Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0433

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 21 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0433

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагч татварын улсын байцаагч О.Д, Б.О нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, О.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал С П 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дэх заалт /актаар тогтоосон ........ төгрөгийн зөрчилд ногдуулсан ....... төгрөгийн нөхөн татвар нийт ............. төгрөгийн төлбөрийг/-ыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 29.1.5, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дүгээр заалтыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч татварын улсын байцаагч Б.О, О.Д нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“М” ХХК-ийн 2012-2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдэл баталгаажуулах явцад 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалтанд төлсөн гэх .......... төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны баримт, худалдан авалтын зориулалт, нягтлан бодох бүртгэлийн мөн чанарт нийцэж буй эсэхийг нягтлан шалгахад дээрх дүнгээс ............ төгрөгийн илүү төлөлт үндэслэлгүй буюу Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “...анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “Аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “Аж ахуйн нэгж байгууллага санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргана”, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын “Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсэг-ийн 16.16-т “Дараахь зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ”, “Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн...”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.1.3-д “худалдах”, 7.1.2-т “хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа”, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-т “бараа ажил үйлчилгээг импортлосон буюу экспортлосон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно”, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна...”, 17.1.3-т “Улсын Дээд шүүх энэ хуулийн 17.1-т заасан бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.3.1-т “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах...” гэж заасныг зөрчсөн.

“М” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн дүнгээс Ц уулын засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтад төлсөн ........ төгрөгийг буцаан олголтоос хасч 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын дүн .......... төгрөг байсныг ........... төгрөг болгон бууруулж баталгаажуулах, уг зөрчилд ............ төгрөгийн нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэхээр шийдвэрлэсэн.

Энэ үндэслэлийг нь дараах байдлаар тайлбарлаж болно.

Ц уулын засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө нь ирээдүйд өөрсдөө ашиглах өөрөөр хэлбэл эдгээрийг түшиглэн үйлдвэрлэл эрхэлж ашиг орлого олох зориулалттай компани өөртөө барьж буй үндсэн хөрөнгө юм.

Өөрөөр хэлбэл энэхүү үйлдвэр, кемп, зам барих үйл явц нь өөрөө үйлчилгээ үзүүлэх, бараа борлуулах үйл ажиллагаа биш өөртөө зориулсан хөрөнгө бий болгох процесс юм.

Ирээдүйд энэхүү замаар нүүрс тээвэрлэж, энэ үйлдвэрт боловсруулан борлуулна, энэ кемпэд ажилчдаа байрлуулна гэх мэтээр бүгд тухайн компанийн өөрийн хэрэгцээнд зориулагдсан байна.

Үүнийг дараах хуулиар зохицуулагдана гэж үзсэн.

Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн байх”, 10 дугаар зүйлийн 10.1-д “аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлэн гаргана”, Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын “Хүлээн зөвшөөрөлтийн үеийн хэмжилт хэсэг”-ийн 16.16 дугаар зүйлд “Өртгийн бүрэлдэхүүн хэсгүүд”, “Дараах зүйлсийг үндсэн хөрөнгийн өртөгт багтаан авч үзнэ”, “Худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгоогүй худалдааны татварын дүн...”, “Буцаан олгоогүй худалдааны татвар гэдгийг нэмэгдсэн өртгийн албан татвар” гэж ойлгоно.

Иймд барилгын өөрийн өртөгт оруулж тооцохоор байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна”, 7.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа”, 7.1.3-д “худалдах”, 7.1.2-т “хэрэглэх буюу ашиглах зориулалтаар гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон бүх төрлийн бараа”, 7.1.4-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1.1-т “бараа ажил үйлчилгээг импортолсон буюу экспортлосон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”, 14 дүгээр зүйлийн 14.1-т “...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж заасныг үндэслэн “М” ХХК-ийн тайлагнасан илүү төлөлтийн дүнгээс ............ төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгохгүй бөгөөд уг зөрчилд нөхөн татвар тооцож тооцооллоос хаах, мөн компани өөрөө эцсийн хэрэглэгч тул өртөгт оруулан тооцож бүртгэхээр байна гэж үзсэн.

Ингэж шийдвэрлэх нь нэмэгдсэн өртгийн албан татварын өөрийн мөн чанараас харсан ч зөв гэж үзэж байгаа ба 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэж заасныг тухайн татвар төлөгч этгээдийн хийсэн худалдан авалтаас бизнесийн зорилгоор өөрөө хэлбэл борлуулалтаас нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдол үүсэх тэр хэсгийг л хасалт хийнэ гэж ойлгох нь зөв гэж үзсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор”, 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн”, 8 дугаар зүйлийн 8.1-т “бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт”, 8.1.2-т “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад”, 7 дугаар зүйлийн 7.5.2-т “борлуулалтыг аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд хийсэн байх” гэж тус тус заажээ.

Харин 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно”, 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн”, 14.1.2-т “худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан бараанд төлсөн”, 14.1.5-д “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн болон үндсэн хөрөнгө худалдан авахад төлсөн албан татварыг хасахгүй” гэж заасан.

Хуулийн дээрх заалтуудаас үзвэл маргаан бүхий захиргааны актын хувьд 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын хууль үйлчлэх бөгөөд нэхэмжлэгч компанийн “...2013-2015 онуудын ...үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж босгоход зориулагдсан худалдан авалтанд төлсөн ........... төгрөгийг буцаан олголтоос хасах, компани өөрөө эцсийн хэрэглэгч...” гэж дүгнэн нэхэмжлэгч компанид нөхөн татвар ногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж шүүх дүгнэв.

Учир нь нэр томьёоны хувьд “үйлдвэрлэл” гэдгийг материал баялгийг бий болгох үйл ажиллагаа гэж Монгол хэлний тайлбар толь бичигт тайлбарласнаас үзвэл барилга, байшин барих, засмал зам тавих үйл ажиллагаа нь материал баялгийг бий болгох үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” мөн байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь Өмнөговь аймгийн Б сумын Ц уул гэдэг газарт хүрэн нүүрсний орд эзэмшдэг ба уг ордод ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын ашиглалт явуулдаг, энэ үйл ажиллагааны хүрээнд уурхай байгуулах, ажилчдын орон сууц кемп байгуулах, засмал зам тавих зориулалтаар худалдан авалт хийсэн, үүнийг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан аваагүй гэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн онуудад худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн зориулалттай засмал зам тавих, ажилчдын орон сууц, кемп барихад зориулж худалдан авалт хийсэн, харин үл хөдлөх хөрөнгө худалдаж аваагүй гэж тайлбарлаж байна.

Зам болон барилга нь үндсэн хөрөнгө мөн боловч барилга барих, засмал зам тавих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан “барилгын материал” нь үндсэн хөрөнгө биш, тус компани нь үндсэн хөрөнгө буюу зам, ажилчдын орон сууцыг худалдаж аваагүй тул барилга барих, засмал зам тавих үйл ажиллагааг тэдгээрийг худалдан авсантай адилтган үзэх боломжгүй.

Үүнээс үзвэл хариуцагчийн гаргасан “...нэхэмжлэгч компани нь эцсийн хэрэглэгч... тул бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэлийн зориулалтаар худалдан авсан гэж үзэхгүй” гэж маргаж байгаа нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “дараахь бараа, ажил, үйлчилгээг импортлох, худалдаж авахад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй” гэж үүнд хамаарах бараа, ажил, үйлчилгээг нэрлэн заасны дотор энэ маргааны үйл баримтад холбогдох зам тавих, барилга барих зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагчийн төлөх албан татварын дүнгээс хасч тооцохгүй талаар заагаагүй байна.

Иймд татварын улсын байцаагч нарын актын 1 дүгээр заалт нь нэхэмжлэгчийн орон сууц барих, засмал зам барих үйл ажиллагаанд зориулж худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ холбогдох заалтад нийцээгүй, хууль бус захиргааны акт байх тул хүчингүй болгох нь зүйтэй...” гэж үзсэн байна.

Татварын улсын байцаагч бид энэхүү үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа ба учир нь татварын улсын байцаагчийн 260011293 тоот акт 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хүрээнд дүгнэлт хийгдэн гарсан бөгөөд дээрх шийдвэрийг гаргахад мөрдсөн үзэл санаанууд бүгд уг хуульд суусан болно.

Харин 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр шинэчлэн найруулагдаж, 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль дээрх үзэл санааг нэгмөр болгон мөрдүүлэх тодорхой заалтуудыг оруулж өгсөн байна. Хуулийг буцаан хэрэглэсэн зүйлгүй болно.

Иймд энэ асуудлыг дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Маргаан бүхий актаар “М” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтаар тайлагнасан ...... төгрөгөөс 2012-2015 онд үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө барьж байгуулахад төлсөн нийт ......... төгрөгийг буцаан авалтаар бус харин үндсэн хөрөнгийн өртөгт оруулан тооцож бүртгэх нь зүйтэй гэж дүгнэн, дээрх дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан авалтыг бууруулж баталгаажуулахаар шийдвэрлэсэн нь холбогдох хууль, стандартад нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Хууль хэрэглээний тухайд акт гаргах үеийн буюу 2016 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “үндсэн хөрөнгө бэлтгэхэд зориулж импортоор оруулсан буюу худалдан авсан бараа, ажил үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх уг албан татвараас хасахгүй” гэсэн зохицуулалт нь хяналт шалгалтын хамрах хугацаа буюу 2013.01.01-2015.12.27-нд үйлчилж байсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно” гэсэнтэй зөрчилдөхгүй, харин ч уг заалтыг илүү тодорхой болгосон зохицуулалт болно.

Өөрөөр хэлбэл өмнөх хуулийн дээрх зохицуулалттай агуулга ижил зохицуулалт 2016 оны хуулийн 14.1.1-д мөн адил тусгагдсан, харин үйлдвэрлэлийн зориулалтаар гэдэгт үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой худалдан авалт, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ хамаарахгүй.

Иймд актаар хуулийг буцаан хэрэглээгүй, “М” ХХК-ийн Цант уулын засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэрэг үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгө нь ирээдүйд өөрсдийн үндсэн үйл ажиллагаанд ашиглагдах, тодруулбал эдгээрийг түшиглэж үйлдвэрлэл эрхлэн ашиг олох зориулалттай компанийн үндсэн хөрөнгөнд тооцогдоно.

Нэхэмжлэгчийн тухайд үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн хөрөнгийг бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг 2006 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн дээрх заалтын “үйлдвэрлэл,-ийн” гэдэгт хамаарна гэж үзэн хариуцагчийг буруутгах боловч энэхүү “үйлдвэрлэл”-ийн зориулалтаар гэдгийг “эцсийн хэрэглэгчид бараа, үйлчилгээг хүргэхийн өмнөх шат дамжлагуудын худалдан авалт нэг бүрт нэмүү өртөг бий болж өөрсдийн худалдан авалтандаа төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа өөрийн бүтээгдэхүүнээ бусдад худалдан борлуулах үедээ худалдан авагчдаа ногдуулж байгаа тохиолдлыг хамруулж ойлгоно” гэж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 472 дугаар тогтоолд тодорхой дүгнэсэн, иймд засмал зам, кемп, нүүрс боловсруулах үйлдвэр зэргийг барьж байгуулахад зориулагдсан худалдан авалтын эцсийн хэрэглэгч нь нэхэмжлэгч өөрөө бөгөөд эдгээр худалдан авалтад нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнийг бэлтгэж бусдад худалдан борлуулах боломжгүй тул хуулийн энэхүү зохицуулалтад хамаарахгүй.

Нэхэмжлэгч үндсэн хөрөнгийг бий болгохдоо төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах бус харин үндсэн хөрөнгийн өртөгт хамруулан нягтлан бодох бүртгэлдээ тусгах нь зүйтэй.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т зааснаар татвар төлөгч нь “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүрэгтэй”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар санхүүгийн тайлагналын олон улсын стандартыг дагаж мөрдөх ёстой.

Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 16-д “үндсэн хөрөнгийг хүлээн зөвшөөрөх шалгуурын хангасан хөрөнгүүдийг өртгөөр үнэлж бүртгэнэ” гээд энэхүү өртгийн бүрэлдэхүүнд худалдан авсан үнэ, гаалийн татвар, буцаан олгохгүй татварын дүн багтахаар тодорхойлсоноос үзэхэд үндсэн хөрөнгө бий болгохтой холбоотой худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвар нь буцаан олгохгүй татвар гэдэгт хамаарч, улмаар үндсэн хөрөнгийн өртөгт тооцогдоно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг үндэслэл болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0322 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.О, О.Д нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 260011293 дугаар актын 1 дэх заалтыг /актаар тогтоосон ....... төгрөгийн зөрчилд ногдуулсан ......... төгрөгийн нөхөн татвар нийт ...... төгрөгийн төлбөрийг/ хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч татварын улсын байцаагч Б.О, О.Д нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН