Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2024/02144

 

 

 

************вын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/04590 дугаар шийдвэртэй,

 

************вын нэхэмжлэлтэй,

*************д холбогдох

 

Илүү төлсөн 21,725,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

1.1. *************тэй үеэлийн харилцаатай бөгөөд хувь хувьдаа жижиг бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд мөнгө өгч, авсан. ************* болон ************** нар гэр бүлийн хүмүүс байсан. ************* нь нөхөр **************ы эзэмшлийн, Худалдаа хөгжлийн банк ХК дахь ************* дугаартай данс болон өөрийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь данснаас тус тус мөнгө шилжүүлж зээлүүлдэг байсан. Зээл авахдаа дандаа өөрийнхөө дансаар авдаг байсан. Уг зээлийг төлөхдөө зөвхөн *************гийн данс руу шилжүүлдэг байсан. Нийт 111,225,000 төгрөгийг *************д төлсөн ба ингэхдээ 21,725,000 төгрөгийг илүү төлжээ.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,725,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

1.2 Сөрөг нэхэмжлэл зөвшөөрөхүй. *************ы дансаар авсан зээлийг *************гийн данс руу шилжүүлсэн. Хариуцагч тал зөвхөн н.************ы дансыг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримтад төлбөр тооцооны баримтад ************вын илүү төлсөн баримт харагдаж байгаа гэжээ.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч ************* нь манай хамаатны хүүхэд ба 2022 оны 12 сараас эхлэн нөхөр ************* бид хоёроос урт, богино хугацаатай их, бага хэмжээгээр мөнгө зээлж буцаан төлдөг байсан. Бидний хооронд ямар ч зээлийн гэрээ хийгдэж байгаагүй. Зөвхөн итгэлцэл дээр явагдаж байсан.

Хамгийн сүүлд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 5,000,000 төгрөг зээлсэн. Нийт 83,000,000 төгрөг зээлсэн.

2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3,000,000 төгрөгийг өгснөөс хойш дахин зээл төлөөгүй. Зээлж авсан мөнгөө төлөөгүй атлаа мөнгө буцаан шаардах нэхэмжлэл шүүхэд гаргасан байх тул зээлд төлөөгүй 16,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************гээс 18,305,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************вад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагчийн нэхэмжлэгчээс 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 309,000 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн хариуцагч *************гээс 249,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ************вад олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт илгээсэн боловч шүүх хангахаас татгалзаж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг байлцуулахгүйгээр сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн дийлэнх хувийг ханган шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт шүүхийн өмнө эрх тэгш байх, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчим буюу шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож мэтгэлцэх эрхийг хааж, нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Уг хэрэг нь үндсэн болон сөрөг нэхэмжлэлтэй байсан атал хэргийг хуралдаан хойшлуулах хүсэлттэй байтал хангахгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатын шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ************ва нь хариуцагч *************д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 21,750,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 16,300,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Хариуцагч ************* 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд нийт 92,500,000 төгрөгийг нэхэмжлэгч ************вад шилжүүлснийг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшлийн, Хаан банк ХК дахь дансны хуулга, **************ы эзэмшлийн, Худалдаа хөгжлийн банк ХК дахь дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас дүгнэж үйл баримтыг зөв тогтоожээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг амаар байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

4. Нэхэмжлэгч ************ва нь 2022 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд 110,805,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн нь өөрийнх нь эзэмшлийн Хаан банк ХК дахь ************** тоот дансны хуулга, **************ы эзэмшлийн, Худалдаа хөгжлийн банк ХК дахь дансны хуулга зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогджээ.

 

5. Иймд зээлдэгч ************ва нь зээлийг төлснөөр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул зээлийн гэрээ дуусгавар болжээ.

Иймд ************вад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *************гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасантай нийцжээ.

 

6. Нэхэмжлэгч ************ва нь 92,500,000 төгрөгийг зээлд төлөхөөс 110,805,000 төгрөгийг төлснөөр тэрээр 18,305,000 төгрөгийг хариуцагч *************д илүү төлсөн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Иймд нэхэмжлэгч ************вын мөнгөн хөрөнгө хариуцагч *************гийн өмчлөлд үндэслэлгүйгээр шилжсэн байх тул нэхэмжлэгч нь 18,305,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд илүү нэхэмжилсэн 3,420,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно. Гэтэл анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахдаа зээлийн гэрээний үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг үндэслэн шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсныг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна.

7.1. ************вын нэхэмжлэлд шүүх 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/01539 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

7.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хариуцагч *************д гардуулсан атлаа хэзээ гардуулсан болох тайлбар гаргах хугацааг тус тус баримтад тусгаагүй алдаа гаргасныг анхааруулах нь зүйтэй. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох алдаанд тооцох шаардлагагүй гэж дүгнэлээ.

7.3. Хариуцагч *************д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар шүүх 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тайлбарлажээ.

7.4. Шүүх 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2024/07311 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулахдаа хариуцагч *************гийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

7.5. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШЗ2024/09857 дугаар захирамжаар нэхэмжлэгч ************вад сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргах хуульд заасан хугацааг олгож шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

7.6. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШЗ2024/10729 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар Дархан-Уул аймагт ажлын томилолтоор ажиллах, нэхэмжлэгч ************ва эвлэрэн хэлэлцэх хугацаа олгох хүсэлт гаргасныг тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

7.7. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2024/11554 дүгээр захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар гэрч асуулгах хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.

7.8. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2024/13556 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан нэмэгдүүлсэн шаардлагатай хариуцагч талыг танилцуулах, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганбатыг хэргийн материалтай танилцуулах эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

7.9. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2024/21072 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хаан банк ХК-аас нотлох баримт гаргуулах, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулжээ.

7.10. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШЗ2024/22142 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар Дархан-Уул аймагт ажлын томилолтоор ажиллахтай холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулжээ.

7.11. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 101/ШЗ2024/22908 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Ш.Ганбат эрүүгийн шүүх хуралдаанд оролцох болсонтой холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулжээ.

7.12. Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШЗ2024/24531 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар АНУ-д албаны ажлаар явах болсонтой холбоотойгоор шүүх хуралдааныг хойшлуулжээ.

 

8. Иймд хариуцагч талыг шүүх хуралдаанд оролцох эрхээр анхан шатны шүүх удаа дараа хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан 90 хоногийн дотор явуулах байтал 270 хоногийн хугацаанд явуулж 180 хоногоор хугацааг хэтрүүлсэн байна.

Түүнчлэн зохигчид шүүх хуралдааны бэлтгэл хангах үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол хариуцагч тал нь өөрөө шүүх хуралдаанд оролцох эсхүл өөр төлөөлөгчөөр дамжуулан шүүх хуралдаанд оролцох боломжтой байжээ.

 

9. Давж заалдах шатны шүүхээс хууль хэрэглээний алдааг залруулахдаа анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчдын нэрийг орхигдуулсан болон Монгол хэлний дүрмийн алдаа гаргасныг залруулахдаа шийдвэрийн 1 дэх заалтыг өөрчлөн найруулна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2024/04590 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *************гээс 18,305,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ************вад олгож, нэхэмжлэлээс 3,420,000 төгрөг гаргуулах хэсгийг, мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ************вад холбогдох 16,300,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *************гийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,475 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА