Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 2019/ШЦТ/77

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Хурц,

хохирогч А.С,

шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:   

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт   Ж.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907001940058 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянав.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, *******, *******, *******, ******* хамтаар тоотод оршин суух бүртгэлтэй ,одоо тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт   Ж.Т.

 

Прокуророос тогтоосон хэргийг агуулга: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Яллагдагч Ж.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тоот дахь гэртээ “гар утас руу нь эрэгтэй хүн залгасан байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Сг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 дахь удаагаа эхнэрээ цохисон. Тухайн үед архи уусан болохоор хардалтаас болж эхнэртэйгээ маргалдаж, эхнэрийн утас руу эрэгтэй хүн залгасан гэх шалтгаанаар маргалдаж эхнэрээ жижиг хуванцар сандлаар баруун гараараа сандлаар цохисон. Эхнэрийн зүүн шуу хөхөрсөн” гэв.

 

Хохирогч А.С шүүхийн хэлэлцүүлэгт: “2019 оны 4 дүгээр сарын 24-нд манай нэг найз Хараатай орж ирсэн. Тэгээд 21 цагийн үед хүргэж өгнө гээд явсан. Тэгээд гэртээ орж ирэхэд эрэгтэй хүн залгасан байна гээд уурлаад, тэгээд урдаас манай хүн тэсэлгүй намайг үсдэж унагаагаад зодсон. Өглөө 2 хүүхдээ хичээлдээ явах гээд ирэхээр нь цагдаа дуудаж өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

 

Насанд хүрээгүй гэрч С.А мөрдөн байцаалтад өгсөн “...Би Өвөршандын 9-9 тоотод эмээ, өвөөгийндөө хоночихоод маргааш өглөө нь буюу 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өглөө 10 цагийн үед тоотод гэртээ орсон чинь манай ээжийн гар нь хөхөрчихсөн хоол хийгээд байж байсан. Харин манай хойд аав болох Ж.Т зурагт үзээд хэвтэж байсан. Тэгээд манай ээж намайг гэрт ороход миний чихэнд “аав чинь намайг зодчихлоо” гэж зөөлөн шивнэж хэлсэн. Тэгээд ээж намайг гэрээс дагуулж гараад надад гар утсаа өгөөд “усанд яваад ир” гэж хэлэхдээ “өвөө, эмээгийндээ очоод цагдаа дуудчих” гэж хэлэхээр нь би эмээ өвөөгийндөө очоод эмээдээ “ээжийг аав зодоод байна гэнэ ээ, та энэ гар утсаар цагдаа дуудаад өгөөч” гэж хэлсэн чинь эмээ цагдаа руу залгасан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар тал/,

 

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5182 дугаар:

  1. 2. А.Сгийн биед зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн тохойнд зудгаралт, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  1. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар тал/, 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 207 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 35-36 дугаар тал/,  

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 426 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 37-38 дугаар тал/, 

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49 дүгээр тал/,

 

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50 дугаар тал/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.Тд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тоот дахь гэртээ “гар утас руу нь эрэгтэй хүн залгасан байна” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.Сг зодож түүний эрүүл мэндэд зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн тохойнд зудгаралт, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн шүүгдэгч Ж.Тын “...эхнэрээ жижиг хуванцар сандлаар баруун гараараа сандлаар цохисон...” гэх,

хохирогч А.Сгийн “...намайг үсдэж унагаагаад зодсон...” гэх,  

насанд хүрээгүй гэрч С.А “...манай ээжийн гар нь хөхөрчихсөн хоол хийгээд байж байсан...” гэх /хх-12/ мэдүүлгүүд болон Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн №5182 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

   Шүүгдэгч Ж.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уруулсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Тд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэх,

  Өөрий өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгч: “Манай гэр бүл 500 цаг ажил хийгээд явахаар манай гэр бүл хэцүүднэ. Мөнгөн торгууль оногдуулж өгнө үү” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Иймд Ж.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж уруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тогтох ял шийтгэх нь зүйтэй  гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар хохирогч А.С мөрдөн байцаалтад “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ж.Тыг төлөх төлбөргүй гэж үзсэн ба хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. ******* овогт   Ж.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.Тыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Тд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Тд мэдэгдсүгэй.
  5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  7. зүүн мөр, хүзүүнд зулгаралт, зүүн мөр, зүүн бугалганд цус хуралт, баруун зүүн тохойнд зудгаралт, баруун даланд цус хуралт Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ