| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2024/02203/И |
| Дугаар | 210/МА2025/00027 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00027
******** -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/05390 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******** гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч ******* ХХК-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******** нь 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******** ХХК-тай ******* дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай Т үйлчилгээний орон сууцны А блок барилгын 5 давхарт, баруун талын *******тоот, 52.06 м.кв 2 өрөө орон сууцыг 1м.кв үнийг 2,000,000 төгрөгөөр тооцож нийт 104,120,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.
Гэрээнд заасан 104,120,000 төгрөгийн төлбөрийн 50,000,000 төгрөгт Lexus IS250 маркийн автомашиныг, 45,000,000 төгрөгт Subaru Outback автомашиныг тус тус тооцуулан үлдэгдэл 9,120,000 төгрөгийг бэлнээр төлсөн.
Захиалагчийн зүгээс гэрээний 2.2 дахь хэсэгт заасан 104,120,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэрээгээр гүйцэтгэгч нь орон сууцыг 2023 оны 2 дугаар улирал буюу 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 6 дугаар сарын хооронд дуусгаж ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэтэл хариуцагч ******* ХХК нь үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, захиалагчийг хөрөнгө мөнгө болон цаг хугацаагаар ихэд хохироож байна.
Иймд Баянзүрх 22 дугаар хороо, ******* үйлчилгээний орон сууцны А блок барилгын 5 давхарт баруун талын Е буюу *******тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоож, холбогдох баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай компани Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах Т орон сууцны хотхоны гүйцэтгэгчээр ажиллаж, барилга барих ажлын хөлсөндөө байр худалдан борлуулж, ажлын гүйцэтгэлээ хангах болсон. Уг орон сууцны нэг болох 5 давхрын Е тоот бүхий 52.06 м.кв 2 өрөө орон сууц байсан. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ******* гэх залуу өөрийн найз гэх хүмүүстэй танай байрнаас зах зээлийн ханшнаас арай хямдаар, тодорхой хувьд нь бартер оролцуулан 100 хувь төлбөрийг төлж уг байрыг худалдаж авахыг хүссэн. Гэрээ байгуулахаар ******* , ******** болон түүний гэр бүлийн хүн ирсэн байсан. Бартерт шилжүүлэх автомашинуудаа өнөөдөр эсхүл маргааш өгнө, бэлэн мөнгөө шилжүүлээд ирнэ гэж хэлээд 100 хувь төлбөрийг барагдуулсан гэж гэрээ байгуулахыг хүссэн. Тухайн гэрээг хэвлэхэд манай принтерийн хор муу байна, маргааш гэрээгээ авчих гэж хэлэхэд гадагшаа явах гэж байгаа гэж хэлээд аваад явсан.
Гэрээ байгуулсан асуудлын тухайд талууд маргахгүй байгаа, гэрээ байгуулсантай холбоотой эд хөрөнгө шилжүүлсэн гэж байгаа боловч нэхэмжлэлд дурдсан хоёр автомашиныг гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн байдаг. Гэрээнд 35,000,000 төгрөгийн урьдчилгааг гүйцэтгэгч талын дансанд шилжүүлнэ гэсэн байдаг. Гэрээний 2.4-т гэрээ байгуулсан өдрөөр машиныг шилжүүлнэ гэж заасан боловч гэрээ байгуулахаас өмнө машиныг шилжүүлсэн. Энэ машин шилжүүлсэн нь хариуцагч байгууллагад хамааралгүй. Гэрээтэй холбоотойгоор шаардлага гаргасан байгаа боловч төлбөрийг манай дансанд төлсөн тохиолдолд гэрээний хариуцлагыг хүлээнэ. Гэвч төлбөр төлөөгүй байх тул гэрээний үүрэг хүлээхгүй, гэрээ хүчин төгөлдөр бус байна. 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн нотариатын баримт дээр н.******** гэх хүн 6,500,000 төгрөгийг н.Сайнбуян гэх хүний дансанд шилжүүлсэн байсан. Автомашины үнийн дүнг гэрээнд өөрөөр тооцсон боловч өгөхдөө өөр дүнгээр өгсөн байсан. Машин шилжүүлсэн хүн тодорхой байхад гэрээ дуусгавар болсон гүйцэтгэгчээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******** гийн ******** ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд баригдаж буй Тегри апартмент үйлчилгээтэй, орон сууцны барилгын А блок, 5 давхарт баруун талын Е буюу *******тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 748,750 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагч *******ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө автомашиныг бусдад шилжүүлэн өгсөн бөгөөд тухайн загварын автомашинуудын зах зээлийн үнэ 95,000,000 төгрөг /Lexus IS250 50,000,000, Subaru Outback 45,000,000/ үнэтэй байсан нь эргэлзээтэй, тодорхой нотолсон баримтгүй байна гэж дүгнэсэн.
Иргэний хуулийн 189 дугаар зүйл 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний эрх зүйн харилцаанд өөрсдийн худалдах, худалдан авч буй эд хөрөнгийн онцлог, шинж байдлыг үндэслэн хэдэн төгрөгөөр үнэлэх, хэдэн төгрөгөөр үнэлэн худалдах авах нь гэрээ байгуулж буй талуудад олгогдсон эрхийн хүрээний асуудал. Түүнчлэн шүүгч тухайн тээврийн хэрэгслийн үнийг дураараа хэд байх ёстой, өндөр, эсвэл бага гэж үнэлгээ тогтоох ёсгүй. Тодруулбал, аливаа эд хөрөнгийн үнэ гэдэг явсан км, үйлдвэрлэсэн он, аваар осолд орсон эсэх, биет байдлын доголдолтой эсэх, гадар болон дотор өнгө, дотоод тав тух зэрэг олон хүчин зүйлээс хамаарна. Иймд ч учраас иргэний хуульд талуудын хэлэлцэн тохиролцсон үнэ гэдэг ойлголт бий бөгөөд талуудын хооронд тухайн хөрөнгийн үнэ дээр төөрөгдсөн гэдэг ч маргаан байгаагүй.
Гэтэл шүүхээс талуудын тохиролцон шилжүүлсэн автомашинуудын үнэлгээг шүүгч өөрөө дур мэдэн эргэлзээтэй, тодорхойгүй гэсэн байдлаар хэт нэг талд илэрхий ашигтай байдлаар тайлбарласныг үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн гэрч ******* , ******* нарын мэдүүлгүүд болон нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар, үндэслэлүүдээр тус тус орон сууцны төлбөрт тооцуулан дээр дурдсан автомашинуудыг шилжүүлэн өгсөн болохыг, ингэхдээ гэрээ байгуулахаас өмнө нь тэдгээр тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болохыг тодорхой гэрчлэн тогтоогдсон ба тухайн гэрээ байгуулахаас өмнө нь шилжүүлсэн нь гэрээний төлбөр гэж үзэхгүй мэтээр шүүх тайлбарласан нь ойлгомжгүй байна.
Нэхэмжлэгч талаас өөрсдийн тайлбар, үндэслэлээ нотлох зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулах явцад болон төлбөр мөнгийг хэрхэн тохиролцож, автомашинуудыг шилжүүлж байсан талаарх нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж тэдгээрээс гэрчийн мэдүүлэг авахуулж хавтаст хэрэгт тусгуулсан нь хэрэгт ач холбогдолтой бүхий нотлох баримт гэж бид үзэж байна. Гэвч шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий гэрчийн мэдүүлгүүдийг үнэлж дүгнээгүй хэрнээ тээврийн хэрэгсэлийн үнэлгээ эргэлзээтэй гэх байдлаар өөрөө дүгнэсэн нь шүүхийн хөндлөнгийн байх зарчимд нийцэхгүй ба тээврийн хэрэгслийн үнэлгээ эргэлзээтэй гэх тодорхой бус үндэслэлээр хэт нэг талыг барьж нэхэмжлэлийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1 дэх хэсэгт заасан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
4.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээний үүргийг талуудын хэн аль нь биелүүлээгүй, нэхэмжлэгч нь төлбөрийг хариуцагч ******* ХХК-д төлөөгүй байх тул нэхэмжлэгч ******** г орон сууцны өмчлөгчөөр тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гарган өгөхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна гэж дүгнэсэн.
Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж орон сууцны төлбөрт 95,000,000 төгрөгт тооцож 2 автомашиныг, үлдэгдэл 9,120,000 төгрөгийг хариуцагч компанийн захирал ******* ын хамтран ажиллагч гэх ******* эд шилжүүлсэн.
Ийнхүү шилжүүлснийг эс зөвшөөрч байсан бол тухайн машин, үлдэгдэл мөнгийг өгсний дараа гэрээ байгуулахаас татгалзах боломжтой, татгалзах ёстой байсан. Ийнхүү шилжүүлснийг хүлээн зөвшөөрч, дараа нь өөрөө хүлээн зөвшөөрч гэрээ байгуулчихаад тухайн орон сууц ашиглалтад орох дөхөнгүүт гэрээнээс татгалзсан нь талууд гэрээний үүргээ шударгаар биелүүлэх зарчимд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь эхнээсээ хариуцагчийн нэрлэн заасан хүнд машин, мөнгийг өгсөн учраас зохигч нарын хооронд байгуулсан гэрээнд төлбөр тооцоогүй, төлбөрөө бүрэн барагдуулсан гэж дурьдагдсан.
Нэхэмжлэгч ******** нь ******* ийн нягтлан гэх ******* д автомашиныг шилжүүлсэн өгсөн талаар нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлж автоманыг ******* д шилжүүлсэн өгсөн баримтаа шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагч ******* ХХК-ийн захирал ******* ын байрны төлбөр мөнгийг ******* эд шилжүүлж өгөхийг зөвшөөрсөн учраас түүнд шилжүүлсэн, түүнд шилжүүлсэн учраас төлбөрөө төлсөн тухай гэрээ байгуулсан болохыг шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнээгүй.
4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Мөн хариуцагч ******* ХХК болон нэхэмжлэгчээс мөнгө, автомашиныг шилжүүлэн авсан гэх ******* нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн өгөх үүрэгтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн.
******* болон түүний нягтлан байсан гэх ******* , нэхэмжлэгч ******** болон гэрч ******* нар нь уулзаад хариуцагч ******* ХХК-ийн оффисс-д очиж захирал ******* , түүний хуулийн зөвлөх гэх ******* нартай уулзаж Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, төлбөр мөнгөө шилжүүлж байсан, мөн ******* болон ******* нар нь ажил хэргийн болон найз нөхдийн холбоотой хэмээн тайлбарлаж байсан талаарх байдлыг нотлох гэрчийн мэдүүлгүүдийг мөн шүүхээс үнэлж дүгнээгүй болно. Түүнчлэн гэрч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө Миний машиныг авахдаа захиалгын гэрээтэй байр өгөөд авсан. *******д 2, 3 байртай гээд нэг бичиг бариад явж байсан. Сайн санахгүй байна" гэж мэдүүлсэн нь хариуцагчийн төлөөлөгч хамааралгүй, танихгүй гэх тайлбар худал болох нь нотлогдоно. Гэвч шүүх ямар нэгэн баримтгүй хариуцагчийн тайлбарыг үнэн зөв мэтээр дүгнэж, иргэн ******* , хариуцагч ******* ХХК нарыг ямар ч харилцаагүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нарын хооронд тус орон сууцын 4 давхрын бетон цутгалтыг хийж гүйцэтгэх ажлыг авсан байсан гэх тайлбарыг хэлсэн байдаг. Гэтэл шүүхээс талуудын хооронд хэт нэг талыг барьж хэрэгт авагдсан бусад нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгийн үед талуудыг гаргасан тайлбар, шаардлагыг бүрэн дүүрэн үнэлгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 184/ШШ2024/05390 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулахаар шийдвэрлэж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос харвал, машины үнийн дүн болон автомашины талаарх бүх зүйлд маргасан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх ёстой. Гэрээний үнийн дүн, тухайн гэрээнд машин тусгагдаагүй, нэхэмжлэлд дурдагдаж буй машинууд хаана ч заагдаагүй гэж маргасан. Шүүхээс Гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буюу 10 хоногийн өмнө тухайн машиныг бусдад шилжүүлсэн байж нэхэмжлэлд дурдсан нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлгийг тусгаагүй, үндэслэл болгоогүй байна гэдэг. Шүүхийн шийдвэрт гэрчийн мэдүүлэг тусгагдсан. Нягтлан гэх ******* нь ******* ийн нягтлах биш, аж ахуйн нэгжийн нягтлан. Автомашиныг аж ахуй нэгжийн нягтланд шилжүүлсэн байдаг. Автомашинаар байрны төлбөр төлсөн гэдгээ тогтоолгоно гэдэг. Нотлох баримт гаргуулах хүсэлтийг тухайн үед гаргая гэхэд цаг тухай бүрт нотлох баримтаа гаргасан. Хоорондоо хэлэлцэж зөвшилцсөн магадлалтай гэдэг байдлаар бид өөрсдөө захиалагч байгууллагаас тайлбар авъя гэдэг. Захиалагч байгууллага үнэхээр барилга барьсан бол нэхэмжлэгчийн маргаж буй байрны өмчлөгч мөн эсэхийг шүүхээс тодруулсан байдаг.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлалтай ******** үйлчилгээний орон сууцны А блок барилгын 5 давхарт, баруун талын *******тоот, 52.06 м.кв 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ******** нь орон сууцны үнэ болох нийт 104,120,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 14-16/
4. Нэхэмжлэгч ******** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээнд зааснаар орон сууцны үнийг төлсөн боловч хариуцагч орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлон уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар орон сууцны төлбөрийг шилжүүлж өгөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх агуулгаар татгалзлаа илэрхийлсэн байна.
5. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн. Харин, шийдвэрийн тогтоох хэсэгт маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг буруу баримталсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь гэрээний үүрэг шаардсан буюу худалдах, худалдан авах гэрээг үндэслэн өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулна.
5.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.
Талуудын байгуулсан гэрээний 2.3-т захиалагч орон сууцны урьдчилгаа төлбөрт 35,000,000 төгрөгт тооцож хавсралтад дурдсан автомашиныг авах бөгөөд үлдсэн төлбөрийг бүрэн барагдуулав гэсэн боловч хариуцагч талаас нэхэмжлэгчийг төлбөрөө төлөөгүй гэж татгалзаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн тайлбар, шаардлагаа нотлох үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь орон сууцны төлбөр болох 104,120,000 төгрөгийн 50,000,000 төгрөгт Lexus IS250 маркийн автомашиныг, 45,000,000 төгрөгт Subaru Outback маркийн автомашиныг тус тус тооцуулан, үлдэгдэл 9,120,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэж тайбарласан.
2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ******** гийн нэр дээр гаалийн хилээр нэвтрэн орж ирсэн Lexus IS250 болон Subaru Outback маркийн автомашинуудыг захиран зарцуулах эрхийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн итгэмжлэлээр ******* д олгожээ. Улмаар ******* нь Lexus IS250 маркийн автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******* эд, Subaru Outback маркийн автомашиныг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр М.Болор-Эрдэнэд тус тус худалдсан болох нь хэргийн 42-64 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж, 211.2 дахь хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заасан.
Гэрчээр мэдүүлэг өгсөн ******* нь ******** гаас итгэмжлэл авч, дээрх автомашинуудыг ******* эд шилжүүлсэн, ******* нь хариуцагч ******* ХХК-д бетон цутгасны төлбөрт байр авсан гэж хэлж байсан талаар мэдүүлсэн. Гэвч ******* нь хариуцагч ******* ХХК-д бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн эсхүл ажил гүйцэтгэсэн буюу авлагатай эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Нөгөө талаар, нэхэмжлэгчээс орон сууцны төлбөрт шилжүүлсэн гэх автомашинуудыг шилжүүлэн авсан ******* болон ******* нарыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу ******* ХХК-ийн өмнөөс үүргийг хүлээн авахаар нэрлэн заасан этгээдүүд мөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, ******* ХХК-ийн зүгээс зөвшөөрсөн буюу орон сууцны үнийн зарим хэсэгт тооцуулахаар тохиролцсон гэх автомашинуудыг ******* болон ******* нарт шилжүүлэн өгснөөр хариуцагч ашиг олсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны үнийг төлсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.
Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ... захирал ******* , ******* нар ажил хэргийн болон найз нөхдийн холбоотой талаар гэрчилсэн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, хариуцагчийн нэрлэн заасан хүнд автомашин болон мөнгийг хүлээлгэн өгсөн байхад шүүх үндэслэл бүхий дүгнээгүй гэх гомдлыг хангахгүй.
5.2. Түүнчлэн, нэхэмжлэгч тал гомдолдоо талуудын тохиролцон шилжүүлсэн автомашинуудын үнэлгээг шүүгч өөрөө дур мэдэн эргэлцээтэй, тодорхойгүй гэсэн байдлаар хэт нэг талд илэрхий ашигтай байдлаар тайлбарласан гэх боловч талуудын байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээнд ямар маркийн автомашиныг, хэдэн төгрөгт тооцох талаар тохиролцоогүй, гэрээний хавсралт байхгүй тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч тал гомдолдоо, ... хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ******* нарын хооронд тус орон сууцны барилгын 4 давхрын бетон цутгалтыг хийж гүйцэтгэх ажлыг авсан байсан гэх тайлбарыг хэлсэн ... гэх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тусгагдаагүй байх тул уг гомдол үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* ХХК-тай гэрээ байгуулахаас өмнө буюу 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Subaru Outback маркийн автомашиныг, гэрээ байгуулсны дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Lexus IS250 маркийн автомашиныг бусдад шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байхад шүүх ... гэрээ байгуулахаас өмнө автомашиныг бусдад шилжүүлэн өгсөн гэж дүгнэсэн нь үндэслэл муутай боловч энэ нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй юм.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 184/ШШ2024/05390 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад ... 106 дугаар зүйлийн 106.1, ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 748,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧ Т.БАДРАХ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ