Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2025/00002

 

 

 

******* ХХК, ******* *******,

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05152 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* *******,

*******, *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/270 дугаар тогтоолоор шинжээч *******-ээр хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн. Шинжээч ******* *******-ын өмчлөлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж, байрны 1 давхарт байрлах 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, мөн хаягт байрлах дугаартай эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, дугаарт бүртгэгдсэн зоорийн давхар тоот 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, *******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж байрны тоотод байрлах 103.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 272,806,937 төгрөгөөр, мөн хаягийн тоотод байрлах 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 314,076,666 төгрөгөөр, тоотод байрлах 140 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 370,086,930 төгрөгөөр тус тус үнэлсэн.

1.2 *******-ийн шинжээч ын хөрөнгийн үнэлгээний тайлантай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргасан. Орон сууц болон үл хөдлөх хөрөнгийг м.кв-ыг 2,600,000 төгрөгөөр адилхан үнэлсэн. Гэтэл орон сууцны зах зээлийн м.кв үнэ 3,000,000-3,600,000 төгрөгийн хооронд, үйлчилгээний талбай м.кв нь 3,500,000-4,500,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байгаа.

Иймд зах зээлийн үнээс доогуур үнээр үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаар шийдвэрээр , ******* *******, ******* нараас 422,075,980 төгрөгийг гаргуулж банк ХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч төлбөрийг төлж барагдуулаагүй тул төлбөр төлөгч нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн , , , , , дугаартай Сонгинохайрхан дүүрэг хороо, // зам гудамж, байр зоорийн давхар в1 тоотод байрлах 260 м.кв талбайтай зоорийн давхрын үл хөдлөх хөрөнгө, 1 дүгээр давхар тоотод байрлах 260 м.кв талбайтай 4 өрөө цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 2 дугаар давхар тоотод байрлах 260 м.кв талбайтай 4 өрөө цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоотод байрлах 140 м.кв талбайтай гурван өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, тоотод байрлах 103.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж, шинжээч томилж зах зээлийн үнийг тогтоолгосон.

2.2 Төлбөр төлөгч нараас хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 33 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 572 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 797 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингээд Сонгинохайрхан дүүрэг хороо зам гудамж, байр 1 давхарт байрлах 260 м.кв талбайтай 4 өрөө цэцэрлэгийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулсан 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 193,500,000 төгрөгөөр, байрны тоотод байрлах 120м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 95,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлогдсон. Дээрх албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 1244 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1597 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1225 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.3 Төлбөр төлөгч нараас эд хөрөнгийн үнэлгээ дахин тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийг анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 04277 дугаар шийдвэрээр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж шийдвэрлэсний дагуу дээрх хөрөнгүүдэд үнэлгээ тогтоосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Мөн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 4-169/15903 дугаартай хөрөнгийн үнэлгээний мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгч нарт гардуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах хугацаа 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дууссан байхад шүүхэд гомдол гаргасан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар ******* ХХК, ******* *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй *******т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Нэхэмжлэгч нар нь *******-ын хөрөнгийн үнэлгээний тайлантай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр танилцаад, эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 15919 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн Уг захирамжид заасан зөрчлийг арилган дахин нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал нь 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн талаар дурдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад тайлбар хэлсэн. Уг тайлбартай нь холбогдуулан нотлох баримт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсан гэх бөгөөд нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлсэн дугтуйн дээр уг нэхэмжлэлийг хэзээ, хэдэн цагт шууданд өгсөн талаарх мэдээлэл нь бичигдсэн байдаг. Үүнийг шүүхээс үнэлээгүй байж шүүхэд хандах хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Мөн нэхэмжлэгч нар нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргасан учир шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 16844 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

4.2 *******-ын хийсэн хөрөнгийн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур манай компанийн хөрөнгүүдийг үнэлсэн нь нийтэд илэрхий Unegui.mn сайт дээр байдаг бөгөөд үүгээр нотлогдоно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг нотлох баримтаар нотлоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* *******, *******, ******* нар нь *******т холбогдуулан ******* *******-ын өмчлөлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж, байрны 1 давхарт байрлах 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, мөн хаягт байрлах дугаартай эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, дугаарт бүртгэгдсэн зоорийн давхар тоот 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 684,450,338 төгрөгөөр, *******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж байрны тоотод байрлах 103.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 272,806,937 төгрөгөөр, мөн хаягийн тоотод байрлах 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 314,076,666 төгрөгөөр, тоотод байрлах 140 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 370,086,930 төгрөгөөр тус тус үнэлсэн *******-ын үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШШ2018/00323 дугаар захирамжаар банк ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ХХК, ******* *******, *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 422,075,980 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, хариуцагч төлбөрийг гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр төлж барагдуулаагүй тохиолдолд 422,075,980 төгрөгийн үнийн дүнгээр ЗБ1715108400, ЗБ1715108400А, ЗБ1715108400Б, ЗБ1715108400В тоот ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хариуцагч *******, ******* ******* нар хүлээн зөвшөөрсөн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх 43-46/

3.1 Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 18271410 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх 47/, ******* *******-ийн өмчлөлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж, байрны 1 давхарт байрлах 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах дугаартай эд хөрөнгө, дугаарт бүртгэгдсэн зоорийн давхар тоот 260 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн хороо, зам гудамж байрны тоотод байрлах 103.2 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, мөн хаягийн тоотод байрлах 120 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, тоотод байрлах 140 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18271410/3 дугаар тогтоолоор битүүмжилж /хх52-64/, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18271410/4 дугаар тогтоолоор хураан авсан /хх 65-68/ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйлд тус тус нийцжээ.

4. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 184/ШШ2023/04277 дугаар шийдвэрээр ******* ХХК, ******* *******, *******, ******* нарын *******т холбогдуулан гаргасан эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нарын өмчлөлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжлэгдсэн, хураагдсан байгаа үл хөдлөх эд хөрөнгүүдэд дахин үнэлгээ тогтоолгохыг даалгаж шийдвэрлэжээ. /хх 149-157/

4.1 Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 6/207 дугаар тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлүүлэхээр *******-ын үнэлгээчин ыг томилсон /хх 69-70/ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

4.2 Шинжээч ******* нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу хөрөнгөд үнэлгээ хийсэн байхаас гадна нэхэмжлэгч нь хөрөнгүүдийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно. Иймд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

5. *******-ын үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний тайланг *******т 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнэлгээний талаарх 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 4-169/15903 дугаар албан бичгийг төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх 127-129/

5.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд нэхэмжлэгч нарыг хуульд заасан хугацааг хэтрүүлэн шүүхэд гомдол гаргасан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5.2 Түүнчлэн, нэхэмжлэгчийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийг шуудангаар хүргүүлсэн гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэгч талын шуудангаар хүргүүлсэн дугтуйн дээр уг нэхэмжлэлийг хэзээ, хэдэн цагт шууданд өгсөн талаарх мэдээлэл нь бичигдсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2024/05152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН