| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 184/2024/03469/И |
| Дугаар | 210/МА2025/00029 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2025/00029
******* -ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Ерөнхий шүүгч Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/05306 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* гийн нэхэмжлэлтэй,
Харицагч ******* т холбогдох,
Газар өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй, газар албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн, Ерөнхий шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Миний бие ******* 2019 оны 9 дүгээр сард ******* аас Сонгинохайрхан дүүрэг, ******* **-** тоот хаягт байрлах 0,7 га газрыг 5,900,000 төгрөгөөр худалдаж авахаар болж, 5,500,000 төгрөгийг бэлнээр, 400,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Хариуцагч ******* газрын гэрчилгээг шилжүүлж өгөөгүй, удаа дараа шалтаг тоочсоор өнөөдрийг хүрсэн. Уг газрын бичиг баримтыг зээлийн барьцаанд тавьсан байсан. Миний бие худалдаж авсан газрынхаа өмчлөх эрхийг шилжүүлж авах хүсэлтэй тул Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 24 гудамж, **-** тоот хаягт байрлах, 548 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 24 гудамж, **-** тоот хаягт байрлах газраа 2020 оны 08 дугаар сард ******* гэх хүнд 18,000,000 төгрөгөөр худалдсан ба урьдчилгаанд 5,900,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл 12,100,000 төгрөгийг ******* удаахгүй төлнө гэж хэлсэн ба төлбөрийг төлсөн тохиолдолд газрын гэрчилгээг шилжүүлэн өгөх талаар бид амаар тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч ******* нь өнөөдрийг хүртэлх хугацаанд газрын үлдэгдэл төлбөрөө төлж барагдуулаагүй тул газрын гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Миний бие ******* Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 24 гудамж, **-** тоот хаягт байрлах, 548 м.кв талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг ******* д 18,000,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон боловч урьдчилгаанд 5,900,000 төгрөг өгчхөөд өдийг хүртэл үлдэгдэл 12,100,000 төгрөгөө төлөхгүй байгаа. Талууд дээрх газрыг худалдах, худалдан авах тухай амаар гэрээ хийсэн нь хууль зөрчсөн хэлцэл юм. Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг худалдахдаа уг гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ болно. гэж заасан. Хууль зөрчиж гэрээ хийсэн тул газрыг ******* гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү.
4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие 2020 онд хоосон газар худалдан авч, авсан цагаасаа хойш төмөр хашаа барьж, тохижуулан 60 гаруй мод, цэцэг тарьж өнөөдрийг хүртэл эзэмшиж байгаа. Газрын гэрчилгээгээ шилжүүлж авах гэхэд ******* нь шилжүүлж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Худалдан авагч надад гэрээний үүргээ зөрчсөн зүйл байхгүй. Гэрээний дагуу эд хөрөнгөө хүлээн аваад газрын үнийг бүрэн төлсөн. Худалдагч тал буюу ******* нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч тал нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, хөрөнгө, түүнтэй холбоотой бичиг баримтыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж өгөх гэсэн үүргээ биелүүлээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, Зээл 24 гудамж, **-** тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Г-2201060776 дугаарт бүртгэгдсэн, 548 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөх эрхийг ******* д шилжүүлэхийг ******* т даалгаж, уг газрыг албадан чөлөөлүүлэхийг хүссэн ******* ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 391.000 төгрөгөөс 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 39,150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа илүү төлсөн 321,500 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж хариуцагч ******* т олгож, хариуцагч ******* аас 109,350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* д олгуулахаар шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Хариуцагч ******* нь ******* тай маргаж буй газрыг худалдах, худалдан авах тухай гэрээг амаар хийсэн нь хууль зөрчсөн хэлцэл юм. Иргэний хуульд зааснаар Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ болно гэж хуульчилсан. Анхан шатны шүүх ******* гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж,улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр гэрээ болохоор хуульчилсан байхад гэрээний хэлбэрийг зөрчиж хийсэн Иргэний хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар зохицуулсан хуулийг зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Нэхэмжлэгч ******* нь ******* аас маргаж буй газрыг 2020 оны 08 дугаар сард худалдан авсан гэдэг. ******* шүүхэд нэхэмжлэлээ 2024 оны 04 сарын 10-ны өдөр 4 жилийн дараа гаргасан байна. Иргэний хуулийн ерөнхий ангийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар хуульчилсан байхад дөрвөн жилийн дараа хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон.
Хариуцагч ******* нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр М.Э ээс 4,000,000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан, мөн өдөр маргаж буй газрыг барьцаалсан барьцааны гэрээ байгуулж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэрээнүүд хэрэгт авагдсан ба энэ нотлох баримтуудыг хариуцагч шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч М.Э ийн эрх ашиг хөндөгдөх, эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсч болзошгүй байна гэж үзэж түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хүсэлтийг шүүхнд гаргасан боловч хүлээн авахгүй хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон.
Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 184/ШШ2024/05306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.
7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчтай амаар тохиролцож газрыг 5,900,000 төгрөгөөр худалдан авсан. Уг газрыг М.Э т 4,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 18,000,000 төгрөгөөр зарсан гэж худал ярьж, гүтгэж байна. Би 2019 оноос эхэлж газраа эзэмшиж байгаа. Нэхэмжлэл гаргах хүртэл нэг ч удаа ирээгүй байж надаас газраа нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Шүүх хэргийг зөв шийдсэн.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* т холбогдуулан газар өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, уг газрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ маргаан бүхий газрыг 5,900,000 төрөгөөр худалдан авахаар талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж газрын үнийг бүрэн төлсөн боловч хариуцагч газар өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч газрыг 18,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон боловч нэхэмжлэгч газрын үнийг бүрэн төлөөгүй, түүнчлэн талуудын хооронд хийсэн хэлцэл нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус хэлцэл тул газрыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж татгалзсан. Өөрөөр хэлбэл, талууд газрын үнийг хэдэн төгрөгөөр тохиролцсон эсэх нь маргааны зүйл болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт зааснаар хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь хүлээн зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж үздэг.
Худалдах, худалдан авах гэрээний хувьд эд хөрөнгийн үнэ нь уг гэрээний гол нөхцөл болох ба энэ төрлийн гэрээний үнийг гэрээний талууд шууд тодорхой тохиролцож тогтоох эсхүл үнэ тодорхойлох арга, хэрэгслийн талаар хэлэлцэн тогтоох буюу эдгээр хоёр замаар үнэ тодорхойлогдох учиртай.
4. Зохигч гэрээний үнийн талаар зөрүүтэй тайлбар гаргаж маргасан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцсон эсэхийг тодруулаагүй, зохигч энэ талаар мэтгэлцээгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулаагүй, гэрээний үнэ тодорхойгүй байгаа тохиолдолд шүүх үнэ тодорхойлох арга хэрэгслийн талаар тодруулах шаардлагатай байжээ.
Хэргийн 140-149 дүгээр талд Арвижих эстимэйт үнэлгээ ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний тайлан авагдсан. Тайланд гэрээний зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, ******* **-**ё тоотод байрлах уг газарт нэхэмжлэгч ******* гийн хийсэн, засан сайжруулалт буюу хашаа, мод бут зэрэг бусад зүйлийн үнэлгээг 11,647,100 төгрөгөөр тогтоосон байгаа нь гэрээний үнийг тодорхойлсон гэж үзэхээргүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр Ц.А, С.М, М.М, Г.О, О.Ц нарыг гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан боловч эдгээр гэрчүүд нь хэргийн үйл баримтыг бус зохигчийн ярьсан зүйлийг гэрчилсэн агуулгатай мэдүүлэг өгчээ.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул уг шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шийдвэрийг зөвтгөх боломжгүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
6. Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн тул хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг хангаагүй хэлцлийг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, М.Э ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтийг хангаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дэлгэрэнгүй дүгнэлт хийхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 184/ШШ2024/05306 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн урьдчилан төлсөн 109,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ