| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/0316/Э |
| Дугаар | 908 |
| Огноо | 2019-06-05 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Н.Гэрэлмаа,
шүүгдэгч Х.У, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.У-д холбогдох эрүүгийн 1806 0043 70222 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.У, 1993 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын АОС 6-160 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
Шүүгдэгч Х.У нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй бааранд Дижигээр ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн итгэмжлэн хариуцаж байсан эд хөрөнгө болох Pionner DDJ-sx-2 маркийн дижи хөгжмийг авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулан завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэв.
Хохирогч Ө.Саранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Венус бааранд Х.У-г дижигээр ажиллуулж эхэлсэн юм. Ингээд манайх шинэ жилийн баярын үеэр DDJ-sx-2 маркийн DJ хөгжмийг бусад хөгжмийн хамт хариуцуулсан байсан юм. 2018.01.01-ээс 03-ны өдөр амарсан юм, ингээд гэнэт л хөгжим алга болсныг мэдсэн. Х.У 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ согтуу ирээд түүнээс хойш 1 сарын 01-ний өдөр шинэ жилийн баяр тэмдэглэх үед ирээгүй, ажил дээрээ ч ирээгүй юм" гэх мэдүүлэг /хх 12-15/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оюунсувд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өдийг хүртэл "Ундарга" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Энэ хэрэгт холбогдсон Х.У гэх залуу нь 2017 оны 12 дугаар сард манай баарны Дижигээр ажилд орсон ба баарны дотор техник төхөөрөмжийг хариуцан ажиллаж байсан юм. Ингээд Х.У нь манай бааранд ажиллаж байхдаа өөрийн хариуцан ажиллуулдаг Pionner DDJ sx-2 загварын хөгжмийг авч хувьдаа зарж завшсан хэрэг гарсан юм. ...Тэгээд сүүлд шүүх хуралд оролцохдоо уг хөгжмийг анх худалдан авсан баримтыг гаргаж өгсөн ба баримт дээр хөгжмийг Pionner DDJ sx-2 загвар биш Pionner DDJ вх-2 загварын хөгжим гэж бичигдсэн байсан юм. Баримт дээр бичигдсэн Pionner DDJ вх-2 гэсэн загварын хөгжим хаана ч байдаггүй юм байна лээ, тэгэхээр хөгжмийг анх манай байгууллагнад зарсан Хятадууд нь баримт бичихдээ үсгийн алдаа гаргасан байна гэсэн үг. Хөгжимний жинхэн загвар бол Pionner DDJ sx-2 гэсэн загвар байгаа юм. ..."Итгэлт-Эстимэйт" нэртэй үнэлгээний компанийг сонгон үнэлгээ гаргуулсан байгаа, энэхүү үнэлгээг хэрэгт хавсаргуулж Х.Ууганхүүгээс зөрүү мөнгөн дүнгээ нэхэмжилмээр байна" гэх мэдүүлэг /хх 144/,
Гэрч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрөө хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн тасарчихсан байна лээ. Би маргааш өглөө нь гэртээ сэрсэн бөгөөд миний халаасанд гэнэт 70-80 төгрөг байж байсан. Би тэрийг хэрхэн яаж олсноо санахгүй байгаа юм. Уг нь надад архи ууж эхлэхээс өмнө бэлэн 30.000 төгрөг байсан юм. Тэр мөнгөөрөө архи би архи уусан. Тэгтэл хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 01 дүгээр сард цагдаагаас залгаад чи ажиллаж байсан баарны хөгжмийг хулгайлсан байна гэж хэлсэн. тэр үед л би согтуудаа надад ажилдаа ашиглаарай гээд хэлээд үзүүлж байсан хөгжмийг авч яваад ямар нэгэн байдлаар зарчихсан юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ тэрийгээ би бол санахгүй байна. Ямар ч байсан гэнэт мөнгөтэй болчихсон байсан. Тиймээс би согтуудаа хийсэн үйлдэлдээ гэмшээд цагдаа дээр ирж чадахгүй байсан юм. Харин миний өмнөөс манай аав, ээж хөгжмийн хохирлын мөнгийг төлчихсөн байна лээ...” гэх мэдүүлэг /хх 68-69/,
Яллагдагч Х.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би маргааш өглөө нь гэртээ сэрсэн бөгөөд миний халаасанд гэнэт 70-80 төгрөг байж байсан. Би тэрийг хэрхэн яаж олсноо санахгүй байгаа юм. Уг нь надад архи ууж эхлэхээс өмнө бэлэн 30.000 төгрөг байсан юм. Тэр мөнгөөрөө архи би архи уусан. Тэгтэл хэсэг хугацааны дараа буюу 2018 оны 01 дүгээр сард цагдаагаас залгаад чи ажиллаж байсан баарны хөгжмийг хулгайлсан байна гэж хэлсэн. тэр үед л би согтуудаа надад ажилдаа ашиглаарай гээд хэлээд үзүүлж байсан хөгжмийг авч яваад ямар нэгэн байдлаар зарчихсан юм байна гэдгээ ойлгосон. Гэхдээ тэрийгээ би бол санахгүй байна. Ямар ч байсан гэнэт мөнгөтэй болчихсон байсан. Надад ямар нэгэн гомдол санал алга. Өөрийнхөө хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хүний итгээд өгсөн зүйлийг ажилд нь ашиглаж чадалгүй, согтуудаа авч гарсандаа гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй...” /хх 96-97/ гэсэн мэдүүлэг,
Тооцооны хуудас /хх 100/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 157/, "Итгэлт-Эстимэйт" ХХК-ны 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 29/19 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 145-147/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-36/, хохирол төлсөн баримт зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан ба эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Х.У нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Венус” нэртэй бааранд Дижигээр ажиллаж байхдаа буюу 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн итгэмжлэн хариуцаж байсан эд хөрөнгө болох Pionner DDJ-sx-2 маркийн дижи хөгжмийг авч 2.500.000 төгрөгийн хохирол учруулан завшсан болох нь
Хохирогч Ө.Саранцэцэгийн: "...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс Венус бааранд Х.Ууганхүүг дижигээр ажиллуулж эхэлсэн юм. Ингээд манайх шинэ жилийн баярын үеэр DDJ-sx-2 маркийн DJ хөгжмийг бусад хөгжмийн хамт хариуцуулсан байсан юм. 2018.01.01-ээс 03-ны өдөр амарсан юм, ингээд гэнэт л хөгжим алга болсныг мэдсэн. Х.У 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ согтуу ирээд түүнээс хойш 1 сарын 01-ний өдөр шинэ жилийн баяр тэмдэглэх үед ирээгүй, ажил дээрээ ч ирээгүй юм" гэсэн мэдүүлэг,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.Оюунсувдын: "...Би 2017 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш өдийг хүртэл "Ундарга" ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байгаа юм. Энэ хэрэгт холбогдсон Х.Ууганхүү гэх залуу нь 2017 оны 12 дугаар сард манай баарны Дижигээр ажилд орсон ба баарны дотор техник төхөөрөмжийг хариуцан ажиллаж байсан юм. Ингээд Х.У нь манай бааранд ажиллаж байхдаа өөрийн хариуцан ажиллуулдаг Pionner DDJ sx-2 загварын хөгжмийг авч хувьдаа зарж завшсан хэрэг гарсан юм. ...Тэгээд сүүлд шүүх хуралд оролцохдоо уг хөгжмийг анх худалдан авсан баримтыг гаргаж өгсөн ба баримт дээр хөгжмийг Pionner DDJ sx-2 загвар биш Pionner DDJ вх-2 загварын хөгжим гэж бичигдсэн байсан юм. Баримт дээр бичигдсэн Pionner DDJ вх-2 гэсэн загварын хөгжим хаана ч байдаггүй юм байна лээ, тэгэхээр хөгжмийг анх манай байгууллагнад зарсан Хятадууд нь баримт бичихдээ үсгийн алдаа гаргасан байна гэсэн үг. Хөгжимний жинхэн загвар бол Pionner DDJ sx-2 гэсэн загвар байгаа юм. ..."Итгэлт-Эстимэйт" нэртэй үнэлгээний компанийг сонгон үнэлгээ гаргуулсан байгаа, энэхүү үнэлгээг хэрэгт хавсаргуулж Х.У-ээс зөрүү мөнгөн дүнгээ нэхэмжилмээр байна" гэх мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, аудитын тайлан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос Х.У-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Х.У-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.У нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба шүүх түүнд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу хорих ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Уг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.У-г ялаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.У-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР