| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0183/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/205 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Э.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 1938003240206 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Б-,
Шүүгдэгч Э.Б- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.2-А-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчиж 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХХ Х сумын 7 дугаар багт Тоёота Королла маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодож яваад хохирогч Л.Бг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь “хүндэвтэр” хохирол учруулж “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХХ Х сумын 7 дугаар багт Тоёота Королла маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.2-А-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Арван найман насанд хүрээгүй хохирогч Л.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би ээж, дүү нарын хамт өвөөгийн гэрт байж байгаад гэртээ харих болсон. Харих болоход ээж маань “такси аваад ир” гэхээр нь гудамжны зүүн тал руу гараад бор шаргал өнгийн таксинд гар өргөж зогсоосон...Би тэр машинд суугаад гэрээ зааж өгөөд засмал замаар явж байтал өвөөгийн гудамжнаас ээж маань Гансүх ахын машинтай гарч ирээд замын хажууд зогсоод машинаас буугаад над руу далласан. Тэгэхээр нь би сууж явсан машинаа зогсоогоод машины баруун хойд хаалгаар нь буугаад машины араар тойроод гүйсэн. Гэтэл машин ирээд мөргөчихсөн. Тэгээд эмнэлэг намайг ирж авсан. Би эмнэлэгт хэвтээд дараа нь хот явж хагалгаанд орсон...Миний баруун хөл хугараад хагалгаанд орж гипс хийлгэсэн. Одоо толгой өвддөг. Үүнээс болоод хичээлдээ явж чадахгүй, сууж чадахгүй, дандаа хэвтэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р тал/,
Хууль ёсны төлөөлөгч Л.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би хүүхдийнхээ аавын гэрт байж байгаад орой 18 цаг 40 минутын үед гэртээ харихаар болсон...Тэгэхээр нь би том хүү Л.Б-г “яваад такси аваад ир” гээд таксинд явуулсан. Л.Б- такси авч ирэхээр явсны дараа Гансүх ах машинаараа бид нарыг хүргэж өгөхөөр болсон. Тэгээд Гансүх ахын машинд бид нар суугаад хөдөлсөн. Замаараа “Л.Б-г аваад явъя” гэж ярьцгааж байсан юм. Тэгээд 7 дугаар хорооны 4 дүгээр гудамжны зүүн үзүүрт ирэхэд Л.Б- нэг машины арын суудалд суучихсан урд зүгээс хойд зүг рүү засмал зам дээр явж байгаа нь харагдахаар нь би Гансүх ахын машинаас буугаад өөдөөс ирж байсан машины зүг даллаж хүүгээ дуудсан. Тэгтэл бид нарын зогсож байсан тэр орчимд зам дээр хүүгийн сууж байсан машин зогсоод хүү маань машинаас буугаад машины араар тойроод замын хоёр тал руу хараад хөндлөн гүйсэн. Тэгтэл замын хойд талаас гэнэт нэг цагаан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл их хурдтай уруудаад давхиж ирээд хүүг маань мөргөсөн. Тэр машин хүүг мөргөхөөсөө өмнө тоормозлосон ч зогсолгүй явсаар байгаад мөргөчихсөн. Тэгээд бид нар эмнэлэг, цагдаа дуудсан. Тэр явдлаас хойш бид нар хүүхдээ аваад Улаанбаатар хотод нарийн шинжилгээнүүдийг өгсөн...Бид нар хүүгийнхээ эмчилгээнд 1.600.000 төгрөг зарцуулсан байна. Цаашид Улаанбаатар хот руу хүүхдээ авч явж гипсийг нь авахуулна, хадаасыг нь авахуулах хагалгаанд ороход энэ хэмжээний мөнгө зарцуулагдах байх...Энэ үйл явдлаас болоод би ажлаасаа чөлөө авсан, нөхөр маань ажилдаа явж чадахгүй байна. Мөн хүүхдийн сүүжний яс, хөл нь хугарсан учраас сууж чадахгүй, байнгын хэвтэрт байна. Тийм болохоор өргөж босгох, боолт хийлгэх зэрэгт заавал нөхөр маань хамт байхгүй боп болохгүй байна. Би энэ жолоочоос эмчилгээний зардал, мөн хоёр хүний ажилгүй байх үеийн цалин бүгд 4.200.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн 875.000 төгрөгийг хасаж тооцон 3.3250.000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-27-р тал/
Гэрч Б.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр би гэртээ байж байтал 18 цаг өнгөрч байхад манай хамаатны дүү Л.Б- манайд орж ирээд “та бид нарыг гэрт хүргээд өгөөч” гэхээр нь би “та нар такси аваад явчихаачээ” гэсэн чинь Л.Б- “за” гээд такси авч ирэхээр гэрээс гарсан. Би Л.Б- гараад явсны дараа нь “хүүхдүүдийг гэрт нь хүргээд өгчихье” гэж бодоод өөрийнхөө машиныг унаад Хонгорзулыг ээж Л.Т-ийн хамт машиндаа суулгаад 13 дугаар хороо руу явах гээд Зөөлөн дэлгүүрийн хажуугийн засмал замын тэнд очоод гарцаар зам руу орох гэхэд 13 дугаар хороо талаас ирж байсан машин дотор Л.Б- сууж яваа харагдсан. Тэгэхээр нь Л.Б-г авах санаатай гарцны дэргэд машинаа зогсоотол Л.Б-гийн сууж явсан машин ч зам дээр зогссон. Тэр машин зогсонгуут машин дотроос Л.Б- бууж ирээд машины араар тойроод зам хөндлөн гүйтэл хойд зүгээс нэг цагаан өнгийн суудлын машин хурдтай давхиж ирээд Л.Б-г мөргөөд унагаасан. Тэгтэл удалгүй эмнэлэг хүрээд ирсэн, хэн дуудсан гэдгийг нь би мэдэхгүй байна...Тэр машин яах ийхийн зуургүй давхиад ороод ирсэн, тэгэхийг бодоход их хурдтай явсан байх. Хүүхэд бол машин байхгүй гэж л зам хөндлөн гүйсэн байх, тэгэхэд тэр машин их хурдан давхиж ирээд тоормослосон. Тэр машин тоормозлосон ч гулсаж очоод хүүхдийг мөргөчихсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
Гэрч Э.Эрхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ХХ аймгийн Х сумын иргэн Дугар овогтой Уламбаяр гэдэг хүн манай санхүүгийн байгууллагад ХХХ Тоёота королла маркийн тээврийн хэрэгсэлийг 2.000.000 төгрөгний барьцаанд тавьж, 24 сарын хугацаатай 2.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ хүн нь сард 144.000 төгрөгийн эргэн төлөлт хийхээр зээл авсан ба тээврийн хэрэгслийг манай ББСБ-ын нэр дээр шилжүүлсэн байгаа. Уг нь бол Э.Б- гэдэг хүн энэ машиныг барьцаанд тавих гэхээр нь би “тухайн тээврийн хэрэгсэл заавал ХӨ дугаартай байх ёстой” гэсэн шаардлага үүссэн тул Э.Б- нь Уламбаяр гэдэг хүний нэр дээр машинаа шилжүүлээд тэгээд зээлийн барьцаанд тавьсан юм. Одоо зээлийн эргэн төлөлтийг Э.Б-, түүний эхнэр гэх эмэгтэй хийдэг юм...Тухайн Э.Б- гэдэг хүн нь зээлээ төлөөд дуусчих юм бол манай байгууллагаас ямар нэгэн санал хүсэлт, өөр асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Шүүгдэгч Э.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн үед 30-50 км цагийн хурдтай явсан байх, би миллээ хараагүй... Би өмнө нь 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймагт замын урсгал сөрж явсан гэдэг үндэслэлээр эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байсан...Би тухайн үед тэр хүүхдийг хараагүй, тэр хүүхэд гэнэт л гараад ирсэн. Тэгэхээр нь тоормозоо гишгэсэн чинь гулсаж очоод мөргөчихсөн...Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна…Би болгоомжгүй байдлаас болоод хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-р тал/,
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн: Л.Бгийн биед гэмтэл учирсан байна. Л.Бгийн биед баруун дунд чөмөг болон сүүжний баруун тогойнд хугарал, дух ясанд цууралт, духанд шарх, баруун зүүн хацарт зулгаралт бүхий гэмтэл учирсан байна Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Л.Бгийн биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийг цохигдох үйлчлэлээр үүсгэгджээ. Л.Бгийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хеделмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. Л.Бгийн биед архаг хууч ямар нэгэн өвчин тогтоогдсонгүй...гэх дүгнэлт /хх-ийн 35-р тал/
ХХ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн: 2019 оны 4 дүгээр сарын 23-ны 19:00 цагийн орчим 7 дугаар багийн 4 дүгээр гудамжны харалдаа хүүхэд мөргүүлсэн гэх Зам тээврийн ослын материалд Э.Б-ын жолоодож явсан Тоёота Королла маркийн ХХХ улсын дугаартай автомашинаас зам дээр үүссэн тоормозны мөр нь 18.30 метр гарсан ба тоормозны мөрнөөс "Тоормозны мөрийн уртаар автомашины хурдыг тодорхойлох аргачлал”-ын дагуу бодож үзэхэд дээрх автомашины жолооч Э.Б- нь суурин газрын доторх замд 54.38 км/цагийн хурдтай явсан байна. Тухайн тээврийн хэрэгсэл нь ”Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлэг 12.4. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60 км,суурин газрын гадна цагт 80 км,тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.2.17. “Зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д заасныг:Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6. “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгоно. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн б.б.Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.Мөн бүлгийн 5.8.3амын дагуу үзэгдэлт халхалсан саад, зогсож байгаа тээврийн хэрэгслийн дэргэдүүр зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгсэл ойртон ирж байгаа эсэхийг магдлан мэдсэн байвал зохино гэсэн дүрмийн заалтуудыг явган зорчигч Л.Б тус тус зөрчсөн байна. Жолооч Э.Б- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.2.А-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх” гэсэн дүрмийн заалт зөрчсөн... гэх дүгнэлт /хх-ийн 39-40-р тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-р тал/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-15-р тал/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 70-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.Б- нь 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ХХ Х сумын 7 дугаар багт Тоёота Королла маркийн ХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлэг 3.2-А-д “Замын хөдөлгөөний тухай Венийн конвенцид нийцсэн жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх, тээврийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээтэй байх” гэсэн дүрмийн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Л.Бгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдсэн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолоооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 875.000 төгрөг төлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Э.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хэрэгт тусгагдсан нотлох баримтын хэмжээнд 875.000 төгрөг төлж, хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938003240206 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн Энт пинанс ББСБ-ын эзэмшлийн ХХХ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн 1938003240206 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, арван найман насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан 3.325.000 төгрөгийн хохирол болон цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан Э.Б-д хяналт тавихыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1938003240206 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн ХХХ улсын дугаартай Тоёота Королла маркийн автомашиныг битүүмжилсэн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн 1938003240206 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т- нь гэмт хэргийн улмаас учирсан 3.325.000 төгрөгийн хохирол болон цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал, хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР