| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0195/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/206 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2019/ШЦТ/206
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч П.Итгэл,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Доржханд,
Шүүгдэгч Э.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хянальын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.С-д холбогдох эрүүгийн 1938002040189 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Э.С-,
Шүүгдэгч Э.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ЙЙЙ гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр Портер маркийн ХХХХ улсын дугаартай тээврийг хэрэслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөний улмаар замын далан руу онхолдож, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.П-ын эрүүл мэндэд хүнд, Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ЙЙЙ гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр Портер маркийн ХХХХ улсын дугаартай тээврийг хэрэслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөний зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.П-ын эрүүл мэндэд хүнд, Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр миний сууж явсан машин Х сумаас Булган аймгийн Хутаг-Өндөр сум орж түлш авсан. Тэгээд буцаж яваад осолд орсон. Засмал зам дээр Хутаг-Өндөрөөс гараад нийлснээс хойш сайн санахгүй байна. Би Э.С-г машин барьж явсныг сайн санаж байна. Тухайн үед бол архи дарс уусан хүн бол байхгүй байсан. Явж байгаад гүүр гараад осол болсон яг хаана осол болсон гэдгийг сайн мэдэхгүй байна...Би жолоочийн хажууд буюу голд сууж явсан. Би Хутаг-Өндөр сум орж явахдаа л Э.С-гийн утсан дээрээс зураг үзүүлж байсан. Осол болохын үед бол зураг үзүүлээгүй. Гэхдээ Хутаг-Өндөрөөс засмал замд нийлснээс хойш зарим зүйлээ одоо сайн санахгүй болчихоод байна. Зүв зүгээр явж байгаад л машин онхолдчихсон юм...Одоо миний толгой хааяа өвдөнө, мартамхай байгаа, хөл дээрээ юм түшиж явж байна. Мөн толгойны витамин ууж байна. Түүнчлэн Улаанбаатар хот болон аймагт эмчилгээ хийлгэсэн...Охин Б.Б-ийн хувьд зовиуртай, үе, үе халуурдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 25-28-р тал/,
Хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Б.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө манай бага охин Н.П-, охин Б.Б-, нөхрийнх нь найз Э.С- болон өөр танихгүй 2 том хүн, 1 хүүхдийн хамт явсан байсан. Тэгээд охин Н.П- маань ухаангүй байдалтай эмнэлэгийн машинаар Мөрөн сум руу 09 дүгээр сарын 10-нд орж ирсэн. Ингээд аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад сэхээнд орсон. Ингээд Амарбат эмчийн шийдвэрээр Улаанбаатар хот руу онгоцоор явсан. Мөн манай зээ охин Б.Б-ийн биеийн байдал тааруу байсан болохоор цуг мэс засалд хэвтэж байгаад хот руу явсан. Харин манай хүргэн Батпүрэвийн бие гайгүй байсан. Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт ухаангүй очоод сэхээнд 13, нийтдээ 25 хоносон санаад байна. Хотод эмчилгээ хийлгэж гам барьж байгаад 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр ирсэн. Одоо байнгын асаргаанд байгаа. Хүүхэд нь ч асаргаанд байгаа. Хоёулаа хөл дээрээ босож явж чадахгүй байдалтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 -р тал/,
Гэрч О.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х сумын 2 дугаар багийн нутаг Урд гол гэх газар хамаатны ах Э.С-гийн хадлан дээр байж байгаад...орой нь Булган аймгийн Хутаг-Өндөр сум руу түлшинд явсан...Миний машиныг Э.С- ах барьж явсан юм. Би тухайн үед Сумъяагийн хэмт тэвшин дээр сууж явсэн. Тэгээд Х орох засмал замаар явж байгаад “хадлан руу баруун эргэж салах байсан замаасаа хэтэрчихлээ” гээд зам дээр бүтэн эргээд буцсан. Буцаад нэг хэсэг явж байгаад замын хажуугийн ирмэг дээр онхолдсон. Бүүр доошоо далан руу бол унаагүй юм. Бид нар замын машинаар Их-Уул сумын эмнэлэг хүргэгдээд тэндээсээ түргэний тэргээр Мөрөн суманд орж ирсэн...Тухайн үед замын үзэгдэх орчин тас харанхуй байсан. Мөн дээрээс нь зөөлөн бороо орж байсан...Батпүрэв ахын эхнэр Э.С- ахыг жолоо барьж явахад нь утасны зураг үзүүлсэн гэж байсан. Сумъяа бид хоёр тэвшин дээр, кабин дотор Батпүрэв эхнэр хүүхдийн хамт, манай эхнэр арын нугасанд сууж явсан. Э.С- ах жолоо барьж явсан...Осол болох үед Сумъяа бид хоёр үсрээд буучихсан юм. Одоо надад ямар нэгэн зовиур байхгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 33-35-р тал/,
Гэрч М.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 09-нд Х суманд Э.С- гэдэг айлын хадлан дээр миний нөхөр Батдэлгэр сайн танихгүй Сумъяа гээд залуу, Э.С- ах, түүний найз Батпүрэв нарын хамт байж байгаад Булган аймгийн Хутаг-Өндөр сумруу түлшинд явсан. Явахдаа манай 98-49 ХӨА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр явцгаасан. Бид нарын хамт Батпүрэвийн эхнэр, хүүхэд нь цуг явсан. Эхнэр нь Намнан-Уул зоогийн газар дээрээс “Мөрөнгөөс ирсэн дайвар авна” гээд явж байсан. ...Бид Хутаг-Өндөр орж машиндаа түлш аваад буцахад орой харанхуй болж байсан. Манай машиныг Э.С- ах барьж манай нөхөр Сумъяа гэдэг залуугийн хамт тэвшин дээр сууж явсан. Тэгээд Х орох засмал замаар явж байтал Э.С- ах хадлан руу эргэх замаа хэтэрчихсэн байсан. Ингээд зам дээр буцаж эргэсэн. Буцаад нэлээд явж байгаад онхолдсон. Би суудлын ард сууж явсан. Батпүрэвийн эхнэр Э.С- ахад утсан дээрээс зураг харуулах үед жолоодлого алдаж яах ийхийн зуургүй машин унасан. Тэгээд бид замын машинаар Их-Уул сумын эмнэлэг хүргэгдээд тэндээсээ түргэний тэргээр Мөрөн суманд орж ирсэн…Тухайн үед осол болсон шалтгаан нь Батпүрэвийн эхнэр Э.С- ахыг жолоо барьж явахад нь утаснаас зураг үзүүлснээс болж осол болсон юм...Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р тал/
Гэрч Д.Н-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 10-ны үеэр санаад байна. Өглөө 07 цагийн үед эмнэлэгээс осол болсон талаар мэдэгдсэн...Манай сумаас Булганы чиглэлийн засмал зам дээр 30 орчим км зайд замынхаа далан дээр цагаан өнгийн портер хажуулдсан байсан....Сүүлд мэдэхнээ хүмүүс нь Их-Уул сумын эмнэлэг явсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р тал/
Гэрч А.Ба-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр.хадлангаа авч байгаад түлш авахаар...Булган аймгийн Хутаг-Өндөр сум орох гэж Батдэлгэрийн эзэмшлийн Портер маркийн машинаар явцгаасан...Тэгээд Ар-Тархи руу хот хооронд явдаг асфальтан замаар явж байгаад Улаан толгой гэх газарт машин онхолдсон. Машин барьж явсан Э.С- нь өөрийн утсанд байсан зургийг манай эхнэр Н.П-д үзүүлээд “энэ ийм зураг байна, тэр тийм зураг байна” гэж яваад гэнэт осол болчихсон Эхлээд машин замын зүүн талд байсан дүмбийг мөргөөд баруун гар тийшээ хүрдээ дарсан чинь далан руу нь хажуулдаад унасан. Машины ачаан дээр сууж явсан Батдэлгэр, Сумъяа хоёр үсрээд буучихсан. Тэр хоёр гэмтээгүй байсан. Харин машин дотор сууж явсан манай эхнэр Н.П- машины шил хэсгийг мөргөөд ухаангүй болсон байсан. Машин дотор Н.П-, би, манай нэг настай охин Б.Б-, Дээгий, Э.С- нар байсан. Машин дотор байсан хүмүүсээс манай эхнэр Н.П-, манай охин Б.Б- нар гэмтсэн. Бусад хүмүүс бол гэмтээгүй байсан...Манай эхнэр нэлээд хүнд гэмтсэн байсан. Эхнэр Н.П- маань 21 хоног ухаангүй сэхээнд байсан. Хот руу явж сэхээний тасагт эмчлүүлж байгаад сэргэсэн юм. Одоо манай эхнэр ухаан орсон, бие нь дээрдэж байгаа...Тэр үед үзэгдэх орчин муу байсан...Э.С- утсан дээрх зураг үзсэнээс болж анхаарал нь сарниад...осол болсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/
Гэрч А.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 9 дүгээр сарын 10-ны өглөө 7 цагийн үед Бямбадорж гээд цагдаа “осол гарсан” гээд “Улаантолгой руу хамт яваад ирье, та осолдсон машиныг чирэлцээд ирээч” гэхээр нь...осол гарсан газарт очиж 98-49 ХӨА гэсэн улсын дугаартай портер маркийн машиныг чирээд сумын төвд явж байтал замд нь асаасан...Энэ машиныг Батдэлгэр нь надад 2.000.000 төгрөгөөр зараад би машиныг нь задалж зараад одоо машины мотор, кабин, рам, хүзүү нь байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р тал/
Гэрч Г.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:…Би тухайн үед Х сумын цагдаагаар ажиллаж байсан...Осол болсоны маргааш нь өглөө нь сумын түргэний тэргээр эмчийн хамт Х сумын 2 дугаар багийн нутаг Намнангийн арын Улаан толгойн гүүрний наана осол болсон газарт очсон. Намайг очиход машин засмал замын хөвөөн дээр онхолдсон байдалтай байсан...Уг нь машин гайгүй дөнгөж л хажуулдсан бололтой байсан.. гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,
Гэрч Д.Б- сүүл үед оройны 21:30 цагийн үед “зам тээврийн осол гарч хүмүүс эмнэлэг дээр ирчихсэн байна” гэхээр нь би гэрээсээ гараад ажил дээрээ явж очсон. Тэгтэл ойролцоогоор 30 орчим насны эмэгтэй хүн ухаангүй байдалтай, 40 агруй насны эрэгтэй хүн “толгой эргэж явж чадахгүй байна” гэсэн өгүүлэмжтэй, 09 сартай нялх хүүхэд унтаарсан байдалтай, бусад хүмүүс нь ил харагдах гэмтэл шархтай байсан. Би ухаангүй байдалтай байсан 30 настай хүнд гадна үзлэг хийхэд бага зэргийн гэмтэл шархтай, ухаангүй, биеийн байдал хүнд байсан учраас анхан шатны туслаж үйлчилгээ үзүүлэн биеийн байдал тоггворжиж эхэлсний дараа буюу маргааш өглөө 09:00 цагийн үед ХХ аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү тээвэрлэж авч явсан…Намайг тухайн хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байх үед тэр хүмүүсээс архи үнэртэхгүй, архи уусан шинж мэдэгдэхгүй байсан шиг санагдаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55-р тал/
Насанд хүрээгүй гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Машиныг Э.С- ах барьж явсан. Би Батгаа ахын хамт тэвшин дээр сууж явсан. Тэгээд Х орох засмал замаар явж байтал Э.С- ах замаасаа хэтэрчихсэн бололтой зам дээр буцаж эргэсэн. Буцаад явж байгаад онхолдсон...Ослын дараа Батпүрэв ахын эхнэр, хүүхдийн бие тааруу байсан...Тухайн үед шөнө байсан болохоор харанхуй байсан. Мөн бороо орж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-р тал/,
Гэрч С.Цо-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-80-р тал/
Шүүгдэгч Э.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би тухайн үед 70 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. Үзэгдэх орчин хэвийн бус харуй бүрий болсон, бороотой байсан...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Надад осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл гэвэл зураг үзүүлсэнээс өөр ямар нэгэн зүйл байхгүй. Миний анхаарал болгоомжгүй байдлаас болж осол гарлаа гэж бодож байна...Зам тээврийн ослын улмаас миний буруутай үйл ажиллагааны улмаас хохирогч нарын биед гэмтэл учирсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ дүгнэлт хийж байна. Би хохирогчоос уучлалт гуйсан...Цаашид замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцож байх болно...Би хохирогч нарын хохирлыг чадлынхаа хэрээр төлөх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 114-115-р тал/
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 155 дугаартай: ...Н.П-ын биед тухайн үед цээжний битүү гэмтэл, баруун шиврүүрийн 1 ширхэг хугарал, сээрний 1 ширхэг нугалмын хугарал, тархины хатуу хальсан дээр цусан хураатай, хуйханд хаван, тархины эдэд няцралт, хэвлий баруун гуя, зүүн тохойнд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Н.П-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хөдөлмөрийн чадвар 10% тогтонги байдлаар алдагдана... гэх дүгнэлт /хх- ийн 85-р тал/,
ХХ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 156 дугаартай: Б.Б-ийн биед тухайн үед зүүн шилбэ ясанд цуурал, 1 ширхэг нугалмын цууралт, нугасны дарагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Б.Б-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон бүрэн эдгэрэлийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 89-р тал/,
ХХ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 05 дугаартай шинжээчийн : 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Х сумын 2-р багийн ЙЙЙ гэх газрын асфальтан замд Портер маркийн ХХХХ улсын дугаартай тээврийг хэрэслийг Жолоодож явсан жолооч Э.С- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1-р зүйлийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, Мөн 12-р зүйлийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг тус, тус зөрчсөн гэж үзэв. Уг осол жолооч Э.С- нь хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг биелүүлээгүйгээс үүссэн гэж үзэв...гэх дүгнэлт /хх-ийн 62-р тал/
Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, схем зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р тал/
Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10-р тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-13-р тал/
Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14-21-р тал/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 99-102-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Э.С- нь 2018 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр ЙЙЙ гэх газарт Улаанбаатар-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай зам дээр Портер маркийн ХХХХ улсын дугаартай тээврийг хэрэслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, уг тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Н.П-ын эрүүл мэндэд хүнд, Б.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч, гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүйгээр нотлон мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлтүүд нь хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Э.С-д автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.С- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Э.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 6.500.000 төгрөг төлж, 8.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Э.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийг гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1938002040189 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.С-гийн №248979 дугаартай, ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг эрх бүхий байгууллагад шилжүүлж, цагаан өнгийн, хуванцар материалтай, 7х5 см-ийн харьцаа бүхий тээврийн хэрэгслийн гуперын хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд хавтаст хэрэгт хохирогч Н.П- болон шүүгдэгч Э.С- нарын хооронд байгуулагдсан “...Тохиролцсон нөхцөл 15.000.000 төгрөг. Дээрх төлбөрөөс 6.500.000 төгрөгийг бэлнээр болон дансаар төлсөн. Үлдэгдэл төлбөрөөс 2019 оны 8 дугаар сарын 25-нд 1.500.000 төгрөгийг, 2019 оны 10 дугаар сарын 25-нд 2.500.000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 25-нд 2.000.000 төгрөгийг, 2020 оны 5 дугаар сарын 25-нд 2.500.000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцов” гэх эвлэрлийн гэрээ авагдсан ба шүүгдэгч Э.С-гаас эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан 8.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.П-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн 1938002040189 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.С- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-г оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Э.С-д хяналт тавихыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1938002040189 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Э.С-гийн №----- дугаартай, ВС ангиллын жолоочийн үнэмлэхийг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, цагаан өнгийн, хуванцар материалтай, 7х5 см-ийн харьцаа бүхий тээврийн хэрэгслийн гуперын хагархайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Эрүүгийн 1938002040189 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй гэсэн болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.С-гаас эвлэрлийн гэрээгээр баталгаажуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 8.500.000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч ХХ аймгийн - сумын - дугаар багт оршин суух, - овогт Б.Н-ийн Н.П- /-/-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР