| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0101/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/208 |
| Огноо | 2019-06-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/208
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Д.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т-т холбогдох эрүүгийн 1838008990143 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Т-,
Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын Х тоотод оршин суух иргэн Д.Ж-ы гэрийн цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлж 890.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын Х тоотод оршин суух иргэн Д.Ж-ы гэрээс 890.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тоггоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 03-ны өглөө Х сумын 0Х тоотод байх гэрээсээ таксинд явахаар өөрийн ХХХХ улсын дугаартай, Пробокс маркийн тээврийн хэрэгслээр таксинд явахаар гэрээсээ гарсан. Тухайн үед манай гэрт хүн үлдээгүй манай охин Номин Улаанбаатар хотод байсан. Орой 17 цаг өнгөрөөгөөд гэртээ харихад гэрийн цоож солигдсон бололтой, түлхүүр нь таарахгүй байсан. Тэгээд цоожийг эвдэж гэртээ орсон. Гэрт ороход гэр доторхи эд зүйл эмх цэгцгүй байсан. Тухайн үед гэрээс хурц сүх, зарж байсан цэмбэн гутал, үнэртэй ус зэрэг зүйлс алга болсон байсан. Энэ хэргийг манай төрсөн ах Д.Т- үйлдсэн байсан. Таксины жолооч Цогоо гэдэг хүнд өгсөн зүйлийг нь би буцааж авсан. Үүнд:
1.Хурц сүх 1 ширхэг - 40.000 төгрөг
2. Цэмбэн табчик 2 ширхэг-25.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
3. Хүзүүний шармал гинж 7ширхэг-25.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
4. 90 граммтай Шанелийн үнэртэй ус 1ш-50.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
5. Шармал бөгж 8 ширхэг -10,000 төгрөг /нэг бурийн үнэ/
6. Ээмэг 18 хос-10.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
7. Эмэгтэй дотуур хувцас 26 ширхэг-4.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
8. Хүүхдийн дотуур хувцас 13 ширхэг-2.500 төгрөг /нэг бүрийн үнэ/
9. Эмэгтэй брюкин өмд З ширхэг-20.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
10. Хятад цоож 11 ширхэг-4.500 төгрөг /нэг бүрийн үнэ/
11. Орос гарын саван 5 ширхэгтэй 10ком-4.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
12. 10 литрийн орос сав 1 ширхэг-15.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
13.Эмэгтэй цэмбэн гутал 4 ширхэг-45.000 төгрөг /нэг бүрийн үнэ/
14. Молоко 1 литртэй 5 ширхэг -5.500 төгрөг /нэг бүрийн үнэ/
15. Эрэгтэй оймс 25 ширхэг-1.500 төгрөг /нэг бүрийн үнэ/ ...Би энэ алдсан зүйлээсээ эмэгтэй цэмбэн гутал 2ширхэг, цэмбэн таавчиг 1 ширхэгийг таксины жолооч Цогоо гэдэг хүнээс авсан...Тэгээд манайхаар голчон байдаг байсан. Энэ манай Д.Т- ах маань ер нь тогтсон газар байдаггүй юм. Айл айлаар дамжиж явдаг юм. Хэрэг гарах үед манайд байгаагүй юм. ...манай хаяг дээр 2010 онд бүртгүүлсэн санаад байна. Улсаас эх орны хишиг авах гэж бүртгүүлсэн. Өмнө Чандмань-Өндөр суманд бүртгэлтэй байсан.Манайхаар хааяа ирж, очно...Би энэ барааг зарахаар Эрээн болон Оросоос авч ирсэн байсан. Хөдөөгүүр явж зардаг байсан бараа юм...Надад учруулсан хохирол болох 890.000 төгрөгөө тэтгэврийн зээл авч бэлэн мөнгөөр бүрэн төлж барагдуулсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-24-р тал/
Гэрч, иргэний нэхэмжлэгч Г.Ц-йн мөрдөн шалглах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 03-ны өдрийг шипжих шөнө 04 цагийн үед ХХ аймгийн Х сумын Жаргалан эмнэлэгийн ойролцоо такси үйлчилгээнд явж байхад ногоон дээлтэй, хар өнгийн түрийтэй гуталтай ,шар ноосон малгайтэй 55 орчим насны эрэгтэй хүн такси барих гээд зогсож байсан. Би уг хүнийг таксиндаа автал “2 дугаар хороо оръё” гэсэн. Би 2 дугаар хороо ортол нэг айл руу орж гарч ирээд “миний цүнхтэй хувцас алга, 12 дугаар хороо оръё” гэсэн. Тэгээд 12 дугаа хороо ортол нэг айлаас 1 ширхэг хайрцаггай эд зүйл, хар цүнх хоёр гаргаж ирсэн. Уг газраас хөдлоөд явж байтал “ахын дүү Хатгал тосгон ормоор байна, үнэ мөнгө тохиролцоод явах уу” гэж надад хэлсэн. Би уг хүнтэй 70.000 төгрөгөөр Хатгал тосгон луу ирж очихоор тохиролцоод явсан. Тэгээд Хатгал тосгон орсон бөгөөд гурван айлаар орсон. Ямар нэгэн эд зүйлс аваагүй. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өдрийн 12 цагийн үед ХХ аймгийн Х сум руу орж ирсэн. Тэгээд ХХ аймгийн Х сумын 2 дугаар хороонд төрсөн дүүгийнхээ гэрт очоод “ах нь мөнгөний оронд чинь эд зүйлс аваад өгье” гэж хэлсэн. Тэгээд би мөнгөө аваагүй болохоор Х сумын 02-р хороо / яг хаягийг нь санахгүй байна хүрэн байшинтай айлд очсон. Уг ах машинаас буугаад тэр айлын цоожийг төмөр эд зүйлсээр хөшиж онгойлгосон. Би “та болж байгаа юм уу” гэж асуутал “зүгээр ээ би дуүдээ шинэ цоож аваад өгчихнө” гэж ярьсан. Надад тэр айлаас 3 ширхэг эсгий саарал тавбчик авч өгсөн. Тэгээд өөрөө тэр айлдаа үлдсэн. Би тэр хүнд “таксины мөнгөө өгөөд энэ табчикнуудаа аваарай” гэж хэлсэн...Би хулгай хийж байна гэж бодоогүй...Одоо нөгөө 3 гутлаа Д.Ж- гэдэг хүн авсан. Би өөрөө энэ хүнээс 70.000 төгрөгөө нэхэмжлэхээсээ татгалзаж байна. Соггуу хүнд итгэж явсан нь миний алдаа боллоо...гэх мэдүүлэг /хх-ийн 29-33-р тал/
Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би хэргийн зүйлчлэл болон сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...Би архи ууж яваад архины болон таксины мөнгө болгох гээд хулгай хийсэн юм. Өөр ямар нэгэн шаардлага, шалтгаан байхгүй...Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн. Хэн нэгэн шахаж шаардсан хүн байхгүй...Би учруулсан хохирлоо буюу 890.000 төгрөгийг тэтгэврийнхээ зээлийг аваад төлчихсөн байгаа. Одоо хохирогч Д.Ж- надаас нэхэмжилсэн зүйл байхгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р тал/
Нэгдсэн эмнэлгийн шүүхийн эмнэлгийн комиссын 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай: Д.Т- нь органик сэтгэл цочирдох эмгэг өвчтэй, үө үө сэдрэлт өгдөг болно. Д.Т- нь 2016 оноос ХЧА 70%-иар тогтоогдсон хяналтанд байдаг. Д.Т- нь сэтгэцийн хувьд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Д Д.Т- нь уг өвчний учир тус тасагт 3 удаа эмчлүүлэн үнэгүй эмэнд хамрагддаг ба эдгэрэх эсэх нь эмчилгээнээс хамаарна. Д.Т- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай..гэх дүгнэлт /хх-иын 35-р тал/
Шүүх сэтгэц, эмгэг судлалын 745 дугаартай ”Д.Т- нь Оргоник сэтгэл цочирдох эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь засралын шатандаа байна. Д.Т- нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.Д.Т- нь сэтэгцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.Д.Т-т урьд өмнө гаргасан ХХ аймгийн нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2019.04.09-ний өдрийн 10 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Гэх дүгнэлт,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан, дүгнэлт /хх-ийн 39-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Д.Т- нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын Х тоотод байрлах төрсөн дүү Д.Ж-ы эзэмшлийн байшингаас 890.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авсан үйлдэл, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Харин шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан болон хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудыг шалган үзэхэд: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-ыг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Х сумын Х тоотод оршин суух иргэн Д.Ж-ы байшингийн хаалганы цоожийг эвдэн орж, 890.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хууль бусаар авахдаа орон байранд нэвтэрч үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч,
Шүүгдэгч Д.Т-, хохирогч Д.Ж- нар нь гэр бүлийн хамаарал бүхий төрсөн ах, дүүгийн харилцаатай, гэмт хэрэг үйлдэгдсэн газар гэх Х сумын 2 дугаар багийн 1-6 тоотод хамт амьдардаг байсан талаар хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, иргэний үнэмлэхний лавлагаа, ХХ аймгийн Х сумын 2 дугаар багийн Засаг дарга Ч.Алтанцэцэгийн 2019.04-04-ний өдрийн тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан байна. /хх-ийн 66-68-р тал/
Мөн шүүгдэгч нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай гэх боловч оргоник сэтгэл цочирдох сэтгэцийн эмгэг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар группэд байдаг ба дүү нарынхаа гэрт ээлжлэн очиж амьдардаг хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдаас үзэхэд “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэл болгон шүүгдэгч Д.Т-ыг Д.Ж-ы өмчлөлийн 890.000 төгрөгийн эд хөрөнгийг хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэж дүгнэв.
Иймд Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Т-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөв.
Шүүгдэгч Д.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-57-р тал/ зэргээр тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 58-р талд хохирогч Д.Ж-, шүүгдэгч Д.Т- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувь тогтоосон акт, Амбулториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Оргоник сэтгэл цочирдох эмгэг сэтгэцийн эмгэгтэй гэх шинжээчийн дүгнэлт зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хяналт тавьж ажиллахыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Эрүүгийн 1838008990143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1,36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Т-т холбогдуулан Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Д.Т-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.Т-ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-ыг оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Д.Т-т хяналт тавихыг ХХ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй
7. Эрүүгийн 1838008990143 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР