| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03874/И |
| Дугаар | 102/ШШ2016/04558 |
| Огноо | 2016-07-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2016/04558
2016 оны 07 сарын 04 өдөр
|
| Дугаар 102/ШШ2016/04558 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 2а байр, 9 тоотод оршин суух, Боржигин овогт Дайчинхүүгийн Оюунчимэг /РД-ЕЙ70041801/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Арктай шар байр, 08-02 тоотод оршин суух Бэсүд овогт Бадамсэдийн Ганзориг /РД-ХН68052373,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Арктай шар байр, 08-02 тоотод оршин суух, Ачтан овогт Баатарын Мөнхцэцэг /РД-УХ70092962/ нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, мөн сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нар нь 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр БНСУ-ын визэнд ороход дансандаа мөнгөтэй байх шаардлагатай байна гэж надаас 10,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан.
Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 03-ны дууссан бөгөөд 3 сарын зээлийн хүү 3,000,000 төгрөгийг өгсөн.
Зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч ямар ч төлбөр төлөөгүй байна.
Иймд зээлийн хүү 4,000,000 төгрөг, хууль, гэрээнд заасны дагуу алданги 700,000 төгрөг, нийт 14,700,000 төгрөгийг Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Д.Оюунчимэг миний бие Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас нийт 14,700,000 төгрөг нэхэмжилснээс 4,700,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хариуцагч Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нар нь бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунчимэг нь хариуцагч Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 14,700,000 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрэн хэлэлцээд нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 14,700,000 төгрөгийн 4,700,000 төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 10,000,000 төгрөгийг Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нар нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Д.Оюунчимэгт төлж барагдуулахаар харилцан тохиролцон, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчдын бичгээр гарган, хүлээн зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан дээрх гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байх тул хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Мөн зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 93,075 төгрөг, хариуцагч Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 93,075 төгрөгийг тус тус гаргуулан Д.Оюунчимэгт буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74,2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Д.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нийт нэхэмжилсэн 14,700,000 /арван дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгийн 4,700,000 /дөрвөн сая долоон зуун мянган/ төгрөгөөс нь татгалзаж, үлдэх 10,000,000 /арван сая/ төгрөгийг Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нар нь 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Д.Оюунчимэгт төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 93,075 төгрөг, хариуцагч Б.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас улсын тэмдэгтийн хураамжид хариуцан төлөх 93,075 төгрөгийг тус тус гаргуулан Д.Оюунчимэгт буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЦЭНД