Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/00078

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/05105 дугаар шийдвэртэй,

 

*******ын нэхэмжлэлтэй,

*******-т холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3074/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 398 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны ******* сарын 09-ний 38******* тогтоолоор *******оос 42,281,426 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 24 байрны ******* тоот, 29 м.кв талбайтай орон сууцыг дээрх төлбөрт тооцон хураан авч хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэж 140,700,000 төгрөгийн үнэлгээ гарсан бөгөөд уг үнэлгээг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр надад мэдэгдсэн.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4- 49/3355 дугаартай мэдэгдэлд заасан үнэлгээг ямар байгууллагаар, хэзээ хэрхэн дүгнэлт гаргуулсан нь тодорхойгүй байх тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******од шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул түүний өмчлөлийн эрхийн улсын Ү-******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн ******* хороо, 10 дугаар хороолол, ******* байрны ******* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15250829/07 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 15250829/09 тоот тогтоолоор хурааж, талуудаас Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал авахад төлбөр төлөгч ******* үнийн санал өгөхөөс татгалзаж, төлбөр авагч талаас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгох хүсэлт ирүүлсэн.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар дээрх орон сууцны үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг томилж үнэлгээ тогтоолгоход зах зээлийн үнэлгээг 140,700,000 төгрөгөөр тогтоож тайланг 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр тус газарт ирүүлсэн. Уг үнэлгээний тайланг төлбөр төлөгч *******, төлбөр авагч *******- ХХК нарт 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-т заасны дагуу баталгаат шуудангаар хүргүүлж, утсаар мэдэгдэн тэмдэглэл хөтөлсөн.

2.2. Төлбөр төлөгчид 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр биечлэн танилцуулж тэмдэглэл хөтөлсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Төлбөр төлөгч ******* 2014 оны шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл буюу 10 жил өнгөрсөн байтал биелүүлээгүйгээс болж хохирч байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул *******-т холбогдох, Баянгол дүүрэг, 6 хороо, 10 хороолол, 24 байрны ******* тоот 29 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн ******* ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. *******- нь дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэх талаар төлбөр төлөгч *******од огт мэдэгдээгүй, шинжээч томилох тогтоолыг танилцуулалгүй, үнэлгээ гарсан талаар мэдэгдсэн.

Үнэлгээний компани нь үнэлгээ хийхдээ орон сууцны зах зээлийн үнэлгээг бодитоор тогтоогоогүй ба орон сууцны элэгдэл хорогдлын хэрхэн тооцсон нь ойлгомжгүй, зөвхөн зарын сайтаас ижил төстэй орон сууцны үнийг татан авч харьцуулах байдлаар гаргасан нь үл хөдлөх хөрөнгийг бодитоор үнэлж чадаагүй.

Түүнчлэн тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээд нь үнэлгээ хийхдээ зөвхөн зарын сайт, группээс ижил төрлийн үнэлгээний обьектийн мэдээллийг татан авч түүнтэй харьцуулах байдлаар үнэлгээ хийж байгаа нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх үндсэн зорилгоосоо хазайж бусад иргэн, хуулийн этгээдийн үнийн мэдээллийг татан авч үнэлгээ гаргаж байгаа нь бодит байдалтайгаа нийцэхгүй.

Мөн шинжээчид Эрүүгийн хууль огт тайлбарлаагүй нь холбогдох хууль зөрчсөн учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан Файн Эстимэйт ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 3074/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 398 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны ******* сарын 09-ний өдрийн 38******* тогтоолоор *********оос 42,281,426 төгрөгийг гаргуулж *******- ХХК-д олгохоор шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

4. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүйгээс шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2275 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2015/21730 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр үүсгэж, түүний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин байх, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15250829/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15250829/09 дугаар тогтоолоор хураасан ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна. Энэ ажиллагаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гомдол гаргаагүй.

 

5. Төлбөр төлөгч ******* нь шийдвэрт заасан төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр хариуцагч байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас үнийн санал авах ажиллагаа явуулсан. Хариуцагч байгууллагаас 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр үнийн санал өгөхийг төлбөр төлөгч *******од мэдэгдсэн нь шийдвэр гүйцэтгэгчийн үйлдсэн мөн өдрийн тэмдэглэлд тусгагдсан байх бөгөөд уг тэмдэглэлтэй ******* танилцаж гарын үсэг зуржээ. Иймд дээрх үл хөдлөх хөрөнгийг үнэлэх талаар төлбөр төлөгч *******од огт мэдэгдээгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.

 

Төлбөр төлөгч ******* 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад бичгээр гаргасан тайлбартаа уг орон сууцны үнэлгээг гаргах боломжгүй гэсэн, төлбөр авагч *******- ХХК шинжээч томилуулах хүсэлт гаргасан байдлуудаас талууд үнийн санал дээр тохиролцоогүй гэж хариуцагч байгууллагаас 2023 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 2/38 дугаар тогтоолоор шинжээч ******* ХХК-ийн үнэлгээчин *******ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд шинжээч томилох ажиллагааг танилцуулаагүй гэх агуулгаар гаргасан *******ын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй болно.

 

6. Шинжээч уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 140,700,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд хариуцагч байгууллага нь үнэлгээ болон тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 4-149/3355 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч *******од мэдэгдсэн байна.

7. ******* ХХК үнэлгээг тогтоохдоо хөрөнгийг зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргаар үнэлсэн бөгөөд орлогын болон өртгийн хандлагын аргыг хэрэглээгүй байна. Орон сууцны зах зээлийн жишиг үнийн хандлагын шууд харьцуулалтын аргын хүрээнд тухайн орон сууцтай ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулж үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.

8. Шинжээч дүгнэлт гаргахдаа үнэлэгдэж буй үл хөдлөх эд хөрөнгийн байршил, зориулалт зэргийг харгалзан зах зээлд худалдан борлогдож байгаа бусад ижил төсөөтэй хөрөнгүүдтэй харьцуулах байдлаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлж, холбогдох баримтуудыг тайландаа хавсаргасан байна. Үүнийг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу үгүйсгэж, нотлоогүй байх тул түүний гаргасан давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй гэж дүгнэлээ.

9. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 90 хоногийн дотор явуулах байтал 583 хоногийн хугацаанд явуулж 493 хоногоор хугацааг хэтрүүлсэн байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2024/05105 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Э.ЗОЛЗАЯА