| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0200/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/214 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | Д.Оюунбилэг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/214
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Д.Оюунбилэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цогтбаяр,
Шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус, тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 1938004020249 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Б-,
Шүүгдэгч Б.Б- нь согтуугаар 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Х сумын 5 дугаар баг, сумын төвийн Урган наран хороололд иргэн Д.У-ийн эзэмшлийн Toyota Yanguard маркийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга руу өшиглөж гэмтээсний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвд иргэн С.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг шүдэнд сулрал, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус, тус үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Х сумын 5 дугаар багт хохирогч Д.У-ийн эзэмшлийн Toyota Yanguard маркийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга руу өшиглөж гэмтээсний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн өдөр ХХ аймгийн Х сумын 5 дугаар багт С.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг шүдэнд сулрал, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2019 оны 5 дугаар сарын 31 ны өдөр ХХ аймгийн Х сумын ЗДТГ-аас сумынхаа 6 багийн дунд зохион явуулсан “Урлаг спортын” бага наадамд оролцсон багийн тамирчиддаа хоолонд оруулж байхад манай багийн иргэн Баттөр овогтой Б.Б- гэх залуу бидний араас согтуу ирээд согтуурхаад хоол идэхгүй байхаар нь гэрт нь хүргэж өгөх гэж гэрээс гараад машинтайгаа Б.Б-н гэр лүү явж байх үед Б.Б- надаас архи нэхсэн. Тэгэхээр нь “одоо надад мөнгө алга, орой шагнал гардуулах үйл ажиллагаа болно, тэгэхэд бол, эсвэл чамд зээлээр авах газар байвал чи авчих ах нь орой мөнгийг нь өгье” гэж хэлсэн. Энэ үед Б.Б- над руу уурлаад “та нар намайг гадуурхлаа, үл тоолоо” гэж хэлээд машин барьж явахад миний араас толгой руу цохиж үсдээд байхаар би машинаа зогсоогоод машинаас буухад Б.Б- миний нүүр лүү шууд мөргөсөн. Тэгээд миний ам хамраас цус гарсан...Нүүрэн тус газартаа мөргүүлээд миний дээд талын 3 доод талын 3 шүд нийт 6 шүд хөдөлж гэмтсэн тул цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан юм…Эхлээд машин барьж явах үед миний толгой руу гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь үснээс зулгаагаад байхаар би буцаагаад нэг удаа толгойн тус газарт нь цохисон...Дийлдэхгүй ноцолдож байх үедээ миний зүүн хөл рүү 1-2 удаа өшиглөсөн...Дараа нь би эмнэлэг орж үзүүлэх гээд явж байхад “та нар яасан их хүн гадуурхдаг юм” гэж хэлээд намайг хавсарч унагаах гэж оролдсон...Одоо миний толгой өвдөж байна, Мөн шүд өвдөөд хоол идэж чадахгүй 2 хонож байна...Би гомдолтой байна. Миний дээд 3 доод 3 нийт 6 шүд хөдөлсөн. Дээд талын 2 шүд нь хугарсан байж болзошгүй тул “аймаг руу явж зургийг нь авахуул” гэж эмч хэлсэн тул шүдээ үзүүлж эмчлүүлнэ. Би эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг нэхэмжилж байна. Манай аймагт Сайхан шүдний эмнэлэгт 1.500.000 төгрөгөөр шүд хийнэ гэж байсан. Би шүдээ эмчлүүлэх зардлаа нэхэмжлэж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р тал/,
Хохирогч Д.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2019 оны 5 дугаар сарын 31 ний өдрийн 17 цагийн орчим тэмцээнд орсон Х сумын 5 дугаар багийн тамирчид багийн Засаг дарга С.А-ын хамт Тулга гэдэг айлд очиж хоол идсэн. Энэ үед би өөрийн эзэмшилд байдаг Toyota Yanguard маркийн ХХХХ улсын дугаартай машинаараа очоод хашааны үүдэнд машинаа тавиад гэрт орж хоол идээд буцаад гараад иртэл миний машины баруун талын хойд хаалга хонхойсон байхаар нь дөхөж очоод харахад хүн өшиглөсөн бололтой гутлын мөр гарсан байсан. Миний машины хажууд Х сумын 5-р багийн иргэн Ц.Батбилэг гэх залуу зогсож байхаар нь “миний машины хаалгыг хэн ийм болгож байгаа юм” гэхэд “Б.Б- таны машины хаалгыг өшиглөсөн” гэж хэлсэн. Энэ үед Б.Б- гэх залуу байхгүй байсан...Би энэ машинаа Японоос дуудлага худалдаагаар авсан. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны Монгол Улсад орж ирсэн шинэ машин байгаа Би 2019 оны 6 дугаар сарын 02 ны өдөр Улаанбаатар хот руу машинтайгаа орж засварын газарт машинаа засуулсан...Би Б.Б-гаас 1.350.000 төгрөг нэхэмжилж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р тал/,
Гэрч Ц.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.Б-г сайн танина. Бид Х сумын ЕБС-ийн анхны 12-р ангийг хамт нэг ангид 2015 онд төгссөн. Нэг ангийн найзууд...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим багийн Засаг дарга С.А-ын машинд суугаад...Баттулга ахынд хоол идэхээр очсон...Б.Б- “би гэртээ харинаа, С.А- ахаар хүргүүлнэ” гээд С.А- ахыг гэрээс дуудаж гаргаж ирээд Б.Б-г хүргэж өгөхөөр С.А- ахтай хамт Пүрэвдорж бид хоёр хамт явсан. Машины урд суудалд би харин арын суудалд Пүрэвдорж, Б.Б- хоёр суугаад С.А- ах өөрөө машинаа бариад дөнгөж хөдлөөд явж байтал Б.Б- “намайг тоохгүй, Х сумынхан гадуурхаад байна” гээд хэрүүл эхлүүлсэн Энэ үөд С.А- ах “чамайг яасан юм, ахын дүү бүгд адилхан л байна” гэхэд машин барьж явсан С.А- ахыг Б.Б- араас нь дал мөр орчим нь нэг удаа цохисон: Ингээд С.А- ах машинаа эогсоогоод машинаас буухаар нь би машины арааг нь салгаад хойд хаалга онгойлгож Б.Б-г машинаас буулгаад Пүрэвдорж бид хоёр Б.Б-г барьж байгаад “та хоёр зодоон хийхгүй эвээр ярь” гэхэд...Б.Б- С.А- ахыг урд очоод хамар ам руу нь нэг удаа мөргөхөд С.А- ахын хамар амнаас нь цус гарсан байсан...С.А- ахаас Б.Б-г салгаад Пүрэвдорж бид 3 Баттулга ахын хашааны үүдэнд ирээд зогсож байтал хашааны үүдэнд манай сумын эгч Уранаа эгчийн цагаан өнгийн бага оврын жийп машин байсан. Би яг маркийг нь сайн мэдэхгүй, шинэвтэр машин л харагдсан.Уг машины зөв талын хойд хаалга руу Б.Б- 2 удаа өшиглөсөн. Энэ үедээ “та нар намайг тоохгүй байна” гээд нэлээд ууртай байсан. Тэгээд Б.Б- удалгүй нэг танихгүй мотоцикльтэй хүний араас суугаад яваад өгсөн...Б.Б- бол муухай зан ааш араншинтай хүн бишээ. Тухайн үед жаахан согтуу байсан. Тэгээд “тэмцээнд орсон хүмүүстээ гомдоод байна, та нар намайг тоосонгүй” гээд уурлаад байсан. Би өмнө нь Б.Б-г муухай зан ааш араншин гаргаж хүнтэй хэрүүл зодоон хийж байсан талаар би л лав мэдэхгүй...гэх мэдүүлэг/хх-ийн 25-26, 35-36-р тал/,
Гэрч З.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б- бид хоёр нэг ангид суралцаж 2015 онд хамт 12-р ангиа төгссөж байсан. Би Б.Б-г сайн танина, бид хоёр найзууд...2019 оны 05 дугаар сарын 31 өдрийн 17 цагийн орчим багийн Засаг дарга С.А-ын машинд суугаад тэмцээнд орсон хүмүүс сумын төвийн урд байдаг “Ургах наран” хороололд Баттулга ахын хоол идэхээр очсон. Энэ үед Б.Б- бид нартай хамт тэр айлд очоогүй. Архи ууж явсан байхаа, араас ганцаараа согтуу Баттулга ахныд орж ирээд хорхогны шөл уугаад удалгүй гэрээс гараад явсан...Б.Б-г хүргэж өгөхөөр С.А- ахтай хамт Батбилэг бид хоёр хамт явсан. Машины урд суудалд Батбилэг харин арын суудалд би, Б.Б- хамт суугаад С.А- ах өөрөө машинаа бариад дөнгөж хөдлөөд явж байтал Б.Б- “та нар намайг гадуурхаад байна” гээд хэрүүл эхлүүлсэн. Энэ үед С.А- ах “чамайг бид нар гадуурхсан юм байхгүй, яасан юм ахын дүү, бүгд адилхан л байна шүү дээ” гэхэд машин барьж явсан С.А- ахын араас Б.Б- барьж аваад заамдалцаад байхаар нь би Б.Б-г хойш нь татаж суулгахад С.А- машинаа зогсоогоод машинаас буусан.Тэр үөд Батбилэг машины арын хаалга онгойлгож Б.Б-г машинаас буулгаад Батбилэг бид хоёр Б.Б-г барьж байгаад “та хоёр зодоон хийхгүй эвээр ярь” гэхэд С.А- ах Б.Б- хоёр “за тэгье гэхээр нь Пүрэвдорж бид хоёр Б.Б-г барьж байгаад тавьсан. Энэ үед Б.Б- С.А- ахтай эвлэрч байгаа юм шиг урд нь очиж зогсоод хамар ам руу нь нэг удаа мөргөсөн. Тэгэхэд С.А- ахын хамар амнаас нь цус гараад байсан Тэгээд С.А- ах “наадахаа барьж байгаарай, би цагдаа дуудаад ирье” гээд С.А- машинаа асаагаад зугатсан...Тухайн үед миний хажууд Ц.Батбилэг гэх залуу Б.Б- бид гурав л байсан...Тэгээд бид Баттулга ахын хашааны үүдэнд ирээд зогсож байтал хашааны үүдэнд манай сумын эгч Уранаа эгчийн цагаан өнгийн бага оврын жийп машины байсан. Би яг маркийг нь сайн мэдэхгүй шинэвтэр машин л харагдсан. Уг машины зөө талын хойд хаалга руу Б.Б- 2 удаа өшиглөсөн. Энэ үедээ “та нар намайг тоохгүй байна, С.А-ыг ална” гээд нэлээд ууртай байдалтай орилоод байсан. Тэгээд Б.Б- удалгүй нэг мотоцикльтэй хүний араас суугаад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 27-28, 37-38-р тал/,
Гэрч Д.Б-йн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Б.Б- миний төрсөн хүү...Тусдаа гараагүй, одоо аав ээжтэйгээ хамт амьдарч байна...Миний хүүгийн зан аашийн хувьд бол маш даруухан, хүнд тусархуу, үг дуу цөөтэй, архи дарс хэрэглэж согтуу байсан удааг би хараагүй. Б.Б- гэртээ бол маш их ажилтай, орой үдэш гэрээс гараад тэнээд байдаггүй...2019 оны 5 дугаар сарын 31 ний орой 18 цагийн орчим Х сумын 5 дугаар багийн Засаг дарга С.А- надтай уулзаад “танай хүү Б.Б- миний шүд рүү мөргөчихлөө” гэсээр надтай тааралдсан. Энэ үед С.А-ын уруул нь цус болсон шүдээ гялгар цаасаар дарсан байдалтай “Ургах наран” хороололд Баттулга гэдэг айлд байсан. Мөн “Буянт” ШТС-ын эрхлэгч Д.У- намайг гэртээ дуудаад “танай хүү Б.Б- миний машины хаалга руу өшиглөөд хаалга эвдсэн” гэж үзүүлсэн. Энэ үед машин нь...зөв талын арын хаалга нь гол дундаа хонхойсон, уг хаалганд хүний гутлын мөр гарсан байсан. Би ийм асуудал болсон талаар С.А- болон Д.У- нараас өөрсдөөс нь анх сонссож мэдсэн. Би өөрөө ч очиж үзсэн...Тухайн өдөр хүү маннь жаахан пиво уусан л гэж надад хэлсэн. Өөрөөс нь ч гэсэн пиво үнэртэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р тал/,
Гэрч Н.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...Би Б.Б-г сайн танина. Бид 2 нэг ангийг 2015 онд хамт төгссөн, нэг ангийн найзууд. Б.Б-тай хамт байхад ямар нэгэн муу зуршилгүй, үг дуу цөөтэй даруухан, нийтэч хүн шиг санагдсан...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 17 цагийн орчим сумын төвийн баруун урд талд байдаг баярын талбай дотор найз Б.Б- бид хоёр 3 ширхэг 2 литрийн Сэрүүн гэх нэртэй пиво хувааж уусан...Б.Б-г хүнтэй зодоон хийж, хүний машины хаалга эвдсэн талаар 2019 оны 6 дугаар сарын 06 ны өдөр Б.Б-гаас өөрөөс нь сонссож мэдсэн... Урьд өмнө нь бид 2 өмнө хамт зөндөө л удаа архи ууж байсан. Энэ үед Б.Б- ямар нэгэн эвгүй зан ааш гаргаж байгаагүй.. Б.Б- надтай болон бусад хүмүүстэй хэрүүл зодоон хийж байсан талаар надад мэдэх юм алга. Тийм зүйл болж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р тал/
Гэрч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 30 ны өдөр манай багийн Засаг дарга С С.А- надаас “багийнхаа нэрийн өмнөөс тэмцээнд орж байгаа хүмүүст хоол хийж өгөөч” гээд...энэ үед багийн Засаг дарга С.А- тэмцээнд орсон 10 гаруй хүмүүстэйгээ манайд 17 цагийн орчим ирж ямааны хорхог идээд явцгаасан.. Би зодоон болсон талаар...С.А-аас өөрөөс нь сонссон. Ам хамраас нь цус гарсан байдалтай манайд орж ирээд “Б.Б- гэдэг залууд зодуулчихлаа” гээд цусаа угаасан...Дараа нь манай багийн Засаг дарга С.А- л надад “Уранаа эгчийн машины арын хаалга үүдийг Б.Б- бас эвдсэн байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
Гэрч Б.Ж-ны мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Б.Б-г танина...Б.Б- гэдэг залуу бид нартай хамт хоол идэхээр Баттулгынд очоод мах ч идээгүй шөл уучихаад “С.А-ыг гэрт хүргээд өг” гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан.Тэгээд удалгүй С.А- амаа дарсаар хамар, ам нь цус болсон орж ирэхээр нь би “юу болов, хамраас чинь цус гарсан юм уу” гэхэд “үгүй үгүй, миний шүд хургарчихсан юм шиг байна” гэсээр гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би “яав юу болов” гэж асуухад “Б.Б- намайг мөргөчихлөө” гэхээр нь “чи ганцаараа явсан юм уу₮ гэхэд “надтай хамт Батбилэг, Пүрэвдорж 2 хамт явсан. Энэ хоёр салгаагүй бол би алуулах юм байна” гэж С.А- надад хэлэхэд нь би Б.Б-д зодуулсан юм байна гэж анх мэдсэн...Тэгээд би Баттулгын гэрт аяга угаагаад зогсож байтал гадаа хүн том дуугарах шиг болсон. Тэгэхэд Б.Б- хашааны хаалга өшиглөж харагдсан. ...Дараа нь эмнэлэгээс С.А-ыг гарж ирэхэд урдаас нь Б.Б- тосож очоод хөл рүү нь нэг удаа өшиглөөд “хоёулаа уулзъя” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-42-р тал/,
Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 16 цагийн орчим би Х багуудын дунд зохион байгуулсан бага наадмын тэмцээнд орчихоод сумын төвөөс ертөнцийн зүгээр урд зүгт оршин суудаг Тулгаа гэх айлд очиж хоол идэх гээд 5-р багийн иргэдийн хамт байж байтал 5 дугаар багийн иргэд намайг гадуурхаад байхаар нь би тэр хүмүүстэй жаахан маргалдсан. Тэгээд гэрээс гараад хашааны үүдэнд байсан машины хаалга руу хоёр удаа өшиглөсөн...Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан. Хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан...Би тэр машиныг Урнаа эгчийн машин гэдгийг нь мэдээгүй.Би Урнаа эгчтэй өмнө хэрэлдэж маргалдаж байгаагүй. Бид хоёрын д өш хонзонгийн зүйл байхгүй...Би мөн хохирогч С.А-ын хохирлыг бүрэн барагдуулж түүнтэй эвлэрлийн гэрээ байгуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-56-р тал/,
ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 310 дугаартай: С.А-ын биед гэмтэл учирчээ. С.А-ын биед 2 ширхэг шүдэнд сулрал, дээд уруулын салстад язралт бүхийг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь шүднүүдийн эдгэрэлтийн байдлаар хамаарна. С.А-ын биед учирсан гэмтлийн хугацаа тохирч байна...гэх дүгнэлт /хх-ийн 45-р тал/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-11-р тал/
Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 50-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр согтуурсан үедээ Х сумын 5 дугаар баг, сумын төвийн Урган наран хороололд иргэн Д.У-ийн эзэмшлийн Toyota Yanguard маркийн ХХХХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалга руу өшиглөж гэмтээсний улмаас 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ХХ аймгийн Х сумын төвд иргэн С.А-тай хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь 2 ширхэг шүдэнд сулрал, дээд уруулын салстад язрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч нар болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээх” гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Б- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-р тал/-аар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн 63-66-р талд хохирогч С.А-, Д.У-, шүүгдэгч Б.Б- нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнүүд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгчид оногдуулах торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, шүүгдэгчийн нийт торгох ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн 1938004020249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгчид оногдуулсан нийт торгох ялыг есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай
4. Шүүгдэгч Б.Б- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1938004020249 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР