Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/71

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:    

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1807006150051 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, *******, ******* хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Н.М.

 

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Н.М нь Налайх дүүргийн тоотод Д.К, С.Р нартай архидан согтуурч улмаар Д.Ктай намайг гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж тархи доргилт, баруун дээд зовхи, дээд уруул, амны хөндийд шарх, нүүр, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Мгийн өгсөн: “Бид нар Кыд ганц 2 шил архи уусан. Тэгсэн намайг үгээр доромжлоод байхаар нь би гараараа цохиосон. 10 гаруй удаа гараараа цохисон. Өмнө нь хохирогчтой маргалдаж байгаагүй. Урьд нь ингэж маргалдаж байгаагүй. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй” гэх мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Кы өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би гэртээ бага зэрэг архи уугаад гэрээсээ гарч хашааны арын хаалгаар гарахад Р гэх танилтай таарч юм яриад зогсож байхад танил Н.М ирсэн юм. Тэгээд манай гэрт орж “Сайхан” нэртэй 0,75 литрийн архи задалж ууж байхад Р унтаад өгсөн. Бид хоёр үлдэж юм ярингаа архиа ууж байгаад тал нь үлдэхээр нь би Н.Мд “чи одоо энэ архийг аваад явчих, эхнэр хүүхэд ирэх боллоо” гэж хэлэхэд “чи манайг хөөлөө” гэж уурлан гал тогооны өрөөнд ширээний өмнө доор сууж байхад Н.М миний толгой, нүүр, зүүн шүд, ам, хамар хавьд хэд хэдэн удаа цохиход би ухаан балартаж унасан. Нэг сэрэхэл Рыкабек /бид нар Жанжаа гэж дууддаг/ сэрчихсэн “би явлаа та нарын зодоонд хамаагүй шүү” гээд гарч явсан. Тэр үед Н.М хажууд газар сууж байсан ба миний эргэн тойронд нэл цус, нөж болсон, толгой, уруул, ам, нүүр бүхэлдээ хавдаж маш хүчтэй өвдөж байсан. Тэгээд би дахиад ухаан алдаж унаад, газар шалан дээр хэвтэж байхад манай эхнэр А орж ирж сэрээгээд түргэн цагдаа дуудсан.

...Би шүүх хуралдаанд оролцохгүй. Би хотоос хойшоо хөдөө барилга дээр ажиллаж байгаа болохоор дахин нааш цааш явж ирэх боломж байхгүй. Барилга дээрээ намар болтол ажиллана...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 10-17 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч М.Агийн өгсөн “...Нөхөр Курамхаан гал тогооны өрөөндөө цус, нөжтэйгээ холилдсон согтуу хэвтэж байсан. Татахад ухаан алдсан байдалтай сэрэхгүй байсан. Ингээд татаж, татаж сэрээхэд нүүр, ам нь хавдаж нил цус болсон би яасан юу болсон гэхэд дугарч чадахгүй ёолоод байсан. би хашааны хойд хаалгаар ороход хаалган дээр Н.М гэх залуу таарч “нөхөр чинь томроод байхаар нь зодчихлоо” гэж хэлчихээд зугтаачихсан...” гэх мэдүүлэг, 

/хх-ийн 18-21 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрч С.Рийн өгсөн “...Унтаж байхад хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг байсан ч би сэрж чадаагүй юм. Гэнэт хүн татаад сэрээч гэхээр нь сэрээд харахад Н.М татаад босгосон. К нүүр, ам нь цус, нөж болчихсон хажууд сууж байсан. Мөн хулдаасан шалан дээр нэлээн цус асгарсан байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

 

          Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №08шэ/567 дугаар:

  1. “Д.Кы биед тархи доргилт, баруун доод зовхи, дээд уруул, амны хөндийд шарх, нүүр баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

/хх-ийн 32 дугаар тал/

 

Яаралтай тусламж үйлчилгээний хуудас,

/хх-ийн 33-34 дүгээр тал/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 49 дүгээр тал/

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 70 дугаар тал/

 

Нийслэлийн Налайх дүүргийн ны тодорхойлолт,

/хх-ийн 71 дүгээр тал/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн компьютерт томографи,

/хх-ийн 82 дугаар тал/

 

Хохирлын баримт,

/хх-ийн 83 дугаар тал/

 

Эрэн сурвалжлалт зарлах, оргодол эрэн сурвалжлах сангийн бүртгэл,

/хх-ийн 87-92 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

  1. Гэм буруугийн талаар                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Шүүгдэгч Н.М нь Налайх дүүргийн тоотод Д.К, С.Р нартай архидан согтуурч улмаар Д.Ктай намайг гэрээсээ хөөлөө гэх шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа олон удаа цохиж тархи доргилт, баруун дээд зовхи, дээд уруул, амны хөндийд шарх, нүүр, баруун нүдний салст, хүзүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Н.Мгийн өгсөн “...Тэгсэн намайг үгээр доромжлоод байхаар нь би гараараа цохиосон...” гэх,

хохирогч Д.Кы “...Н.Мд “чи одоо энэ архийг аваад явчих, эхнэр хүүхэд ирэх боллоо” гэж хэлэхэд “чи манайг хөөлөө” гэж уурлан гал тогооны өрөөнд ширээний өмнө доор сууж байхад Н.М миний толгой, нүүр, зүүн шүд, ам, хамар хавьд хэд хэдэн удаа цохиход би ухаан балартаж унасан...” гэх,

гэрч М.Агийн “...Н.М гэх залуу таарч “нөхөр чинь томроод байхаар нь зодчихлоо” гэж хэлчихээд зугтаачихсан...” гэх,

гэрч С.Рын “...Н.М татаад босгосон. К нүүр, ам нь цус, нөж болчихсон хажууд сууж байсан...” гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №08шэ/567 дугаар дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд нь тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

  1.  Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Шүүгдэгч Н.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна.” гэх,

Өөрий өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцож буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд Н.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

 

  1. Бусад асуудлаар

          Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 346,800 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Мгаас гаргуулан хохирогч Д.Кд олгож шийдвэрлэв. 

 

          Хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ******* овогт Н.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мг 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Мд мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Н.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Н.Мд нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Мгаас 346,800 төгрөгийг гаргуулан хохирогч Д.Кд олгосугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ