Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 0367

 

         

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 28 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00367

          Улаанбаатар хот

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 16 дугаар хороо, Согоотын 40 дүгээр гудамжны 469 тоотод оршин суух, 38 настай, эрэгтэй, Алаг адуун овгийн Жамцаагийн Буд /РД:ИМ78043016/-ын нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Балчингийн Өсөннэмэх /РД:ВЮ87121339/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Буд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.      

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ж.Буд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Ж.Буд миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Б.Өсөннэмэхэд 2 500 000 төгрөгийг хүүгүйгээр 53 хоногийн хугацаатай зээлдүүлсэн юм.

Б.Өсөннэмэх нь зээлсэн мөнгөө буцаан өгөлгүй, өнөөдрийг хүрч байгаа юм. Миний бие нь Б.Өсөннэмэхийн оршин суугаа газрын хаяг /Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 1-13 тоот хаяг/-аар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад тухайн хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/20146 тоот захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

Б.Өсөннэмэхийг өөрийн боломжоороо хайсан боловч, тэрээр олдохгүй, хаана байгаа газар нь мэдэхгүй байна. Түүнчлэн Б.Өсөннэмэх иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн хаяг болох Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-37 тоот хаягт оршин суудаггүй талаар тухайн хорооны засаг даргын тодорхойлолтыг гаргаж өгсөн. Б.Өсөннэмэхээс зээлийн төлбөрөө шаардах зорилгоор эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж байгаа юм. Иймд Б.Өсөннэмэхийг эрэн сурвалжлуулж, түүний оршин суугаа газрыг хаягийг тогтоож өгнө үү гэв.          

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шнжлэн судлаад

                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Буд нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зорилгоор иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Балчингийн Өсөннэмэх /РД:ВЮ87121339/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заажээ.

Хүсэлт гаргагч Ж.Будын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзнэ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Б.Өсөннэмэх нь Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, Орхон 1-13 тоот, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-37 хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШЗ2016/20146 тоот захирамж, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9/020932 тоот албан тоот зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Б.Өсөннэмэхийг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4 дэх заалтыг баримтлан Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18-37 тоотод оршин суух /хаягийн бүртгэлтэй/ Жа овгийн Балчингийн Өсөннэмэх /РД:ВЮ87121339/-ийг эрэн сурвалжилсугай.

2. Б.Өсөннэмэхийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Будаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                         Ж.ЦЭНГЭЛ