| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0184/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/198 |
| Огноо | 2019-06-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-од холбогдох эрүүгийн 1938003610234 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн орой ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт оршин суух Н-н гэрт архидан согтуурч Д.Сийг “томоотой бай” гэснээс болж уурлан нүүр лүү нь өшиглөн эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүнд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн орой ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт согтуурсан үедээ хохирогч Д.Сийг “томоотой бай” гэснээс болж уурлан нүүр лүү нь өшиглөн эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүнд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Сийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:2019 оны 5 дугаар сарын 05-ны орой би хөдөөнөөс сумын төвд орж ирээд...хажуу айл болох Нарангэрэлийнд орсон. Тэнд ороход байшин дотор хэсэг хүмүүс архи ууцгаасан сууж байсан. Тэгээд намайг ороход нэг шил архи задалж тойруулсан. Би тэр архинаас нь их уугаагүй. Тэр шил архиа тойруулж дуусахад нь би “одоо болсон нь дээр байхаа, би лав гэртээ орж амарлаа” гэж хэлэхэд тэнд байсан хүмүүс “та сууж бай, архи асуудалгүй” гээд гаднаас нэг шил архи оруулж ирж мөн тойруулж ууцгаасан.Нөгөө архиа уугаад байж байхад Б.Б-, Нарангэрэлтэй маргалдаад Нарангэрэлийг дарж аваад цохиж аваад байсан юм. Би тэгээд байхаар нь Б.Б-од хандаж “чи одоо яагаад байгаа юм, томоотой бай, соггуурхаад байх юм” гэж хэлсэн. Б.Б- тухайн үед үг дугаралгүй гарч, орж гүйгээд байсан. Тэгж байгаад нэг гараад гэрт орж ирэнгүүтээ миний нүүр лүү баруун шанаа хэсэгт өшиглөсөн...Түүнд өшиглүүлснээс болж миний уруулын дотор тал язарсан, баруун шанаа хавдаж хөхөрсөн, баруун гар хөдөлж болохгүй байсан. Одоо ч гэсэн баруун гар юм өргөж болохгүй өвдөлттэй байна. Мөн толгой өвдөөд байхаар нь бариачид очиж бариулсан...Гомдолтой байна. Энэ хэргийн улмаас бие мах бодиороо болон ажил төрлөө хийж чадахгүй хохироод байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-9-р тал/
Гэрч Ч.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн өдөр гэртээ байж байсан юм. Орой 22 цагийн үед байх би хажуу талын айл болох Улаандай гэж айлд ороход тэднийд таньдаг хэсэг хүмүүс архи ууж байсан. Би тэнд хэсэг сууж нэг шил архийг тэр хэдтэй хамт юм ярьж хувааж уугаад байж байхад манай хажуу хөрш болох Д.С эгчийг байшинд сууж байхад Б.Б- ах гаднаас орж ирээд нүүр хэсэгт нэг удаа өшиглөөд авсан.Тэгээд тэнд хэрүүл маргаан болсон Би ч гэр ойрхон болохоор гэртээ ороод унтсан...Би тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг нь сайн мэдэхгүй байна...Тухайн үед Б.Б- ах нэлээд согтуу байсан. Д.С эгч бол над шиг л согтуугүй байсан...Ямарч байсан Д.С эгч сандал дээр суучихсан байж байхад нь нүүр хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд өшиглүүлсэний дараа Д.С эгчийн уруулнаас нь цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р тал/
Гэрч Ц.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Тэр өдрийн орой манай хажуу айл болох Нарангэрэл ахынд ээж “хэсэг хүмүүсийн хамт орж юм ярьж сууна” гэж хэлээд орсон байсан. Ээж тэр айлд ороод |хэсэг болсоны дараа тэднийхээс хүмүүс том, том дугаралдаад орилолдоод байхаар нь би “яасан юм бол” гэж бодоод хашаа руу нь ороход хашааны хаалганы тэр хавьд Б.Б- ах гүйчихсэн явж байхаар нь “наана чинь юу болоод байгаа юм бэ” гэж асуухад үг дуугаралгүй цааш хашааны хаалгаар гараад гүйгээд явсан. Тэгсэн ээж Нарангэрэл ахын байшингийн үүдэнд гарч ирээд уйлчихсан зогсож байхаар нь би очоод “юу болсон бэ” гэсэн чинь “Б.Б- намайг зодчихлоо” гэсэн: Би цааш Нарангэрэл ахын гэр лүү ээжийг дагуулж орж гэрэлд харахад ам хамраас нь цус гарсан баруун талын шанаа нь бага зэргийн хавдсан байсан.Тухайн үед манай ээж бол бараг эрүүл шахуу байсан. Б.Б- ах бол нэлээд согтуу байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/
Гэрч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би гэртээ хүүхдээ хараад байж байхад орой 21 цагийн үед байх манайд гаднаас Б.Б- ах нь эхнэр Янжмаагийн хамт бага зэргийн архи үнэртүүлчихсэн орж ирээд сууж байгаад “хэдүүлээ жоохон архи ууцгаах уу” гэхэд манай нөхөр Нарангэрэл /Улаандай гэж дууддаг/ “за, бага зэргийн юм бол хамт ууцгаая” гэж хэлэхэд Б.Б- ах нь “би ч машиндаа архитай явна” гэхэд манай нөхөр “за тэгвэл би таниас нэг шил архи худалдаж авъя” гээд нэг шил гаднаас худалдаж аваад гэрт оруулж ирж хамт ууцгаасан. Тэгээд ууцгаагаад байж байхад Янжмаа манай хажуу талын хөрш эгч Д.С эгчийг гэрээс нь дуудаж оруулж ирсэн. Тэгээд мөн хамт ууцгааж байхад Б.Б- ах нь манай нөхөр лүү агсраад ганц хоёр цохиод байсан. Би тэгэхээр нь Б.Б- ахад хандаж “та одоо зүгээр байгаа хүнийг яагаад цохиод байгаа юм” гэхэд дуугаралгүй гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Б.Б- ах гэрт гаднаас орж ирээд манай орны урд талд сандал дээр сууж байсан Д.С эгчийг юу ч хэлэлгүй нүүр лүү нь өшиглөсөн. Тэгээд хэрүүл маргаан болоход гаднаас Д.С эгчийн хүүхэд Пүрэв-Очир орж ирээд “зүгээр байгаа манай ээжийг яахаараа өшиглөдөг юм бэ, би одоо цагдаад мэдэгдэнэ” гэхэд Б.Б- ах нь гүйж гараад алга болсон. Тэгээд Д.С эгчийг хүү нь аваад гарсан...Тухайн үед Д.С эгч өшиглүүлсэнийхээ дараа “нэг талын гар нь хөдлөхгүй байна” гээд байсан. Мөн амнаас цус гараад шанаа нүд хэсэг нь хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/
Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ... 2019 оны 5 дугаар сарын 05-ны орой Х сумын 5 дугаар багийн нутагт хадам болох Нарангэрэлийнд эхнэрийн хамт очиж цай уусан юм. Тухайн үед манай хадам дүүгийн хажуу хамар хашааны айлуудын хүмүүсийн хамт цуг архи ууцгаасан. Архи ууж байх үед би дүү Нарангэрэлтэй маргалдсан. Энэ үед тэнд байсан Д.С гээд эгчтэй харилцан маргалдаж байгаад нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн байсан. Тэр үед бол би яг өшиглөснөө бол мэдээгүй юм. Тэр орой нь гэртээ харьчихсан байж байхад манай эхнэр араас ирж “чи эмэгтэй хүн өшиглөчихдөө яадаг юм” гэхээр нь би “юу яриад байгаа юм” гэж хэлсэн. Маргааш өглөө нь Улаандай /Нарангэрэл/-ийнд очиж машинаа авах гэхэд Нарангэрэл “та яаж байгаа юм, өчигдөр орой Шоймоо /Д.С/ эгчийг өшиглөж байгаа юм” гэхээр нь би гэрт нь орж уучлалт гуйсан чинь Д.С эгч “уучлахгүй” гэж байсан. Тухайн хэрэг болох үед би нэлээд уусан согтолт ихтэй байсан....Би хохирогч Д.Сийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйж, эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р тал/
ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 263 дугаартай: Д.Сийн биед баруун хацар, эрүүнд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих үйлчпэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байна. Д.Сийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниупах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын гогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн орой ХХ аймгийн Х сумын 2 дугаар багт согтуурсан үедээ хохирогч Д.Сийг “томоотой бай” гэснээс болж уурлан нүүр лүү нь өшиглөн эрүүл мэндэд нь баруун хацар, эрүүнд цус хуралт, доод уруулын салстад язралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 46-р талд хохирогч Д.Сийн “...Б.Б- эмчилгээний зардал гурван зуун мянган төгрөг өгсөн учир гомдол саналгүй болсон. Мөн хохирол үгүй болсоноо батлаж байна” гэх бичгийн тайлбар байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Б-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Б- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн 1938003610234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн 1938003610234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР