| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/02523/И |
| Дугаар | 210/МА2024/02145 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2024/02145
**************** ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дугаар шийдвэртэй,
**************** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
*************т холбогдох
Орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч ********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар, Б.Борхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Иргэн ************* нь манай компанийн өмчлөлийн Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот хаягт байрлах 92.18 м.кв талбайтай гурван өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож 2010 онд нүүж орсон боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй, орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Бид энэ хугацаанд төлбөрөө төл, эсхүл орон сууцыг чөлөөлж өг гэж удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандаж байна.
Иймд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа *************ийг албадан гаргаж, орон сууцыг чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. **************** ХХК-тай гэрээ байгуулж гэрээнд заасан төлбөрийг бүхэлд нь төлж барагдуулан улсын комисс орон сууцыг хүлээн авч, ашиглалтад оруулахад нь нүүж орсон бөгөөд 2010 оноос хойш одоог хүртэл тухайн орон сууцанд миний бие ээж болон гэр бүлийн хамт амьдарч байна.
**************** ХХК-д төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад миний үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг элдэв шалтаг тоочин гаргаж өгөхгүй байгаа. Би Монгол Улсад сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд тогтмол амьдрахгүй байгаа болохоор үл хөдлөхийн гэрчилгээг удахгүй өгөх байх өөрөө ч орон сууцандаа амьдраад байгаа болохоор идэвхийлэн хөөцөлдөлгүй өдийг хүрсэн. Төлбөрийг **************** ХХК-ийн захирал ***********т 52,594 ам.доллар, ********д 21,000 ам.доллар тус тус хүлээлгэн өгсөн бөгөөд орон сууцыг хууль ёсоор худалдан авч, төлбөрөө бүхэлд нь төлж барагдуулсан байхад орон сууцнаас албадан чөлөөлүүлэх үндэслэлгүй гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
3.1. 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр **************** ХХК, түүнийг төлөөлж борлуулалтын менежер ********той Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан ба тухайн орон сууцны 1 м.кв талбай нь 900 ам.доллар буюу нийт 92.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 91,258 ам.доллараар худалдан авахаар байсан. Тухайн үед гэрээ байгуулахдаа **************** ХХК-ийн захирал ***********той харилцан тохиролцож тухайн орон сууцыг 1 м.кв талбайг 800 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр захирал *********** нь гарын үсгээ зурж баталгаажуулан 800 ам.доллар болгосон.
2010 оноос хойш тухайн орон сууцанд өөрийн гэр бүлийнхэнтэйгээ хамт одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд цахилгааны төлбөр, кабель, контор, СӨХ зэрэг төлбөрүүдээ сар бүрт тогтмол төлсөөр ирсэн. Тухайн орон сууцыг худалдан авсантай холбоотойгоор төлбөрийн ямар нэгэн үлдэгдэлгүй байхад хариуцагч нь миний орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг орон сууц захиалгын гэрээ болон холбогдох хуульд заасны дагуу одоо болтол гэрчилгээ гаргаж өгөхгүй, гэрчилгээ гаргахтай холбоотой шаардлагатай баримтуудыг ч гаргаж өгөхгүй шалтаг тоочсоор байгаа.
Тухайн орон сууцны захиалгаар бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасны дагуу миний зүгээс гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч **************** ХХК нь одоо болтол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт материалуудыг гаргаж өгөхгүй нэхэмжлэгч намайг хохироосоор байна.
Иймд Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоон үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг гаргуулж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
4.1. Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот *************ийн орон сууцны төлбөр дутуу тухайд:
**************** ХХК нь 2008 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 18 тоот гэрээг *************тэй хийж, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот орон сууцыг 990 ам.доллараар тооцож, 91,258 ам.доллараар захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Тус гэрээгээр орон сууцны үнийн дүнг захиалагч ************* **************** ХХК-ийн Голомт банкны 1601424450 тоот дансанд 2009 оны 12 сарын дотор төлөхөөр үүрэг хүлээсэн. Орон сууцыг барьж дуусаад 2010 оны 12 дугаар сарын 28-нд улсын комисс ажиллуулж ашиглалтад өгч, тэр өдрөө ** тоот орон сууцыг гүйцэтгэгч нь захиалагч *************т хүлээлгэн өгч тэрээр өнөөдөр хүртэл 13 жил тус байранд амьдарч байгаа боловч төлбөрөө гүйцээж төлсөнгүй.
Орон сууцны төлбөр тооцооны хувьд 21,000 ам.доллар төлсөн, 70,258 ам.доллар төлөөгүй. Удаа дараа шаардсан боловч үлдэгдэл төлбөрөө төлөөгүй. 2011 оны 01 дүгээр сарын 24-нд шаардах хуудас, 2011 оны 06 дугаар сарын 27-нд алданги тооцох мэдэгдэл, 2011 оны 07 дугаар сарын 24-нд гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлж, 2011 оны 12 дугаар сарын 21-нд талууд тооцоо нийлж, ************* гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гарахгүй байгаа тул **************** ХХК гэрээ ба хуульд заасны дагуу гэрээнээс татгалзаж байгааг мэдэгдсэн. 2022 оны 07 дугаар сарын 19-нд талууд **************** ХХК-ийн оффис дээр, 2022 оны 11 дүгээр сарын 14-нд *************ийн ажил дээр уулзах үеэр нэхэмжлэгч хариуцагчаас төлбөрөө шаардсан боловч үр дүнд хүрээгүй.
Гэрээний 2.4-д заасны дагуу төлбөрийн үлдэгдэлтэй нөхцөлд өмчлөх эрх **************** ХХК-д байгаа. Бид энэ хугацаанд төлбөрөө төл, эсхүл орон сууцыг чөлөөлж өг гэж удаа дараа хандсан боловч тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа тул арга буюу шүүхэд хандсан. Хэрэв гэрээний заалт, төлбөрийн тухай маргаж байгаа бол Иргэний хуулийн дагуу захиалагч Иргэний шүүхэд хандах эрх нь нээлттэй.
*********** **************** ХХК-д хамааралгүй талаар:
***********той нэр дээр байсан **************** ХХК-ийн 100 хувийн хувьцааг 2008 оны 05 дугаар сарын 12-нд Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулж 73,540,000 төгрөгөөр худалдаж авсан. Үүнээс хойш *********** **************** ХХК-д хамааралгүй этгээд болсон.
**************** ХХК 2008 оны 07 дугаар сарын 22-ноос 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 12 давхар 72 айлын орон сууц өөрийн газар дээр барьж ашиглалтад оруулсан.
Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар 2009 онд ***********ийн дүү ******** нэхэмжилж, хариуцагч *********** зөвшөөрсөн шүүхийн маргаан гурван шатны шүүхээр орж, ********ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ***********, ******** нарын хооронд байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээг хуулийг зөрчөөгүй гэж эцэслэн шийдвэрлэсэн.
Иймд *************ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****ы тайлбарын агуулга:
5.1. ***** болон ******** нар нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 50 сая төгрөгийг 1 жилийн хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр тохиролцож, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх иргэний хэргийн маргааны зүйл болох **************** ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, нотариатаар баталгаажуулсан. Ийнхүү зээлийн гэрээний хугацааг тухай бүр нь сунгаж байсан бөгөөд зээлийн төлбөрөө төлөхгүй байсан тул ***** шүүхэд нэхэмжлэл гаргасан. *****ы нэхэмжлэлтэй **************** ХХК, ******** нарт холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2023/01383 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоо энэ шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. ************* нь орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөрийг **************** ХХК-д бүрэн төлснөөр өмчлөгчөөр тогтоолгох эрх зүйн үндэслэл бүрдэнэ гэж үзэж байна. Гэтэл хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд төлбөр төлсөн баримтыг шүүхэд бүрэн ирүүлээгүй байна.
Иймд **************** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *************ийг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 байр, ** тоот хаягт байрлах, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг нэхэмжлэгч **************** ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч *************ийг албадан гаргуулж, орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч **************** ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч **************** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,735,244 /нэг сая долоон зуун гучин таван мянга хоёр зуун дөчин дөрөв/ төгрөг, хариуцагч *************ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,805,444 /нэг сая найман зуун таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч **************** ХХК-аас 1,805,444 /нэг сая найман зуун таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хариуцагч *************т олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх хариуцагч ************* болон гэрч *********** нарын хооронд үйлдсэн төлбөр төлсөн баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн төлбөр авсан гэх *********** нь нэхэмжлэгч **************** ХХК-д хамааралгүй, төлбөрийг хүлээн авах, хэлцэл хийх эрхгүй этгээд юм.
Түүнчлэн талуудын хооронд гэрээ байгуулагдах үед Нягтлан бүртгэлийн тухай хууль үйлчилж байсан бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан анхан шатны баримт нь хуулийн шаардлага хангаагүй. **************** ХХК-д орон сууцны төлбөр орлого болж орсон гэх нотлох баримт байхгүй.
2008 онд *********** нь **************** ХХК-ийн бүх хувьцааг ********д худалдсан. Гэтэл барилгын үйл ажиллагаа жигдэрсний дараа *********** нь хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл гэрч *********** нь ***************** ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй.
7.2. Хэлцэлд төлөөлөх тухай ойлголтыг Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт хуульчилсан болохоос төлбөр хүлээн авах эрхгүй этгээдэд төлбөр төлснийг зөвтгөсөн хуулийн зохицуулалт биш юм. Маргааны үйл баримтын тухайд хариуцагч ************* болон *********** нарын хооронд ямар нэг хэлцэл хийгдээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд ***********ийн нэр огт байхгүй, гарын үсэг зураагүй. Энэ тохиолдолд *********** нь **************** ХХК-ийн захирал, төлбөр хүлээн авах эрхтэй этгээд гэж ойлгох үндэслэл болохгүй.
Иймд давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэжээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
8.1. Шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч буюу худалдагч гэрээний зүйлийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, худалдан авагч худалдсан эд хөрөнгийг хүлээн авсан боловч тохирсон үнийг төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 196, 243 дугаар зүйлийн холбогдох зохицуулалтад нийцэхгүй.
Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.1-д Гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд нь **************** ХХК-ийн тоот дансанд төлөх үүрэгтэй, 8.2-т Талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл эсвэл саналын талаар санал нэгдсэн бол нэмэлт, өөрчлөлт хийх гэрээг хийж гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан. Гэтэл ************* нь ***********т бэлнээр болон түүний хувийн дансаар гэрээний дагуу төлбөр төлсөн эсэх, гэрээнд нэмэлт өөрчлөлтийг хэрхэн, яаж оруулсанд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хариуцагч *************ийн 2009 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2011 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл байрны төлбөрийг төлсөн гэх баримтуудын жагсаалтыг шүүхийн шийдвэрийн 6.2-т дурдагдсан бөгөөд тэрээр **************** ХХК-ийн 2011 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 23/2011 тоот алданги тооцох мэдэгдэл, 2011 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 27/2011 тоот гэрээ цуцлах мэдэгдэл зэргээс 2011 оны 01 дүгээр сард ***********ийг гүйцэтгэх захирал биш гэдгийг мэдэж байсан нь харагдаж байхад шүүх гүйцэтгэх захирал гэсэн ойлголтыг төрүүлсэн, үнийг төлснийг буруутгахгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн худалдагч **************** ХХК нь ***********т итгэмжлэл өгч, төлбөр тооцоо хийх эрхийг болон гэрээг өөрчлөх эрхийг олгоогүй тул түүний хүлээн авсан төлбөрийг **************** ХХК хүлээн авсан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
9.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ******** гэж гарын үсэг зурагдсан боловч иргэдэд тараасан брошурыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд *********** нь тухайн төслийн удирдагч, барилга хариуцсан захирлаар танилцуулагдсан.
Хуулийн этгээдийн төлөөлөх эрхтэй субъект нь ***********, харин ********г компанийн ажилтан гэж ойлгож гэрээний дагуу байрны төлбөрийг төлж барагдуулсан. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч **************** ХХК-иас гэрээг дүгнэж, 2011 оны 11 дүгээр сард тооцооны үлдэгдэлгүй гэх баримт бичгийг үйлдсэн бөгөөд үүнээс хойш талууд ямар нэг эрх зүйн харилцаанд ороогүй.
Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд 2011 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийсэн сүүлийн баримт бичгээр тооцож үзвэл Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзнэ.
Шүүхэд гэрээ дүгнэсэн акт, төлбөр төлсөн баримтуудаа ***********той тооцоо нийлсэн баримтаа нотлох баримтаар өгсөн бөгөөд гэрч *********** уг үйл баримтын талаар мэдүүлдэг. *************ээс орж ирсэн төлбөр тооцооны асуудлыг тайлагнах нь нэхэмжлэгч компанийн дотоод үйл ажиллагааны асуудал бөгөөд ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй. 21,000 ам.долларыг төлсөн талаар талууд маргаагүй, харин үлдэгдэл 52,000 ам.долларыг ***********т төлснийг *********** гэрчилсэн, мөн холбогдох баримтуудыг гаргаж өгсөн.
Иймд шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч **************** ХХК нь хариуцагч *************т холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгүүлэхэд шаардлагатай баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигч, гуравдагч этгээд энэ талаар маргаангүй. Үүнд:
3.1 **************** ХХК болон ************* нар 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны байр захиалгаар бариулах нэртэй гэрээг байгуулж, гэрээгээр **************** ХХК нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 дүгээр байр, ** тоот хаягт оршин байх 92.18 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг *************т хүлээлгэн өгөх, ************* нь орон сууцны үнэд 91,258 ам.долларыг төлөхөөр харилцан тохиролцсон.
3.2. Хариуцагч ************* нь нэхэмжлэгч **************** ХХК-д 21,000 ам.доллар төлсөн.
3.3. **************** ХХК 2010 оны 12 дугаар сарын 28-ны өдөр орон сууцыг *************т хүлээлгэн өгсөн, тэрээр орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа.
4. Анхан шатны шүүх **************** ХХК, ************* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
5. Анхан шатны шүүх маргааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээний үнийг худалдан авагч дутуу /бүрэн/ төлсөн эсэх талаар гэж тодорхойлсон нь зөв болсон боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс үйл баримтыг буруу тогтоосныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэлээ.
5.1. Хариуцагч ************* нь **************** ХХК-ийн захирал ***********т 52,594 ам.доллар хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, нотлох баримтаар 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ************* болон *********** нарын хооронд хийгдсэн Төлбөр хүлээн авсан баримт-ыг гаргаж өгчээ. Уг баримтад 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 39,244 ам.доллар, 2010 оны 9 дүгээр сарын 04-ны өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 13,350 ам.долларыг төлсөн гэж тэмдэглэгджээ.
5.2. *********** болон ******** нар 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *********** нь нэг бүрийн үнэ 1,000 төгрөг бүхий 73,540 ширхэг хувьцааг ********д худалдахаар тохиролцож, мөн өдөр Эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж **************** ХХК-ийн эрхийг ********д шилжүүлэхээр тохиролцсон. Улмаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлд **************** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр ********г 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр бүртгэсэн байна.
Түүнээс гадна 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар *********** болон ******** нар Газар ба **************** ХХК-ийг худалдаж авсан, тооцоо нийлсэн акт үйлдэж, уг актад ***********оос **************** ХХК-ийн хувьцааг 275,978 ам.доллараар худалдан авч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн ба энэ талаар *********** ямар нэгэн гомдол гаргаагүй тул бидний хооронд байгуулсан гэрээний үүрэг дуусгавар болсон гэжээ.
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд *********** гэрчээр оролцож өгсөн мэдүүлэгтээ: ...**************** ХХК *************ээс ямар ч мөнгө нэхэмжлэх шаардлагагүй. *************ээс төлж байсан бүх мөнгө **************** ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. ... Байрны төлбөрийг бүрэн төлсөн би үүнийг батална. ... гэсэн боловч *********** нь ********той 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2008 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Газар ба **************** ХХК-ийг худалдаж авсан, тооцоо нийлсэн актад дурдсанаар хувьцааны үнийг бүрэн авсан, ********г **************** ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байдлуудтай харьцуулан дүгнэвэл тэрээр *************ээс төлсөн 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2010 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд 39,244 ам.доллар, 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2011 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд 13,350 ам.долларыг компанийн нэрийн өмнөөс хүлээн авах эрхгүй байжээ.
5.4. Түүнээс гадна 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Орон сууцны байр захиалгаар бариулах гэрээний 4.1-д Гэрээнд заасан төлбөрийг тогтоосон хугацаанд **************** ХХК-ийн Голомт-6 банкны 1601424450 дансанд төлөх үүрэгтэй гэж тохиролцсоны дагуу ************* нь үүргээ гүйцэтгэх байсан бөгөөд уг үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн гэж дүгнэхгүй.
6. Нэхэмжлэгч **************** ХХК нь гэрээнээс татгалзах талаар удаа дараа мэдэгдэж байжээ.
6.1. **************** ХХК 2011 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Шаардах хуудас гэх баримтаар 70,258 ам.долларын үлдэгдэл төлбөр төлөх хугацааг тогтоож, 2011 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Алданги тооцох мэдэгдэл-ийг тус тус хариуцагч *************т хүргүүлсэн. 2011 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Гэрээ цуцлах мэдэгдэл-ийг хариуцагч *************т хүргүүлэхэд мэдэгдэл хүлээн авсан этгээд *************тэй өөртэй нь харьцана уу гэсэн тэмдэглэлийг мэдэгдэлд хийжээ. Иймд энэ гэрээ цуцлах мэдэгдлийг *************т зохих ёсоор хүргүүлсэн гэж дүгнэхгүй.
6.2. **************** ХХК-иас 2022 оны 7 дугаар сарын 19, 2022 оны 11 дүгээр сарын 14, 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрүүдэд тус тус *************т гэрээ татгалзсан тухай мэдэгдэл-ийг хүргүүлсэн байх ба ************* нь мэдэгдэлд заасан төлбөр төлөх үүргийг гүйцэтгээгүй тул худалдагч буюу **************** ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, энэ эрхээ зөв хэрэгжүүлжээ.
Нэхэмжлэгчийн гаргасан тайлбараар хариуцагч ************* нь гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан тул гэрээнээс татгалзах эрхээ түүнийг Монгол Улсад ирсэн хугацаанаас эхэлж хэрэгжүүлснийг буруутгах боломжгүй. Учир нь хариуцагч *************ээс шүүхэд гаргасан тайлбарт тэрээр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Монгол улсад тогтмол амьдарч байгаагүй гэсэн агуулгыг илэрхийлжээ.
6.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хэн алинаас авсан зүйлийг буцаан шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд ************* нь худалдагчид шилжүүлсэн 21,000 ам.долларыг шаардахад энэ шийдвэр саад болохгүй болно.
7. Худалдагч тал гэрээнээс татгалзсан тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болсон учир маргаан бүхий орон сууцыг эзэмшиж буй *************ийн эзэмшил хууль бус болжээ.
Иймд өмчлөгч **************** ХХК нь уг орон сууцыг *************ийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнээс худалдагч татгалзаж гэрээ дуусгавар болсон тул худалдан авагч ************* нь уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримт гаргуулахыг даалгахыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул түүний гаргасан сөрөг нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгоно.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хуульд нийцүүлэн томьёолоогүй алдааг залруулна. Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэх бөгөөд бүртгэл хийснийг нотолсон баримт нь гэрчилгээ юм. Иймд гэрчилгээ гаргуулахтай холбоотой биш бүртгэл хийлгэхтэй холбоотой шаардлага болохыг анхан шатны шүүх анхаараагүй байна.
9. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2023/01383 дугаар захирамжаар ******** нь *****д 120,000,000 төгрөгийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг дээр дурдсан маргаан бүхий орон сууцаар хангуулахаар талууд эвлэрсэн эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.
Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй маргаан, шүүхээс гарах шийдвэр нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдол нь түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэх агуулгагүй байгааг дурдах нь зүйтэй.
10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий орон сууцыг *************ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *************ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/03531 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 байр, ** тоот хаягт оршин байх, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг *************ийн хууль бус эзэмшлээс гаргуулж, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч **************** ХХК-д холбогдох Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, Нарны зам, 41 байр, ** тоот хаягт байрлах, 92.18 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэхтэй холбоотой бичиг баримтыг гаргуулахыг даалгах тухай *************ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын нэхэмжлэгч **************** ХХК-аас 1,805,444 /нэг сая найман зуун таван мянга дөрвөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хариуцагч *************т олгосугай гэснийг *************ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,735,244 төгрөг гаргуулж **************** ХХК-д олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч **************** ХХК-аас төлсөн 1,805,444 төгрөгийг, гуравдагч этгээд *****аас төлсөн 1,805,444 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Э.ЗОЛЗАЯА