Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2025/00018

 

 

 

 

 

 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03835 дугаар шийдвэртэй

*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулахыг даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн Б/21 тоот тушаалаар намайг компанийн ******* хариуцсан ахлах менежерийн ажлаас чөлөөлж, 2022 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар дуусгавар болгосон тухай тушаалыг 2023 оны 04 сарын 24-ний өдөр танилцуулсан.

Миний бие 2023 оны 01 сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн хоол хүргэлтийн үйлчилгээнээс хар мөөгтэй хуурга захиалан идсэний улмаас хоолны хордлого болсон. Мөн 2023 оны 02 сарын 14-ний өдөр Хавай сет, Унгар гуляш гэсэн 2 хоолыг захиалсан ба хоолны хачир муудсан байсан тул холбогдох ажилтнуудад хэлэхэд намайг бөөнөөрөө нийлж зодсон. Энэ тухай удирдлагуудад нь хэлсэн ч арга хэмжээг аваагүй. Мөн ******* ХХК-ийн захирал *******т хандаж 2023 оны 02 сарын 14, 15-ны өдөр цахим захидал илгээхэд ******* гомдлыг шийдвэрлэхийн оронд "...хувь хүмүүсийн харилцааны асуудлыг би мэдэхгүй. Хамт олны уур амьсгалыг хадгалах үүднээс чи өргөдлөө өг дөө гэсэн. Үүнээс хойш намайг хэл амаар доромжилж ажлаа өгөхийг удаа дараалан шаардсан тул би сэтгэл санааны хүнд дарамтад орж, ажлын байрны дарамтыг мэдэрч ажлаас гарах өргөдлөө өгсөн.

Дээрх асуудлаар 2023 оны 03 сарын 02-ны өдөр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан ч хариу ирээгүй тул хариу арга хэмжээг түргэсгэх хүсэлтийг 2023 оны 05 сарын 09-ний өдөр гаргасан юм. Хүний Эрхийн Үндэсний Комиссын 2023 оны 05 сарын 12-ны ******* тоот хариунд "*******" ХХК-д дээрх зөрчлийг арилгуулахаар гомдол мэдээллийг шилжүүлсэн ба шийдвэрлэсэн дүгнэлтээ надад болон Комисст ирүүлэхийг "******* ХХК-д хүргүүлсэн байхад "******* ХХК нь дүгнэлтээ надад ирүүлээгүй. Би эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын зөрчил гаргаагүй. Нөгөө талаар хөдөлмөрийн харилцааг зогсоохдоо ажилтны санаачилгаар гэсэн ч өргөдлөө өгөхийг удаа дараа шаардаж дарамталж байсан. Дээрх тушаалыг гаргахдаа ажлын байрны дарамтын талаар арга хэмжээ аваагүй, ажлаа өгөхийг дарамталж Хөдөлмөрийн тухай хууль зөрчин ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: ******* нь "*******" ХХК-д ******* хариуцсан ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлтээ өгсөн. Тус хүсэлтэд "миний бие ажлын байрны дарамтад орж, сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна" гэсэн байсан. Компанийн удирдлагаас хүсэлттэй танилцаад 2023 оны 04 сарын 04-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот"-ыг хүргүүлэхдээ "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтийг хүлээн авалгүй, цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй" байгаагаа мэдэгдсэн. *******ын сэтгэл санааны байдал хэцүү байгаа бол тодорхой хугацаанд зайнаас ажиллуулж, ажлыг нь үргэлжлүүлэн эрхлүүлж, цалинг нь тооцон олгохыг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаал бус зайнаас ажиллуулах тушаал гаргаж танилцуулсан.

Гэтэл ажилтан цаашид ажиллахгүй, ажлаасаа гарна гээд тушаал гаргаж өгөхийг удаа дараа утсаар шаардсан тул 2023 оны 04 сарын 21-ний өдөр Б/21 тоот "*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг гаргасан. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 79.1 дүгээр зүйлийг үндэслэн гарсан буюу ажилтны санаачилгаар гарсан тушаал юм. Иймээс өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн тушаал гаргуулсан атлаа тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан нь үндэслэлгүй.

******* нь 2023 оны 02 сарын 14-ний өдөр захиалан идсэн хоолноос хордсон тухай маргааныг компанийн бусад ажилтнуудтай хийсэн байсан. Улмаар нэг ажилтан нэхэмжлэгчийг өрөөнөөс түлхэн гаргасан тухай маргааныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс шалган тогтоож, зөрчлийн шинжгүй гэж үзэн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэтэл ******* нь энэ хэргийн талаар болон компанийн талаар цахим орчинд удаа дараа мэдээлэл оруулсан. Энэ үйл явдлын үеэр компанийн гүйцэтгэх захирал ******* БНСУ-д томилолтоор ажиллаж байсан ч *******тай цахимаар холбогдон хэд хэдэн удаа санал солилцсон бөгөөд *******аас тайвширахыг гуйх, аргадах, тайвшруулах, зэмлэх зэргээр харилцсан байсан. Ийнхүү ажилтантай харилцсаны эцэст шийдвэрээ гаргаж *******ыг биеэ эмчлүүлэх, тайвшрах хугацаа олгохоор цалинтай чөлөө олгох шийдвэрийг 2023 оны 02 сарын 20-ны өдөр гаргаж түүнд танилцуулсан.

*******ын би ажлаас гармаар байна гэсэн өргөдлийг бичүүлэхэд компанийн зүгээс ямар ч дарамт шахалт байгаагүй. Өөрөө сайн дураараа бичсэн, бич гэж шаардаагүй. Ажилтнуудын хооронд гарсан харилцааны асуудлыг шийдэх гэж компани маш олон удаа оролдож, илэрхийлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ыг ******* ХХК-ийн ******* хариуцсан ахлах менежер албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ******* ХХК-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 37,847,140 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч *******ын 2023 оны 04 сарын 21-ний өдрөөс 2024 оны 10 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар дээрх нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 347,186 гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар "Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтан санаачилж цуцлах эрхтэй боловч уг хүсэлт нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр зөвхөн ажилтны өөрийн хүсэл, зоригын дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан байхыг шаардана", "Хариуцагч ******* ХХК нь ажилтан *******д нэг сарын хугацааны цалинтай чөлөө олгох, тодорхойгүй хугацаагаар зайнаас ажиллуулах тухай шийдвэр гаргаж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажил үүргийг ажлын байранд гүйцэтгүүлээгүй хөдөлмөрийн дотоод журамд зохицуулаагүй зэрэг нь ялгаварлан гадуурхах хэлбэр гэж үзэх үндэслэлтэй гэжээ. Гэтэл ******* нь "*******" ХХК-д ******* хариуцсан ахлах менежерийн албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 03 сарын 23-ны өдөр өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтээ бичгээр өгсөн. Тус хүсэлтэд "миний бие ажлын байрны дарамтанд орж, сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тул хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна" гэсэн байсан.

4.2. Компанийн удирдлагын зүгээс тухайн хүсэлтийг хулээн аваад *******д 2023 оны 04 сарын 04-ний өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоот"-ыг хүргүүлэхдээ "Хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тухай хүсэлтийг хүлээн авалгүй цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй" байгааг мэдэгдсэн. Нэхэмжлэгчийн сэтгэл санаа хэцүү байгаа бол тодорхой хугацаанд зайнаас ажиллуулах саналыг тавьж, улмаар ажлыг нь үргэлжлүүлэн эрхлүүлж, цалинг нь тооцон олгохыг мэдэгдэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох бус зайнаас ажиллуулахаар тушаалын төсөл гарган танилцуулсан. Гэтэл ажилтан нь цаашид ажиллахгүй, заавал ажлаас гарна гээд тушаал гаргаж өгөхийг удаа дараа утсаар шаардсан тул 2023 оны 04 сарын 21-ний өдөр *******ыг ажлаас чөлөөлөх тухай 6/21 тоот тушаалыг гаргасан. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан буюу ажилтны санаачилгаар гаргасан бөгөөд ажил олгогчийн зүгээс ямар нэгэн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл огт байгаагүй ажилтны санаачилгаар гарсан тушаал билээ.

4.3. Шийдвэрт "хариуцагч ******* ХХК нь ажилтан *******д нэг сарын хугацааны цалинтай чөлөө олгох, тодорхойгүй хугацаагаар зайнаас ажиллуулах тухай шийдвэр гаргаж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажил үүргийг ажлын байранд гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журамд зохицуулаагуй зэрэг нь ялгаварлан гадуурхах хэлбэр гэж үзэх үндэслэлтэй гэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

******* 2023 оны 02 сарын 14-ний өдөр захиалан идсэн хоолноосоо хордож, улмаар ажилтнуудтай маргалдсаныг шүүхээс тогтоосон. Ажилтан хэрэгт авагдсан гүйцэтгэх захиралтай харилцсан чатандаа "Би бөөлжиж бие муу байна, ажилтнуудтай маргалдсан тул сэтгэл санааны байдал хэцүү байна" гэдгээ илэрхийлсэн. Ийнхүү ажилтан ажил үүргээ биечлэн гүйцэтгэх боломжгүй байсан тул 1 сарын "Цалинтай чөлөө олгох тухай тушаалыг гаргасан. Шийдвэрт "*******ын чөлөө авах хүсэлт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс ажилтанд өөрийнх нь зөвшөөрөлгүй зайнаас ажиллах тушаал гаргасан гэж дүгнэсэн боловч хэргийн 30-р талд авагдсан Мэдэгдэл хүргэх тухай албан тоотод "таньд үүргээр санал хүргүүлж байна" гэсэн нь тухайн тушаалыг гаргах эсэх, дуусах хугацаа болон гүйцэтгэх аргын талаар ажилтнаас санал авч, харин ч цаашид эв зүйгээ ололцон үргэлжлүүлэн ажиллахыг хүссэн компанийн албан ёсны байр суурь байгаа нь ажилтныг ямар нэгэн байдлаар гадуурхаж, зүй бусаар нөлөөлж хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоогүй болохыг нотлодог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: ******* ХХК-аас намайг зайнаас ажиллуулахаар тушаал гаргасан. Үүнтэй холбоотой намайг зайнаас ажил гэж тусгаарласан бөгөөд 1 сарын хугацаанд зайнаас ажиллах хугацаа дуусч ажилдаа орсон. Ажилд орсноос хойш ажил дээр тэмдэглэлт арга хэмжээ болоход бүгд намайг гадуурхаад эсвэл намайг шоглосон байдалтай байсан. Мөн удирдлагын зүгээс эвлэрүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Мөн хариуцагч тал хүний эрхийн комисст өргөдөл гарснаар хүний эрхийн комисс гурван талт уулзалт хийхэд удирдлагын зүгээс арга хэмжээ авч ажлын байрны дотоод журмаа өөрчилсөн гэсэн хэр нь ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Мөн дотоод уулзалт, хуралд намайг дуудаагүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж маргажээ.

 

3. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар *******ыг тус компанийн ******* хариуцсан ахлах менежерийн ажилд томилсон. Мөн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн *******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/21 дугаар тушаалаар ******* хариуцсан ахлах менежер *******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас чөлөөлсөн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.11.1 дэх заалт, ажилтны 2023 оны 03 сарын 23-ны өдөр бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн ... хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар дуусгавар болгож гэж заажээ.

 

4. Ажил олгогчийн дээрх шийдвэрийг ажилтан ******* эс зөвшөөрч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...би 2023 оны 01 сарын 24-ний өдөр ******* ХХК-ийн хоолноос хордлого авсан. Мөн 2023 оны 02 сарын 14-ний өдөр захиалсан хоолны хачир муудсан байсныг холбогдох ажилтнуудад хэлэхэд намайг бөөнөөрөө нийлж зодсоныг удирдлагад нь хэлсэн ч арга хэмжээг аваагүй. Мөн ******* ХХК-ийн захирал *******т хандан 2023 оны 02 сарын 14, 15-ны өдөр захидал илгээсэн ч гомдлыг шийдвэрлэхийн оронд "...хувь хүмүүсийн харилцааны асуудлыг би мэдэхгүй. Хамт олны уур амьсгалыг хадгалах үүднээс чи өргөдлөө өг дөө гэсэн. Үүнээс хойш намайг хэл амаар доромжилж ажлаа өгөхийг удаа дараалан шаардсан тул би сэтгэл санааны хүнд дарамтад орж, ажлын байрны дарамтыг мэдэрч ажлаас гарах өргөдлөө өгсөн. Тушаалыг гаргахдаа ажлын байрны дарамтын талаар арга хэмжээ аваагүй... гэсэн агуулгаар үндэслэлээ тодорхойлсон байна.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ ажилтан *******д нэг сарын хугацааны цалинтай чөлөө олгох, тодорхойгүй хугацаагаар зайнаас ажиллуулах тухай шийдвэр гаргаж өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ажил үүргийг ажлын байранд гүйцэтгүүлээгүй, хөдөлмөрийн дотоод журамд зохицуулаагүй нь ялгаварлан гадуурхах хэлбэр гэж дүгнэснийг хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн гэж үзнэ.

5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 42.2.3-т зааснаар ажилтан хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдөх, ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдад ажлын байрны дарамт, хүчирхийлэл үзүүлэхгүй байх үндсэн үүрэгтэй. Ажилтан ийнхүү хууль тогтоомж, дүрэм, гэрээнд заасан үүргээ зөрчсөн нь нотлогдсон бол мөн хуулийн 123 дугаар зүйлд заасны дагуу ажил олгогч тухайн ажилтны гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах чиг үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч ******* болон бусад ажилтнууд болох *******, н.*******, *******, н.******* нарын хооронд 2023 оны 02 сарын 14-ний өдөр ажлын байранд болсон маргааны улмаас тухайн ажилтнууд нэхэмжлэгчийн биед халдаж, нийлж зодсон гэх байдал тогтоогдоогүй нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч гийн 2023 оны 02 сарын 20-ны өдөр үйлдсэн Эрх бүхий албан тушаалтны тогтоол болон гэрч гийн шүүхэд, , ******* нарын цагдаагийн байгууллагад өгсөн гэрчийн мэдүүлгээр тус тус нотлогдсон байна.

Түүнчлэн дээрх нэр бүхий ажилтнуудын зүгээс нэхэмжлэгчийг ажлын байрны орчинд нь ялгаварлан гадуурхаж тэвчишгүй байдалд оруулсан гэх нөхцөл хэргийн баримтаар тогтоогдоогүйн зэрэгцээ Хүний эрхийн үндэсний комиссийн 2023 оны 05 сарын 12-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, хариуцагч ******* ХХК-ийн 2023 оны 05 сарын 15-ны өдрийн тоот Хяналт шалгалтын үр дүнг батлах тухай тушаалд компанийн ажилтан хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны явцад ялгаварлан гадуурхалт бий болсон нь тогтоогдоогүйг тус тус дурджээ.

Иймээс ажилтан Э.Золзаяа, н.*******, *******, н.******* нарыг тус компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 9-д зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж ажил олгогч үзээгүй буюу нэхэмжлэгчийг нийлж зодсон гэх асуудлаар хариуцлага хүлээлгээгүй явдалд хариуцагч ******* ХХК-ийг буруутгах үндэслэлгүй байна.

5.2. Хариуцагч компанийн удирдлагын зүгээс нэхэмжлэгчийг зодсон ажилтнуудад хариуцлага хүлээлгэхгүй эс үйлдэхүй гаргаж, улмаар нэхэмжлэгчийг хэл амаар доромжилж, ажлаа өгөхийг удаа дараа шаардсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч сэтгэл санаа, ажлын байрны дарамтад өртөж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргахад хүрсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд нотлоогүй байна.

Нэхэмжлэгч 2023 оны 03 сарын 23-ны өдөр хариуцагчид хандан ажлын байрны дарамтын улмаас цаашид ажиллахгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох хүсэлт гаргасныг хариуцагчаас хөдөлмөрийн гэрээг цуцлахгүйгээр, зайнаас үргэлжлүүлэн ажиллах боломжтой тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид 2023 оны 04 сарын 04-ний өдөр хүргүүлж, улмаар компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 03-ны өдрийн дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг зайнаас ажиллуулахаар шийдвэрлэсэн. Мөн 2023 оны 02 сарын 14-ний өдөр ажилтнуудын хооронд болсон маргааны улмаас нэхэмжлэгчид 1 сарын цалинтай чөлөө олгосон гүйцэтгэх захирлын 2023 оны 02 сарын 20-ны өдрийн дугаартай тушаалыг гаргаж байжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч *******, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал *******ын хооронд 2023 оны 02 сарын 14-16, 18, 22-ны өдрүүдэд Фэйсбүүк-ийн Messenjer цахим зурвасаар харилцсан захидалд шүүх 2024 оны 03 сарын 22-ны өдөр үзлэг хийж нотлох баримтаар бэхжүүлэн авчээ. Уг захидалд нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 02 сарын 14-ний өдрийн үйл явдлын талаар хэлж, зохих ажилтнуудад хариуцлага хүлээлгэхийг хүссэн болон уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан тухай, хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх удирдлагын зүгээс хувь хүмүүсийн хоорондын асуудлыг мэдэхгүй гээд хамт олны уур амьсгалыг бодож нэхэмжлэгчийг ажлаа өгөхийг хүсч, мөн нэхэмжлэгчийг тайвширч ойлголцохыг хүссэн агуулга тусгагдсан байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл хариуцагч нь ажилтан хоорондын маргааны улмаас нэхэмжлэгчийн сэтгэл зүйн байдлыг үнэлж цалинтай чөлөө олгож, улмаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохгүйгээр зайнаас ажиллах нөхцөлөөр хангах зэрэг арга хэмжээ авсан үйл баримтыг шүүх буруу үнэлж, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан хөдөлмөрийн харилцаан дахь ялгаварлан гадуурхалтыг хориглох хэм хэмжээг зөрчсөн гэж дүгнэсэн нь хуулийн агуулгад нийцээгүй байна. Хариуцагчийн гаргасан дээрх шийдвэр нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны явцад мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан агуулгын хүрээнд нэхэмжлэгчийг бусад ажилтнуудаас тусгаарлан ялгаатай байдлыг бий болгож ялгаварлан гадуурхсан гэх зорилготой гэж үзэхээргүй байна.

 

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох эрхтэй бөгөөд нэхэмжлэгч *******ын ажлаас гарах хүсэлтийг үндэслэн хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 04 сарын 21-ний өдрийн *******ыг ажлаас чөлөөлөх тухай Б/21 дугаартай тушаалыг гаргасан нь мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9-д нийцсэн байна. Хариуцагч уг шийдвэрийг гаргахдаа ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох зорилгоор ажлаа хүлээлгэн өгөхийг ажилтнаас шаардаж, дарамт, шахалт үзүүлсэн нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн тайлбар дээрх үндэслэлээр үгүйсгэгдсэн тул нэхэмжлэгч *******ыг 2023 оны 03 сарын 23-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр гаргасан гэж үзнэ.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан ажлын байрны орчин, нөхцөлийг бүрдүүлэх чиг үүргийн хүрээнд аливаа ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллийг таслан зогсоох, түүнийг шийдвэрлэх арга, журмыг хөдөлмөрийн дотоод журамд тусгасан байх учиртай. Энэ үүргээ хариуцагч биелүүлээгүй нь нэхэмжлэгчийг ажлын байранд эгүүлэн тогтоох үндэслэл болохгүй бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргаанд шууд хамааралгүй юм.

 

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шаардлагын үр дагаврыг арилгуулахаар шаардсан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй болох тул нэхэмжлэгчийн уул шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/03835 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-ийн ******* хариуцсан ахлах менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,186 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Э.ЭНЭБИШ