| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/06701/И |
| Дугаар | 210/МА2024/02116 |
| Огноо | 2024-12-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2024/02116
********* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ********* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч **************** ХХК-д холбогдох
963,259,227.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.************, Б.Соёлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Манай компани нь **************** ХХК-тай 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АГ/23-03-29 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайтын боомт дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах гэрээнд заасан буюу нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн. **************** ХХК-аас нийлүүлсэн бетоны хэмжээг 4 дүгээр гүйцэтгэлийн актаар баталгаажуулсан болно.
1.2. Гэрээний 3.5-д захиалагч тал бетон зуурмагийн найрлагад орох цемент болон чулууг нийлүүлэхээр харилцан тохиролцсон бөгөөд С-37 маркийн бетон зуурмагийн 7,391.75 м.куб бетоны найрлагад орох чулууг хуурай хольц (элс)-ийн хамт нийлүүлсэн бөгөөд манай компаниас хуурай хольц (элс) болон түүний тээврийг хасаж С-37 (хуурай хольц) маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр нийлүүлэхээр 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 001/23-167 дугаартай Нэгж үнэд өөрчлөлт оруулах тухай албан бичгийг захиалагч **************** ХХК-д хүргүүлсэн болно. Захиалагч **************** ХХК нь нэгж үнийг дахин багасгаж өгөхийг хүссэн бөгөөд манай компани нөгөө талд хүндэтгэлтэй хандаж С-37 (хуурай хольц) маркийн бетон зуурмагийн хамгийн боломжит нэгж үнэ болох 208,161 төгрөгөөр нийлүүлэхээр төсвийг хүргүүлсэн.
1.3. Гэвч захиалагч **************** ХХК нь С-37 (хуурай хольц буюу элс орсон) бетон зуурмагийн нэгж үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх шалтгаанаар үлдэгдэл төлбөр мөнгийг өгөхгүй биднийг хохироосоор өнөөдрийг хүрч байна.
1.4. Нэхэмжлэлээр зөвхөн С-37 маркийн бетоны төлбөр дутуу гэж гаргаж байгаа юм. Талуудын актаар С-37 маркийн бетоны үнэ төлөгдөөгүй. Бусад нь төлөгдсөн юм. Хэргийн 28, 29 дэх талд авагдсан баримтаар 7,391.75 м.куб-г нийлүүлсэн нь нотлогдоно. Гэрээнд зааснаас элс, түүний тээвэр, хариуцагчийн нийлүүлсэн цемент болон дайрга хасаад 208,161 төгрөгөөр нэхэж байгаа юм. Хариуцагчид өгсөн нэхэмжлэхээ хэрэгт өгөөгүй. Хариуцагчтай ярьж байгаад төлөх төлбөр буюу авах мөнгөний хэмжээгээр нэхэмжлэл бичиж өгдөг. Тодруулбал хариуцагчийн шилжүүлэхээр боломжтой гэсэн дүнгээр нэхэмжлэх бичиж өгдөг байсан юм.
1.5. Иймд гэрээний дагуу гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр тооцоо 642,172,818.19 төгрөгийг алданги 321,086,409.1 төгрөгийн хамт, нийт 963,259,227.29 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Манай компани Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 95, 349 дүгээр тогтоолын дагуу Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтод 66 га талбайд Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал-ыг бүтээн байгуулж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах улсын хэмжээний томоохон төслийн бүтээн байгуулалтыг манай компани богино хугацаанд гүйцэтгэх нарийвчилсан төлөвлөгөөний дагуу нийт 160 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч, тэдгээрийг удирдан зохион байгуулан бүтээн байгуулалтын ажлыг хамтран амжилттай дуусгасан.
Энэхүү төслийн хүрээнд зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах бетон зуурмагийг бэлтгэн нийлүүлэгчээр Зэвсэгт хүчний Барилгын цэргийн удирдах газрын ****** анги, ********** ХХК, **************** ХХК, ********* ХХК гэх 4 байгууллагатай гэрээ байгуулж ажилласан. Тодруулбал, ********* ХХК-тай хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АГГ/2303/29 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр АШШ/23-03-32 дугаартай Цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээ, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн АГГ/23-03-50 дугаартай Холигч машинаар цементээр бэхжүүлсэн суурь байгуулах ажил гүйцэтгэх гэрээг-г тус тус байгуулж нийт 4,252,457,793.37 төгрөгөөс гэрээний холбогдох заалтын дагуу чанарын баталгааны 5 хувийг барьцаа хэлбэрээр суутган 4,039,834,903.70 төгрөгийг ********* ХХК-д 100 хувь төлж барагдуулсан болно.
2.2. Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд бетон зуурмагт ашиглагддаг түүхий эд, бараа материал дотоодын зах зээлд байхгүй болсон тул БНХАУ-аас бэлэн зуурсан хуурай хольцыг худалдан авч, импортоор авч, ********* ХХК, Зэвсэгт хүчний Барилгын цэргийн удирдах газрын ****** анги, ********** ХХК импортоор оруулж ирсэн бэлэн зуурсан хуурай хольцоор С-37 маркийн 1 м.куб бетоныг 150,000 төгрөгөөр, *************** ХХК нь 1 м.куб-ыг 30,000 төгрөгөөр зуурч нийлүүлэх үнийн саналыг хүргүүлж, компаниуд хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийн дагуу төлбөрөө төлж байсан. Хуурай хольцоор бетон нийлүүлэх ажилд ********* ХХК-тай гэрээ байгуулаагүй. 150,000 төгрөгөөр бетон зуурч нийлүүлэхээр амаар тохиролцсоны дагуу ажил хийгдсэн. Энэ үнэ нь зах зээлийн дундаж үнэ бөгөөд бусад аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээ, компаниудаас ирж байсан үнийн саналаар нотлогдоно.
2.3. ********* ХХК нь импортоор оруулж ирсэн бэлэн зуурсан хуурай хольцоор С-37 маркийн бетон зуурмагийн 7,391.75 м.куб нэгж үнийг үндэслэлгүйгээр 208,161 төгрөгөөр тооцон 642,172,818.19 төгрөгийг нэхэмжилж байна. Учир нь, бодит зах зээлийн үнээс өндөр, манай санал болгосон үнийн саналыг хүлээн зөвшөөрч гүйцэтгэлийн төлбөрөө аваад явж байсан. Дээрх нийлүүлж буй бүтээгдэхүүний үнийг хэлэлцэн нэмэлт гэрээ байгуулах ёстой байтал ********* ХХК нь өөрсдийн албан бичигт заасан үнийг тулгаж, түүнийг төлөх ёстой мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурай хольцоор бетон зуурах гэрээ байгуулаагүй байхад 321,086,409.1 төгрөгийн алданги шаардсан нь үндэслэлгүй. 208,161 төгрөг гэж үнэ тогтоосон баримтгүй. Энэ үнийг тогтоосон гэдгээ нэхэмжлэгч тал нотлоогүй.
Иймд нэхэмжлэгч ********* ХХК-ийн **************** ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 963,259,227.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч **************** ХХК-с 173,487,241.93 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ********* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 789,771,985.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,974,246.14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,025,386.21 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
4.1. Учир нь шийдвэрийн үндэслэх хэсэгт маргааны үндэслэл бүхий С-37 хольцтой гэх бетон зуурмагийн асуудал нь үндсэн, анх гэрээ байгуулахдаа гэрээний зүйлийг С-37, С-10, С-20 гэж тохиролцсон. Эдгээрээс С-10,С-20-д хэргийн оролцогчид маргадаггүй. Зөвхөн С-37 хольцтой гэх бетон зуурмагийн үнийн дүнд маргадаг. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан С-37 бетон зуурмагийн үнийг 159,000 төгрөг гэж тогтоодог. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтад энэ талаар талуудын хооронд уг бетон зуурмагийн үнийг 159,000 төгрөгөөр харилцан тохиролцсон, хүсэл зоригоо илэрхийлж нэгдсэн зүйл байдаггүй бөгөөд ийм баримт тогтоогддоггүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн тайлбар буюу 159,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн учраас нэхэмжлэлийн энэ хэмжээгээр хангасан гэж үзэж байна гэдэг. Гэтэл хариуцагч тал гэрээ байгуулаагүй гэж үзсэн бөгөөд 159,000 төгрөгөөр гэрээг байгуулаагүй гэдгийг хэргийн оролцогчдын хэн аль нь хүлээн зөвшөөрөөгүй. Ийм учраас деспозитив зарчмыг баримталж гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Хавтаст хэрэгт авагдсан гэрээгээр С-37 гэх зүйл нь 1 м.куб тутам нь 297,969 төгрөгөөр тооцогддог. Үндсэн бетон зуурмагт агуулагдсан үндсэн 5 зүйлийн нэг болох элсийг хариуцагч тал нэмсэн учраас түүнд ногдох хэмжээгээр нь нэхэмжлэгч тал үнийг нь буулгаж 208,000 төгрөгөөр тогтоож шилжүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ буюу 7,000 гаруй м.кубийн үнийг алдангийн хамт шүүхэд нэхэмжлэл гарган нэхэмжилсэн. Шилжүүлсэн гэх 7,000 гаруй м.кубийн үнэд талууд маргаагүй бөгөөд талуудын хооронд шилжүүлж өгсөн, авсан үйлдэлд гарын үсэг зурсан акт байдаг. Гэтэл НӨАТ-ыг буруу бодож гаргасан. Анхан шатны шүүхийн дүгнэсэн 1,200,000,000 төгрөг нь НӨАТ ороогүй дүн бөгөөд НӨАТ орсон дүн нь 1,429,652,279 төгрөг байдаг. Мөн талууд 159,000 төгрөгөөр гэрээний үнийг тохироогүй байхад шүүх хүчээр 159,000 төгрөг гэж тогтоосон учраас түүнд НӨАТ орсон эсэх нь ойлгомжгүй. Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч тал нь хариуцагч талд 236,812,583 төгрөгийн НӨАТ-ын асуудлыг үлдээж шийдвэрлэсэн.
4.2. Мөн алданги шаардах үндэслэлгүй, учир нь шилжүүлэх дүн болсон өдрөөр нь нэхэмжлэх үүсгэсэн байна гэдэг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн зохицуулалт нь тийм биш. Учир нь хэдийд тухайн мөнгийг шилжүүлэх ёстой байсан түүнийг шилжүүлээгүй түүнээс 0,5 хувийн алданги тооцож нэхэмжилснийг давж заалдах гомдолд дэлгэрэнгүй бичсэн учраас үүнийг бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Мөн анхан шатны шүүх гэрээ байгуулагдаагүй, үнэ тохироогүй гэх тайлбараар хүчин төгөлдөр гэрээний үнийг өөрчилж тогтоох эрх хэмжээ байхгүй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан гэрээний 297,000 төгрөгийг 159,000 төгрөг болгож өөрчилсөн үндэслэлээ шүүх тайлбарлаагүй бөгөөд энэ асуудалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. Шүүх 159,000 төгрөг хаанаас гарсан гэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.************ын гаргасан мэдүүлгээр тогтоогдсон гэдэг. Мөн энэ н.************ын хавтас хэрэгт авагдсан итгэмжлэл нь дардастай гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэж хүсч байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний үнийн дүнг зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгээр тогтоож болохгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Хариуцагч тал ********** ХХК, болон **************** ХХК-ийн гэрээ гаргаж өгснөөр 159,000 төгрөг гэж тайлбарласан нь хүчин төгөлдөр байгуулагдсан 297,000 төгрөгийг гэрээний үнийг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд нэхэмжлэгч анхнаасаа элсний үнийг нийлүүлсэн учраас төсөвт өртгийн задаргааг нь гаргаж 1 м.куб 208,000 төгрөгөөр нэхэмжилсэн гэдгийг нь гаргаж өгсөн байдаг. Хүчин төгөлдөр гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулсан нэхэмжлэгчийн үндэслэл тайлбарыг баримтлаагүй атлаа хариуцагчийн тайлбарт хөтлөгдөж гэрээний үнийг шүүх тогтоох боломжгүй учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
5.1. Талууд С-37 маркийн бүтээгдэхүүний үнийг гэрээгээр тохироогүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд С-37 маркийн бетон зуурмагийн үнийг 297,969 төгрөгөөр тодорхойлсон гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Энэ тохиолдолд манай компанийн зүгээс бетон хайргыг хариуцах ёстой энэ тохиролцоонд тогтсон үнэ нь 297,969 төгрөг. Үүн дээр хуурай хольц буюу элс нэмэгдсэнээр ********* ХХК-аас гарч буй өртөг нь буурдаг. Өртөг буурсан гэдгийг талууд зөвшөөрдөг бөгөөд хэдэн төгрөгөөр буурах асуудалд талууд тохиролцож чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд талууд мэтгэлцээд хэд хэдэн асуудал тодорхой болсон байдаг. Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Мөн гэрээний үнэд маргаантай байсан. Маргаантай учраас нотлох баримтаар хавсаргаж өгсөн маягт 8-д үнэ тохирч гарын үсэг зурж чадаагүй бөгөөд бусад баримтад үнэ тохирсон. Мөн 247,000 төгрөг гэх үнийн санал тавьж уг үнийг буулгаж өг гэж **************** ХХК хүмүүс хүссэн учраас 208,000 төгрөг болгосон гэдэг ч энэ талаар нотлох баримт байдаггүй бөгөөд үнийн санал ирүүлсэн бичиг манай компанид ирж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч өөрийн үнийг тулгаж бид 208,000 төгрөгөөр тохирсон гэж тайлбарласан. Тэгэхээр худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцох ёстой бөгөөд талууд үнэ тохиролцож саналаа нэгтгэж шийдэлд хүрэх бөгөөд энэ үнийг гэрээний худалдах, худалдан авах гэрээний үнэ, нөгөө талаас гэрээний үүрэг гэж ойлгох ёстой. Гэтэл нэг тал өөрөө үнэ тогтоож болохгүй. Мөн хүчин төгөлдөр гэрээгээр тогтоосон үнийг бууруулсан шүүх гэрээний үнийг тогтоох эрхгүй, энэ нь деспозитив зарчмыг зөрчсөн гэж тайлбарладаг. Манай компаниас үнийг 159,000 төгрөг гэх дундаж үнээр тодорхойлж зах зээлийн үнэ гэж үзсэн. Мөн үнийн дүнгээс санал, төсөв гаргаж ********* ХХК өгч байсан гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд тайлбараараа хэлсэн бөгөөд энэ хэмжээг хариуцагч хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлт хийхэд хүргэсэн. Энэ тайлбарын хүрээнд үүргээ зөвшөөрсөн, үүргээ зөвшөөрсний хүрээнд шүүх шийдсэн бөгөөд ингэж шийдвэрлэх хууль зүйн боломж байдаг. Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төсөл нь 160 аж ахуй нэгжийг оролцуулсан, хоёр Улсын Засгийн газрын хэлэлцээртэй бөгөөд 2022 онд Монгол Улсын Засгийн газар хоёр тогтоол гаргаж **************** ХХК үүнийг гүйцэтгэсэн. Үүний нэг оролцогч болж ********* ХХК оролцож байгаа. Нийт 3 гэрээний хүрээнд 4,200,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд цемент хучуулсан суурин ажил бетон нийлсэн гэх ажлуудыг хийж гүйцэтгээд ажлаа дүгнүүлээд явж байсан. Гэтэл илтэд ********* ХХК-ийг хохироож үүргээсээ зайлсхийсэн гэх агуулгаар нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Талууд гэрээний үүрэгт ямар зарчмаар хандаж байсныг шүүх анхаарч үзнэ үү.
5.2. Алданги гэдэг нь хуулиар тохиролцохоос гадна гэрээгээр тохиролцох ёстой, мөн бичгээр байгуулсан гэрээний үндсэнд алданги авах эрх үүсдэг. Гэрээгээр нэхэмжлэл хүргүүлснээс хойш алданги авах эрхийн асуудал хөндөгдсөн бөгөөд нэхэмжлэгч төлбөрийн нэхэмжлэх өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Үүнээс үл хамаарч манайх нэхэмжлэгч талыг төлбөрөө төлсөн гэж үзэж байгаа учраас энэ гэрээний хариуцлага буюу анз, алдангийн үүргийг хүлээх ёсгүй. Үнэ тодорхойлогдоогүй байхад яагаад анзын асуудал яригдах ёстой бэ. Тухайн анзын асуудлыг 4 компаниар хийж гүйцэтгүүлсэн бөгөөд үнэ нь тус бүр 150,000 төгрөг, 165,000 төгрөг, 30,000 төгрөг гэх үнэ байдаг. Тэгэхээр нэг бүтээгдэхүүн хийж гаргаж буй компаниудтай харьцуулахад бид бүтээгдэхүүнээ 150,000 төгрөгөөр хийлгэж байна. Хэвэр энэ компани нь тухайн үед 247,000 төгрөг, эсхүл 208,000 төгрөг гэх юм бол манайх заавал энэ компаниар ажлаа гүйцэтгүүлэх шаардлага байгаагүй. Энэ нь цэвэр бизнесийн шийдвэр, зах зээлийн үнэ өртөг дээр тооцож 159,000 төгрөг гэх үнийн санал гаргасан анхан шатны шүүхийн шийдвэр зөв.
5.3. Татварын хувьд гэрээний 4.3-т зааснаар гэрээний дүнд хураамж, татвар бүх зүйл орсон бөгөөд энэ нь эцсийн үнэ болно гэх тохиролцоог талууд хийсэн. Үүний дагуу тодорхойлж буй 159,000 төгрөг өмнөх гэрээнүүдийн төлбөрийг татвар НӨАТ шингэсэн үнийн дүн гэж үзэх боломжтой бөгөөд энэ талаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх үндэслэх нь үндэслэлгүй гэх тайлбарт шүүх хуралдааны тэмдэглэлийн 15, 17, 18, 19, 20, 22 дахь талуудад тайлбар өгч буй хүмүүс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.************ \санхүү эрхэлсэн захирал\ н.Ариунболд \хуульч \ мөн инженер оролцсон эдгээр хүмүүс бүгд ажлаа мэддэг хүмүүс байсан бөгөөд эдгээр хүмүүсийн тайлбарыг маргаанд дурдаж буй нь үндэслэлтэй. Мөн шүүхэд үнэн зөв тайлбар өгөх хүрээнд хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх боломжтой. Манай зүгээс 208,000 төгрөг 247,000 төгрөг гэх мөнгөн дүнгүүдийг хүлээн зөвшөөрөөгүй. Түүнчлэн тухайн үед зах зээлийн үнэ хэд байсныг бид мэдэж байсан учраас 159,000 төгрөгөөр нэхэмжилсэн бөгөөд үүнийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хянан хэлэлцээд шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч ********* ХХК нь хариуцагч **************** ХХК-д холбогдуулан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний төлөгдөөгүй төлбөрийн үлдэгдэл 642,172,818.19 төгрөгийг алданги 321,086,409.1 төгрөгийн хамт, нийт 963,259,227.29 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ********* ХХК болон **************** ХХК-ийн хооронд 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АГ/23-03-29 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайтын боомт дахь Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалын зам талбайн бүтээн байгуулалтад шаардагдах С37, С20, С10 маркийн бетон зуурмаг нийлүүлэх, хариуцагч нь төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Түүнчлэн нэмэлтээр С10, С15, С25, С37, С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмаг нийлүүлэхээр тохиоролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4. Нэхэмжлэгч нь хариуцагч талд С37 маркийн бетон зуурмаг 4,394.23 м.куб, С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмаг 7,391.75 м.куб, С15 маркийн бетон зуурмаг 173.88 м.куб, С10 маркийн бетон зуурмаг 41.26 м.куб, С25 маркийн бетон зуурмаг 384.59 м.куб нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.
5. Талууд дээрх тогтоогдсон үйл баримт болон хариуцагчаас нэхэмжлэгчид төлсөн төлбөрийн хэмжээ С37 /хуурай хольц/ маркаас бусад маркийн бетон зуурмагийн нэгж үнэ дээр маргаагүй, харин 7,391.75 м.куб нийлүүлсэн С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмагийн нэгж үнийн дүнд маргасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.1. Талуудын хооронд 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр АГ/23-03-29 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулагдсан гэрээнд С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмагийн үнийн талаар талууд тохиролцоогүй нь талуудын хооронд хийсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Автомат удирдлатай чингэлэг тээврийн /терминал/ барих төслийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэлтийн гүйцэтгэл №4 гэх баримтад уг маркийн үнийг орхиж бичсэн байдлаар тогтоогдсон.
5.2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч тал С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмагийн үнийг 208,161 төгрөгөөр тохиролцсон гэх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.
Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд С37 маркийн бетон зуурмагийн үнийн талаар тохиролцсон бөгөөд уг маркийн бетон зуурмагийн хуурай хольцийг хариуцагч тал нийлүүлэхээр болсон нөхцөл байдлын улмаас уг үнэд өөрчлөлт орно.
Уг бетон зуурмагийн өөрчлөгдсөн үнэ нь 1 м.куб-ийн үнэ нь 245,769 төгрөг болгож өөрчилсөн тухай ********* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 001/23-167 тоот албан бичиг үйлдсэн боловч гэрээний нөгөө тал болох **************** ХХК-д хүргүүлснээ нотлоогүй, энэ үнээр нэхэмжлэлээ тодорхойлоогүйг дурдах нь зүйтэй. / хх40 дэх тал/
Нэхэмжлэгч тал уг бетон зуурмагийн 1 м.куб-ийн үнэ 208,161 төгрөг болсон талаарх төсвийг хариуцагч талд хүргүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна нөгөө тал саналыг хүлээж аваагүй тохиолдолд аж ахуй эрхлэгч нарын хүрээнд тогтоосон Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.7-д зааснаар санал хүлээн авсан тал дуугуй байснаар гэрээ байгуулагдсан гэж тооцох боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч тал мэргэшсэн төсөвчин **************гийн үйлдсэн Бетоны нэгж үнийн төсвийн задаргаа гэх баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг төсөвт материал болон материалын тээврийн зардал 1 м.куб бетон зуурмагт 85,597.44 төгрөг, бусад зардал /нэгжид ногдох/ 65,279.49 төгрөг, бусад зардал 23,272.77 төгрөгөөр тогтоосон үндэслэлийг тайлбарлаагүй тул маргаж буй маркийн бетон зуурмагийн 1 м.куб-ын үнийг уг баримтыг үндэслэн 208,161 төгрөг гэж тогтоох боломжгүй.
5.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үнийг талууд шууд үнийн аргаар харилцан тогтоогоогүй бол мөн хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт заасан арга хэрэгслээр тодорхойлох боломжтой.
Иймд С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмагийн нэгж үнийг хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээ болох 1 м.кубыг нь 159,000 төгрөгөөр тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхив.
6. Дээрх С37 /хуурай хольц/ маркийн бетон зуурмагийн төлбөрийг төлөх хугацааг тогтоосон талаарх баримтгүй гэх үндэслэлээр алдангийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч нь тогтоосон хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоног тутамд төлвөл зохих анзыг алдангид тооцох юм.
7. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,106,810 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Э.ЗОЛЗАЯА