Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 0351

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 27 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00351

       Улаанбаатар хот

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, Самбуугийн гудамж 43-т байрлах, Капитал банк /РД:2556375/-ны нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 12А байрны 21 тоотод оршин суух, 57 настай, эмэгтэй, Цээнэ овгийн Рэнцэндоржийн Цогтуяа /РД:ЧР59071129/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 85 030 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов. 

                                ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Капитал банк нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч Р.Цогтуяа 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 63 тоот зээлийн гэрээ байгуулж, 50 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А байрны 21 тоот 57 м.кв 3 өрөө орон сууц, тавилга эд хогшлын хамт барьцаалуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан боловч Р.Цогтуяа нь үндсэн зээл 1 021 732 төгрөг, зээлийн хүү 6 994 767 төгрөг, нийт 8 016 500 төгрөг төлсөн. Р.Цогтуяа нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ  бүрэн биелүүлэхгүй байгаа болно.

... Иймд 2016 оны 07 дугаар сарын 08-ны байдлаар Р.Цогтуяагаас үндсэн зээлийн 48 978 267 төгрөг, зээлийн хүүд 36 052 347 төгрөг нийт 85 030 614 төгрөгийг  барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Р.Цогтуяа нь 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 63 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 12 сарын хугацаатай 50 000 000 төгрөгийг зээлж авсан. Зээлийн гэрээний хавсралтаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тогтоосон. Р.Цогтуяа нь графикийн дагуу төлөлтийг хийж байсан ба зээлийн төлбөрт нийт 8 016 500 төгрөг төлсөн....

Капитал банк нь Р.Цогтуяад холбогдуулан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 63 696 907 төгрөг нэхэмжилж байсан. Анх нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа 2-3 удаа ихэсгэж байсан бөгөөд 2015 оны  11 дүгээр сарын 19-ний өдөр 71 572 82 төгрөг болгож шаардлагаа нэмэгдүүлж байсан. Шүүх 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааныг товлож, зохигчдод шүүх хуралдааны товыг хүргүүлсэн боловч, Капитал банкны  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэлийг буцаасан. Дээрх “нэхэмжлэл буцаасан” шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдол гаргасан ба шүүхийн тогтоолоор уг захирамжийг хэвээр үлдээсэн.

Капитал банк нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр дахин гаргахдаа нэхэмжлэлийн үнийн дүнгээ ихэсгэж 80 505 022 төгрөг нэхэмжилсэн. 2016 оны 07 дугаар сарын 08-ны байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа 4 525 591 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 85 030 614 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Капитал банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйгээс нэхэмжлэл буцаагдсан тул нэхэмжлэлээ нэмэгдүүүлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж  мөн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж мөн хуулийн 224 дугаар зүйлийн 224.1, 224.2.3-т тус тус зааснаар хугацаа хэтрүүлсэн гэм буруутай үүрэг гүйцэтлүүлэгч мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана” гэж тус тус заасан байгаа. Иймд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шүү хуралдаанд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй, түүний буруутай үйлдлээс болж нэхэмжлэл буцаагдсан тул 71 072 282 төгрөгийн нэхэмжлэлээс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх үндэслэлгүй болсон.

Хариуцагч Р.Цогтуяа нь зээлийн төлбөрт 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 500 төгрөг, 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2 000 000 төгрөг нийт  8 016 500 төгрөгийг төлсөн. Гэвч 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн         2 000 000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 2 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг Капитал банк нь бүгдийг хүүд тооцож суутгасан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан тооцооны баримтнаас хангалттай харагдаж байна. 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т “Үүргийн гүйцэтгэлийг төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх”-ээр заасан заалт байсаар байхад хариуцагчийн зээл төлөлт хийсэн 4 000 000 төгрөгийг үндсэн зээлд тооцолгүйгээр хүүд тооцож авсан нь хуулийг зөрчиж, тооцоог гаргахад нь сөргөөр нөлөөлсөн. Зээлийн гэрээний үүрэгт 61 196 536 төгрөг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлаад                                                                                                        

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:            

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Р.Цогтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 85 030 614 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /х.х-ийн 1-3, 96-98 тал/

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Капитал банк, хариуцагч Р.Цогтуяа нарын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр зээлдэгч нь 50 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохирон авч, зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А дугаар байрны 21 тоотын 57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, тавилга эд хогшлын хамт барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 63 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, зээл төлөлтийн хуваарь, мемориалын баримт, улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн гэрчилгээ зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн  6-18 тал/

            2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 63 тоот зээлийн гэрээгээр  Капитал банк нь заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, Р.Цогтуяа нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг тус тус хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 451 дүгээр зүйлийн 451.1-т заасны дагуу хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 7-13 тал/    

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир гэрээнд заасан үүргээ зээлдэгч, зээлдүүлэгч биелүүлэх үүрэгтэй.  Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх, зээлдэгч нь хүлээн авсан үндсэн зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээнэ. 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй бөгөөд банкнаас зээл олгох гэрээгээр зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно.

Капитал банк нь зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн дансанд гүйлгээ хийсэн, мөнгө зээлдэгчийн дансанд орсон байх тул 63 тоот зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлжээ. /х.х-ийн 57 тал/

Дээрх 63 тоот гэрээнд заасан үүргээ Капитал банк биелүүлсэн учир зээлдэгч Р.Цогтуяагаас үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

             Зохигчдын хооронд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 63 тоот   барьцааны гэрээ байгуулагдах үед орон сууц нэг хүний өмчлөлд, тухайлбал, Р.Цогтуяагийн өмчлөлд бүртгэлтэй байсан, улсын бүртгэлийг үнэн зөвд тооцох ба  талууд барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлжээ. /х.х-ийн 16-18 тал/          

Хариуцагч Р.Цогтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул гэрээний дагуу шилжүүлсэн үндсэн зээлээ шаардаж байсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.3-т банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт нийцсэн гэж үзнэ.  

Хариуцагч нь зээлийн гэрээний нөхцөлийг болон зээлийн үүрэгт төлөгдсөн мөнгөний тооцоог үгүйсгээгүй ба тэрээр зээлийг хүлээн авсан гэж үзнэ. /х.х-ийн 7-13 тал/

            Талууд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт төлөгдсөн үнийн дүнгийн талаар /8 016 500 төгрөг төлсөн/ маргахгүй байна.

Хариуцагч Р.Цогтуяа нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрт 8 016 500 төгрөгийн төлөлт хийсэн болох нь зохигчдын тайлбар, хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 79-82 тал/

Зохигчид “Зээлийн гэрээ”-ний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар төлөгдөөгүй хүүгийн үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзан, гэрээний үүрэгт бүгд 8 016 500 төлсөн, одоо 61 196 836 төгрөг төлөхийг зөвшөөрч, ....хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, харин үүрэг гүйцэтгүүлэгчийн   буруутай байдлаас болсон тул  нэхэмжлэлийн үнийн дүн буюу 85 030 614 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргаж байгаа боловч өөрийн татгалзсан үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар тайлбар түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж нэхэмжлэлийн шаардлагыг няцаагаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” тул хариуцагч гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Р.Цогтуяа нь гэрээний хугацаанд 

2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 2 000 000 төгрөг,

2014 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 16 500 төгрөг,

2014 оны 09 дүгээр сарын 04-ий өдөр 2 000 000 төгрөг,

2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2000 000 төгрөг,

2014оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөг нийт 8 016 500 төгрөг төлжээ. /х.х-ийн 79-82 тал/

 

            Үүнээс өөр төлбөр төлсөн тухайг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

            Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дууссан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн төлбөрт 8 016 500 төгрөг төлжээ.

Хариуцагч Р.Цогтуяа зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 50 000 000 төгрөг, зээлийн хүүд 18 000 000 төгрөг нийт 68 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн тал/

Хариуцагч нь 68 000 000 төгрөг төлөхөөс гэрээний хугацаанд 8 016 500 төлж, 59 983 500 төгрөг төлөөгүй байсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт заасан үндсэн үүрэг гэдэгт гэрээний үүргийн үнийн дүн буюу үндсэн зээл, гэрээний хугацааны хүү хамаарагдана.

Мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-д зааснаар төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлэх ба үүнд шүүхийн зардал, үндсэн үүрэг, хүү төлүүлэх дараалалтай гэж ойлгоно.

            Хариуцагчаас зээлийн гэрээний хугацаа хугацаанд төлсөн 8 016 500 төгрөгийг үндсэн үүрэгт тооцох бөгөөд зээлдэгч нь гэрээний хугацаа дууссан үеэс хойших хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ чөлөөлөгдөхгүй юм.

             Иймд хариуцагч Р.Цогтуяагаас зээлийн үндсэн үүрэгт 59 983 500 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү /2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын  08-ны өдөр/ 15 154 617 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 030 923 төгрөг нийт 78 169 040 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс 6 861 574 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Цогтуяагаас 78 169 040 /далан найман сая нэг зуун жаран есөн мянга дөчин/ төгрөг гаргуулж Капитал банкинд олгож, нэхэмжлэлээс          6 861 574 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Р.Цогтуяа  үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Г-2202010803 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 12А дугаар байрны 21 тоотын 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Капитал банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 668 634 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Р.Цогтуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 548 795 төгрөг гаргуулж  нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ