Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2025/00028

 

 

 

******* гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04318 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ******* гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* д холбогдох,

 

6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: ******* д 2021 оны 02 дугаар сард Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдсан. Хариуцагч ******* нь төгөлдөр хуурын төлбөрийг 4 сарын хугацаанд хувааж төхөөр тохиролцсон боловч 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг төлж, үлдэх 6,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. ******* нь охиноо төгөлдөр хуурын сургалтад явуулсан төлбөр 1,000,000 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн. Үүнийг төгөлдөр хуурын төлбөрт төлөөгүй.

Иймд хариуцагч ******* гаас төгөлдөр хуурын үлдэгдэл төлбөр 6,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2021 онд Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 6,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Төгөлдөр хуурын төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр урьдчилгаа 1,000,000 төгрөгийг ******* гийн Хаан банк дахь ******* тоот данс руу, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн бөгөөд 2,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа. Мөн би Э ХХК-иас төгөлдөр хуурыг худалдаж авсан. Иймд ******* нэхэмжлэх эрхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч ******* гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

4.1. Шийдвэрийн 6-д ...******* нарын төгөлдөр хуурын төлбөрийн талаар харилцсан мессежинд үзлэг хийсэн тэмдэглэлээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* , ******* нарын хооронд 2021 оны 12 дугаар сард төгөлдөр хуур худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч хариуцагч аль аль нь 2019 онд маргаан бүхий төгөлдөр хуурыг худалдан авсан талаар шүүхэд мэдүүлж байхад илт үндэслэлгүй өөр дүгнэлт хийж байгаа үйлдэл шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй юм.

4.2. Шийдвэрийн 7-д ... хэрэгт авагдсан Э ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 24/10 тоот албан бичгээр Kawai CN27 загварын төгөлдөр хуур нь 2019-2022 оны хооронд 9,000,000 төгрөгөөр худалдан борлуулагдаж байсан болох нь тогтоогдсон гэжээ. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нь шүүх хуралдаан дээр үүнтэй холбоотойгоор тухайн үед буюу 2019 онд зах зээл дээр хэдэн төгрөгийн үнээр зарагдаж байсан талаар тусгай мэдлэг шаардагдах тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан боловч дээрх хүсэлтийг хангахаас татгалзаж зөвхөн нэг талын гаргаж өгсөн гэх албан бичгээр нотлогдож байна хэмээн дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: 2021 оны 12 сард худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан боловч талууд 2019 онд гэрээ байгуулагдсан гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхойлогдсоноор 2021 оны 2 сард талуудын хооронд төгөлдөр хуур худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн. Энэ талаар шүүхийн журмаар талуудын хоорондох зурвасыг шинжлэн судалснаар нотлогддог. Шинжээч томилсноор хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байсан гэх үндэслэлээр гомдол гаргасан нь үндэслэлгүй. Шинжээч томилсноор тухайн маргааны зүйл болох төгөлдөр хуурын бодит үнэлгээг гаргах боломжгүй. Өөр бусад нөхцөл байдлаар тогтоогдож байгаа гэх үндэслэлээр, мөн шүүх хуралдааны үед уг хүсэлтийг гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж хүсэлтийг хангахаас татгалзсан. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 24/10 тоот албан бичгийг үндэслэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн гэж байгаа боловч уг албан бичгээр тухайн цаг хугацаанд төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдаж байсан гэх үйл баримтыг тогтоосон. Нэхэмжлэгчээс хүсэлт гаргаж хариуцагч ******* н найз О.Оыг гэрчээр асууж мэдүүлэг авсан. Уг мэдүүлэгтээ төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдаж авсан гэдгийг би мэднэ. Яагаад мөнгөө өгөхгүй байгааг би мэдэхгүй байна гэдэгт шүүхийн журмаар үзлэг хийсэн бол 2019 онд гэрээ байгуулагдаагүй гэдгийг тогтоодог. 2021 оны 02 сараас хойш нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үнэ төлбөрийг шаардсан гэх үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Иймд хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад түүний гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Зохигч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч ******* нь Kawai СN27 загварын төгөлдөр хуурыг худалдах, хариуцагч ******* нь уг төгөлдөр хуурын үнийг төлж, хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 1, 10/

 

4. Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь талуудын тайлбар, Хаан банк дахь ******* гийн дансны хуулгаар тус тус тогтоогджээ. /хх-ийн 11, 12/

 

5. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хариуцагч ******* д Kawai СN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдахаар 2021 оны 02 дугаар сард тохиролцсон боловч 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 6,000,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч татгалзахдаа Kawai СN27 загварын төгөлдөр хуурыг 2019 онд нэхэмжлэгч ******* гөөс 6,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба үүнээс 4,000,000 төгрөгийг төлсөн, одоо 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа гэжээ.

 

6. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, хэлцэл хүчин төгөлдөр болох талаар зөв дүгнэсэн. Харин хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байна.

Талуудын тайлбараас үзэхэд худалдах, худалдан авах гэрээг хэзээ байгуулсан, гэрээний үнэ хэд болох, хариуцагч гэрээний дагуу хэдэн төгрөг төлсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

Шүүх хэрэгт авагдсан Э ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 24/10 тоот албан бичиг болон гэрч О.Оын мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч ******* нь 2021 онд хариуцагч ******* д Kawai CN27 загварын төгөлдөр хуурыг 9,000,000 төгрөгөөр худалдсан гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул давж заалдах шатны шүүхээс дээрх алдааг залруулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

6.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэхэ хэсэгт зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор Э ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 24/10 тоот албан бичигийг гаргаж өгсөн. Мөн хариуцагч ******* тай харилцсан цахим зурваст үзлэг хийлгэх, О.Оыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь Э ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр томилогдсон болох нь хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд тэрээр Kawai CN27 загварын төгөлдөр хуур 2019-2022 онд 9,000,000 төгрөгөөр худалдаалагдаж байсан талаарх тодорхойлолтыг тус компанийг төлөөлөн гаргаж, гарын үсэг зуржээ. /хх-42, 43/

 

Уг баримт нь нэг талын буюу нэхэмжлэгчээс гаргасан баримт байхаас гадна 2019-2022 оныг хүртэл хугацааг хамаарах үнийн тодорхойлолтыг гаргаж өгснөөс үзэхэд талууд 2019 онд худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг төгөлдөр хуурын үнэд төлсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нь дээрх 1,000,000 төгрөгийн төлбөрийг хариуцагч ******* гийн хүүхдийн төгөлдөр хуурын сургалтын төлбөр гэж тайлбарласан боловч Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгын гүйлгээний утгад энэ талаар тусгаагүй байна. /хх-ийн 13-р тал/

Түүнчлэн гэрч *******хэрэг хянан шийдвэрлэх ажиллааанд өгсөн мэдүүлэгтээ ******* төгөлдөр хуур 9,000,000 төгрөгөөр зарсан гэж надад хэлсэн гэж мэдүүлсэн нь талуудын хооронд үүссэн маргаан бүхий үйл баримтыг гэрчлээгүй, харин нэхэмжлэгчийн хэлсэн үгийг гэрчилсэн агуулгатай байх тул хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолтой баримт гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь талуудын хооронд 2021 оны 2 дугаар сард гэрээ байгуулагдсан, гэрээний үнэ 9,000,000 байсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд зохигч 2019 онд төгөлдөр хуур худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд хариуцагчийн тайлбар, гомдолд дурьдсанаар гэрээний зүйлийг 6,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж дүгнэлээ. Үүнээс хариуцагч нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдсон тул үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч ******* гаас гаргуулж, нэхэмжлэгч ******* д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 181/ШШ2024/04318 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* гаас 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 ... гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2 гэж, ... 110,950 ... гэснийг 46,950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Т.БАДРАХ

 

ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Г.ДАВААДОРЖ