| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 102/2016/03602/И |
| Дугаар | 102/ШШ2016/04594 |
| Огноо | 2016-07-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2016/04594
| 2016 оны 07 сарын 07 өдөр | Дугаар 102/ШШ2016/04594 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Сарны титэм үзэсгэлэнгийн байрны 3 дугаар давхарт оршин байгаа Орика Монголиа ХХК /РД-2866838/-ийн,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Монгол түлхүүр ХХК-ийн байрны 404 тоотод оршин байгаа Спейшл майнинг сервис ХХК /РД-5623529/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 365,811,261 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, мөн сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орика Монголиа ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Спэйшл майнинг сервис ХХК-тай OM-SMS-01/13 дугаар бүхий Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаар бүхий Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах гэрээ-г тус тус байгуулсан бөгөөд хариуцагчаас тус гэрээнүүдийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа тул гэрээний төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
1.Хариуцагч нь нэхэмжлэгчээс тэсэлгээний хэрэгсэл худалдан авах тухай албан захиалгыг 2013 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн АО19/13 тоот албан бичгээр нэхэмжлэгчид ирүүлсэн бөгөөд талууд харилцан тохиролцож, 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр OM-SMS-01/13 дугаартай Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ-г байгуулсан.
Хариуцагчийн зүгээс тус гэрээний хавсралт 1-д заасан гэрээний нийт үнийн дүн болох 125,805.46 ам.долларыг гэрээний 4.3-т заасан байдлаар төлж барагдуулахаар гэрээлсэн.
Нэхэмжлэгч нь захиалгаар ирүүлсэн гэрээнд заасан тэсэлгээний хэрэгслүүдийг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тоо, ширхэгээр нь бүрэн нийлүүлэн, хариуцагчийн төлөөлөгчид хүлээлгэн өгч харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан болно.
Хариуцагчийн зүгээс нэгдүгээр гэрээний төлбөрт 141,847,516.23 төгрөг буюу 81,807.99 ам.долларыг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 43,997.47 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул уг мөнгийг Монгол банкны 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн албан ханшаар хөрвүүлж 90,146,416 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
2.Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2014 онд өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх тэсэлгээний хэрэгсэл худалдан авах тухай захиалгыг 2013 оны 12 дугаар сарын 11-нд 13/13 тоот захиалгын хуудсаар нэхэмжлэгчид ирүүлсэн бөгөөд талууд харилцан тохиролцож, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаартай Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ-г байгуулсан. Талууд гэрээнд нийт 2326 хайрцаг тэсэлгээний хэрэгслийг 4 удаагийн ачилтаар нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний нийт үнийн дүн болох 552,056.34 ам.долларыг хариуцагчийн зүгээс гэрээний 4.4-т зааснаар төлж барагдуулахаар гэрээлсэн.
Хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А14/14 тоот албан захиалгыг нэхэмжлэгчид ирүүлж, уг захиалгын дагуу манайх мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр барааг бүрэн нийлүүлж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан.
Манай тал хариуцагчийн захиалгын дагуу нийлүүлсэн барааны төлбөр болох 142,653.50 ам.долларыг гэрээний нөхцлийн дагуу 2 удаа нэхэмжлэхэд хариуцагчийн зүгээс 2 удаа нийт 15 сая төгрөг буюу 8,110.65 ам.долларыг шилжүүлсэн.
Ингээд нэхэмжлэгч нь гэрээний дагуу эхний удаа ачуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 134,542.85 ам.долларыг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч өнөөг хүртэл төлж барагдуулаагүй болно.
Олон удаа шаардсаны эцэст талуудын нягтлан бодогч нар холбогдох 2 гэрээний үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлж, нэхэмжлэгчийн зүгээс 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хариуцагчид худалдсан барааны үлдэгдэл төлбөр нийт 178,540.32 ам.доллар болохыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан болно.
Иймд хариуцагчаас нийт 178,540.32 ам.доллар буюу 365,811,261 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Спэйшл майнинг сервис ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Амарсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Спэйшл майнинг сервис ХХК, Орика Монголиа ХХК нар худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 268,458.96 ам.долларын үнэ бүхий тэсэлгээний хэрэгсэл манай компани авсан байдгаас 89,918.64 ам.долларын төлбөрийг хийж, нийт 178,540.32 ам.долларын үлдэгдэлтэй байгаа.
2014 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ ханш тогтмол унаж, манай гол харилцагч уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлбөрийн чадвар муудсаны улмаас барааны борлуулалт огцом буурсан.
Энэ тухай манай зүгээс Орика Монголиа ХХК-д нотлох баримтын хамт гарган өгч, дийлэнх авсан барааг буцааж өгөх, өөр бараа материал, ажил үйлчилгээгээр төлөх замаар төлбөрийн асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхээр санал хүргүүлсэн байдаг боловч нэхэмжлэгч компанийн зүгээс тодорхой хариу өгөөгүй болно.
Иймд манай компанийн зүгээс үүсээд байгаа маргааныг шүүхээр хандахаас өмнө гэрээнд заасны дагуу хэлэлцээрийн буюу эвийн журмаар шийдвэрлэхийн тулд талуудын зүгээс шалтгаалах арга хэмжээ авах ёстой нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Орика Монголиа ХХК нь Спэйшл майнинг сервис ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 178,540.32 ам.доллар буюу 365,811,261 төгрөг шаардан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч тал уг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... гэрээнд заасны дагуу хэлэлцээрийн буюу эвийн журмаар шийдвэрлэх ёстой гэх тайлбар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүх зохигчдын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан эрхийг нь хангасан боловч талууд эвлэрлийн гэрээ байгуулаагүйн гадна хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүссэн өөрөөр хэлбэл Орика Монголиа ХХК нь Спэйшл майнинг сервис ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 125,805.46 ам.долларын үнийн дүн бүхий, OM-SMS-01/13 дугаартай Тэсэлгээний хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ, мөн оны 12 дугаар сарын 25-ны өдөр 501,869.40 ам.долларын үнийн дүн бүхий OM-SMS-01/14 дугаартай Тэсэлгээний хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, тэсэлгээний хэрэгсэл худалдаж авсан болох нь тэдгээрийн шүүхэд гаргасан тайлбар болон хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан гэрээ, Спэйшл майнинг сервис ХХК-ийн захиалга хүргүүлэх тухай албан бичиг, захиалгын хуудас, ачаа бараа дагалдах бичиг зэргээр нотлогдож байхын зэрэгцээ зохигчдын хэн аль нь уг үйл баримтын талаар маргаагүй. /хх-14-21 дүгээр тал/
Мөн зохигч компаниуд нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангүй бүртгэлийн бичилтээр тооцоо нийлж, хариуцагч Спэйшнл майнинг сервис ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 178,540.31 ам.долларын өртэй гарсныг харилцан баталж, тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэн, хоёр компанийн нягтлан бодогч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байх бөгөөд хариуцагч тал уг үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна. /хх-32, 49 дүгээр тал/
Иймээс нэхэмжлэгч тал Спэйшл майнинг сервис ХХК-иас худалдан авсан эд зүйлийн үлдэгдэл болох 178,540.31 ам.долларыг гаргуулахаар шаардах эрхтэй.
Харин шүүх дээрх төлбөрийг хариуцагчаас гаргахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтад заасны дагуу үүрэг гүйцэтгэх үеийн ханш буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан хаалтын ханш болох 1 ам.долларыг 1,888.44 төгрөгөөр /178,540.31 ам.доллар х 1,888.44 төгрөг/ тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь талууд тооцооны үлдэгдлээ 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаагаар тооцсон байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Спэйшл майнинг сервис ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 337,162,681 /гурван зуун гучин долоо сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун наян нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орика Монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,648,579 /хорин найман сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун далан есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,987,006.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 1,843,763 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Спэйшл майнинг сервис ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 337,162,681 /гурван зуун гучин долоо сая нэг зуун жаран хоёр мянга зургаан зуун наян нэгэн/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орика Монголиа ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,648,579 /хорин найман сая зургаан зуун дөчин найман мянга таван зуун далан есөн/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,987,006.31 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Спэйшл майнинг сервис ХХК-иас 1,843,763 төгрөг гаргуулан Орика Монголиа ХХК-д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД
|
| ||||
| |