Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 204/МА2024/00033

 

2024 оны 12 сарын 20-ны өдөр            Дугаар 204/МА2024/00033             Өвөрхангай аймаг

 

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэртэй,

          Нэхэмжлэгч Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч Д.Б-т холбогдох,

          Түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 160,491,897 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Ц.Т, Ч.Д нарт холбогдуулан 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, нийт 205,740,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Д.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Түвшинжаргал /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Өвөрхангай аймгийн *** сумын *** багийн *** тоотод байрлах *** зочид буудал нөхөр Ц.Т-ийн өмчлөлийнх бөгөөд дээрх зочид буудлыг бусдад түрээслэх болон шүүхэд төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Ч.Д надад шилжүүлсэн. Миний бие 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2032 оны 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал Д.Б-т улирлын түрээсийн төлбөр 15,000,000 төгрөг, үүнийг урьдчилан 1, 4, 7, 10 дугаар саруудад төлөхөөр тохиролцож, хугацаандаа төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнд хоног тутмын 0,5 хувийн алданги тооцохоор түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл түрээслэгч нь 2020 оны 1, 2, 3, 4, 9, 12 дугаар саруудын түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг 2021 оны 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 дүгээр саруудын түрээсийн төлбөр 45,000,000 төгрөг буюу түрээсийн гэрээний төлөгдөөгүй үнэ 75,000,000 төгрөг, гэрээний үүрэг биелүүлээгүй алданги 37,500,000 төгрөг нийт 112,500,000 төгрөг, 2022 оны 6 дугаар сарын төлбөр, 2023 оны 04 дүгээр сарын төлбөрөөс дутуу 2,400,000 төгрөг нийт 7,400,000 төгрөг хугацаа хэтэрсэн алданги 24,900,000 төгрөг, нийт 32,300,000 төгрөг төлөөгүй.

Д.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээний хавсралтад эд хөрөнгө хүлээлгэх актаар хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг буцааж өгөлгүйгээр бүх эд хөрөнгийг авч явсан бөгөөд нэхэмжлэгч Ч.Д нь маргаан бүхий зочид буудлыг хэвийн хэмжээнд нь ажиллуулах зорилгоор дэрний уут 35*7,500=262,500 төгрөг, углаа 35*,00=1,680,000 төгрөг, дэвсгэр даавуу 35*31,000=1,085,000 төгрөг, ванны алчуур 35*18,000=630,000 төгрөг, гар нүүрний алчуур 35*5,000=175,000 төгрөг, тус бүр 50 ширхэг цайны аяга, 1 дүгээр хоолны таваг, 2 дугаар хоолны таваг, дарсны хундага, стекан, халбага сэрээ зэрэгт 1 625,000 төгрөг, буудлын өрөөний түлхүүр цоож 11*127,000 =1,397,000 төгрөг, буудлын өрөөний нойлын өрөөний түлхүүр 11*127,000 =1,397,000 төгрөг, сангийн материал 5,213,254 төгрөг, зочид буудлыг түрээсэлж байх хугацааны буюу 2023 оны 12 дугаар сарын цэвэр усны төлбөр 149,590 төгрөг, бохир усны төлбөр 148,700 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөр 1,587,663 төгрөг, 2023 оны газрын татвар 342,230 төгрөг зэргийг нэхэмжлэгч төлсөн байх тул Д.Б-ээс гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохиролд нийт 15,691,897 төгрөг, нийт 160,491,897 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2019 оны 11 дүгээр сард өмнө нь танил байсан Д.Б-тэй тохиролцож 2020 оны 01 дүгээр сараас бүрэн хүлээлгэж өгөөд түрээсийн гэрээ байгуулсан. Гэтэл он гараад удалгүй ковид гараад 2020, 2021 онд огт орлогогүй гээд түрээсийн төлбөр төлөөгүй. 2022 онд байгуулсан түрээсийн гэрээний төлбөрөө нэхүүлж төлдөг байсан. Тэгээд 2023 онд барилга шалгахаар ирэхдээ энэ орон нутагт амьдардаг таньдаг хүмүүстэй тааралдахад танай зочид буудал ковидын үед маш их орлоготой байсан. Та мэдсэн үү гэж надад хэлсэн. Тэгээд барилга дээр урсгал засвар огт хийгдээгүй байсан. Жишээлбэл 2 давхар Герман улсын хивсэнцрээр бүрхсэн байхад тоос сорогч ч байхгүй, хананы будаг байхгүй. Миний хүлээлгэж өгсөн байдлаас маш дордуулаад өгчихсөн. Тэгэхээр нь 2023 оны 8, 9 дүгээр сарын үед түрээсийн гэрээгээ цуцалъя, энэ байдлаар цаашаа явахгүй гэдгээ мэдэгдсэн боловч огт арга хэмжээ аваагүй. Тэгэхээр нь ковидын үед орлого өгсөн эсэхийг цагдаад өргөдлөө өгөөд шалгуулахад батлагдсан. Гэхдээ та энэ асуудлыг иргэний журмаар шүүхээр шийдсэн нь дээр, зөрчлийн шинж байхгүй гэж хэлсэн. Тэгээд 11 сар, 12 сард байраа суллаад өгчих, нөхөж юм төлүүлнэ гээгүй хүлээлгээд өгчих гэсэн шаардлага тавихад өөрөө байраа хүлээлцэхгүй, доромжлоод, цагдаад дуудлага өгөөд нэлээн юм болж байж байраа салгаж авсан. 2024 оны 01 дүгээр сард засвараа эхлүүлээд явахад ноцтой зүйл гарч ирсэн. Урсгал засвар байхгүй байхаас гадна галын аюулгүй байдал дээр ноцтой зөрчил гарсан. Галын хор байхгүй, мэргэжлийн бус цахилгааны холболттой, түрээсийн гэрээний үүргээр дулааны зуухыг солихдоо барилгын дулааныг бүрэн хангах боломжгүй зуух тавьсан байсан. Гэхдээ урсгал засвар хийх үүргийг би Д.Б-ээс нэхэмжлээгүй. Одоо нэхэмжлээд байгаа зүйл нь түрээсийн орлого, зарим нэг төлбөрийг гаргуулах.

Д.Б-ийн хийх ёстой зүйлийг би хийсэн. Одоо Д.Б-ийн нэхэмжилж байгаа 200,000,000 гаруй төгрөгийн засвар хийсэн зүйл огт харагдахгүй байгаа бөгөөд би хүлээн зөвшөөрөхгүй байна. Дулааны зуух нь дулаанаа хангаж чадахгүй байгаа учраас би шинээр өөр дулааны системийг хийнэ. Хийсний дараа энэ дулааны зуухыг авбал аваарай. Харин хуучин зуухаа аваад ир гэхэд өөрөө алга болчихсон. Мөн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус гээд байгааг ойлгохгүй байна. Орлогоо олчихоод барилгадаа ямар ч урсгал засвар хийгээгүй байж одоо засвар хийсэн гээд хэт их, ямар ч батлагдаагүй, баримтгүй, бодит байдал дээр харагдахгүй байгаа зардлыг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн татгалзал, хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талаас гаргаж байгаа үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг манай зүгээс хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэдэг үндэслэлээ тайлбарлая. Иргэн Д.Б, Ч.Д нарын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн зочид буудал түрээслэх, түрээслүүлэх 2 түрээсийн гэрээ байгуулагдсан байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээний үргэлжлэл болгоод үнийн дүн өөрчлөгдөөгүй, бусад нөхцөл нь өөрчлөгдөхгүйгээр 04 дүгээр сарын 22-ны өдөр шинэчилж энэ гэрээг байгуулсан. Энэ гэрээндээ түрээслэгчийн төлөөлөгч, түрээслүүлэгч 2-ын бичиг баримтын хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар зэргийг хавсаргасан байгаа. Манай зүгээс яагаад алданги, түрээсийн төлбөр, гэрээний үүргийн биелэлтийг хангаагүй хугацаа хэтэрсний алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний зүйл болох тохиолдолд тухайн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг гэсэн хуулийн зохицуулалт байдаг. Хэрэв түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар тухайн гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус хэлцэл байхаар хуульчилсан хуулийн шаардлага тавьсан байдаг. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хуулийн хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуульд заасан байдаг.

Мөн тус зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь өөрөө хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэтэл 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээ улсын бүртгэлийн байгууллагад огт бүртгэгдээгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа. Энэ гэрээний үндсэн дээр хийсэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т зааснаар бусад хэлцэл буюу 2022 онд үргэлжлүүлж хийсэн хэлцэл нь өөрөө дагаад хүчин төгөлдөр бус хэлцэл болно гэж үзэж байгаа учраас манайх энэ түрээсийн төлбөрийн үндсэн төлбөр, алданги зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Д.Б гуайн хувьд 2023 оны 11 дүгээр сараас эхлээд Ч.Д нь өөрөө ирээд зочид буудалд хүмүүс байрлуулсан байсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэсэн зүйлийг ярьдаг. Ийм учраас 2024 оны 01 дүгээр сар гэхэд бүгдийг нь чөлөөлөөд өөрт нь хүлээлгээд өгсөн байгаа. Анх түрээсийн гэрээ байгуулахдаа цаашдаа худалдаж авах боломжтой гэдэг санал тавьсны дагуу би түрээслэхээр болоод явсан. Түрээсийн төлбөр төлж байх хугацаанд ковид, цар тахалтай холбоотой янз бүрийн асуудлууд гарсан. Ийм учраас орлого маш муу байсан. Дээр нь тухайн зочид буудалд би өөрийнхөө хөрөнгөөр засвар шинэчлэлтүүдийг тухай тухайн үед нь хийж байсан гэсэн тайлбарыг хэлье. Яагаад дагаж хийсэн хэлцэл гэж үзсэн бэ гэхээр нэгэнт эд хөрөнгөө шилжүүлсэн байсан. Мөн өмнөх зохицуулалт өөрчлөгдөөгүй учраас үргэлжилсэн харилцаа гэж үзэж байгаа. Д.Б гуайд өөрт нь улсын бүртгэлд бүртгүүлэх асуудлыг хариуцуулж үлдээсэн гэж нөгөө талаас тайлбарлаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэнэ гэж байгаа. Тэгэхээр хэн хэн нь бүртгүүлэх ёстой байсан боловч бүртгүүлээгүй. Заавал Д.Б гэдэг хүн өнөөдөр үүнийг хариуцах үүрэгтэй гэсэн ийм хуулийн зохицуулалт огт байхгүй. Гэсэн тайлбарыг нэмж хэлье. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэжээ.

3. Хариуцагч Д.Б-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-тай Иргэний хуульд заасны дагуу түрээсийн гэрээ байгуулж, Өвөрхангай аймгийн *** сумын *** багт байрлалтай зочид буудлын зориулалттай объектыг анх 2020 оны 01 сард хүлээж авсан. Гэвч хуульд зааснаар анх 2020 оны 01 сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахдаа улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж байгаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болгох тохиолдолд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг. Хэрэв түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 318.4-т заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байдаг ба Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг тул уг заалт нь императив буюу зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ гэж ойлгож байна.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1,10-т дээр дурдсан хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Иймд Ч.Д, Д.Б нарын хооронд байгуулсан 2020 оны 01 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ, 2022 оны 04 сарын 22-ны өдрийн хийсэн “Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. Мөн түрээсийн гэрээг анх байгуулахдаа Ч.Д нь хүлээлцэх акт үйлдэн барилгын гадна талын чулуун хавтан засах, зочид буудлын 5.7,8,12 тост өрөөнүүдийн ус алдалтыг засах үүргийг хүлээсэн боловч засаж өгөөгүй төдийгүй эдгээр өрөөнүүдийн дулааны шугам бохирын шугамаас ус алдсанаас болж бүрэн засвар хийх шаардлагатай болсон. Иймээс Д.Б би өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн.

1. Гадна пассатны нүүр талын чулуун хавтан 45 хувь нь салж унаж, хагарсан байсныг засаж шинээр 700 ширхгийг худалдан авч сольсон болон гадна эмжээр, бусад гэрэлтүүлэг хийсэн /нийт 22,000,000 төгрөг/,

2. Түрээсийн гэрээний хүлээлцэх актанд заасан 5,7,8,12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамны засвар, холигч, шүршүүр, 00-ийн суултуур гишгүүр сольсон /нийт 12,000,000 төгрөг болсон/,

3. Зочид буудлын 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор, суултуур душь, тосгуур, холигч, обой; шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн. /нийт 14,500,000 төгрөг/,

4. Зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар /нийт 5,000,000 төгрөг/,

5. Зочид буудлын гал тогооны засвар /нийт 6,000,000 төгрөг/,

6. Жижиг заалны засвар /нийт 9,000,000 төгрөг/,

7. Гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материал /нийт 7,800,000 төгрөг/,

8. Галын аюулгүй байдлыг хангаж стандартын дагуу байрлуулах шаардлагатай болсон тул хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан /нийт 2,500,000 төгрөг/,

9. Зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг, самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардал /нийт 1,500,000 төгрөг/,

10. Нам даралтын уурын зуухыг “***” ХХК-аас шинээр худалдан авч, суурилуулсны зардал /11,500,000 төгрөг/,

11. Зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны нийт зардал /нийт 98,000,000 төгрөг/,

12. Зочид буудалд Т /8 хоног 1 өрөө/, Я /10 хоног 1 өрөө/, Г /2 хоног 1 өрөө/, Ч.Д 3 хүний хамт /2 хоног 6 өрөө/ байрлуулсны зардал болон гал тогоо ашигласны зардал 3,940,000 төгрөг,

13. Ч.Д нь НӨАТ-ын төлбөр гэж надаас 12,000,000 төгрөг авсан. Нийт 205 740 000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна. Миний бие Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.2-т зааснаар түрээсээр эзэмшиж буй зочид буудлын зориулалттай объектыг түрээсийн гэрээний хугацааны турш эзэмшиж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, ашиг олох, үр шимийг хүртэх эрхтэй ба үүний хариуд объектыг эзэмшсэний төлбөрийг төлөх үүргээ хуульд зааснаар биелүүлсээр ирсэн гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д-ийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: 2019 оны сүүлээр амаар байгуулсан түрээсийн гэрээн дээр зочид буудлын бохир ус нь асуудалтай байсныг бол хүлээж авна. Гэхдээ гэрээ байгуулаад дуусаагүй байхад ковид болсон учраас наашаа цаашаа яваад засвар хийх ямар ч боломжгүй байсан. Гэтэл би 2024 онд буцааж хүлээж авахад нөгөө бохир нь гоожсон яг хэвээрээ байсан. Тэгээд Д.Б түрээсийн гэрээгүй гэсэн байж өөрсдөө орлого олчхоод зассан болоод намайг нэхэн байж буцааж авахад нөгөө л хэвээрээ байсан. Бүрэн сантехникийн шинэчлэл хийгээд бүх уян хоолой, уян холбоосыг солих ёстой байтал огт солиогүй. Тэрийгээ бүгдийг нь би солиод ямар ч ус гоожихооргүй болгосон байгаа. Тэгээд дээрээс нь 5, 7, 8, 12 дугаар өрөөг би зассан, 13 дугаар өрөөнд хивсэнцэр, суултуур тавьж 13 дугаар өрөөний нойлыг бүрэн зассан. Яагаад гэвэл огт хүн орох аргагүй байсан. Тэгээд дулааны дутагдлаас болоод мөөгөнцөртсөн обойг аваад засвар хийхээс өөр ямар ч аргагүй байсан. Энэ засварыг би өөрөө хийсэн. Зочид буудлын үүдний хэсэгт бүрэн засвар хийсэн юм огт харагдаагүй. Анх яаж хүлээлгэж өгсөн яг тэр байдалтайгаа байсан. 5,000,000 төгрөгөөр засвар хийсэн баримт байхгүй. Банкны хуулгаар хэнд, юу өгсөн нь мэдэгдэхгүй байгаа. Тэгэхээр энэ талаар ямар ч баримт байхгүй байгаа. Зочид буудлын гал тогооны засвар 6,000,000 төгрөг байгаа. Ресторанаа хүлээлгэж өгсөн заалт гэрээнд байхгүй. Гэтэл өөрөө ажиллуулчхаад, тохижуулчхаад явахдаа анх хүлээлгэж өгсөн байдалтайгаа буцааж хүлээлгэж өгсөн. Харин ч бүр гал тогооны тоноглолын цахилгааны холболт нь гал гарах хэмжээн дээр байсан. Галын аюулгүй байдлыг би 01 сард шалгуулахад маш их дутагдалтай байсан. Жижиг заалны завсар 9,000,000 төгрөг гэж байна. Гэтэл одоо яг байсан байдлаараа л байгаа. Бүх юм яг хэвээрээ байгаа. Нэг ханандаа обой наачихсан байсан боловч дулааны дутагдлаас болоод мөөгөнцөртсөн байсан учраас тэрийг нь авсан. Гадна талбайн ногоон байгууламж, хайс, ажлын хөлс гээд хийчихсэн байгаа. Би 200 ширхэг модыг Хархорины хорих ангиас худалдаж аваад суулгаад 2, 3 жил услаад үүнийг услаад арчлаарай гэхэд бүгд үхчихсэн байсан. Би тэрний мөнгийг огт нэхэмжлээгүй. Галын аюулгүй байдлын стандартын дагуу нүүлгэж шилжүүлсэн гэж байна. Би тэрийг огт хараагүй. Харин ч намайг хүлээж авахад галын аюулгүй байдал огт байгаагүй. Зочид буудлын уурын зууханд 380 вольтын цахилгааны самбарыг хийгээд шинээр уурын зуухыг тавьсан гэж байгаа. Би үүнийг 2024 оны 01 сард өвөл хүлээж авахад уурын зуух тэр барилгыг бүрэн халаах хүчин чадалгүй гэдгийг ойлгоод бүх дулааны системийг шинэчилж хийгээд энэ уурын зуухаа өөрөө очиж ав гэж хэлсэн. Салгаад тавьчихсан байгаа. Гэтэл өөрт нь хэрэггүй болохоор надаас одоо мөнгөө нэхээд байгаа. Бид нар одоо дотроо цахилгаанаар ажилладаг дулааны бүтэн систем тавьчихсан байгаа. Уурын зуухны цахилгааны хайрцгийг гадаа ил тавиад орхисон байхаар нь манай цахилгааны засварынхан ирээд бүгдийг баримтжуулаад хэрэглэхийн аргагүй юм байна гээд хэрэглээгүй. Зочид буудлын урд ногоон байгууламж би тордож хийсэн нийт зардал 98,000,000 төгрөг гэж байна. Намайг хүлээж авахад ганц ширхэг мод байхгүй, үзэмж муутай нэг төмөр хайс хийсэн байсан. Би тэрийг нь салгаад Улаанбаатар хотоос мод авч ирж шинээр хийсэн.

Түрээсийн гэрээгүй хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа. Тэгвэл би өөрийнхөө хүмүүсийг дагуулж очоод өөрийнхөө буудалд хоноод явахад надаас 3,900,000 төгрөг нэхэж байна. Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус би хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа байж яагаад НӨАТ-ын мөнгөө нэхээд байгаа юм бэ. Эдгээр нэхээд байгаа мөнгийг зарцуулсан бол баримт нь байхгүй. Зүгээр дансны хуулгаа гаргаад өгсөн байна. Би Д.Б-ийн балгас болгосон байрыг буцаад хэвд нь оруулахад 500,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Гэхдээ би тэрийг огт нэхэмжлээгүй. Тэгээд одоо Д.Б-ийн балгас болгосон зочид буудлыг засварлаж шинэчлээд буцаад орлоготой болохын тулд бид одоог хүртэл ажиллаад л сууж байгаа. Гэтэл би өөрийнхөө зочид буудлыг засвартай, уурын зуухтай, 5-6 ажилчинтай, 24 цагаар 12 сар ажилладаг, 2017-2018 онд бүрэн засвар хийсэн зочид буудлыг хүлээлгэж өгсөн байхад буцаагаад авахад хана, Итали хаалга, шалны хивсэнцэр, тохижилтоосоо авхуулаад үнэхээр хэцүү болсон байсан. Ядаж байхад Италийн хаалганы түгжээг нь аваад хаячихсан байсан. Хаачсан юм бүү мэд. Түлхүүр гэж байхгүй аваад явчихсан. Тийм болохоор бүрэн шинэчилнэ шүү дээ. Италийн хаалган дээр 100 айлаас юм уу, дэлгүүрээс цоож авахын арга байхгүй. Надад нэхэмжлээд байгаа үнийн дүнгээс зарим нэг хүлээн зөвшөөрч байгаа зүйл байгаа. Жишээлбэл: түрээсийн гэрээ хүчин төгөлдөр гэж үзэх юм бол би хүмүүс байрлуулсны төлбөр болон НӨАТ-ын 12,000,000 төгрөгийг төлнө гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ээс түрээсийн гэрээний үүрэгт 125,827,552.63 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-т олгож, үлдэх 34,664,344.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нараас 15,940,000 төгрөг гаргуулан хариуцагч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 189,800,000 төгрөг, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,276,610 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдэж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 787,087 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Т-т олгож, хариуцагч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Т, Ч.Д нараас 237,650 төгрөг гаргуулж хариуцагч Д.Б-т олгохоор шийдвэрлэжээ.

6. Хариуцагч Д.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Би энэхүү шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Нэг талаас Ц.Т, Ч.Д, нөгөө талаас Д.Б бид нарын хооронд байгуулсан гэх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 04 сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хэлцэл мөн эсэх тухай асуудлын хувьд нэхэмжлэгч талаас түрээсийн гэрээгээр шаардах эрх үүссэн эсэх, хариуцагч талаас сөрөг хүчин төгөлдөр бүс хэлцэл гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргасан тухай асуудлын тухайд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болгох тохиолдолд уг гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай байдаг.

Хэрэв түрээсийн гэрээг бүртгүүлээгүй тохиолдолд мөн хуулийн 318.4 дэх хэсэгт заасны дагуу тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан байдаг ба Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг. Уг заалт нь императив буюу зайлшгүй дагаж мөрдөгдөх хэм хэмжээ гэж ойлгож байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т дээр дурдсан хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан. Тэгэхээр 2020 оны 01 сарын 03-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл ба үүний үндсэн дээр үргэлжлүүлэн хийгдсэн 2022 оны 4 сарын 22-ны өдрийн зочид буудал түрээслүүлэх гэрээ” нь мөн хүчин төгөлдөр бус.

Иймд Ц.Т, Ч.Д, нөгөө талаас Д.Б бид нарын хооронд байгуулсан гэх 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн түрээсийн гэрээ зэрэг нь бүхэлдээ хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа ба Ц.Т, Ч.Д нар нь Д.Б надаас түрээсийн төлбөрийн үлдэгдэл болсон түүний алдангийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т Үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн эрхийг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль нэг талын гаргасан мэдүүлгийг үндэслэн энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэнэ гэж заасан байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсанчлан түрээсийн гэрээг байгуулахдаа улсын бүртгэлд бүртгүүлэх үүргийг хариуцагч Д.Б би төлөөлөгч Ч.Д нар нь мөн адил хүлээж байгаа гэж үзэж байна. Нэгэнт хүчин төгөлдөр бус хэлцлүүд гэж үзэж байгаа тул түрээсийн төлбөр болон алдангийг Ч.Д нь шаардах эрхгүй харин эд хөрөнгө ашигласны төлбөрийг цаг тухайд нь хангалттай төлж байсан гэж манай зүгээс үзэж байгаа юм.

Хариуцагч Д.Б миний зүгээс гаргасан 205,740,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн тухайд миний бие анх тухайн зочид буудлыг Ч.Д-аас хүлээн авахдаа хүлээлцэх акт үйлдэн Ч.Д нь өөрөө барилгын гадна талын чулуун хавтан засах, зочид буудлын 5, 7, 8, 12 тоот өрөөнүүдийн ус алдалтыг засах үүргийг хүлээсэн боловч засаж өгөөгүй төдийгүй эдгээр өрөөнүүдийн дулааны шугам бохирын шугамаас ус алдсанаас болж бүрэн засвар хийх шаардлагатай болсон.

Иймээс Д.Б би өөрийн зардлаар засвар үйлчилгээ, тохижуулалт бусад ажлуудыг хийсэн. Үүнд: Гадна пассатны нүүр талын чулуун хавтан 45 хувь нь салж унаж, хагарсан байсныг засаж шинээр 700 ширхгийг худалдан авч сольсон болон гадна /эмжээр, бусад гэрэлтүүлэг хийсэн 22,000,000 төгрөг, Гэрээний хүлээлцэх актанд заасан 5, 7, 8, 12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамны засвар, холигч, шүршүүр, 00-ийн суултуур, гишгүүр сольсон 12,000,000 төгрөг, зочид буудлын 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор. суултуур душ, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн 14,500,000 төгрөг, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засварт 5,000,000 төгрөг, зочид буудлын гал тогооны засварт 6,000,000 төгрөг, жижиг заалны засварт 9,000,000 төгрөг, гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материалд 7,800,000 төгрөг, галын аюулгүй байдлыг хангаж стандартын дагуу байрлуулах шаардлагатай болсон тул хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан зардалд 2,500,000 төгрөг, Зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардалд 1,500,000 төгрөг, Нам даралтын уурын зуухыг “***” ХХК-аас шинээр худалдан авч, суурилуулсан зардалд 11,500,000 төгрөг, Зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны нийт зардалд нийт 98,000,000 төгрөг, Зочид буудалд Т /8 хоног 1 өрөө/, Я /10 хоног 1 өрөө/, Г /2 хоног-1 өрөө/, Ч.Д 3 хүний хамт /2 хоног 6 өрөө/ байрлуулсны зардал болон гал тогоо ашигласны зардал 3,940,000 төгрөг, Ч.Д нь НӨАТ-ын төлбөр нэхэгдээд байна, би өөрөө төлөх шаардлагатай байна гэж надаас 12,000,000 төгрөг шилжүүлэн авсан гэж тооцож надаас нийт 205,740,000 төгрөгийн зардал гарсан.

Миний бие зочид буудлын зориулалттай объектыг хүлээн авч эзэмшиж байсан хугацааны турш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж үүний хариуд объектыг эзэмшсэний төлбөрийг төлөх үүргээ хуульд зааснаар биелүүлсээр ирсэн.

Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр эд хөрөнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д ямар нэгэн шалтгаангүйгээр Хархорин суманд тухайн зочид буудалд ирж гэрээгээ өнөөдрөөс цуцаллаа, өөрсдийн хийсэн гал тогоо болон эд зүйлсээ аваад зайл, хулгайч луйварчин гэх мэтээр хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүсгэн, гал тогоонд байсан хутга мэс над руу шидэлж хөөж /Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлсэн/, үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээ цуцлагдаж байгаа тул өөрөөс гарсан бүх зардал, хохирлоо буцаан нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Эдгээр хохиролтой холбоотой бүхий л баримт болох дансны хуулга фото
зургууд, гэрчийн мэдүүлэг зэргийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдүүлэн өгсөн боловч шүүх алийг нь ч нотлох баримт гэж үзэлгүйгээр сөрөг нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна гэж үзэж байна.

Мөн аль аль баримтуудыг яагаад нотолгооны ач холбогдолгүй гэж дүгнэж байгаа тухайгаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхойлж тусгаагүй гэж үзэж байна.

Би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэлийн үндэслэл тайлбаруудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд гаргаж, нотлох баримтуудыг гарган өгсөн боловч анхан шатны шүүхээс хүлээн авалгүйгээр хэт нэг талыг баримтлан шийдвэрлэж намайг хохироосонд маш их гомдолтой байна.

Дээрх тайлбарууд нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа ба давж заалдах шатны шүүхээс мөн хянан үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн. Миний нэхэмжилсэн дүнгээс хассан. Би байраа шилжүүлээд Д.Б гарын үсгээ зурсан. Д.Б надаас мөнгө нэхсэн байгааг би хүлээн зөвшөөрдөг. Надад хагас дутуу түрээсээ төлж байсан. Би нэхэж байж 2022 онд түрээс авсан. Д.Б гэрээг Улсын бүртгэлийн ерөнхий газарт нөхөж бүртгүүлсэн. Одоо өөрийнхөө нэхэмжилж байгаа мөнгөнөөсөө 12,000,000 төгрөгийн түрээс нэмэгдсэн өртгийн албан татварыг надад өгсөн гэж нэхээд байгаа. Би үүнийг нь хүлээн зөвшөөрсөн.

Мөн 2023 оны сүүлээр байраа шалгах гээд ажилчидтайгаа очоод 10-н хэдэн хүнтэй ажиллаад хэд хоног байрласан мөнгийг надаас нэхэмжилсэн. Би үүнийг бас хүлээн зөвшөөрсөн. 2020 он болон 2022 оны түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.

Манай ажилчид байр хүлээлцэхээс өмнө бүх босоо шугам муу байсан. 2024 оны эхээр ирэхэд яг хэвээрээ уян холбоо ч солиогүй гэх мэтчилэн зөндөө юм байсан. Би дулааны уурын зуух тавьсан.

Д.Б энэ бүгдийгээ нотлох бүрэн бололцоо байсан. Би энэ барилгыг Д.Б-т шилжүүлэхээс өмнө *** сумын хорих ангиас модны суулгацыг худалдаж аваад, хоригдлууд ажиллуулаад, хөлс мөнгийг нь төлөөд суулгасан. Д.Б-ийн гаргасан баримтууд нь худлаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцсэн. Шийдвэр гарахаас өмнө шүүгч биднээс эвлэрэх боломж байна уу гэж асуусан. Д.Б өөрөө эвлэрэхгүй гээд байгаа.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Түвшинжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр болсон. Нэхэмжлэгч төлбөр болон алданги шаардах эрхгүй гэдэг агуулгаар тайлбарлаж байна. Бид нар засвар үйлчилгээ янз бүрийн юм хийсэн. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээ байгуулсан гэж ойлгож байна. 2020 онд Ц.Т болон Д.Б нар нь өөрсдийн хүсэл зоригоо илэрхийллээр гэрээгээ байгуулж, үйл ажиллагаагаа явуулсан. Нэхэмжлэгч тал хариуцагчид тухайн үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгснөөс 2023 он хүртэл хариуцагч тухайн газрыг ашиглаад тэндээсээ ашиг хүртээд явж байсан. Ингээд 2020 оны гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлбэрийг зөрчсөн буюу үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлээгүй гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр бус байна. 2022 оны түрээсийн гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр мөн адил хүчин төгөлдөр бус болох юм гэж тайлбарлаад байдаг. Хариуцагч нь 2020 оноос 2023 оны 10 дугаар сар хүртэл нэхэмжлэгчид түрээсийн төлбөрөө дутуу ч гэсэн түрээсийн төлбөрийг төлөөд, эзэмшээд ашиглаад тэндээсээ ашиг хүртээд орлого олоод явж байсан учраас 2020 онд байгуулсан гэрээг хожим хүлээн зөвшөөрч баталгаажуулсан гэж ойлгож байгаа юм. Ийм учраас нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрсдийн гаргасан нэхэмжлэлээ өөрсдөө нотлох үүрэгтэй. Нотлох баримтыг шүүхэд өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч дээрх үүргээ биелүүлээгүй байж бид нар ийм зардал гаргасан тиймээс бид нарын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж тайлбарлаж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагчийн анхан шатны шүүх дээр гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулийн шаардлага дансны хуулгууд гаргаж өгсөн. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангав.

1. Ц.Т нь Д.Б-т холбогдуулан түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл нийт 160,491,897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Д.Б эс зөвшөөрч түрээсийн төлбөр бүрэн төлсөн, 2023 оны 12 дугаар сард Ч.Д зочид буудлыг буцааж авсан учир энэ сарын ашиглалтын төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нийт дүнг нэмж тооцоход 160,492,937 төгрөг болж байгаа боловч 160,491,897 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлсон тул нэхэмжлэлийн нийт шаардлагыг 160,491,897 төгрөгөөр тооцов.

Хариуцагч Д.Б нь Ц.Т, Ч.Д нарт холбогдуулан гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй тул 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, зочид буудалд хийсэн засвар, ногоон байгууламж тохижилт, цахилгаан самбар шилжүүлсэн, нам даралтын зуух шинээр авч суурилуулсан зардал, НӨАТ-ын 12,000,000 төгрөг, зочид буудалд хүмүүс байрлуулсан, гал тогоо ашигласан зардал нийт 205,740,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Д эс зөвшөөрч засвар, тохижилтын ажил хийгээгүй, нам даралтын зуух нь буудлыг бүрэн халааж чадахгүй байсан учир ашиглаагүй салгаж тавиад ирж аваарай гэхэд аваагүй тул эдгээр төлбөрийг төлөхгүй гэж марган, харин НӨАТ-ын 12,000,000 төгрөг, зочид буудалд хүмүүс байрлуулсан 3,940,000 төгрөгийг төлнө гэж анхан шатны шүүхэд тайлбар гаргажээ.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10, 232 дугаар зүйлийн 232.4, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ээс түрээсийн гэрээний үүрэгт 125,827,552.63 төгрөг гаргуулж Ц.Т-т олгож, үлдэх 34,664,344.37 төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Ц.Т, Ч.Д нараас 15,940,000 төгрөг гаргуулан Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох 189,800,000 төгрөг, хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Хэргийн баримтаас дүгнэхэд Ц.Т нь Ч.Д-д зочид буудлыг түрээслүүлэх, түрээсийн гэрээнд гарын үсэг зурах, төлбөр хүлээн авах, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр итгэмжлэлээр олгож, Ч.Д, Д.Б нар Өвөрхангай аймгийн *** суманд байрлах Ц.Т-ийн өмчлөлийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг зочид буудлын зориулалтаар түрээслэхээр 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг 12 сарын хугацаатай, улирал тутам 15,000,000 төгрөг төлөхөөр тохиролцон байгуулж, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг 2032 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай шинээр байгуулан, Д.Б түрээсийн төлбөрийг Ч.Д-ийн дансанд шилжүүлэн төлж байсан үйл баримт тогтоогдож байна.

4. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гэрээнд “улсын бүртгэгч” гэсэн тэмдэг дарагдсан байх боловч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар “эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн” тухай тэмдэг дарагдаагүй байх тул энэ гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн гэж дүгнэх боломжгүй болжээ.

Гэтэл Д.Б-ийн зүгээс гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэл гарган маргасан байхад анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийг зочид буудлын зориулалтаар шилжүүлсэн, түрээсийн төлбөр төлж байсан зохигчийн үйлдлийг хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Тиймээс Д.Б-ийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хуулийн 56 дугар зүйлийн 56.1, 56.1.8-д зааснаар Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

5. Хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсоноор Д.Б зочид буудлыг эзэмшиж, ашиглаж байсан тул үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Ч.Д-д буцаан өгөхөөс гадна Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493.1-д зааснаар түүнийг эзэмшиж, ашигласан хугацааны төлөгдөөгүй төлбөрийг төлөх үүрэгтэй.

5.1 Д.Б зочид буудлыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаас хойш 2020 оны 01 дүгээр сарын 01-ний 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл үйл ажиллагаа явуулан, 2020 оны 5-8, 10, 11 сар, 2021 оны 10-12 сар, 2022 оны 01-05, 2023 оны 01-03, 05-11 сарын төлбөр төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар мараагүй.

Харин 2020 оны 01-04, 9, 12 сар, 2021 оны 01-9 сар, 2022 оны 6 дугаар сарын төлбөр төлсөн гэж маргах боловч нотлох баримтаар гаргаж өгсөн Хаан банк, Хас банк дахь Д.Б-ийн дансны хуулга дээр тухайн саруудын төлбөрийг шилжүүлсэн гүйлгээ байхгүй, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 4 сарын үлдэгдэл гэж 2,600,000 төгрөг шилжүүлэн, гүйлгээний утга дээр “800+600+1 сая” гэсэн байх боловч 2,400,000 төгрөгийг өмнө нь түрээсийн төлбөрт тооцон шилжүүлсэн байсан гэдгийг баримтаар нотлоогүй, мөн Ч.Д үүнийг үгүйсгэсэн маргасан учир 2023 оны 4 дүгээр сарын төлбөрөөс 2,400,000 төгрөг дутуу төлсөн буюу нийт 82,400,000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5.2 Дэрний уут 262,500 төгрөг, углаа 1,680,000 төгрөг, дэвсгэр даавуу 1,085,000 төгрөг, ванны алчуур 630,000 төгрөг, гар нүүрний алчуур 175,000 төгрөг, цайны аяга, 01 дүгээр хоолны таваг, 02 дугаар хоолны таваг, дарсны хундага, стакан, халбага сэрээ 1,625,000 төгрөг, буудлын өрөөний түлхүүр цоож 1,397,000 төгрөг, буудлын өрөөний нойлын өрөөний түлхүүр 1,397,000 төгрөг, сангийн материал 5,213,254 төгрөг, нийт 13,464,754 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд Ч.Д гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй болно.

5.3 Д.Б зүгээс 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Ч.Д намайг хэл амаар доромжлон хөөж зочид буудлаа буцаан авсан учир 12  сарын ашиглалтын зардал төлөхгүй гэж маргасан боловч зочид буудал хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй, Д.Б, Ч.Д нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр зөрчлийн хэргийн маргаан гарсан нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЗШ/236 дугаар шийтгэврээр нотлогдсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн анхан шатны шүүх хуралдаанд “...2024 оны 01 дүгээр сар гэхэд бүгдийг нь чөлөөлөөд өөрт нь хүлээлгээд өгсөн...” гэсэн тайлбар гаргасан зэргээс дүгнэхэд Д.Б 2023 оны 12 дугаар сард зочид буудлыг хүлээлгэж өгөөгүй, ашиглаж байсан гэж үзэн. Мөн Ч.Д зочид буудлын 2023 оны 12 дугаар сарын цэвэр усны төлбөр 149,590 төгрөг, бохир усны төлбөр 148,700 төгрөг, цахилгааны төлбөр 1,587,663 төгрөг, газрын төлбөр 342,230 төгрөг, нийт 2,227,552.63 төгрөг төлсөн нь тухайн төлбөрүүдийг төлсөн баримтуудаар нотлогдож байх тул Д.Б-ээс зочид буудлын 2023 оны 12 дугаар сарын ашиглалтын төлбөр 2,227,552.63 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

5.4 Харин 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоноор Ч.Д нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт зааснаар 62,400,000 /37,500,000+24,900,000/ төгрөгийн алданги тооцон нэхэмжлэх үндэслэлгүй байхад анхан шатны шүүх Д.Б-ээс алданги тооцон гаргуулахаар шийдвэрлэснийг залруулан тус нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

6. Хэдийгээр түрээсийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус боловч Д.Б-ийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн шударга эзэмшил гэж үзэх тул Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй.

6.1 Гэрч Г.Э, А.Т нар зочид буудалд засвар хийсэн талаар мэдүүлсэн боловч гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Тодруулбал, нэг талаас зочид буудалд засвар, тохижилт хийсэн гэдийг Ч.Д үгүйсгэсэн маргасан, нөгөө талаас Д.Б гадна пассатны нүүр талын чулуун хавтан, 5, 7, 8, 12 тоот өрөөний дулааны шугам, бохирын шугамын засвар, холигч, шүршүүр, 00-ийн суултуур гишгүүр сольсон, 13 тоот өрөөг бүрэн засварлаж, давхар ор, суултуур душ, тосгуур, холигч, обой, шүршүүрийн хатаасан шилэн хаалт, агааржуулагч систем хийсэн, зочид буудлын угтах үүдний хэсгийн иж бүрэн засвар, зочид буудлын гал тогооны засвар, жижиг заалны засвар, гадна талбайн ногоон байгууламжийн хайс, хашаа, ажлын хөлс бусад материал, хогийн цэг нүүлгэн шилжүүлж шинээр барьсан, зочид буудлын уурын зууханд байрлах 380 вольтын цахилгааны хайрцаг, самбарыг галын аюулгүй байдлын стандартын дагуу шилжүүлэн байршуулах шаардлагатай болсон тул шилжүүлсний зардал, зочид буудлын урд талын ногоон байгууламж шинээр хийж, арчилж тордсоны нийт зардал гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж, үүний нотлох баримт болгон Хаан банк, Хас банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга гарган холбогдох хэсгийн гүйлгээнүүдийг тодруулсан байх боловч хэзээ хийсэн ямар засвар, тохижилтын ажлын төлбөрийг хэн гэж этгээдэд шилжүүлж байгаа нь тодорхойгүй, зарлагын баримтууд дээр худалдан авагчийн нэр тодорхойгүйгээс хэний худалдан авсан бараа, материалын төлбөр гэдгийг ялгаж дүгнэх боломжгүй, фото зургууд нь нотлох баримын шаардлага хангахгүй учир шүүх үнэлэх боломжгүй буюу гэрч нарын мэдүүлэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон гэж дүгнэх боломжгүй.

Анхан шатны шүүх дээрх нотлох баримтуудын талаар дүгнэлт хийж нийт 189,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул Д.Б-ийн “...алийг нь ч нотлох баримт гэж үзэлгүйгээр сөрөг нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ... эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэж байна...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

Харин нам даралтын уурын зуух суурилуулсан байсан талаар Ч.Д мараагүй боловч энэ нь зочид буудлыг бүрэн халаах хүчин чадалгүй байсан учраас салгаж тавиад Д.Б-ийг ирж аваагүй гэсэн боловч аваагүй байгаа тайлбар гаргасан байх тул нам даралтын уурын зуухыг үл хөдлөх эд хөрөнгөөс салган авч болох эд хөрөнгө гэж үзэж үүний төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэв.

6.2 НӨАТ-ын 12,000,000 төгрөг, зочид буудалд Ц.Т, Ч.Д нар хүмүүсийн хамт байрласан хоногийн төлбөр 3,940,000 төгрөг, нийт 15,940,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Ч.Д хүлээн зөвшөөрснийг анхан шатны шүүх шийдвэрлэхээ хуулийн холбогдох зохицуулалт баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүх залруулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан дээрх төлбөрийг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

7. Иймд Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 146/ШЗ2024/00398 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,276,610 төгрөгийг 100101800941 тоот данснаас гаргуулж Ч.Д-д олгохоор шийдвэрлэсэн.

Гэтэл буцаан олгохоор шийдвэрлэсэн дээрх 1,276,610 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн баримтыг Ч.Д дахин нэхэмжлэл гаргахдаа хавсарган байх тул түүнийг 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн гэж дүгнэх боломжгүй. Учир нь шүүхийн шийдвэрээр нэгэнт буцаан олгохоор шийдвэрлэсэн улсын тэмдэгтийн хураамжийг зохигч шүүхэд дахин нэхэмжлэл гаргасны дараа ч улсын төсвийн данснаас өмнөх шийдвэрийг үндэслэн буцаан авах боломжтой учраас энэ тохиолдолд дахин шинээр улсын тэмдэгтийн хураамж төлүүлдэг тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Ц.Төөр 960,409 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулах анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримталсан алдааг залруулан, Д.Б-ээс 84,628,183 төгрөг гаргуулан Ц.Т-т олгохоор шийдвэрт өөрчлөлт орсон, Ц.Т, Ч.Д нараас 15,940,000 төгрөг гаргуулан Д.Б-т олгохоор шийдвэрлэсэн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 581,091 төгрөг гаргуулан Ц.Т-т олгож, Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Т, Ч.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 237,650 төгрөг гаргуулан Д.Б-т олгохоор шийдвэрлэв.

9. Д.Б-ийн 189,800,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэх гомдол үндэслэлгүй тул Д.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 146/ШШ2024/00204 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн:

а/ 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1, 94 дүгээр зүйлийн 94.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан Д.Б-ээс 84,628,183 төгрөг гаргуулан Ц.Т-т олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 75,863,714 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Зочид буудал түрээслэх, түрээслүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Ц.Т, Ч.Д нараас 15,940,000 төгрөг гаргуулан Д.Б-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 189,800,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

б/ 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Т2өөр 960,409 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж нөхөн төлүүлж, орон нутгийн төсвийн орлогод оруулан, Д.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 581,091 төгрөг гаргуулан Ц.Т-т олгож, Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,256,850 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, Ц.Т, Ч.Д нараас улсын тэмдэгтийн хураамж 237,650 төгрөг гаргуулан Д.Б-т олгосугай.” гэж тус тус бүхэлд нь өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 960,410 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ЦЭРЭНПҮРЭВ

                ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА

                                                                                 Л.НЯМДОРЖ