| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2019/0074/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/74 |
| Огноо | 2019-05-27 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/74
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,
улсын яллагч Э.Ариунболд,
хохирогч М.О,
шүүгдэгч Э.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Э.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907001840059 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянав.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “*******” ХХК-д ******* ажилтай, *******, , хамтаар тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, Боржигон овогт Э.Х.
Прокуророос тогтоосон хэргийг агуулга: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч Э.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Их Амын 23 дугаар гудамж 03 тоотод байх гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч М.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний орой 17 цагийн үед гэрээсээ гараад 2 найзтайгаа тааралдаад хамт архи уусан. Оройны 21 цаг өнгөрөөгөөд 22 цагийн орчим гэртээ орсон. Гэртээ орж ирэхэд манай байхгүй байсан. Намайг хайгаад гарсан байсныг мэдээгүй Намайг гэрт орж ирсний дараа 22 цаг өнгөрч байхад манай гэрт орж ирэхээр нь “чи хаагуур тэнээд явсан юм” гээд маргалдаад би баруун гараараа 2-3 удаа алгадсан. Хамар тус газарт нь 1 удаа цохисон. Тэгээд би гэрээс гарч яваад шөнө 12 өнгөрч байхад гэртээ орж ирсэн.” гэв.
Хохирогч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нөхрөө хайгаад гэртээ орж ирэхэд муу янхан гичий минь хаагуур яваад ирсэн юм гээд цамцнаас зулгаагаад зодсон. Би орой 2 хүүхдээ аваад хотруу ээжрүүгээ явсан. Тэгээд маргааш нь цагдаад барьж өгсөн” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Гэрч Н.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих өдөр тус цагдаагийн хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байсан юм. 2019 оны 4 дүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 03 цагийн үед байх тус хэлтсийн жижүүрээс “ Их-Амын 23-3 тоотод согтуу хүн агсам тавиад байна” гэсэн дуудлага мэдээллийн дагуу тус тоотод очиход Э.Х гэгч өөрийн болох М.Оийг зодож танхайрсан байдалтай байсан ба Э.Хыг тус тоотоос авч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,
Гэрч Ц.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө 01 цагийн үед байх манай охин М.О намайг гэртээ Улаанбаатар хотод байж байсан чинь гаднаас 2 хүүхдээ дагуулчихсан ороод ирэхээр нь би “яасан юу болов” гэж асуусан чинь “Х намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд би М.Оийг дагуулаад Улаанбаатар хотоос такси бариад Налайх руу гэр рүү нь очсон чинь манай хүргэн Э.Х нэлээн согтуу байсан. Тухайн үед Улаанбаатар хотоос такси бариад Налайх руу явж байх замдаа манай охин М.О цагдаад дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,
Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №08шэ/206 дугаар:
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр тал/,
Нийслэлийн ны тодорхойлолт /хх-ийн 52 дугаар тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Э.Х нь Их Амын 23 дугаар гудамж 03 тоот гэртээ 2019 оны 4 дүгээр сарын 09 орой 22 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч М.Оийг “ гэртэй байсангүй гадуур тэнэлээ” гэх шалтгаанаар хардан шууд санаатай үйлдлээр түүнийг баруун гараараа 2-3 удаа алгадах, хамар тус газарт нь 1 удаа цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь тархи доргилт, толгойн хуйх, хамрын нуруу, цээжинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Э.Хын “...би баруун гараараа 2-3 удаа алгадсан. Хамар тус газарт нь 1 удаа цохисон...” гэх,
хохирогч М.Оийн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр нөхрөө хайгаад гэртээ орж ирэхэд муу янхан гичий минь хаагуур яваад ирсэн юм гээд цамцнаас зулгаагаад зодсон...” гэх,
гэрч Н.Нын “...Э.Х гэгч өөрийн болох М.Оийг зодож танхайрсан байдалтай байсан...” гэх /хх-26/,
гэрч Ц.Мийн “...Х намайг зодчихлоо” гэж хэлсэн...” /хх-27/, гэх мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №08шэ/206 дугаар дүгнэлт “1. М.Оийн биед тархи доргилт, толгойн хуйх, хамрын нуруу, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-32/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Х нь гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч М.Оийг зодсон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас “Э.Хд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Э.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,
Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Тайлбар байхгүй” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Э.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаар хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Э.Хыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Э.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.Хд мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1, 162.4 дэх хэсэгт Э.Хд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх хэсэгт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Э.Хд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ