуудаас мэдээлэл шаардахад гаргаж өгөөгүй, өөрийн зүгээс хөрөнгө илрүүлэх, эзэн холбогдогчийг тогтоох ажиллагаа хийхэд удирдлагын зүгээс дэмжээгүй.
Дээрх зөрчлүүдийг арилгах нь нэхэмжлэгчийн ажил, албан тушаалд шууд хамаарахгүй ба Газрын дарга, Захиргааны дарга, Ажлын хэсгээс ирүүлэх нотлох баримт, санхүүгийн анхан шатны баримт бүрдэл зэргээс хамаардаг. Эл асуудлыг хуульд заасан хугацаанд зөрчлөө арилгах, арга хэмжээ авах, тайлбар мэдээ хүргүүлэх талаар удаа дараа холбогдох дээд удирдлага, хамаарал бүхий албан тушаалтнуудад тухай бүр нь танилцуулж, мэдэгдэж, сануулж, шаардаж байсан.
Мөн энэ талаар аудитын дүгнэлт үйлдсэн эрх бүхий албан тушаалтанд аудитын дүгнэлт үндэслэлтэй байсан эсэх, нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд хамаарах эсэх, дангаар болон хамтран хариуцлага хүлээх эсэх талаар гомдол гаргасан. Мөн Төрийн албаны зөвлөлийн даргад байгууллагын үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хуульд үл нийцэх томилгооны талаар 2023 оны 06 дугаар сард гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлөөс н.Нарангэрэл гэх хүн тухайн асуудлаар удахгүй шийдвэр гаргаж тодорхой хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн.
2020 оноос хүчин төгөлдөр үйлчилсэн Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т зөрчил болон дүгнэлтийн хэлбэрийг тодорхой заасан. Тухайн зүйлд хязгаарлалттай дүгнэлтийн талаарх ойлголт байхгүй бөгөөд дүгнэлт дээр нэхэмжлэгчид хамааралтай, хуульд заасан зөрчлүүдийг дурдаагүй. Их хэмжээний ноцтой алдаа, зөрчлийн талаар газрын дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд заагаагүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэх зүйл нь ажлаас чөлөөлөх /халах/ хэмжээний зөрчил биш, эрх бүхий байгууллагаас заасан хуулийн хугацаанд өмнөх оны аудитын тайлангийн зөрчлийн тайлбар мэдээллийг хүргүүлсээр байтал үндэслэлгүйгээр ажлаас халсан.
Ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөр дуусгавар болгосон. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны 11012307310560 дугаартай эмнэлгийн хуудастай, хүндэтгэн үзэх шалтгаантай үед ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь ээлжийн амралтын цалин гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа тул урьд эрхэлж байсан ажил болох **********хариуцсан ахлах нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******************- нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/93 дугаар захирамжийн хавсралтаар баталсан Газрын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ үзүүлж, удирдлагыг санхүүгийн холбоотой үнэн зөв мэдээллээр хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. ************** нь ************** газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар ********************* хариуцсан ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан бөгөөд түүнийг албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд Байгаль орчны газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/334, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1908 дугаар албан бичгүүдээр ахлах нягтлан бодогчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн зөрчил гаргасны улмаас шинэ нягтлан бодогч томилох тухай саналыг хүргүүлж байсан.
************** нь ажиллаж буй хугацаандаа Төсвийн тухай хуулийн 8.9.1-т Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ хэмээн заасан байхад хуулийн хугацаанд санхүүгийн тайланг гаргаж өгөөгүй учир газрын ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн ёс зүйн зөвлөлийн хурлын 2022 оны 03 дугаар хурлын тэмдэглэлээр 2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй хоцроосон, ажил үүрэгтээ хайнга хандан ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан тул сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлж, газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан нийт ажилтанд зарлах хэлбэрээр нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг оногдуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/6592 дугаар албан бичгээр ************** нь хариуцан ажиллаж буй байгууллагынхаа албан хаагчдын 2022 оны эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллыг давхар бодож олгосон, ажилчдын цалингаас суутгал хийх замаар алдаагаа залруулж нягтлан бодох бүртгэлийн зарчмыг алдагдуулсан тухай албан хаагчдаас гомдол ирсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож хариуг албан бичгээр хүргүүлнэ үү гэсэн мэдэгдлийг ирүүлсэн бөгөөд Нийслэлийн ******************--ын удирдлагын зүгээс **************д дахин алдаа дутагдал гаргахгүй байж, ажлаа мэргэжлийн түвшинд өндөр хариуцлагатай хийх талаар хатуу анхааруулж, сануулсан.
2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 261 дугаар албан бичгээр Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 10,888,360.7 мянган төгрөгийн залруулаагүй алдаа, зөрчил илэрч хязгаарлалттай дүгнэлт гарсан. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 03/3548 дугаар албан бичгээр 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлтэд нөлөөлөхүйц алдаа, зөрчил гаргасан *********************т ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон нягтлан бодох бүртгэл тайлагнахтай холбоотой 9 зөрчил илрүүлсэн бөгөөд энэ бүхэн нь ахлах нягтлан бодогч **************тай холбоотой.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул сахилгын шийтгэл ногдуулах саналыг ажлын хэсэг гаргаж ажлын хэсгээс гаргасан санал дүгнэлтийн дагуу холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцож, мэдээллийг 2023 оны 06 дугаар сарын 13-ны дотор ирүүлнэ үү гэсэн. Байгууллагын зүгээс ажлаас халах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаар сонсох ажиллагаа зохион байгуулан тайлбар санал нотлох баримттай танилцсан. 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр **************гийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу түүний нөхцөл байдлыг харгалзан үзэн газрын даргын 2023 оны Б/200 дугаар тушаалаар 06 дугаар сарын 12-ны өдрөөс 06 сарын 19-ний өдрийг дуустал ажлын 6 өдрийн цалинтай чөлөө олгосон. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ***** тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон.
************** нь өөрийн хувийн байдалтай холбоотой өргөдлийг цаг тухайд өгөх, хүний нөөцийн ажилтанд мэдэгддэг байсан боловч 07 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд эмнэлгийн магадалгаатай байгаа, гэмтэл авсан тухайгаа захиргаанд мэдэгдээгүй ба тушаалтай танилцах, ажил хүлээлцэхдээ ч албан ёсоор мэдэгдээгүй байсаар Санхүүд 07 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон эмнэлгийн магадлагаа (лист) ирсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 60.1.2-т 80.1.4-т зааснаас бусад тохиолдолд эмнэлгийн магадалгаатай байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалахаар заасан. ************** нь хуулийн 80.1.4-т заасан зөрчлийг гаргасан тул нэхэмжлэлд дурдсан эмнэлгийн магадлагаатай байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй юм.
Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 01/2691 дугаар албан бичигт тухайн байгууллагад хийгдсэн аудитын хяналт шалгалтын биелэлтийг хүргүүлсэн. Нийслэлийн дотоод аудитын албанаас Байгаль орчны газрын 2021 он, 2022 оны 3 улирлын байдлаар үйл ажиллагаанд хийсэн дотоод аудит, хяналт шалгалтаар улсын байцаагчийн тогтоосон нийт 62,669,000 мянган төгрөгийн нийт 8 акт тогтоосноос 49,268,800 мянган төгрөгийг барагдуулж, үлдэгдэл болох 13,429,500 мянган төгрөгийг барагдуулах шаардлагатай байна гэх, Нийслэл дэх төрийн аудитын газраас 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар 24,350,148 төгрөгийн зөрчил илэрч, нийт 5 акт, 1 албан шаардлага тогтоосноос 5,634,669 төгрөгийг барагдуулж, үлдэгдэл 18,715,479 төгрөгийг барагдуулах шаардлагатай байна гэжээ. ************** нь Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т "Энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан этгээд, хүчин төгөлдөр болсон албан шаардлага, төлбөрийн актыг хугацаанд нь биелүүлээгүй, аудитын үйл ажиллагаанд саад учруулсан, санхүүгийн тайлангийн аудитаар сөрөг дүгнэлт авсан, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитаар илэрсэн бол тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно." хэмээн заасныг зөрчсөн тул мөн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй байсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл оногдуулах, 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, шийдвэрийг ***** тушаалаар хамтад нь гаргасан. Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүйгээс гадна давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэжээ. **************гийн эхний зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа 1 жилээс хэтрээгүй бөгөөд давтан гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасны дагуу тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болж байгаа.
Иймээс нэхэмжлэгч **************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т тус тус заасныг баримтлан ******************-т холбогдох **********хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай **************гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ************** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбайн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. **************г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тушаалын үндэслэх хэсэгт хязгаарлалттай дүгнэлт" авсан гэж, хязгаарлалттай дүгнэлт нь Нийслэл дэх аудитын газрын дүгнэлт байдаг. Гэтэл тухайн дүгнэлтийг хүчингүй болгосон тухай албан бичгийг Үндэсний аудитын газраас шүүхэд ирүүлсэн. Өөрөөр хэлбэл шүүх бүхэл дүгнэлтээс зарим хэсэг нь хүчингүй болоход анх үйлдсэн дүгнэлт бүхэлдээ хүчингүй болж, агуулга, түүнд хамаарах үр дагавар өөрчлөгддөг болохыг дүгнээгүй, түүнд хамаарах нотлох баримтыг дүгнээгүй.
4.2. Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч **********Цахим хөгжил, мэдээллийн технологийн газраас ирүүлсэн баримт нь **************д холбогдох мэдээлэл сэргээгдэх боломжгүй гэсэн болохоос **************, Нийслэлийн ******************-, Нийслэлийн Байгаль орчны газрын зөв, буруу, муу, сайныг дүгнэхгүй орхих гэсэн ойлголт биш. Харин энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэх боломжтой байсан.
Иймд дээрх гомдлын үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан журмын хүрээнд бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэнэ үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Хүслэн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:
5.1 Нийслэлийн Аудитын газар биш Нийслэл дэх Төрийн Аудитын газраас хязгаарлалттай дүгнэлт олгосон. Үндэсний Аудитын газраас ирсэн албан бичигт Нийслэл дэх Төрийн Аудитын газраас *********************т хүргүүлсэн аудитын дүгнэлтийн төлбөрийн 2 актыг хүчингүй болгосон буюу нэхэмжлэгчийн нийт гаргасан 9 зөрчлийн 2 зөрчлийг нь залруулсан. Энэхүү 2 төлбөрийн актыг хүчингүй болгож байгаа үндэслэл нь тухайн актыг бүхэлд нь хүчингүй гэж үзэх үндэслэл боломжгүй. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр 15 дугаар талын 33 дахь мөрөөс Үндэсний Аудитын газраас хүчингүй болгосон төлбөрийн актуудыг дурдсан. Төлбөрийн актыг хүчингүй болгосноор хамаарах үр дагавар өөрчлөгдөх тухайд нэхэмжлэгч **************гийн гаргасан зөрчил арилахгүй. 2 зөрчил арилсан ч гэсэн үлдсэн 7 зөрчил **************д хамааралтай байгаа нь түүнийг зөрчил, алдаа дутагдал гаргасан гэж тооцох үндэслэл болохгүй.
Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас ирүүлсэн баримттай холбоотой нэхэмжлэгч тал маргахдаа ирцийн асуудлыг хөндөж ярьдаг. Өөрөөр хэлбэл, ************** ажилдаа хариуцлагатай хандаж байсан болох нь ажилдаа ирж байсан ирцээр нь нотлогдоно. Тиймээс **************гийн ирцийн мэдээллийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг тавьж байсан. Гэвч **************г ажлаас чөлөөлөхдөө түүний тухайн үед ажиллаж байсан бүртгэлийг нь устгасан тул сэргээгдэх боломжгүй болохыг нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан боловч нэхэмжлэгч манай байгууллагыг санаатайгаар өөрийнх нь мэдээллийг устгасан гэж маргадаг. Энэ талаар тодруулахад Нийслэлийн Цахим хөгжил, мэдээлэл технологийн газраас хэрэгт баримтаар авагдсан албан бичиг ирсэн. Анхан шатны шүүх хэргийг яаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой гэж үзсэн нь тодорхой бус байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ************** нь хариуцагч ******************-т холбогдуулан **********хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч ************** нь ******************-т ********************* хариуцсан ахлах нягтлан бодогчоор ажиллаж 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ, мөн өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус байгуулсан, тэдгээрийн хооронд хөдөлмөрийн эрхийн харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх дүгнэлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.
4. ************** газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн ***** тоот тушаалаар ********************* хариуцсан ахлах нягтлан бодогч ************** нь Нийслэлийн Төрийн аудитыг газраас *********************т хийсэн хяналт шалгалтаар хязгаарлалттай дүгнэлт авч их хэмжээний ноцтой алдаа зөрчил гарган ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Анхан шатны шүүх уг тушаалын үндэслэлийг тодорхойлж бичээгүй алдаа гаргасныг залруулах боломжтой гэж дүгнэлээ.
Ажил олгогч тушаал гаргахдаа Монгол Улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 03/3548 дугаартай албан бичиг, ************** газрын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.11, Хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.9-д заасныг тус тус баримталсныг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
Тушаалыг эрх бүхий этгээд гаргасан эсэх талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй.
Тушаалын үндэслэл тогтоогдсон эсэх, тушаалын үндэслэл баримталсан заалттай нийцсэн эсэхийг шүүх дүгнэх учиртай.
5. Анхан шатны шүүх ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хугацааг 5 хоногоор хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь алдаатай болжээ. Учир нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдааны 63 дугаар шийдвэрийг ажилтан ************** 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гардаж авсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт: Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасны дагуу ажилтны гомдол гаргах хугацааг тоолбол 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дуусахаар байх бөгөөд тэрээр 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хуульд заасан хугацааны дотор гэж дүгнэнэ.
6. Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 261 тоот аудитын хязгаарлалттай дүгнэлтэд Төсвийн шууд захирагчийн 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 10,888,360.7 мянган төгрөгийн залруулаагүй алдаа зөрчил илэрсэн гээд төлбөрийн 5 акт тавьж, 1 албан шаардлага хүргүүлж, 10,864,010.6 мянган төгрөгийн 6 зөвлөмж өгсөн гэжээ.
Төлбөр барагдуулах тухай 8/А0270182, 9/А0270182, 10/А0270182, 11/А0270182, 12/А0270182 тоот акт гарснаас 8/А0270182, 12/А0270182 тоот актыг Монгол Улсын ерөнхий аудиторын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/11 тоот тушаалаар хүчингүй болгосон тул үлдэх 3 актад анхан шатны шүүх дүгнэлт өгсөн нь зөв болжээ.
6.1. 9/А0270182 тоот актаар Галт зэвсэг эзэмших, ашиглах хадгалах аюулгүй ажиллагааны сургалтын зардалд /33 байгаль хамгаалагчийг хамруулахаар төлбөр төлөгдсөн боловч 27 байгаль хамгаалагч суралцаж, гэрчилгээ авсан/ 900,000 төгрөгийг илүү төлсөн нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 үнэн зөв байх заалтуудтай нийцээгүй, эрх ба үүрэг, иж бүрэн байх, нийцсэн бөгөөд зохистой байх батламж мэдэгдлийг хангаагүй,
6.2. 10/А0270182 тоот актаар Гүйцэтгэгч аж ахуй нэгж байгууллагатай, тооцоо нийлсэн актгүй, ажил гүйцэтгэх гэрээний тусгай нөхцөлд заасан барьцааны хугацаа хэзээ дууссан нь тодорхойгүй 4,734,669 төгрөгийн барьцааг төвлөрүүлээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.4. үнэн зөв байх, Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7. Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ" заалттай нийцэхгүй, эрх ба үүрэг батламж мэдэгдлийг хангаагүй,
6.3. 11/А0270182 тоот актаар Газрын даргын 2022 оны А/101, А/154 дүгээр тушаалаар албан хаагчдад хагас, бүтэн жилийн үр дүнгийн урамшууллыг олгохдоо мөнгөн урамшууллын дээд хэмжээг хэтрүүлэн 5,818,229 төгрөгийг олгосон нь Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5. хариуцлагатай байх, 6 дугаар зүйлийн 6.4.1. Төсвийг үр ашигтай хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журмын 2.2. Төрийн албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшууллын дээд хэмжээ нь албан хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалттай нийцэхгүй гэж тус тус тодорхойлжээ.
6.4. Дээрх 3 актын 2 дахь заалтад актын биелэлтийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн дотор Нийслэл дэх Төрийн аудитыг газарт ирүүлэхийг Нийслэлийн Байгаль орчны газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ************, нягтлан бодогч ************** нарт хариуцуулахаар тогтжээ.
6.5. Дээрх 3 акт хүчинтэй байна.
7. 9/А0270182, 10/А0270182, 11/А0270182 тоот актад дурдсан алдаа нь ажилтан **************гийн хууль болон гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөнтэй холбоотой. Энэхүү зөрчлүүд нь талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.4.9-т заасан ажил үүрэгтээ хайнга, хариуцлагагүй хандаж, ажлын хариуцлага алдсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд хамаарч байна.
8. Ажил олгогч нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Сонсгох ажиллагаа явуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах, ...-аар зохицуулсантай нийцжээ.
9. Иймд ажил олгогчийн гаргасан тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцсэн гэж дүгнэнэ.
10. Нэхэмжлэгч ************** нь 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг дуустал эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан ноцтой зөрчил гаргаснаар хөдөлмөрийн эрхийн харилцаа дуусгавар болгож байгаа нь мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан эмнэлгийн магадлагаагаар чөлөөтэй байх хугацаанд ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд хамаарахгүй болно гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.
11. Ажил олгогчийн тушаалын үндэслэлд ажилтыг давтан зөрчил гаргасан гэж заагаагүй тул ажил олгогчоос ажилтанд 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар ажилтан **************д сахилгын шийтгэл ногдуулсан талаар дүгнэх шаардлагагүй байжээ.
12. Түүнчлэн ажил олгогч нь ажилтантай Ажлын байрны тодорхойлолт-ыг танилцуулсан талаар баримтгүй байхад анхан шатны шүүх Ажлын байрны тодорхойлолтын маягт гэх баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай талаас нь үнэлэх журмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, Ажлын байрны тодорхойлолтын маягт гэх баримтыг ажил олгогч хэрэглэхээр баталсан нь ажилтанд танилцуулж гарын үсэг зуруулаагүй тохиолдолд уг ажилтны ажлын байранд хамаарах чиг үүргийг хүлээлгэх үндэслэл болохгүй болно.
13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/04112 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА