Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02086

 

 

 

 

*************гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04485 дугаар шийдвэртэй,

 

*************гийн нэхэмжлэлтэй,

****************д холбогдох

 

12,560,470 төгрөг гаргуулах тухай үндсэн,

гэм хорын хохиролд 13,417,496 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч ****************ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний нөхөр ***************** нь ****************тай 2019 онд Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 11 дүгээр гудамж, ***тоот хаягт оршин байх хашаа, байшинг 18,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 9,500,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 8,500,000 төгрөгийг сар бүр 500,000 төгрөгөөр төлөхөөр, төлбөрийг бүрэн төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр амаар тохирч, худалдаж авсан байдаг.

1.2. Бид хашаа, байшинг биетээр нь хүлээн авсан боловч шууд орж амьдрахад зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан тул 12,560,470 төгрөгийн зардал гаргаж, байшингийн дотор засвар хийж бүрэн тохижуулсан.

1.3. ***************** төлбөрийг дуусгана, намайг байшингийн дотор заслыг хийлгэ гэсэн. Гэвч тэрээр үлдэгдэл төлбөрийг огт төлөөгүй 3 жил гаруй хугацаа өнгөрсөн тул **************** нь урьдчилгаа 9,500,000 төгрөгийг надад буцаан өгч, байшингаа буцаан авахаар шаардах болсон.

1.4. Гэрээг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээ цуцлагдаж байгаа тохиолдолд өгсөн, авсан бүх зүйлээ буцаан өгөхөөр хуульд заасан тул уг байшинтай холбоотойгоор гаргасан зардлыг хариуцагч **************** нь төлөх үүрэгтэй тул түүнээс 12,560,470 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1.**************** нь хашаа, байшин худалдах, худалдан авах гэрээг *****************той байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр 7,000,000 төгрөгийг бэлнээр авч, 2,500,000 төгрөгийг дундын танилын өглөг, авлагад тооцсон. 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хашаа, байшингаа хүлээлгэж өгөөд сар бүр 500,000 төгрөг төлөөд 2 жилийн хугацаанд төлж барагдуулснаар өмчлөх эрхийг шилжүүлж өгөхөөр харилцсан тохиролцсон.

2.2. Гэтэл н.*********** гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Төлбөрөө төлж өөрийн болгоогүй байж тухайн байранд засвар хийсэн. 12,560,470 төгрөгийн нэхэмжлэлийн хариуцагч нь **************** биш. **************** өөрөө 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл тухайн байшинд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдарч байсан тул байшин амьдрах боломжгүй байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч *************гийн 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх Хаан банк ХК дахь *************** тоот дансны хуулгаар дээрх засварын зардалд зарцуулагдсан гэх мөнгө нь энэ засварт зарцуулагдаагүй байна.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ************* болон түүний нөхөр ***************** нартай харилцан өөрийн хашаа, байшинг газрын хамт 19,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон.

3.2. 2020 оны 02 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хашаа байшингаа суллаж өгсөн.

3.3. Үлдэгдэл төлбөрийг огт төлөхгүй байсан. 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр 9,500,000 төгрөгөө буцаан өгсөн. Өнөөдрийг хүртэл эд зүйлээ чөлөөлж өгөхгүй байна. Ннэ хугацаанд ашиглах, түрээслүүлэх зэрэг эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд хохиролд 13,417,496 төгрөг гаргуулж өгнө үү.

 

4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсаар байгаа гэдэг нь үндэслэлгүй. 2023 оны 11 дүгээр сараас байшингаа суллаж авсан. Харин одоог хүртэл байшинд үлдсэн байсан эд зүйлсийг маань өгөхгүй байгаа болно.

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнээс биш худалдаж авч чадахаа болих юм бол түрээсийн төлбөрт тооцно гэдэг тохиролцоо болоогүй. Мөн Иргэний хуулийн 287, 302, 318 дугаар зүйлүүдэд заасан эд хөрөнгө хөлслөх эсхүл түрээслэх гэрээний харилцаа үүсээгүй болно. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ****************д холбогдох, 12,560,470 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *************гийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *************д холбогдох, 13,417,496 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****************ын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *************гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 215,920 төгрөгийг, хариуцагч ****************аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,040 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.6 дахь хэсэгт зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасан ч засварын зардал нь зайлшгүй зардалд хамаарахгүй гэх дүгнэсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан, талууд мөнгө болон байшинг буцааж өгсөн бөгөөд нэхэмжлэгч уг байшинд 12,000,000 төгрөгийн засвар хийсэн байшинг хүлээлгэж өгсөн. Энэ нь байшингийн эзэн буюу хариуцагчид орж буй ашиг бөгөөд ашгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар буцаан өгөх үүрэгтэй.

Мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн, үнийг нь төлсөн, эсхүл энэ хуулийн 205.4.1, 205.4.2-т заасны дагуу гэрээний зүйлийг буцааж өгөх буюу хохирол нөхөн төлөх шаардлага үүсээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэгчид зайлшгүй зардлыг нөхөн төлөх үүрэгтэй. Бусад зардлыг үүрэг гүйцэтгэгч гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгчид оруулсан ашгийн хэмжээгээр нөхөн төлнө гэж заасан. Энэ хуулийг шүүх буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 88 дугаар зүйлд заасан үр шимтэй холбож тайлбарласан нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэгч байшинтай холбоотой өөрөөсөө гаргасан зардлыг нэхэмжилж байхад шүүхээс эсрэгээрээ олсон орлоготой холбож тайлбарласан нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч худалдаж авсан 9,500,000 төгрөгийг анх өгснөөрөө буцааж авсан. Хариуцагч байшинг хүлээж авахдаа 12,000,000 төгрөгийн засвар хийсэн байшин хүлээж авч байгаа нь зөв гэх агуулгаар шийдвэрлэсэн нь хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг дэмжсэн шийдвэр гэж харагдаж байна.

Шүүх шийдвэр гаргахдаа тухайн хөрөнгийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт зааснаар Эд хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардал, хохирлоо нөхөн төлүүлж уг зүйлийг буцааж өгөх үүрэгтэй. Харин хөрөнгийн шинж байдлаас түүнийг бүрмөсөн өөрийн болгож авсан гэж бодох үндэслэлгүй нь илтэд байвал энэ журам үл хамаарна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дүгнэлтийн үндэслэл уг үл хөдлөх эд хөрөнгийг нэр дээрээ шилжүүлж аваагүй эсхүл хэлцэл байгуулаад улсын бүртгэлд бүртгүүлээгүй байхад өөрийн гэж бодсон нь буруу. Зохигчдын хооронд аман хэлцэл байгуулагдсан бөгөөд 2 жилийн хугацаанд төлбөрийг төлж дууссаны дараа хашаа байшингийн эрх шилжүүлнэ гэж тохиролцсон. Хэрэв өмчлөх эрхээ шилжүүлсэн, гэрчилгээгээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан бол үүнийг өөрийн болсон гэж бодох хууль зүйн шаардлага, үндэслэл байхгүй. Энэ тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдлаас урьдчилан сэргийлсэн зохицуулалт гэж харах байсан.

Нэхэмжлэгч амаар тохиролцоод урьдчилгаа мөнгөө өгөөд 2 жилийн дараа шилжүүлж авна гэдэг тохироо хийж биетээр нь байшинг хүлээж авсан. Энэ тохиолдолд өөрийн болсон гэж бодон эзэмшилдээ авснаас хойш 1 сарын дараа засвар үйлчилгээгээ хийсэн. Үүнийг шүүх өөрийн болсон гэдэг нь үндэслэлгүй гэж тайлбарласан нь хуульд нийцэхгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 205 дугаар зүйлд зааснаар биет байдлаар өгсөн авснаа буцаасан процесс болоод өнгөрсөн, гарсан зардлын хэмжээний талаар зохигчдын хооронд маргаан байдаггүй. Тэгэхээр хуульд зааснаар гарсан зардлаа нэхэмжилж авах эрхтэй. Анхан шатны шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас гаргасан тайлбарын агуулга: Гомдлын агуулга нь нэхэмжлэгч амаар тохиролцсон тохиролцоог үндэслээд хашаа байшинг хүлээж аван 2 жилийн хугацаанд төлбөрөө төлж дуусаад өөрийн өмчлөлд шилжүүлж авах талаар мэдэж байсан. Уг хашааг өөрийн болсон гэж бодож сарын дараа засвар зайлшгүй хийх шаардлагатай болсон. Үүний дагуу засвар хийж зардал гарсан учраас Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь засварын мөнгийг өгөх үүрэгтэй гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч **************** худалдах, худалдан авах гэрээг нэхэмжлэгч *************гийн нөхөр н.*********** гэх хүнтэй байгуулсан. Гэрээг байгуулж гэрээний нөхцөлийг тохиролцохдоо 9,500,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдрүүдэд, үлдэгдэл төлбөрийг сар бүр 500,000 төгрөгөөр 2 жилийн хугацаанд төлж барагдуулах, төлбөр төлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тохиролцсон. Гэтэл 3 жилийн хугацаанд төлбөр төлөөгүй хэр нь байшинд засвар хийсэн. Мөн бүрмөсөн өөрийн болсныг мэдээгүй байсан гэдэг нь нэхэмжлэгч нь өөрийнхөн өмчлөлд шилжээгүй, бүр мөсөн өөрийнх нь болоогүй гэдгийг мэдэж байсан.

Засвар хийх зайлшгүй шаардлага байсан гэдэг. Энэ үед **************** эхнэр 3 хүүхдийн хамт тухайн хашаа байшинд амьдарч байгаад М.***********ид суллаж өгсөн байдаг бөгөөд энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогддог.

Мөн 12,000,000 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь эргэлзээтэй. Учир нь засвар хийхэд шилжүүлсэн гэх мөнгийг өөр агуулгаар олон хүмүүс рүү шилжүүлсэн байдаг. Энэ нь засвар хийлгэхэд шилжүүлсэн гэж харагддаггүй. Жишээ нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 5859 ажлын хөлс гэх утгатайгаар 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Гэтэл уг мөнгийг авч буй хүн нь н.***********ийн захирал н.Батсайхан гэх хүн байдаг. Мөн гүйлгээний утга дээр нь өөрийнхөө жолооддог машины дугаарыг бичиж шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан байдаг. Дээрх гүйлгээнүүдээс харахад 12,000,000 төгрөгийн бараа материалаар засвар хийсэн гэдэг нь нотлогддоггүй бөгөөд засварт хамааралгүй мөнгө дансанд орж гарсан гэдэг нь илэрхий харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ************* нь хариуцагч ****************д холбогдуулан 12,560,470 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс хохиролд 13,417,496 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, энэ талаар талууд давж заалдах гомдол гаргаагүй. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч *************, түүний нөхөр ***************** болон хариуцагч **************** нар 2010 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлааст 11 дүгээр гудамж, ***тоот хаягт оршин байх газар, байшинг 18,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцсон. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

3.2. Нэхэмжлэгч тал гэрээний үнэд урьдчилж 7,500,000 төгрөгийг бэлнээр, 2,000,000 төгрөгийг харилцан тооцож нийт 9,500,000 төгрөг төлсөн.

3.3. Гэрээний үлдэх төлбөрийг 2 жилийн хугацаанд сар бүр 500,000 төгрөгөөр төлөх үүргийг нэхэмжлэгч тал биелүүлээгүйгээс гэрээ 2023 оны 8 дугаар сарын 13-ны өдөр худалдагч тал гэрээнээс татгалзаж, 9,500,000 төгрөгийг худалдан авагч тал болох *************д шилжүүлэн өгчээ.

 

4. Зохигчид хооронд байгуулагдсан гэрээний зүйлийг хашаа, байшин гэж тодорхойлсон боловч газар өмчлөх эрх, уг газар дээр баригдсан хувийн сууц бүхий үл хөдлөх эд хөрөнгө байгааг анхан шатны шүүх анхаараагүй алдаа гаргасан боловч уг алдааг давж заалдах шатны шүүх Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 269 тоот албан бичигт холбогдох газар өмчлөх эрх болон хувийн сууцыг тус тус улсын бүртгэлд иргэн *************ы нэр дээр бүртгэлтэй гэх байдлыг үндэслэн залруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Худалдан авагч талын үүргийн зөрчилтэйгээр худалдагч тал гэрээнээс татгалзах нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарч байхад анхан шатны шүүх аливаа нэгэн үүргийн зөрчил шаардахгүйгээр гэрээний талууд гэрээнээс татгалзах тухай мөн хуулийн 204 дүгээр зүйлд заасан журмыг тайлбарлаж хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаатай болсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэж алдааг залруулав.

Гэрээнээс татгалзаж гэрээ дуусгавар болсон тул гэрээний зүйлийг улсын бүртгэлд *************ы нэр дээр бүртгэсэн байдалд дүгнэлт хийх замаар гэрээний хүчин төгөлдөр байдлыг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

6. Гэрээнээс татгалзсны үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хэн аль нь гэрээний дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг нөгөө талдаа буцаан шилжүүлэх үүргийн хүрээнд худалдагч **************** 9,500,000 төгрөгийг худалдан авагч *************д шилжүүлжээ. Худалдан авагч *************гийн эзэмшилд газар, байшин байгаа талаар баримтгүй тул ****************д шилжүүлэн өгөх зүйлгүй гэж дүгнэх нь зүйтэй.

 

7. Нэхэмжлэгч ************* нь маргаан бүхий хувийн сууцанд 12,560,470 төгрөгийн засвар хийсэн тул засварын зардлыг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд тэрээр уг зардлыг үр шим гэх үндэслэлээр шаардаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан буцаан шаардах эрхэд хамаарах үр шим, үр шимийг тодорхойлсон мөн хуулийн 88 дугаар зүйлийг тул тус тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ. Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь буруу юм.

 

8. Нэхэмжлэгч ************* нь худалдаж авсан гэж ойлгож хувийн сууцанд засвар хийсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт заасан зайлшгүй зардал биш гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруу гэж үзэхгүй болно. Учир нь уг хувийн сууцыг ердийн байдлаар ашиглах боломжгүй байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй эсэхийг шалгахдаа хийсэн дүгнэлт алдаатай болжээ.

9.1. Гэрээнээс татгалзаж, гэрээг дуусгавар болгосон бөгөөд гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгснөөр хариуцагч талд засвар хийсэн хувийн сууц буцаагдсан байна. Хариуцагч тал засвар хийснийг үгүйсгээгүй, харин засвар хийх зайлшгүй шаардлага байгаагүй, засвар хийсэн гэх баримт нь уг засварт зарцуулагдсан гэдгийг нотлохгүй байна гэх агуулгаар маргасан.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан гэрээний үүрэг гэрээнээс татгалзаж дуусгавар болсон тохиолдолд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.5 дахь хэсэгт зааснаар ************* нь хувийн сууцыг бүрмөсөн өөрийн болгосон гэж бодсоны улмаас түүнтэй холбоотой зардал гаргасан бол зардлаа шаардах эрхтэй.

9.2. Харин нэхэмжлэгч ************* нь уг зардлыг нотолсон тохиолдолд түүний нэхэмжлэл хангагдах учиртай. Тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн *************** тоот дансны хуулга, 36 ширхэг гэрэл зургийг баримтаар гаргаж өгсөн боловч дээрх баримтаар хувийн сууцанд хийсэн засварын хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Өөрөөр хэлбэл гэрэл зургаас засварын ажлын хэмжээ тодорхойлогдохгүйгээс гадна, банкны гүйлгээний шилжүүлэгийн материал, 100 айл магнет, баярлалаа болороо, барилгын мат, обой, утас гэх утгыг үндэслэн засвар хийсэн гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.

9.3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэндагвад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийн талаар 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр тайлбарлаж өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа иргэний хэрэг үүсгэсэн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш шийдвэр гарсан 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл 8 сар 6 хоног үргэлжилсэн тохиолдолд нэхэмжлэгч талыг нотлох баримт бүрдүүлэх боломжит хугацаагаар хангасан гэж үзнэ.

9.4. Иймд нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийг мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгох бөгөөд анхан шатны шүүхээс шаардах эрхийг буруу тодорхойлсон алдааг залруулна.

 

10. Хариуцагч **************** нь нэхэмжлэгч *************д холбогдуулан эд хөрөнгөө бусдад хөлсөлсөн бол 13,417,496 төгрөгийн орлого олох байсан гэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон. Анхан шатны шүүх түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэхдээ алдаа гаргажээ. Хувийн сууцыг иргэд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хөлслөх боломжтой бөгөөд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд түрээслэх боломжгүй юм. Харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хууль хэрэглээгүй алдааг залруулна

 

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/04485 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 493 дугаар зүйлийн 493.5, 287 дугаар зүйлийн 287.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *************гаас төлсөн 215,920 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЗОЛЗАЯА