| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/01303/И |
| Дугаар | 210/МА2025/00009 |
| Огноо | 2024-12-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2025/00009
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэртэй,
******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
******* ХХК-д холбогдох
Үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Хөрөнгийн бирж үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасны дагуу ******* ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталж, бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувиар тогтоосон.
Хариуцагч ******* ХХК нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******* ХК-тай бүртгэлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний 1.2-т зааснаар Бирж нь сангийн гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, нийт 50,000,000,000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэсэн. Мөн гэрээний 2.1.2-т зааснаар бүртгэх үйлчилгээний хөлсийг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон. Өөрөөр хэлбэл ийнхүү бүртгэх үйлчилгээний хөлс нь 50,000,000,000 төгрөгийн 1 хувь буюу 500,000,000 төгрөг байхаар тохирсон.
Улмаар *******ХХК нь нэгж эрхийн танилцуулгад заасны дагуу олон нийтээс төвлөрүүлбэл зохих хөрөнгийг татан төвлөрүүлж, анхдагч зах зээлийн арилжаа 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр *******д амжилттай явагдсан. Бүртгэлийн гэрээний 2.3-т зааснаар бүртгэлийн үйлчилгээний хөлс болох 500,000,000 төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор Биржийн дансанд шилжүүлнэ гэж заасан боловч ******* ХХК нь 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 50,000,000 төгрөг төлсөн ба үлдэгдэл 450,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй. Бүртгэлийн гэрээний 5.4-т зааснаар гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр зохицуулсан бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх 51 хоногт хоног тутамд 2,500,000 төгрөгийн алданги тооцоход 127,500,000 төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш 82 хоногийн хоног тутамд 2,250,000 төгрөгийн алдангиар тооцоход 184,500,000 төгрөг буюу нийт 312,000,000 төгрөгийн алданги төлөхөөр байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн хэмжээг хуульд нийцүүлбэл ******* ХХК нь 450,000,000 төгрөгийн 50 хувь болох 225,000,000 төгрөгийн алданги төлөхөөр байх тул хариуцагчаас үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасны дагуу стандарт нөхцөл бүхий гэрээ юм. Гэрээний нэг тал болох ******* ХК-ийн хувьд өөрийн салбартаа буюу зах зээлд Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болохыг шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тогтоосон. Уг гэрээгээр Бирж нь сангийн гаргасан нэгж эрхийг бүртгэх, нэгж эрхийн арилжааг зохион байгуулахаар, сан нь үйлчилгээний төлбөр төлөх харилцааг тус тус зохицуулсан.
Сангийн хувьд дараах хөлсийг төлөхөөр гэрээнд заасан. Үүнд: 2.1.1. Өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, 2.1.2. Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн нэг хувь, 2.1.3. Жилийн үйлчилгээний хөлс цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувь. Энэхүү гэрээний төсөл, загвар болон нөхцөлүүдийг ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаартай тогтоолоор батлагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын хавсралтаар урьдчилан баталсан байсан буюу нэг талын нөхцөл, шаардлагыг нөгөө талдаа шууд тулгасан. Харилцагчийн зүгээс уг гэрээний 2.1.2-т заасан нөхцөлийг дор дурдсан үндэслэлээр Монгол Улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд:
а. Нэгж эрх бүртгэлийн хөлсийг нэг хувь байх тухай гэрээнд тусгаж өгсөн нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байх тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-д заасанчлан уг нөхцөл нь хүчин төгөлдөр бус байхаар байна.
б. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй гэх Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т заасныг зөрчсөн байх тул энэ үйлдэлдээ хариуцлага хүлээх нь шударга ёсонд нийцнэ. Дээрхийг үндэс болгон уг гэрээний холбогдох заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцлийн гол нөхцөлийг хангаж байх тул хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох ёстой хэмээн үзэж, уг холбогдох заалтын үр дагаврыг шүүхээс арилгаж өгнө үү хэмээн хүсэж байна.
Биржийн шимтгэлийн хувь тогтоосон журмын тухайд: Нэхэмжлэгч нь 2019 онд өөрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-аар үйлчилгээний хөлс, түүний хувь хэмжээг тогтоосон. Хэдийгээр ******* ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхтэй боловч тухайн үйлчилгээний зардлын хэмжээ, зарцуулалт зэрэг нь бодитоор тогтоогдсон байх учиртай. Нэхэмжлэгч нь уг бүртгэлийн хураамжийн хэмжээг 1 хувь байхаар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа аль алиныг нь нотолж чадаагүй тул бодит зардал гэж үзэх боломжгүй. ******* ХК-ийн зүгээс ******* ХХК-ийн өргөдлийг судлах, улмаар нэгж эрх бүртгэх үйлчилгээ үзүүлэхдээ 500,000,000 төгрөгийн зардал гаргаагүй гэдэг нь тодорхой байна. Бирж нь хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг зөвхөн бүртгэж авсныхаа төлөө нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн нэг хувьтай тэнцэх үйлчилгээний хөлс авахаар журам баталсан нь хуулиар олгогдсон эрхээ урвуулан ашигласан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, аливаа хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг бүртгэж авах үйлдэл буюу нэхэмжлэгчийн үзүүлэх үйлчилгээ нь адил, гаргах зардал нь ижил байхад нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний хөлсийг ялгамжтай байхаар журамласан нь шударга бус юм. Жишээлбэл, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/01 дүгээр тогтоолоор баталсан Үнэт цаасны бүртгэлийн журам-ын 1 дүгээр хавсралтын дагуу хувьцаа болон бонд бүртгүүлэхэд төлөх бүртгэлийн үйлчилгээний хөлсийг 0.1 хувиас ихгүй байхаар тогтоосон. Харин 2019 онд Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмыг шинээр батлахдаа сангийн нэгж эрх бүртгэх үйлчилгээний хураамжийг 1 хувь гэж илэрхий ялгаатай, хэт өндөр дүнгээр тогтоосон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд хувьцаа болон бонд, эсхүл нэгж эрх бүртгэх үйлчилгээг яг адил үйлдлээр, ижил тоног төхөөрөмж, зардлаар гүйцэтгэдэг, тиймээс бүгд дээр нь ижил нэг симбол үүсгээд арилждаг. Тэдгээрийг хооронд нь бүртгэх ажиллагаа, аргачлалаар нь бус зөвхөн кодоор нь ялгаж таньдаг.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн үзүүлэх үйлчилгээ нь адил, гарах зардал нь ижил байхад нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний хөлсийг ялгамжтай байхаар журамласан нь шударга бус буюу хуулиар хориглосон (Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3 дахь заалт) бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох болон зах зээлд ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг ялгавартай үнээр борлуулах зэрэг зах зээлд ноёлох үйл ажиллагаа явуулж буйг харуулж байна.
Дээрх нөхцөл байдал нь хууль бус болохыг Санхүүгийн зохицуулах хороо, мөн нэхэмжлэгч өөрөө хүртэл ойлгож мэдсэн ба тийнхүү хэт өндөр үнэ тогтоосноо ойлгож мэдсэн гэдэг нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 2019 оноос хойш 2 ч удаа үлэмж хэмжээгээр бууруулсан гэх үйл баримтаар нотлогдож байна.
A. Анх батлагдсан журам нь: 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22019/07 /Манай шимтгэл төлөлтөд үйлчилж буй/, Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс: нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, Жилийн үйлчилгээний хөлс, сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 1 хувь,
B. Эхний өөрчлөлт: 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №16, Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгээс, 20,000,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнд 0.5 хувь, 20,000,000,000 төгрөгөөс 50,000,000,000 төгрөг хүртэлх үнийн дүнд 0.375 хувь, 50,000,000,000 төгрөгөөс дээш үнийн дүнгийн 0.25 хувь тус тус байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 150,000,000 төгрөг байна. Жилийн үйлчилгээний хөлс, сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 1 хувь,
C. Сүүлийн өөрчлөлт: 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №37 /одоо дагаж мөрдөгдөж байгаа/, Бүртгүүлэх үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс: нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 0.25 хувь байх ба хамгийн багадаа 25,000,000 төгрөг, хамгийн ихдээ 100,000,000 төгрөг байна. Жилийн үйлчилгээний хөлс, сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 0.025 хувь, хамгийн багадаа 2,500,000 төгрөг, хамгийн ихдээ 50,000,000 төгрөг байна.
Бирж нь хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн үйлчилгээний хөлсийг түүний төрөл, онцлогоор тодорхойлсон, тухайлсан шалгуур үзүүлэлтийг баримталсан, бодит зардалд нийцсэн, үндэслэл бүхий тооцоо судалгааны үндсэн дээр тогтоосон болохоо нотолж чадахгүй байх тул хариуцагчийн зүгээс уг бүртгэлийн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгч нь хэт өндөр тогтоосон, улмаар зах зээл дээрх давуу байдлаа ашиглан тухайн нөхцөлөөр гэрээ байгуулахыг тулгасан буюу хариуцагчийг өөр нөхцөлөөр гэрээ байгуулах аргагүй байдалд оруулсан.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 189 дүгээр зүйлийн 189.4, Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.3, 7.1.11 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан ******* ХХК-иас 450,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 225,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,532,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,407,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Талуудын хооронд байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/72 тоот Бүртгэлийн гэрээ-ний 5.4-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд биржийн Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2-д заасны дагуу алданги тооцно гэж заасан. Тус хэсэгт заасан энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлс гэдэгт гэрээний 2.1-т заасанчлан өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс болон жилийн үйлчилгээний хөлс бүгд хамаарч байгаа ба эдгээр хөлсөө төлөөгүй тохиолдолд журмын 7.2-д заасан хэмжээгээр буюу хоног тутамд 0.5 хувиар тооцож алданги төлөх юм.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу ямар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх талаар Бүртгэлийн гэрээ-ний 5.4-т тодорхой заасан.
Гэтэл анхан шатны шүүх гэрээний заалтыг буруу тайлбарлан алдангийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2-т заасан алдангийн зохицуулалт нь зөвхөн жилийн үйлчилгээний хөлс биш, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс гэдэг нь гэрээний 2.1-д заасан зохицуулалтаар бүрэн тайлбарлагдаж байхад анхан шатны шүүх гэрээний зохицуулалтыг тал бүрээс нь бодитой дүгнэж чадаагүй.
4.2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тайлбар, татгалзлын үндэслэлдээ алдангийн үндэслэл, тооцоолол, алдангийн хэмжээний талаар огт дурдаагүй. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.19-т зааснаар мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк, хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сан, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа зэргийг хамааруулахаар заасан. Үнэт цаасны зах зээлийн салбарт мөнгөний үнэ цэнэ цаг хугацаанаас хамааран өөр өөрөөр үнэлэгдэх бөгөөд мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хувьд ******* ХХК нь үүргийн зөрчил гаргасан бол гэрээнд заасан хариуцлагаа хүлээж, алданги төлөх нь зүйн хэрэг юм.
Үйлчилгээний хөлсийг хариуцагч нь гэрээний дагуу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төлөх ёстой байсан ч төлбөрийг төлөлгүй 3 гаран жил өнгөрсөн тул гэрээнд заасан хууль зүйн хариуцлагыг хүлээх нь хуульд бүрэн нийцнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 225,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга:
5.1. Анхан шатны шүүх алдангитай холбоотой хэсгийг зөв шийдвэрлэсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1-т Сан нь биржид дараах үйлчилгээний хөлсийг төлнө хэмээн 3 төрлийн хөлс төлөхөөр тусгаж өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаачлан дараах үйлчилгээний хөлсийг төлнө гэж дотор нь ангилсан зүйл огт байхгүй. Хариуцлага хэсэг буюу 5.4 дэх заалтад энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд бирж, журмын 7.2-т заасны дагуу орлогыг тооцно гэж тодорхой заасан.
Сан нь биржээс үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд тогтоосон хэмжээнд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үүргийн гүйцэтгэлийн хөрөнгийн 0,5 хувиар тооцож алданги нэмж төлнө гэж заасан. Иймд алдангитай холбоотой заалт нь зөвхөн 2.1.3-т заасан жилийн үйлчилгээний хөлстэй холбоотой үүргийг ногдуулсан байдаг.
Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэл гаргахдаа жилийн үйлчилгээний хөлстэй холбоотой нэхэмжлэлийг огт гаргаагүй бөгөөд манай зүгээс энэхүү жилийн үйлчилгээний хөлсийг тогтмол төлөөд явж байгаа буюу гэрээний үүргийн зөрчил гаргаагүй гэжээ.
6. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д ...нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, ...төлөхөөр тохиролцсон..." гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.
Учир нь ******* ХХК нь "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ-ний 2.1.2-т заасан "Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь" гэсэн нөхцөлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлж, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг тодорхойлж харилцан тохиролцоогүй.
Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь ******* ХК-ийн санал болгосон дээрх нөхцөл бүхий Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ"-г байгуулахгүйгээр хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эрхлэх, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан.
6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д "...2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээг олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй тул уг гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1-д заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзэхгүй" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.
Учир нь талуудын байгуулсан 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 2021/72 дугаартай "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ" нь ******* ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаарай "Хамтын хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын хавсралтаар батлагдсан гэрээний загвараар байгуулагдсан.
Өөрөөр хэлбэл, гэрээний нөхцөл, агуулгыг ******* ХК боловсруулж, тодорхройлсон. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгүүлэх аж ахуйн нэгж болгон ******* ХК-тай зөвхөн түүний ТУЗ-аараа урьдчилан батласан загварын дагуу "Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ"-г байгуулах ёстой болдог атал анхан шатны шүүх "...олон тооны гэрээнд байнга хэрэглэх зорилгоор урьдчилан бэлтгэсэн гэрээ гэж үзэх үндэслэлгүй... гэж үзсэн нь үндэслэлгүй.
6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д ...нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь байх" заалтыг Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан харилцан итгэлцэл, шудрага ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой тогтоогдсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй" гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.
Учир нь, гэрээний дээрх нөхцөл нь ******* ХХК-д чухамхүү хохиролтой болох нь хэргийн баримтаар тогтоогдсон. Тодруулбал, ******* ХХК нь ******* ХК-д нэгж эрхийг бүртгүүлэх өргөдөл хянах үйлчилгээний хөлс гэж 2,000,000 төгрөг, үйлчилгээний хөлс гэж 2,500,000 төгрөг /жил бүр/, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгүүлэхэд 50,000,000 төгрөгийг тус тус төлсөн байтал дахин 450,000,000 төгрөг төлөх нөхцөл байдалд хүрээд байна.
******* ХК нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ үзүүлснийхээ төлөө хэд хэдэн үйлчилгээний хөлс авахаар тогтоосон нь шудрага бус. Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам"-ын 6.2.1-д Бүртгүүлэх өргөдөл хүлээн авах хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг", 6.2.2-т Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс Нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь", 6.2.3-т "Жилийн үйлчилгээний хөлс Сангийн цэвэр хөрөнгийн дүнгийн 0.1 хувь, хамгийн багадаа 2,500,000 төгрөг байна" гэж тус тус заасан буюу нэхэмжлэгч нь үзүүлж буй нэг үйлчилгээнд хэд хэдэн үйлчилгээний хөлс тогтоосон.
6.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д ...******* ХХК нь нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг 1 хувь болохыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан гэж үзнэ гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй. Учир нь, өмнө дурьдсанчлан ******* ХХК нь ******* ХК-ийн санал болгосон дээрх нөхцөл бүхий Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ"-г байгуулахгүйгээр хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг эрхлэх, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгүүлэх ямар ч боломжгүй байсан.
6.5. Анхан шатны шүүх хариуцагч талын татгалзалд үндэслэл бүхий дүгнэлт огт хийгээгүй.
6.6. Анхан шатны шүүх нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс буюу шимтгэлийн хэмжээг нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувиар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа ******* ХК огт нотлоогүй байхад түүнд ашигтайгаар хэргийг хянан шийдвэрлэсэн. Хэдийгээр ******* ХК нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-т зааснаар үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох эрхтэй боловч гагцхүү тухайн зардлын хэмжээ, зарцуулалт нь бодитоор тогтоогдсон байх учиртай. Нэхэмжлэгч нь уг шимтгэлийн хэмжээг 1 хувиар тогтоосон үндэслэл болон зарцуулалтаа аль алиныг нь нотлоогүй тул бодит зардал гэж үзэх боломжгүй.
6.7. Аливаа үйлчилгээний хөлс нь үйлчилгээ үзүүлэхэд гаргасан бодит зардалтай уялдаатай байх учиртай. ******* ХХК-ийн өргөдлийг судалж, улмаар нэгж эрх бүртгэх үйлчилгээ үзүүлэхэд нэхэмжлэгчийн зүгээс 500,000,000 төгрөгийн зардал гаргаагүй буюу үнэ тогтоолт нь бодит тооцоо судалгаан дээр үндэслэсэн эсэхийг нотолж чадаагүй. Мөн хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэх процесс ажиллагаа нь бусад төрлийн үнэт цаас болох хувьцаа, бондын бүртгэлтэй ижил функц, системээр хийгддэг боловч үйлчилгээний хөлс, хураамжийн хувьд маш их зөрүүтэй байгаа тухай анхан шүүхээс шүүхийн журмаар гаргуулсан нотлох баримтуудад дурдагдсан. Өөрөөр хэлбэл ижил процессоop хийгдэх ажил үйлчилгээнд бүртгүүлсэн үнийн дүнгээс хамаарч үйлчилгээний хөлсийг ялгамжтай байхаар журам баталсан нь шудрага бус.
6.8. Зах зээлийн зарчмаараа үйлчилгээ үзүүлэгч нь хураамж, шимтгэлийн хувь, хэмжээг өөрөө тогтоох эрхтэй боловч энэ нь бодит зардал, тооцоо судалгаан дээр үндэслэгдсэн байх ёстой. Гэвч тооцоо судалгаагүй, хэт өндөр үнэ тогтоосноос үүдэн нөгөө талын эрх, ашгийг хөндсөн тохиолдол банк, санхүүгийн салбарт цөөнгүй гарсан бөгөөд энэ нь шүүхээр шийдүүлсэн банкны шимтгэлийн хувь хэмжээтэй холбоотой маргаануудаас харагдаж байна.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс гаргасан тайлбарын агуулга:
7.1. ******* ХК нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ямар нэгэн байдлаар Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн талаар авсан торгууль, шийтгэл, акт аваагүй. Талуудын хооронд байгуулсан гэрээ стандарт нөхцөлтэй гэрээнд хамаарахгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. ******* ХК нь 2019 онд баталсан дотоод журмын хавсралтаар уг гэрээг стандарт нөхцөлтэй байж болно гэж заасан.
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн талдаа илт хохиролтой байх тохиолдолд стандарт нөхцөлийн тухайн нөхцөл хэсэг нь хүчин төгөлдөр бус байхаар заасан. Гэтэл хариуцагч тал стандарт нөхцөл байгаа учир хүчин төгөлдөр бус гэх агуулгаар тайлбарладаг. Нэхэмжлэгч талын зүгээс гэрээ нь стандарт нөхцөлтэй байж болно, гэхдээ гэрээг хүлээн зөвшөөрч байгуулснаар хариуцагч компанийн хувьд харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш эсвэл хариуцагч талын зүгээс энэ төлбөрийг төлснөөр санхүүгийн хүнд нөхцөл байдалд оруулж, дампуурахад хүргэж, илт хохиролтой нөхцөл байдалд хүргээгүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ******* ХК-д бүртгүүлсэн 50,000,000,000 төгрөг буюу тухайн үнийн дүнгийн 1 хувь болох 500,000,000 төгрөгийг алданги гэж тогтоосон.
Хариуцагч нь өөрийн хамаарал бүхий этгээд буюу ******* ХХК-д гэрээний дагуу жил бүр 500,000,000 төгрөгөөс дээш төлдөг атлаа ******* ХК-д зөвхөн нэг удаа төлж байгаа 500,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэх тайлбар нь үндэслэлгүй.
Үйлчилгээний хөлсөө урьдчилаад баталсан байгаа нь үнэт цаасны зах зээлийн хувьд болон манай үйлчилгээний хувьд ч тэр мөн ******* нь төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хувьд энэ үйлчилгээний хөлсөө эрх бүхий байгууллага буюу төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан байгаа нь хариуцагч талыг илт хохироож байгаа гэх агуулга үндэслэлгүй.
******* ХК-тай адил арилжаа эрхэлдэг байгууллагууд байдаг ч хариуцагч тал манай байгууллагыг сонгож гэрээ байгуулсан ба чухам яагаад манай байгууллагыг сонгосон шалтгаанаа тайлбарлахдаа бусад хөрөнгийн биржүүд нь 50,000,000,000 төгрөгийн хэмжээтэй хөрөнгө оруулалтаын санг бүртгэх техник, боловсон хүчин, ур чадваргүй гэх тайлбарыг хэлдэг.
******* ХК нь хэдийгээр төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд боловч бусад байгууллагын адил ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага учир ажил, үйлчилгээгээ үзүүлж зохих төлбөрөө авах эрхтэй.
Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч ******* ХХК-д холбогдуулан үйлчилгээний хөлс 450,000,000 төгрөг, алданги 225,000,000 төгрөг, нийт 675,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон, зохигчид энэ талаар маргаагүй. Үүнд:
3.1. ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ыг баталсан.
3.2. ******* ХК, ******* ХХК-иуд 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаартай Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр бирж нь сангийн гаргасан 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг, нийт 50,000,000,000 төгрөгийн нэгж эрхийг нэгж эрхийн бүртгэлд бүртгэх, сан нь биржид өргөдлийг хүлээн авч хянах үйлчилгээний хөлс 2,000,000 төгрөг, нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс-нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь, жилийн үйлчилгээний хөлс цэвэр хөрөнгийн дүнгийн 0.05 хувийн төлбөр төлөхөөр тус тус тохиролцсон.
3.3. *******ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн А/51 дүгээр тушаалаар *******-ийн нэгж эрхийн нэг бүр нь 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нэгж эрхийг *******-ийн үнэт цаасны бүртгэлд бүртгэсэн.
3.4. Хариуцагч ******* ХХК нь ******* ХК-д 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр үйлчилгээний хөлсөд 50,000,000 төгрөг төлсөн.
3.5. Нэхэмжлэгч ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлт-ийг баталж, уг журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсгийн Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1% гэснийг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - нийт үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнд 0,5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0,25% гэж өөрчилжээ.
3.6. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0757 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 221/МА2023/0704 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2024/0019 дүгээр тогтоолоор ******* ХХК-ийн нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээний 2.1.2-т: Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс нийт бүртгүүлсэн үнийн дүнгийн 1 хувь гэсэн заалтыг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болжээ. Учир нь:
4.1.1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д аж ахуй эрхлэгч гэж Монгол Улсад бүртгэлтэй, аж ахуй эрхэлж байгаа ашгийн төлөө болон ашгийн төлөө бус хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, хувь хүнийг гэж тодорхойлсоноор хариуцагч ******* ХХК нь аж ахуй эрхлэгч байна.
4.1.2. Түүнээс гадна Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хэрэглэгч" гэж бараа, ажил, үйлчилгээг үйлдвэрлэл, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн хувийн болон гэр бүл, ахуйн хэрэгцээгээ хангахад зориулан захиалж, худалдан авч, үйлчлүүлж байгаа, эсхүл хэрэглэж байгаа хувь хүнийг ойлгохоор тодорхойлсон байх бөгөөд ******* ХХК нь энэ тодорхойлолтод зааснаар аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж буй тул хэрэглэгч болохгүй юм.
4.1.3. ******* ХХК нь аж ахуй эрхлэгч байх бөгөөд үнэт цаасны зах зээлд хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх хүрээнд мэргэжлийн байгууллага болно.
4.1.4. Иймд ******* ХХК болон ******* ХК-ийн хооронд байгуулагдсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээнд Иргэний хуулийн 200-202 дугаар зүйлд заасан хэрэглэгчийн эрхийг хамгаалах зохицуулалт үйлчлэхгүй юм.
Гэтэл анхан шатны шүүх гэрээний 2.1.2 дахь заалтыг Иргэний хуулийн 202.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэргийн баримтын хүрээнд тогтоогдоогүй гэж алдаатай дүгнэлт хийснийг дээрх үндэслэлээр залруулна.
4.2.1. *******ХХК болон ******* ХК-ийн хооронд Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээг 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2021/72 дугаартай байгуулахад ******* ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 2019/07 дугаар тогтоолоор баталсан Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам үйлчилж байсан ба уг журмыг Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ******* дугаар тушаалаар уг журмыг батламжилсан байна.
Хариуцагч ******* ХХК нь Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын зохицуулалт эрх, ашиг сонирхлыг нь зөрчсөн талаарх гомдлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан журмын дагуу холбогдох этгээдэд гаргаагүй байна.
4.2.2. Улмаар нэхэмжлэгч ******* ХК нь хожим буюу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журмын нэмэлт, өөрчлөлт-өөр журмын 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь хэсгийн заалтыг Нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлс - нийт үнийн дүнгээс хамаарч, 20 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүнд 0,5%, 20-50 тэрбум хүртэлх үнийн дүнд 0,375%, 50 тэрбум төгрөгөөс дээш үнийн дүнд 0,25% гэж өөрчилсөн байдлыг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулсан гэж дүгнэхээргүй байна.
4.2.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт Үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллага үзүүлж байгаа үйлчилгээнийхээ хөлс болон урамшууллын хэмжээг тогтоох эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* ХК нь Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 6.2.2-т нэгж эрх бүртгэх үйлчилгээний хөлсийг тогтоох эрхтэй бөгөөд уг үйлчилгээний хөлсийг хожим өөрчилснийг адил үйлчилгээ, адил зардалд ялгамжтай байдлаар хөлсийг тогтоосон гэж дүгнэхгүй. Учир нь хожим үзүүлж буй үйлчилгээ нь зах зээлийн оролцогчдын тоо, авах ашгийн хэмжээг багасгах шийдлээс хамаарч бууруулсныг болон нэгж эрх бүртгэх үйлчилгээг хувьцаа болон бонд бүртгэх адил үйлчилгээнд адил зардал гарах тул хувь хэмжээг ялгамжтай тогтоосон гэж дүгнэх боломжгүй болно. ******* ХК-ийг зах зээлд ноёрхох үйл ажиллагаа явуулсан гэх байдал тогтоогдохгүй байна.
4.3. Дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.1.2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй болно.
5. Иймд ******* ХК, ******* ХХК-иудын хооронд 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн гэрээ байгуулагдсан ба талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Хариуцагч ******* ХХК нь гэрээний 2.1.2-т зааснаар үйлчилгээний хөлсөд 1,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 50,000,000 ширхэг нийт 50,000,000,000 төгрөгөөс 1 хувь болох 500,000,000 төгрөг төлөх үүргээс 50,000,000 төгрөгийг төлж, 450,000,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэж Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар уг мөнгөн хөрөнгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
7. Гэрээний 5.4-т Энэхүү гэрээний 2 дугаар зүйлд заасан үйлчилгээний хөлсийг заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд Биржийн Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7.2-т заасны дагуу алданги гэж тохиролцсон боловч Хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн бүртгэлийн журам-ын 7 дугаар зүйлийн 7.2-т Сан нь Биржээс үзүүлэх жилийн үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд тогтоосон хэмжээгээр төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож алданги төлнө гэж заасан нь үйлчилгээний хөлсөд хамаарахгүй тул алданги шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зөрчөөгүй гэж дүгнэлээ.
Энэ үндэслэлээр алданги шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй байх тул нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болжээ.
Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2024/03935 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,282,950 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,407,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Э.ЗОЛЗАЯА