Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/04565

 

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 102/ШШ2016/04565

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчний 95-1 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Урандаваагийн Золжаргал /РД-ГЮ860712671/-ын,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Дэвшил сангийн аж ахуй 10-3 тоотод оршин суух, эрэгтэй, Дархан овогт Оюунхуарын Далайбаатар /РД-ЧБ85021870/-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, мөн сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Золжаргал, О.Далайбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.Золжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие О.Далайбаатартай 2001 онд танилцсан бөгөөд тохиолдлын харьцаанд орж, 2002 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү З.Ганбаганыг төрүүлсэн. Бид ерөөсөө хамт амьдраагүй. О.Далайбаатар нь З.Ганбаганыг миний хүүхэд биш гэж шинжээч томилуулсан.

Одоо хүү маань 13 настай Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 8 дугаар ангид суралцдаг. О.Далайбаатар нь энэ хугацаанд хүү бид хоёрт анхаарал халамж тавьж байгаагүй.

Иймд хүү З.Ганбаганыг өөрийн асрамжид үлдээн, О.Далайбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.Далайбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие У.Золжаргалтай нэг байранд найзын журмаар амьдарч байсан.

Нэхэмжлэгч У.Золжаргалтай 2001 онд 8 дугаар ангид байхдаа 1 удаа тохиолдлын харьцаанд орсон. Энэ явдлаас хойш уулзаагүй байж байгаад 2002 онд ээж болох н.Оюунцэцэг эгч намайг дуудаж манай охин 7 сартай жирэмсэн байгааг мэдлээ, энэ хүүхдийг авахуулна. Одоо гараад авахуулах мөнгө олж өг гэсэн.

1 дүгээрт миний хүүхэд гэдэгт итгэхгүй байсан. 2 дугаарт эмээ маань хөл муу, ээж маань группт, эгч дөнгөж төрсөн нялх биетэй, ах цэрэгт явсан, би 8 дугаар ангийн сурагч байсан учир мөнгийг нь өгч чадаагүй.

2002 оны 5 дугаар сард хүүхэд төрөхөд би эцэг тогтоолгомоор байна гэхэд надад хариу өгөөгүй. Ингээд З.Ганбаганыг миний хүүхэд биш гэж бодож байсан бөгөөд тэр үеэс хойш уулзаагүй, ямар нэгэн юм ярилгүй өдийг хүргэсэн.

Би 4-12 настай 3 хүү болон н.Мөнхтуяагийн хамт 10-н хэдэн жил амьдарч байна. Бид 2 тогтсон ажилгүй, өрнөөс өрний хооронд айлын байр түрээслэн амьдардаг.

Шинжээчийн дүгнэлтээр миний хүү мөн болохыг тогтоосон тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би тогтсон ажилгүй, зуны хэдэн сардаа барилгын ажил хийдэг, эхнэрийн орлогоор амьдардаг учир тэтгэлгийг яг төлнө гэхэд хэцүү байна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч У.Золжаргал нь О.Далайбаатарт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь хүү З.Ганбаганыг өөрийн хүүхэд биш гэж маргасан учир шүүх түүний хүсэлтээр шинжээч томилж, эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2197 дугаар дүгнэлтээр О.Далайбаатар нь хүү З.Ганбаганын биологийн эцэг болохыг тогтоосон байна. /23 дугаар хуудас/

Үүний улмаас хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг.

Гэр бүлийн тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлдэг бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

Иймээс хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу хүү З.Ганбаганад 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг О.Далайбаатараас гаргуулахаар шийдвэрлэв.

Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул У.Золжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан У.Золжаргалд буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар З.Ганбаганад 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, уг тэтгэлгийг эцэг О.Далайбаатараас гаргуулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасны дагуу У.Золжаргалыг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас гаргуулан У.Золжаргалд буцаан олгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц хувийг нь гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Оюун-Эрдэнэд даалгасугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээг түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД