Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 1269

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 07 дугаар сарын 01                   Дугаар 1269                                  Улаанбаатар хот

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХХ-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ХХХ-аас 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа багасгаж зээлдүүлсэн 3 000 000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна.

2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 3 000 000 төгрөгийг, 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр амаар тохиролцож, 3 000 000 төгрөгийн зээлдүүлсэн. Зээлийн хүү, хугацааг амаар тохиролцсон. ХХХ-аас зээлдүүлсэн мөнгөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч тэрээр удахгүй өгнө "төлнө" гэсээр 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдрийг хүргэсэн. ХХХ-аас мөнгө нэхэмжилж 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХХ Япон улсад байгаа нь тогтоогдсон тул миний бие ХХХыг гадаадаас ирэх үед нэхэмжлэлээ гаргах үндэслэлээр нэхэмжлэлээ татан авч Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн захирамж гарсан. Иймд ХХХ-аас зээлдүүлсэн 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг нэхэмжлэлд дурдагдсан үйл баримт болох 4 500 000 төгрөгтэй холбоотой асуудлыг тус дүүргийн шүүх хянан хэлэлцээд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8071 тоот шийдвэр, 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 159 тоот магадлал тус тус гарсан. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар хавсаргаж өгсөн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөнгө зээлж авсан үнэн болно гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Ямар үед баримт үйлдсэн нь эргэлзээтэй байна. 2010 онд хийгдсэн зээлийн асуудал болохоор Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байх бөгөөд энэ 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Х-аас ХХХ-д мөнгийг яаж шилжсэн талаар нотлогдохгүй байна. ХХХ-д 3 000 000 төгрөг шилжсэн талаар хэргээс харагдахгүй, өөр нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөдд мөнгийг шилжүүлсэн байхыг шаарддаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дзх заалтыг баримтлан ХХХ-аас 3 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн     60.1-д зааснаар нэхэмжлэгч Х-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж хариуцагч ХХХ-аас 62 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХ-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х, ХХХ нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээнээс үүдсэн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Х, ХХХ нарын хооронд хэзээ зээлийн харилцаа үүссэн, зээлдүүлсэн мөнгийг хэрхэн ХХХын өмчлөлд шилжүүлсэн болох нь нотлогдохгүй, хүү, хугацааг амаар тохиролцоод дараа нь бичгэн хэлбэрт оруулсан байхыг үгүйсгэхгүй нотлох баримт нь эргэлзээтэй байхад зөвхөн мөнгө өгч, авалцсан гэх баримтыг үндэслэн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөнгө зээлдүүлсэн, ХХХ-аас мөнгөө нэхэмжилж 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа ч нэхэмжлэгч ХХХ-ийн мөнгө зээлдүүлсэн, мөнгөө нэхэмжилж шүүхэд хандсан cap, өдөр давхцаж байгаа нь эргэлзээ төрүүлэхүйц, мөн уг баримтыг ямар нэгэн эх баримтаас нь хэсэгчлэн авч 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан тайлбарын доод хэсэгт хуулбарлан хүргүүлж байсан. Шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаанд нэхэмжлэлийн гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх үндэслэл зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж дүгнэсэн боловч нэхэмжлэгч хэзээ үүссэн, ямар харилцааны улмаас шаардах эрх нь хэзээ үүссэн, эрх нь хэзээ зөрчигдсөн, эрх нь зөрчигдсөн тухайгаа хэзээ мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан зэрэг Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг хэрхэн яаж хэрэглэж байгаа талаараа огт дурьдаагүй. Хариуцагч ХХХын тайлбарлаж байгаагаар бол 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Х-аас 3 000 000 төгрөг зээлж аваагүй, тухайн үед зээлийн харилцаа үүсээгүй, өмнө нь зээлдүүлсэн мөнгөө нэхээд байхаар нь мөнгө өгнө гэсэн амлалт бүхий баримт дээр гарын үсэг зурсан гэж хэлдэг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХХ-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...ХХХ нь зээлж авсан 4 000 000 төгрөгөө 2012 оны 5 дугаар сард буцаан төлөх байсан, хариуцагч Японд байсан учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2014 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр татан авснаар шүүгчийн захирамж гарсан...” гэж үндэслэсэн.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...4 500 000 төгрөгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал байгаа, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул хэргийг хэрэгсэхгүй болгох...” гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагчийн тайлбар нотлогдоогүй гэж үзнэ.

Учир нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 8071 тоот шийдвэрээр ХХ-ын нэхэмжлэлтэй ХХХ-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7 050 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын    25-ны өдрийн 159 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Дээрх 8071 тоот шийдвэртэй хэргийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Х оролцсон байх ба хариуцагч ХХХ нь шүүхэд “...Х-аас 1 800 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн...” гэж тайлбарласан байна.

Түүнчлэн “Би Х-аас 3 000 000 төгрөгийг 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр авсан” гэж гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсаныг хариуцагч өөрөө бичээгүй гэж маргаагүй, уг бичвэрт мөнгийг буцаан төлөх хугацаа заагаагүй тул Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн шаардсанаас хойш нэг сарын дотор зээлийг төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл 6 750 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ хариуцагч ХХХыг Японд байгаа, хэзээ ирэх нь тодорхойгүй гэж татан авснаас хойш 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан шүүхийн шийдвэр нотлох баримтад үндэслэгдсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2016/04240 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 62 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                             ШҮҮГЧИД                                            Д.БАЙГАЛМАА

 

                                                       М.НАРАНЦЭЦЭГ